Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2020/02290

 

 

 

 

 

 

 

 

  2020        06          23                                          101/ШШ2020/02290          

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “А Б” ХХК

 

Хариуцагч: С.Э

 

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 65,997,656.30 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баярбилэг, хариуцагч С.Э , хариуцагчийн өмгөөлөгч Н.Жавзандолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “А Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баярбилэгт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь зээлдэгч С.Э тай 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 2100003136 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 71,400,000 төгрөгийн зээлийг, жилийн 8 хувийн хүүтэйгээр, 120 сарын хугацаатайгаар олгосон.

Зээлийн барьцаанд С.Э гийн өмчлөлийн Сонгинохайрхийн дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 дугаар байрны 205 тоот хаягт байрлах Ү-2201005332 бүртгэлийн дугаартай, 000504142 тоот гэрчилгээний дугаартай 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, 2017 оны 01 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, зээл, зээлийн хүүний төлбөрийн хуваарийг зөрчсөөр 2018 оны 11 сарын 09-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлт огт хийгдээгүй байна.

Өнөөдрийн байдлаар зээлдэгч С.Э  нь зээлийн гэрээний дагуу бодогдсон Үндсэн зээл 60,266,595.63 төгрөг, зээлийн хүү 5,672,380.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,680.56 төгрөг, нийт 65,997,656.30 төгрөгийн өртэй болоод байна.

Иймд зээлдэгчээс дээрхи бодогдсон үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү. Зээлдэгчийг 183/ШШ2019/00915 тоот шийдвэрийн дагуу эрэн сурвалжлуулж хаягийн тогтоолгосон болно.

Иймд 2100003136 тоот зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3, Иргэний хуулийн 225.1, 227.1, 453.1 дүгээр зүйлийг тус тус үндэслэн, иргэн С.Э гаас 2100003136 зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, гэрээний үүрэгт 65,997,656.30 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Э  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр А Бнаас 71,400,000 төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай авсан нь үнэн.

Бид зээлийн хүүг цаг тухайд нь төлж байгаад санхүүгийн хүндрэлээс 2018 оны 12 сараас түр төлж чадаагүй. Надтай А Бны холбогдох хүмүүс ирж уулзаж хандаж шийдүүлэхээр тохиролцон явсан. Гэтэл түүнээс хойш 6 сар өнгөрч 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн нь тус болж алданги хүүгээ нэмэн бодуулах арга юм. Тэр үед зээлийн хүү бага байсан. Тус банкны нэхэмжилсэн 65,997,656 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Ялангуяа зээлийн хүү 5,672,380.11 төгрөгийг би төлж чадахгүй. Учир нь 2019 оны 6 сард өөр дүн байсан юм.

А Бны бодлого зээлийн хүү, алданги нэмж бичиж барьцаанд байгаа 3 өрөө байрыг авах хүсэлтэй байгаа нь тодорхой юм гэв.

 

Харуицагчийн өмгөөлөгч Н.Жавзандолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн орон сууцыг бодитоор худалдан авч, зээлээ төлж чадахгүйд хүрсэн С.Энхтөгсийн зээлийг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор, орон сууц худалдан авах хэрэгцээ шаардлага огт байхгүй С.Э д уг орон сууцыг худалдаж,  зээлийн гэрээг байгуулсан. Үүнийг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул Иргэний хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А Б” ХХК нь хариуцагч С.Э д холбогдуулан, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 60,266,595.63 төгрөг, зээлийн хүү 5,672,380.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,680.56 төгрөг, нийт 65,997,656.30 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

“А Б” нь С.Э тай 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 2100003136 дугаартай, Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 71,400,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар мөн өдөр 2100003136 дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Ү-2201005332 дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 байр, 205 тоот, 40 м.кв талбайтай орон сууцыг барьцаалжээ.

Талуудын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 156 дугаар зүйлд  зохицуулалттай нийцсэн, хүчин төгөлдөр байна.     

Хариуцагчийн өмгөөлөгч нь талууд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор зээлийн гэрээ байгуулсан хэмээн, 2100003136 дугаартай “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж маргасан боловч талууд харилцан тохиролцож, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн, банкнаас олгох зээлийн гэрээний үүрэг бүхий эрх зүйн харилцаанд орсон болох нь “А Б” ХХК болон С.Э  нарын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ”, Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд  хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдсонгүй.

Зээлдэгч нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй буюу зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үндсэн зээлийн төлбөр 60,266,595.63 төгрөг, хүүгийн төлбөр 5,672,380.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,680.56 төгрөг, нийт 65,97,656.30 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол зэргээр тогтоогдож байх тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Хариуцагч нь дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж зааснаар барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан, хариуцагч С.Э гаас зээлийн гэрээний үүрэгт 65,997,656.30 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А Б” ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч С.Э  нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Ү-2201005332 дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 байр, 205 тоот, 40 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 487,938.28 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э гаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 558,138.28 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А Б” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.УНДРАА