Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01461

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01461

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/02083 дугаар шийдвэртэй

А ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Эд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 73 284 945 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч А ХХК-ийн төлөөлөгч О.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Очирбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь зээлдэгч С.Этай 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 2100003136 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 71 400 000 төгрөгийн зээлийг, жилийн 8 хувийн хүүтэйгээр, 120 сарын хугацаатай олгосон. Зээлийн барьцаанд түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 дугаар байрны 000 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, 2017 оны 01 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтэрч, зээл, зээлийн хүүний төлбөрийн хувиарийг зөрчсөөр 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлт огт хийгдээгүй. Ингээд хариуцагч нь зээлээ хугацаанд төлөөгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нэхэмжлэл гаргасан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 60 266 595.63 төгрөг, зээлийн үндсэн хүү 5 672 383.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58 680.86 төгрөг, нийт 65 997 656.30 төгрөг нэхэмжилсэн. Уг шаардлагыг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар хүүд 5 672 380.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 58 680.56 төгрөг, нийт 7 027 251.84 төгрөгөөр нэмэгдүүлсэн ба үндсэн зээлийн үлдэгдэл 60 266 595.63 төгрөг, зээлийн үндсэн хүү 12 699 631.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 318 717.83 төгрөг, нийт 73 284 945.41 төгрөг болгосон. С.Эг зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч тэрээр уг зээлийг би аваагүй, манай дүү С.ӨА авсан, би төлөхгүй гэсэн хариу өгсөн тул шүүхэд хандахыг мэдэгдсэн. Талуудын хооронд байгуулсан орон сууцны ипотекийн зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3-т заасны дагуу түүнтэй байгуулсан гэрээг цуцлахаар шаардаж байгаа болно. Зээлдэгч С.Э нь 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 11 133 404.37 төгрөг, хүүд 11 430 797.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 18 471.81 төгрөг, нийт 33 716 079 төгрөг төлсөн, үүнээс өөрөөр төлөлт хийгдээгүй. С.Э өөрөө орон сууцны зээл авах хүсэлт гаргасан, түүний хүсэлтийг банк судалж үзээд түүнд зээл олгосон, тэрээр урьдчилгаа болох 30 605 000 төгрөг төлсөн зэрэг нь түүнийг тус банктай зээлийн гэрээ байгуулсан гэдгийг, мөн гэрээг хуульд заасны дагуу бичгээр байгуулж, наториатчаар гэрчлүүлэн, бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн зэрэг нь холбогдох хуульд нийцэж байгаа бөгөөд ийнхүү бүртгүүлсэн нь бүртгэлийн газраас ирсэн баримтаар тогтоогдоно. Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор бус, харин ч талуудын сайн дурын, хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан болох нь харагдана. Талуудын хооронд гэрээ байгуулагдснаар 71 400 000 төгрөгийн зээл олгосон бөгөөд үүргийг хангах баталгаа болгож тэрээр тус банкны зээлээр худалдаж авсан өөрийн өмчлөлд бүртгэгдсэн орон сууцыг барьцаалсан. Гэрч С.ӨАийн тус банктай 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 70 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болгосон. Түүний энэхүү гэрээний үүрэг дуусгавар болсны дараа С.Э тус банкинд хандсан, ингэснээр түүнтэй 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулсан нь түүний хүсэл зоригийн илэрхийлэл болно. Иймд С.Этай 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан орон сууцны ипотекийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 60 266 595.63 төгрөг, зээлийн үндсэн хүү 12 699 631.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 318 717.83 төгрөг, нийт 73 284 945.41 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгө болох түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 байр, 000 тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь А ХХК-тай өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр зээлийн гэрээг байгуулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр А ХХК-аас 71 400 000 төгрөгийг, 8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай авсан. Тухайн үед би Москва хороололд 2 өрөө байртай байсан тул зээл авах шаардлагагүй байсан юм. Манай дүү С.ӨА нь 2014-2015 оны хооронд А ХХК-аас зээл аваад уг зээлээ хугацаанд нь төлж чадаагүйгээс банк түүний зээлийн үүрэгт байрыг банк хурааж авсан байсан бөгөөд энэ байр нь бидний эцэг, эхийн гал голомт, бидний өссөн байр байсан юм. Тэгээд С.ӨА байраа алдчихсан, байраа алдахгүйн тулд таны нэр дээр ипотекийн зээл гаргуулах боломжтой, А судалж үзээд таныг шаардлага хангана, боломжтой гэсэн хариу өгсөн гэсэн. Энэ зээлийн төлбөрт сар бүр 800 000 төгрөг төлөхөөр байсан тул төрийн байгууллагад ажилладаг цалин маань хүрэлцэхгүй, ийм хэмжээний төлбөрийг сар бүр төлөх боломжгүй гэдгийг С.ӨАөд хэлэхэд тэр өөрөө хариуцаад зээлийг төлөөд явчихна, та санаа зоволтгүй гэсэн. Ингээд А ХХК-аас эдийн засагч ирж надтай уулзаад, гэрээнд гарын үсэг зуруулсан. Миний бие тухайн үед дүүдээ итгээд зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Энэ зээлийн гэрээний урьдчилгаа болох 30 605 000 төгрөгийг би төлөөгүй, С.ӨА төлсөн. 2019 оны 4, 5 сарын үеэс А, Цагдаагийн газраас намайг дуудаж, зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байна гэхээр нь зээл аваагүй гэдгээ хэлж, С.ӨАийн утасны дугаарыг өгсөн. Зээлийг та авсан учир зээлээ төл гэж банкнаас шаардсан. С.ӨА уг нь зээлийн төлбөрт 2019 оны 02 сар хүртэл 30 000 000 гаруй төгрөгийг үндсэн зээл, хүү аль нь ч юм төлсөн байсан. А ХХК нь анх нэхэмжлэл гаргасан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 60 266 595.63 төгрөг, хүү 5 672 380.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58 680.56 төгрөг, нийт 65 997 656.30 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 7 027 251.84 төгрөгийг нэмж, 73 284 945.41 төгрөг болгосон. Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 8 дах хэсэгт банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна. Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос банк, банк бус санхүүгийн байгууллагад мэдэгдэл явуулсан байдаг бөгөөд зээлдэгч нарт дарамт үүсгэхгүйгээр зээлийн нэмэгдүүлсэн хүүг тооцохгүй байх чиглэл өгсөн байдаг. Гэтэл А ХХК-аас цар тахлын хугацаанд зэлийн нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13-30 цагт шүүх хуралдаан товлогдсон боловч 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотой товлогдсон шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Түүнчлэн 2021 он 3 сард А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрчлөгдөж хэргийн материалтай танилцах зэргээр хугацаа алдаж байсан. Түүнчлэн Улаанбаатар хотод 2020 оны 11 сараас 2021 оны 5 сар хүртэл Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр 5, 7, 14, 28 хоногийн хугацаатай үргэлжилсэн хөл хорих тогтоосонтой холбоотойгоор давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр шүүх хуралдаан хуралдах боломжгүй байсан билээ. Цар тахлын нөхцөл байдлаас болж хуралдаан зарлах боломжгүй зэрэг хэргийн хугацаа удаашрахад гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн байхад нэхэмжлэлийн шаардлагыг 7 027 251.84 төгрөгөөр нэмэгдүүлж байгааг зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан А ХХК-аас ирүүлсэн баримтаас харахад С.ӨА нь өөрийнхөө авсан зээлийн барьцаанд дээрх байрыг барьцаалсан болох нь тогтоогдож байна. Гэтэл уг байр С.ӨАийн өмчлөлөөс А ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй байтал банкны өмчлөлд хэрхэн шилжсэн нь тодорхойгүй байдаг, ийм байтал банкнаас С.Эгийн өмчлөлд шилжсэн нь тодорхойгүй байдал үүсгэж байна. С.Эгийн А ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 71 400 000 төгрөгийн зээлийн гэрээний урьдчилгаа болох 30 605 000 төгрөгийг С.ӨА төлсөн, тэрээр уг барьцааны орон сууцанд өөрийн гэр бүлийн хамт амьдарч байгаа, түүнээс өөр хэн нэгэн хүн оршин суудаггүй. Зээлийн эргэн төлөлт хийсэн гүйлгээний утга хэсэгт С.ӨА гэж бичигдсэн байдаг. Үүнээс үзэхэд С.ӨАийн А ХХК-тай байгуулсан бизнесийн зээлийг ипотекийн зээл рүү шилжүүлсэн, энэ дунд С.Э оролцсон байна. А ХХК болон С.Э нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийг эргүүлэн төлөх үүрэгтэй хүн бол С.ӨА юм. А ХХК-тай 2015 онд байгуулсан зээлийг С.ӨА 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хааснаас хойш 2 хоногийн дараа С.Э маргаж буй зээлийг авсан байдаг. Дээрх байдал нь С.ӨА өөрийнхөө зээлийг халхавчилж С.Эгийн нэр дээр зээл авсан гэдэг нь тодорхой болж байх тул А ХХК болон С.Э нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасны дагуу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл болох нь тогтоогдож байна. Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан болох нь тогтоогдож байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, ийнхүү тооцсонтой холбоотойгоор талуудын өгсөн, авсныг буцааж өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах талаар шаардлага гаргаагүй, гэрээг баталсан нотариатчийн үйлдэл, улсын бүртгэлийн талаар гомдол гаргаж байгаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг өдийг хүртэл дээрх үндэслэлээр үгүйсгэж, татгалзсан тайлбар хийж байгаа болно. Иймд С.Эгаас зээлийн гэрээний үүрэгт 73 284 945.41 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч С.Эгаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 60 266 595.63 төгрөг, хүү 5 491 272 төгрөг, нийт 65 757 867 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 527 078 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.Э нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд С.Эгийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2201005332 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 байр, 000 тоот хаягт байршилтай, №000504142 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай, 40 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч С.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид 556 939 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 689 685.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч С.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, шүүхэд гаргасан тайлбар болон зээл гаргасан явц, баримт сэлт бүрдүүлэх ажиллагаанд би өөрөө огт оролцоогүй, надад орон сууцны зээл авах хүсэл шаардлага байхгүй, харин А ХХК нь С.ӨАийн авсан бизнесийн зээлийн эрсдлийг миний нэр рүү гэрээг шилжүүлэх аргаар шийдвэрлэсэн. Улмаар зээлийн эргэн төлөлтийг би төлж байгаагүй талаар тайлбар болон банкны баримт, гэрч С.ӨАийн мэдүүлгээр нотолсоор байтал баримтыг анхан шатны шүүх баримтыг зохих ёсоор үнэлсэнгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч С.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 73 284 945 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс зээлийн гэрээний үүргийг зөрчсөн, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй тул гэрээг цуцалж, үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулна гэж,

хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...нэхэмжлэгч байгууллагын С.ӨАтэй байгуулсан зээлийн гэрээг халхавчлах зорилготой байгуулсан хэлцэл, би тухайн үед дүүдээ итгээд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ зээлийн гэрээний урьдчилгаа болох 30 605 000 төгрөгийг би төлөөгүй, С.ӨА төлсөн, мөнгийг би аваагүй гэсэн агуулгаар тус тус тайлбар гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд А ХХК нь С.Этай 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 71 400 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 120 сарын буюу 2026 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч С.Э гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1хх.8-11/ Мөн өдөр зохигчид барьцааны гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд С.Эгийн өмчлөлд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 дугаар байрны 000 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж гэрээний талууд харилцан тохиролцож гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1хх.12-13/

Талууд гэрээ байгуулагдсан үйл баримтад маргаагүй, харин гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байна.

Хэрэгт авагдсан хариуцагч С.Эгийн Аны депозит дансны хуулгаас үзэхэд А ХХК 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгийг С.Эгийн дансанд шилжүүлсэн байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хэлцэл хийгч тал түүнийг хэрэгжүүлэн, ямарваа үр дагаврыг бий болгох зорилготой байдаг. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэн гарын үсэг зурж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулжээ. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн.

Хуульд зааснаар ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүрэг хүлээдэг бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч зээлдэгчээс Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зээлдэгч С.Э нь 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 11 133 404.37 төгрөг, хүүд 11 430 797.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 18 471.81 төгрөг, нийт 33 716 079 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ. Зээлийн гэрээний үүрэгт төлсөн үнийн дүнгийн талаар зохигчид маргаагүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллага хариуцагчид үүрэг гүйцэтгэх боломжит хугацааг олгосон боловч ямар нэгэн үр дүн гараагүй тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй гэж үзэж, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөр зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч А ХХК зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсаныг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм.

Анхан шатны шүүх хариуцагч С.Эгаас 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 60 266 595.63 төгрөг, хүүд 5 491 272 төгрөг /2018.11.19-ний өдрөөс 2019.12.13-ны өдөр хүртэлх хугацааны хүүд 5 491 272 төгрөг /60,266,595.63 Х 0.67%=403,786 төгрөг : 30 хоног=13,459 төгрөг Х 408 хоног=5,491,272 төгрөг/ , нийт 65 757 867 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүү 7 527 078 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Хариуцагчийн ...А ХХК нь С.ӨАийн авсан бизнесийн зээлийн эрсдэлийг миний нэр рүү гэрээг шилжүүлэх аргаар шийдвэрлэсэн. Улмаар зээлийн эргэн төлөлтийг би төлж байгаагүй талаар тайлбар болон банкны баримт, гэрч С.ӨАийн мэдүүлгээр нотолсоор байтал баримтыг анхан шатны шүүх баримтыг зохих ёсоор үнэлсэнгүй гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй юм.

Нэхэмжлэгч А ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж, хариуцагчийг зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/02083 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 556 393 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО