Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 453

 

                                                     Д.Л-д холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 прокурор Н.Мөнхбат,

шүүгдэгч Д.Л-н өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/162 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Л-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1905 00747 0673 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-н Л, 19.. оны .. дугаар сарын ...-ний өдөр ..... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............./;

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгиохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 хоногийн хорих ялын зарим хэсэг болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар  зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

Д.Л  нь 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ... байрны .. тоотод байх С.Г-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга, мөнгөн бугуйвч цагаан алтан кальцо бөгж, мөнгөн гинж, цагаан алтан хос ээмэг, гэмтэлтэй “Айфон 5”, “Самсунг эс-5” загварын гар утас тус бүр 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч С.Гэрэлмандахад 997.700 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Амины орон сууцны ... тоотод байх Ц.С-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, Диор Булгариа нэртэй үнэртэй ус, нэр нь тодорхойгүй үнэртэй ус, Эвсэг брендийн хөнжил, гудас, тэмээний ноосон цамц, флаш диск зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ц.Сэнгээд 481.200 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр, .. дугаар байрны өргөтгөлд байрлах “Алт мөнгөний дарханы” газарт нэвтэрч, их болон, дунд гарын мөнгөн аяга тус бүр 1 ширхэг, “Делл” загварын зөөврийн компьютер, 7 лан мөнгө, 2 грамм алт, алтан бөгж, дунд гарын хаш хөөрөг, тагш, монетон ээмэг 1 хосыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Н.А-д 4.025.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн .. дугаар хороо, Амины орон сууцны ... тоотод иргэн Г.Г-н гэрт нэвтэрч, мөнгөн аяга 4 ширхэг, алтан аяга 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, гуулин аяга 6 ширхэг, биет 120.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Г.Г-д 3.571.200 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дугаар байрны 2 тоотод иргэн М.М-н гэрт нэвтэрч, мөнгөн аяга 5 ширхэг, пүүз 2 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн загвар тодорхойгүй гар утас 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч М.М-д 1.148.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ... дугаар байрны .. тоотод оршин суух Б.Г-н гэрт нэвтэрч, “Tessot” брэндийн цагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Б.Г-д 960.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ... дугаар байрны ... тоот иргэн Ч.Т-н гэрт нэвтэрч, “Эмпи романа” брэндийн бугуйн цаг, Сваровский шигтгээтэй бөгж, цагаан шигтгээтэй хос бугуйвчийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, Ч.Т-т 425.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суух иргэн Э.Э-н гэрт нэвтэрч, “Айфон 7” загварын гар утас, алтан ээмэг 1 хос, 1 хос мөнгөн ээмэг, бэлэн 35000 төгрөгийг хулгайлж, 1.206.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ...-р байрны .. тоотод оршин суух Б.Г-н гэрт нэвтэрч, монетон хос ээмэг бөгж, шүрэн эрх, Солонгос монетон ээмэг, Орос монетон ээмэг, бөгж, “Самсунг галакси Таб” зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Г-д 2.182.400 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, .. дүгээр байрны ... тоотод оршин суух Г.Г-н гэрт хууль бусаар нэвтэрч, “Зептер” брэндийн гал тогооны хэрэгсэл, бугуйн цагийг хулгайлж, 469.500 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, .. байрны .. тоотод оршин суух иргэн Ц.Ө-ны гэрт нэвтэрч, “Никон” загварын зургийн аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ц.Ө-д 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ... дугаар байрны .. тоотод оршин суух Д.Э-н эзэмшлийн орон сууцанд нэвтэрч, 7-гийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, бугуйн цаг, өрөмний ком, Боорын машины дагалдах хэрэгсэл, автомашины багажны ком, зүлгүүрийн машин, “Самсунг эс-6” загварын гар утас, бэлэн 200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.251.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, .. дүгээр байрны .. тоотод оршин суух иргэн Ж.Б-н гэрт нэвтэрч, мөнгөн аяга 4 ширхэг, цаг 2 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, Найк брэндийн пүүз 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.705.600 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, АОС-ын 21 тоотод байх иргэн Б.О-н эзэмшлийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 17.000 доллар, 23.800 юаныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Б.О-т 54.016.310 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, .. дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Т.А-н гэрт нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, жижиг мөнгөн аяга 1, дунд гарын цагаан зэс аяга 9, монетон бөгж 2, монетон гинж, мөнгөн гинж, луугийн дүрстэй мөнгөн бугуйвч, алтаар бүрсэн 21 размерын толгойтой манан хөөрөг, мөнгөн гинж бөгж тус бүр 1 ширхэгийг хулгайлан авч, 3.651.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ахмадуудын хороолол ..... дүгээр байрны .. тоотод оршин суух иргэн А.Х-н гэрт нэвтэрч, “Айфон 7” загварын гар утас, “Хуавэй мэйт 10” гар утас, “Хуавэй” брэндийн спикер 1 ширхэг, монетон гинж 2 ширхэг, Шанель брэндийн өрөөсөн ээмэг, бугуйн цаг, пүүз, цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.681.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, АОС-ын ... тоотод оршин суух иргэн Ц.Н-н гэрт нэвтэрч, 2100 юань, 156 евро, 2.100.000 төгрөг, мөнгөн бүс, цагаан алтан бөгж, мөнгөн аяга 4, унадаг дугуй зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ц.Н-д 8.685.778 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, АОС .... тоотод оршин суух Ш.Ж-н гэрт хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, “Айпад”, гар утас, камер зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ш.Ж-д 2.748.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, .. дугаар байрны ... тоотод байх иргэн С.Н-н гэрт нэвтэрч, мөнгөн аяга 3 ширхэг, 5000 рубль, 400 юанийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 850.634 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Л-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Д-н Л-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг орон байр агуулах саванд нэвтэрч их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч Д.Л-г 8 жил хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Д.Л-н цагдан хоригдсон 252 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Л-с 85.083.342 төгрөг гаргуулж хохирогч С.Г-д 997.700 төгрөг, Ц.С-д 481.220 төгрөг, Н.А-д 4.025.000 төгрөг, Г.Г-д 3.571.200 төгрөг, М.М-д 919.400 төгрөг, Б.Г-д 960.000 төгрөг, Ч.Т-т 425.000 төгрөг, Э.Э-т 660.000 төгрөг, Б.Г-д 2.182.400 төгрөг, Д.Э-д 802.800 төгрөг, Ж.Б-д 1.705.600 төгрөг, Б.О-т 54.016.310 төгрөг, Т.А-д 1.851.000 төгрөг, А.Х-д 2.646.000 төгрөг, Ц.Н-д 6.160.978 төгрөг, Ш.Ж-д 2.748.100 төгрөг, С.Н-т 930.634 төгрөг тус тус олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн 18 хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч Д.Л-с гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Г, Ц.Ө нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, тогтоол хүчин төгөлдөр болмогц “Мiniso” гэсэн бичигтэй спикер, марк тодорхойгүй “Samsung” загварын гар утас, цагаан өнгийн “Longbo” гэсэн бичигтэй бугуйн цаг зэргийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, 20 см урттай саарал өнгийн нарийн төмөр, бор өнгийн 4 ширхэг тагшийг устгахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Л давж заалдах гомдолдоо: “... Миний бие Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Надад холбогдох хэргийн талаар маргахгүй, гэм буруугаа ухамсарлаж, шүүхээс уучлалт гуйж байна. Би оноосон хорих ялыг биеэр эдэлж дуусаад бусдад учруулсан хохирлоо төлж дуусгана гэсэн зорилготой байгаа.  Мөн шүүхээс оноосон ялаа эдэлж дуусаад бусдад учруулсан хохирол, төлбөрөө нэн түрүүнд барагдуулахын төлөө зөв шударга хөдөлмөрлөнө. Би дахиж гэмт хэрэг хийхгүй, зөв шударга амьдарна гэж чин үнэнээсээ ухамсарлаж байна. Эрхэм шүүх бүрэлдэхүүн надад оноосон ялыг бага ч гэсэн хасаж, зөөллөж өгнө гэдэгт итгэж байна. ...” гэжээ.

Шүүгдэгч Д.Л-н өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Д.Л-н гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Түүнд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Н.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Д.Л нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 4-ны өдрийн хооронд нийт 19 удаагийн үйлдлээр Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах хүн байнга амьдрах орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 92.305.422 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч С.Г /1 хх 72/, Ц.С /1 хх 207-208/, Н.А /1 хх 239-240/, Г.Г /2 хх 28-29/, М.М /2 хх 67-68/, Б.Г /2 хх 94-95/, Ч.Т /2 хх 122-123/, Э.Э /2 хх 148-149/, Б.Г /2 хх 175-176/, Г.Г /2 хх 203-205/, Ц.Ө /2 хх 242-244/, Д.Э /3 хх 28-30/, Ж.Б /3 хх 75-77/, Б.О /3 хх 122-123/, Т.А /3 хх 171-173/, А.Х /3 хх 235-236/, Ц.Н /4 хх 62-64/, Ш.Ж /4 хх 112-113/ нарын эд зүйлээ хэрхэн алдсан талаар мэдүүлсэн мэдүүлгүүд,

гэрч Л.С-н “... Л намайг дуудаад шивээс хийлгэе гэсэн. ... Өмнөх шивээсний мөнгө энэ өдрийн шивээсний мөнгө гээд надад “Поко пон” гэх хятад гар утас өгөөд миний барьж байсан “Самсунг эс 6” загварын гар утсыг авсан. “Поко пон” гар утас нь 1.500.000 төгрөгийн үнэтэй зарагддагийг би дараа нь мэдсэн. ... Хэсэг сураггүй байж байгаад над руу Л залгаад “гэрт хэдэн ком багажнууд байгаа, машин дээр аваачаад тавиад өгөөч” гэж гуйсан. Би өмнөх мөнгөө авах санаатай гэрт нь очсон. Гэтэл Л ногоон хайрцагтай дроцовны ком 1 ширхэг, хар хайрцагтай өрөмний ком 1 ширхэг, хар хайрцагтай орон хошуутай багаж ачуулсан. Чи энэ багажнуудыг авчих, өмнөх 100.000 төгрөгийнхөө оронд өгч байгаа юм гэсэн. ... Дараа нь 4 сарын эхээр намайг дуудаад “уулзъя” гэсэн. Л “Никон” загварын мэргэжлийн 2 ширхэг гэрэл зургийн аппараттай явж байсан. Надад нэг гэрэл зургийн аппаратаа өгөөд “шивээс хийлгэсэн мөнгөнөөсөө хасаарай” гэсэн. Би тухайн үед 650.000 төгрөг авах ёстой байсан. 2-3 хоногийн дараа Л салон дээр ирээд нурууныхаа шивээсээ дуусгуулсан. ... 2019 оны 5 сарын 31-ний өдөр Л намайг дуудаад “би эгчийнхээ хүүхдүүдэд бэлэг авч өгөх гэсэн юм, мөнгөгүй байна, энийг авчих” гээд надад дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга өгсөн. Мөн айди кодтой цагийн өнгийн “Айфон 7” загварын гар утас, “Самсунг” гар утас, “Минисо” спипер, бугуйн цаг зэрэг эд зүйлийг өгсөн. ...” /1 хх 59-62/,

гэрч Г.Э-н “... Намайг лангуун дээрээ байж байтал 23-24 орчим насны намхан биетэй залуу орж ирээд “мөнгө авах уу” гэсэн. Би мөнгийг нь харахад мөнгөн аяганаас хуулж авсан бололтой 5 ширхэг хуйлсан аяганы мөнгө байсан. ...” /1 хх 68/ гэсэн мэдүүлгүүд болон гэрч Э.Оргил /2 хх 150-151/, Ж.Отгонбилэг /3 хх 227-229/, С.Ганболд /4 хх 66/, иргэний нэхэмжлэгч Л.Отгонтөгс /4 хх 207/ нарын мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 10-15, 191-195, 225-230, 2 хх 17-24, 60-64, 88-93, 116-118, 141-144, 168-172, 194-199, 231-238, 3 хх 17-24, 63-67, 92-115, 160-164, 220-226, 4 хх 46-59, 98-108, 159-160/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 19-47/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 199-203/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх 73, 158, 221, 3 хх 50-52, 180, 4 хх 215/, “Дамно” ХХК, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангууд /1 хх 77-79, 212-213, 248-250, 2 хх 36-37, 76-77, 104-105, 130-131,155-156, 182-184, 217-218, 3 хх 6-7, 45-46, 84-85, 240-243, 5 хх 69-70, 85-86/, Валютын ханшийн лавлагаа /5 хх 113/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Д.Л-г хүн байнга амьдрах орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Д.Л-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн, шүүхээс шүүгдэгч Д.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Шүүгдэгч Д.Л-н үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, гэмт хэргийн улмаас олсон орлогыг зарцуулсан байдал зэргийг үндэслэн хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжид хамааруулж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Д.Л-с “...ял шийтгэлийг хөнгөрүүлэх ...” талаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Хэдийгээр, шүүгдэгч Д.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч тэрээр 19 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт нийт 92.305.422 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, мөн хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, түүний хувийн байдал зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.  

Анхан шатны шүүхээс Д.Л-д оногдуулсан хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Үүнээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл буюу “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх..,” зохицуулалт нь шүүх заавал хэрэглэхээр үүрэг болгосон заалт биш болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Л-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.