Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 111/ШШ2020/0016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгож, ийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие нь Баянхонгор аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2014-оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 02 сарын 02-ны өдрийн дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөхөд нь би эс зөвшөөрч Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан.

Улмаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 07-ны өдрийн 111/ШШ2017/0028 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 221/МА2017/0857 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 04 сарын 02-ны өдрийн 149 дугаар тогтоол зэрэг шийдвэрүүдээр миний нэхэмжлэлийг хүлээн авч Баянхонгор аймгийн Засаг дарга нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна гэдэг нь тогтоогдсон.

Дараа нь намайг Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 08 сарын 17-ны өдрийн Б/578 дугаар захирамжаар Ажилд буцаан тогтоосон захирамж гарч ажилд авч байсан ба ажилд орсноос нэг сарын дараа надад дахин цалинг 30 хувиар хасах сахилгын арга хэмжээ авахад нь би шүүхэд хандаж эрхээ сэргээлгэсэн.

Гэтэл надтай 2020 онд хөдөлмөрийн гэрээг сунгаж гэрээ байгуулахаас татгалзаж, мөн үр дүнгийн гэрээ байгуулахаас ямар ч шалтгаангүйгээр удаа дараа татгалзсан. Үүний дараа Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 03 сарын 27-ны өдрийн дугаар сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамж гаргаж захирамжийн үндэслэлээ Хөдөлмөрийн гэрээний 8.7-д заасан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж, ашиг сонирхолын зөрчлөөс ангид байж, эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, мөн гэрээний 10.2.6-д заасан хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулан ноцтой зөрчил гаргаж, Төрийн аудитын газрын Хязгаарлалттай санал дүгнэлт авсан албан шаардлагаар нотлогдож байгаа тул Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Төрийн аудитын газрын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн албан шаардлагыг үндэслэн намайг ажлаас чөлөөллөө.

Дээрх захирамжийг би 2020 оны 04 сарын 17-ны өдөр өөрийн гар дээр хүлээн авсан. Би энэ захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянхонгор аймгийн Засаг дарга нь албан тушаалдаа очсноос хойш намайг ямар ч үндэслэлгүйгээр удаа дараа ажлаас чөлөөлж байгаа нь намайг ялгаварлан гадуурхаж байгаа хэлбэр бөгөөд үзэл бодол, итгэл үнэмшлийнхээ төлөө би хөдөлмөрлөх эрхээ хязгаарлуулж байна. Би ямар нэгэн хөрөнгө зориулалтын дагуу зарцуулсан зүйл байхгүй бөгөөд бүх гүйлгээ нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтанд тулгуурласан, сургуульд зарцуулагдсан хөрөнгүүд юм.

Намайг мэргэжлийн ажлаа өндөр түвшинд гүйцэтгээгүй гэж бичсэн байна. Би аймгийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг тухайн цаг хугацаанд нь гүйцэтгэж, байсан харин ч энэ хугацаанд аймгийн Засаг даргаас надтай Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байх, үр дүнгийн гэрээ хийхгүй байх зэрэг шахалт үзүүлсэн.

Гэрээнд заасан ямар нэг хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж хөндлөнгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй, тогтоосон гээд үндэслээд байгаа Баянхонгор аймгийн Төрийн аудитын дүгнэлт ч гэсэн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.

Энэ талаар би холбогдох байгууллагуудад нь гомдол гаргасан байгаа. Нөгөө талаар санхүүгийн үйл ажиллагаа нь сургуулийн захирал төдийгүй, сургуулийн нягтлан бодогчийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой, санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэлт бусад үйл ажиллагаанд сургуулийн захирлын зүгээс өдөр тутам ороод байж чаддагүй нөхцөл байдалтай гэдгийг захиргаа мэдэх л учиртай.

Өмнө нь намайг ажлаас чөлөөлөхдөө Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Аудитын байгууллагаар зориуд дүгнэлт гаргуулж ажпаас чөлөөлж байсан бол одоо Баянхонгор аймгийн Төрийн аудитын байгууллагын албан шаардлага гэх баримтыг үндэслэн намайг чөлөөлсөн нь зориудаар хийсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж үзэж байна. Намайг өмнө нь заргалдаж байсан, ажилдаа шүүхээр эргээд орсон гэдгээр шалтаглаж дахин ямар нэгэн өө хайж байгаад намайг ажлаас чөлөөлсөн нь цэвэр хариу авах шинжтэй, зориуд намайг ажилгүй болгох гэсэн үйл ажиллагаа юм.

Ажлаас гарахдаа эргэж шүүхэд хандаж орсон хүн болгоныг ингэж хясаж, хавчиж, улмаар гэмт хэрэгтэн болгох гэж, алдаа эндэгдэл хайж, ажилгүй болгож байгаа нь одоо цагийн хэлмэгдүүлэлт гэж би үзэж байна.

Ийм үзэл санаагаар төрийн хяналтын бүх механизм нэг хүн рүү чиглэж, улмаар алдаа гэх зүйл гарангуут шууд л ажлаас нь халж амьдрал ахуйгаар нь тоглож, эрх мэдлийг ард иргэдэд ашигтай биш хариу арга хэмжээ авах хэрэгсэл болгож байгаад туйлын гомдолтой байна.

Би ямар нэгэн алдаа эндэгдэл гаргаагүй, гаргасан байлаа гэхэд ажлаас халагдах хэмжээнд энэ асуудал нотлогдсон зүйл байхгүй байхад миний Хөдөлмөрлөх эрхийг зөрчсөнд гомдолтой байна.

Иймд: Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 03 сарын 27-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгох, намайг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд буцаан тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахдаа дараах зөрчлүүдийг гаргасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1 дэх заалтыг зөрчсөн, учир нь хувийн хэрэг хөтлөөгүй, сонсох ажиллагаа явуулсан тухайн өдрөө ажлаас нь халсан байдаг. Өнөөдөр нэхэмжлэгчийн тайлбараар бол 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 54 дүгээр албан шаардлагыг хэргийн материалтай танилцахдаа олж мэдсэн байдаг. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагыг ажлаас нь чөлөөлөхдөө Боловсролын тухай хуулийг заавал авч үзэх ёстой. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг боловсролын байгууллагын удирдлагыг ажлаас чөлөөлж, авахдаа заавал барих гол зохицуулалт юм. Мөн тухайн захирлыг ажлаас нь халах гэж байгаа бол боловсролын газрын даргад заавал мэдэгдэж, боловсролын газрын саналыг сонсох ёстой. Энэ бол хуулиар тогтоосон процесс, үүнийг биелүүлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг баримтлан сахилгын арга хэмжээ авсан. Сахилгын арга хэмжээ авах нь тухай сахилгын зөрчил гаргасан үйл баримт, бусад зүйлтэй тохирсон байх ёстой. Ажлаас халахдаа дотоод аудитын дүгнэлт, хязгаарлалтын санал дүгнэлтийг авсан гэж зааж байгаа боловч, нэхэмжлэгч нь эрхэлсэн ажилдаа ямар үүргээ биелүүлээгүй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх гэдэг нь юунд үндэслээд байгаа юм. Энэ талаар Цагдаагийн байгууллага болон Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулсан боловч зөрчил тогтоогдоогүй байна гэж үзсэн. Эдгээр үндэслэлүүд нь сахилгын арга хэмжээ авах хангалттай үндэслэл биш, мөн ажлаас халах үндэслэл тогтоогдохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар давтан гаргасан зөрчлүүд нь тус бүр тогтоогдсон байхыг шаарддаг, 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлүүд тогтоогдоогүй байна. Өмнө нь ажлаас чөлөөлөөд шүүхээр эгүүлэн тогтоогоод ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулж авахад үүн дээр нь санхүүгийн аудитын шалгалт оруулж акт тогтоогоод байгаа нь ойлгомжгүй. Нэг шалгалт оруулаад дараа нь Авлигатай тэмцэх газарт явуулдаг, үүний цаана нэг хүний эсрэг төрийн бүх механизмыг ажиллуулаад ажлаас чөлөөлдөг төрийн байгууллагын дарамт гарч ирээд байгаа, үүнийг шүүх анхаарч үзнэ үү. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хөдөлмөрийг гэрээг зөрчсөн ноцтой зөрчил байх ёстой, Хөдөлмөрийн гэрээний 10.2.6 дахь хэсэгт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх зөрчлийг заасан. Гэхдээ үүнийг нэхэмжлэгч талд тайлбарлахдаа нөхрийнхөө дэлгүүрээс бараа худалдан авсан учир хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж тайлбарладаг. Хуульд хамаарал бүхий этгээдээс аливаа эд зүйл худалдан авч болохгүй гэх зохицуулалт байхгүй, үүнийг буруугаар ашиглаж байна. Өнөөдөр нэхэмжлэгч тус суманд ажиллаж амьдрах боломжгүй болоод Улаанбаатар хот руу шилжих хүртэл арга хэмжээ авч байна. Дээрх нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан нь төсөв, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой дараах ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан байдаг. Үүнд: сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1а/ 54 дүгээр албан бичгээр хүсэлт ирүүлсний дагуу тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх ажлын удирдамжийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар батлуулан, ажлын хэсэг 2019 оны 10 дугаар сарын 15-16 ны өдрүүдэд тус сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж ажилласан.

Хяналт шалгалтаар: Сургуулийн захирлын гаргасан захиргааны актын эрх зүйн үндэслэлийг хянахад 10 тушаал эрх зүйн чадамжгүй буюу гарын үсгийн бүрдэл дутуу, буруу хуулийн заалт үндэслэсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан.

Тухайн оны төсвийн хүрээнд байгууллагын орон тоо, багш ажилтнуудын цалин, нэмэгдлийг тушаалаар батлаагүй, багш ажилтнуудын амралтын хугацааг баталж, амралтын эхлэх, дуусах хугацааг амралтын мэдэгдэх хуудсаар баталгаажуулагдаггүй, сургуулийн захирал нягтлан бодогч нь төсөв санхүүгийн мэдээллийг хамт олонд танилцуулдаггүй, цагийн тооцоог тухай бүр хийдэггүй, ажилтан албан хаагчдын гарын үсгээр баталгаажуулдаггүй.

Сургуулийн захирал нь Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-20.2.3, 20.2.7, 20.2.11, 20.2.12 дахь заалтаар хүлээсэн үүрэг, байгууллагын дотоод журам, багш ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хүрээнд дээрх асуудлыг бүрэн шийдвэрлэх чиг үүргээ хангалтгүй биелүүлж, аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчсөн.

Тус сургуулийн багш нар ажлаас гаргах өргөдөл өгсөнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албанаас 2020 оны 01 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч ******* 2019 оны 09-12 дугаар саруудын санхүү, цалин цагийн тооцооны баримтууд хэсэгчлэн үзлэг шалгалтыг хийсэн.

Тус шалгалтаар:2019 оны 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1а/895 дугаар албан бичгээр хүргүүлсэн боловч зөвлөмжийн эээнд төлөвлөгөө гаргаж, үр дүнг тооцон, зөрчил дутагдалаа арилгаж ажиллаагүй.

сумын 12 жилийн сургуулийн 2019 оны 9-12 дугаар саруудын санхүүгийн баримтыг шалгахад 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* тээвэрчин хоршооны /Төрийн банк *******/ харилцах дансанд 2.184.683 төгрөгийг, ******* Баянхонгор ХХК-ны /Хаан банк *******/ харилцах дансанд 521.400 төгрөгийг, төрийн сангийн дансанд цалингийн татвар болох 488.583 төгрөгийг, мөн 179.451 төгрөгийг, *******гийн хувийн харилцах дансанд 36.600 төгрөгийг, *******ын харилцах дансанд 730.034 төгрөгийг нийт 4.140.751 төгрөгийг шилжүүлэхдээ 2-р буюу нягтлан бодогч гарын үсэг зурахгүйгээр гүйлгээ хийсэн. /энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах гэж заасныг зөрчсөн/. Сургуулийн захирал нь өөрийн нөхөр болох *******ын Хаан банкны ******* тоот дансанд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5.500.000 төгрөг, мөн тухай өдөр 730.034 төгрөг нийт 7.230.034 төгрөгийг шилжүүлж өөрийн давуу байдлыг ашиглан худалдан авалт хийсэн зэрэг ноцтой зөрчлийг гаргасан.

Төрийн аудитын газраас сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болсон санхүүгийн тайланд аудит хийхэд "Хязгаарлалттай санал дүгнэлт авч санхүүгийн зөрчил гаргасан байдаг.

Дээрх зөрчлүүд нь аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.7-т заасан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, мөн гэрээний 10.2.6-д заасан хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж ноцтой зөрчил гаргасан нь холбогдох мэргэжлийн байгууллагын баримтаар удаа дараа нотлогдсон тул аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр захирамжаар сумын сургуулийн захирал т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцласан болно.

Иймд ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн гаргасан Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгож, ийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох-ыг хүссэн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/578 дугаар ийг ажилд эгүүлэн томилох тухай захирамжаар Баянхонгор аймгийн сумын сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаад, аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр захирамжаар ажлаасаа халагджээ.

Уг захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Төрийн аудитын газрын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар албан шаардлагыг тус тус үндэслэн Хөдөлмөрийн гэрээний 8.7-т заасан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, мөн гэрээний 10.2.6-д заасан хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулан ноцтой зөрчил гаргаж, төрийн аудитын газрын санхүүгийн шалгалтаар Хязгаарлалттай санал, дүгнэлт авсан нь албан шаардлагаар нотлогдож байна гэж үзээд захирал т ажлаас халах шийтгэл ногдуулан, хөдөлмөрийн гэрээг цуцалж, энэ тухай сонсох ажиллагаа явуулсан байна.

Төрийн аудитын газрын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар Санал хүргүүлэх тухай гэсэн албан шаардлагаар аймгийн Засаг даргад хандаж, сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсвийн захирагч т сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авч, холбогдох баримтыг Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13-т заасан хугацаанд буюу ажлын 10 хоногийн дотор хариу ирүүлэх, Албан шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т Төрийн аудитын байгууллагаас тавьсан албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах тухай саналыг төрийн аудитын байгууллага эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ гэсэн заалтын дагуу шийдвэрлүүлэх болно гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг заасан бөгөөд 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна, 131.1.3-т ажлаас халах гэж хуульчилжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй.

Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна.

Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.

Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д заасан "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино. Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны гаргасан эд хөрөнгийн зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж тогтоогдсон нь эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Мөн хэсгийн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэргийг хамруулан ойлгох-оор тус тус нарийвчлан тайлбарлажээ.

Баянхонгор аймгийн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал нь тус сургуулийн 2019 оны төсөвт сургуулийн тавилга, эд хогшил авах зардалд төлөвлөгдсөн 6.500.000 төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээдийн данс руу шилжүүлэн гаргуулан авч зарцуулсан талаарх гомдол мэдээллийг Авилгатай тэмцэх газраас шалгаад Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 300 дугаар Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байна.

Гэсэн хэдий ч сумын сургуулийн захирал нь ажил үүргээ хэрэгжүүлэхдээ тодорхой хэмжээний зөрчил, дутагдал гаргасан болох нь  сумын Засаг даргын 2019 оны 09 сарын 18-ны өдрийн 1а/54 дүгээр Сургуулийн ажил сайжруулах тухай гэсэн аймгийн Засаг даргад хандсан албан бичиг, аймгийн Засаг даргын 2019 оны 11 сарын 14-ний өдрийн 1а/895 дугаар Зөвлөмж хүргүүлэх тухай гэсэн сумын Засаг даргад хандсан албан бичиг, Аймгийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу сумын 12 жилийн сургуулийн бага ангийн багш нар ажлаас гарах өргөдөл өгсөнтэй холбогдуулан үзлэг, шалгалт хийсэн талаархи илтгэх хуудас, түүнтэй холбоотой баримтууд Аудитын гэрчилгээ зэрэг баримтуудаас харагддаг.

Түүнчлэн нь Аудитын гэрчилгээ, албан шаардлага, улсын байцаагчаас гаргасан эрхийн актуудад гомдол гаргаагүй, гомдол гаргах хугацаа нь өнгөрсөн байгааг дурдах нь зүйтэй.

Баянхонгор аймгийн Засаг даргаас сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.7-т төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, 10.2.6-д хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, 6.2-т ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж тусгаснаас харахад нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан зэрэг нь тогтоогдоогүй, мөн хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтойд тооцох талаар тухайлан, нэг бүрчлэн тодорхой заагаагүй байхад ноцтой зөрчил гаргасан гэж нэхэмжлэгчийг буруутгаж, эрх ашгийг нь зөрчжээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэсэн үндэслэлээр т халах сахилгын шийтгэл ногдуулж, мөн зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээ болон хуульд заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь түүний гаргасан зөрчилд хүндэдсэн байх тул Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгож, ийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх-ийг хүссэн шаардлагын хувьд:

Нэхэмжлэгчийн гаргасан Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгож, ийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 3 сар 10 хоногийн олговор болох 4.503.580 /дөрвөн сая таван зуун гурван мянга таван зуун ная/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө., Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам-ын 2.е-д хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлин 4.4, 6 дугаар зүйлийн 6.1.4, 7 дугаар зүйлийн 7.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 03 сарын 27-ны өдрийн дүгээр " сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" захирамжийг хүчингүй болгож, ийг урьд эрхэлж байсан албан тушаал болох Баянхонгор аймгийн сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 3 сар 10 хоногийн олговор болох 4.503.580 /дөрвөн сая таван зуун гурван мянга таван зуун ная/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгч т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.СУВДМАА