| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 106/2020/0193/Э |
| Дугаар | 454 |
| Огноо | 2020-04-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 454
Ц.Г-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Анхбаяр,
шүүгдэгч Ц.Г-н өмгөөлөгч М.Цэнгүүн,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЗ/507 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Анхбаярын бичсэн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлээр Ц.Г-д холбогдох эрүүгийн 2005 00008 0062 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Э овгийн Ц-н Г, 19.. оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “А х” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, .................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ................/,
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13.303.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;
Ц.Г нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” нэртэй зочид буудалд шинэ жилийн арга хэмжээний үеэр иргэн Г.О-г шалтгаангүйгээр биед нь халдаж, түүнд баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун зовхинд цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Г-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг хууль бусаар хязгаарласан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа нэмж явуулах шаардлагатай байна гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Г нь мөрдөн байцаалтын явцад “... хэрэг болсон газар байсан хэргийн талаар мэдэж байгаа “Мон тээвэр” ХХК-д ажилтай Э, “Ц э” ХХК-д ажилтай Цогоо, “М т” ХХК-д ажилтай Баагий нараас гэрчийн мэдүүлэг авч өгөхийг хүсэж энэхүү хүсэлтийг гаргаж байна” гэжээ. Гэвч прокурор 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан тогтоолдоо “гэрч Энэбиш, Цогоо нар мэдүүлэх өгөхөөс татгалзсан” гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн аваагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэрч прокурорын дуудсанаар хүрэлцэж ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэг үүрэгтэй” гэж заасан байхад “мэдүүлэг өгөхөөс татгалзсан” гэсэн хууль зүйн үндэслэлгүй татгалзсан нь яллагдагчийн эрхийг хууль бусаар хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй. Ялангуяа Ц.Г нь Г.О-г нүүрэн тус газар нь цохиж байсан гэх үед дэргэд нь байсан, тэр үеийн “дүрс бичлэгт” тодорхой харагдаж байгаа Энэбишийг гэрчээр мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдолтой юм.
Мөн гэрчээр мэдүүлэг авахуулахаар хүсэлтэд дурдагдсан Энэбиш, Цогоо нар нь ямар үндэслэлээр гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан талаар ямар ч баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд шүүгдэгч Ц.Г-д холбогдох хэрэгт хэргийн талаар ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэж байж болох хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа нэмж хийх шаардлагатай байна гэж үзэж, шүүгдэгч Ц.Г-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 507 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.
Хэрэгт яллагдагч Ц.Г нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Г.О-н “...хувцасаа өмсөөд тарах гэж байхад манай ажилтан Г, Батаа нар хоорондоо муудалцаад барьцалдаж авахаар нь би дундуур нь орж салгахад Батаа үгэнд орохгүй дайраад байхаар нь би Батааг татаж унагааж байгаад 2, 3 удаа цохисон. Тэгээд зохион байгуулагч Ц.Г дундуур орж ирээд намайг татаж аваад цааш нь яваад нүүрэнд баруун хамар хавсраад 1 удаа цохиход нь миний баруун нүдний дээд хэсэгт зовхиноос цус гарсан. ... ” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Г-н “...Шинэ жил тараад зүс таних жолоочтой муудалцаад тэр залуу миний дээр гараад намайг цохиж байхад хамт ажилладаг О, Г бас өөр хүмүүс салгасан. ...Нэг мэдсэн О, Г нар хаалганы цаана юм яриад зогсож байснаа О-н хамраас цус гараад ирсэн...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 577 дугаартай шинжээчийн “...Г.О-н биед баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт баруун зовхинд цус хуралт, зулгарал гэмтэл тогтоогдлоо”...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, камерын бичлэг хийсэн тэмдэглэл, гэрч Д.Б-н “...би тухайн үед зодооныг хараагүй намайг гарч ирэхэд зодоон болоод дууссан О-н хамраас бага зэрэг цус гарсан харагдсан...” гэсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт мэдүүлэг авахаар зааж хэргийн нөхцөл байдлыг мэдэх боломжтой гэх нэр бүхий хүмүүсийг асуух шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой юм.
Шүүх хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтыг бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, ямар хууль зүйн үндэслэлээр няцаан хэрхэн үгүйсгэж, эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эсэх талаар шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Түүнчлэн прокурорын хяналтын шатанд оролцогч нараас хүсэлт, гомдол гаргаагүй байхад энэ талаар шүүхээс мөрдөгчийн шийдвэрийг прокурор шийдвэрлэсэн мэтээр хэргийн үйл баримт хамаарахгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд эрс зөрүүтэй зүйлээр дүгнэлт хийжээ. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Г-н гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт хийсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, түүнийг нотолсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэж заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлд зааснаар гэрч Б.Г, Д.Б нараас мэдүүлэг авч, тэдгээрт асуулт тавьж, нотлох баримтыг шинжлэн судлах замаар гэрч нарын мэдүүлэг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэхийг тодруулах боломжтой юм.
Хэрэгт авагдсан үйл баримтуудаар хохирогч Г.О нь яллагдагч Ц.Г-д зодуулсан талаар шууд заасан энэ талаар дүрс, бичлэг бэхжигдсэн бөгөөд энэ байдал нь гэрч Б.Г, Д.Б нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг үйл баримтуудаар нотлогдож байна. Түүний эрүүл мэндэд учирсан “баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт баруун зовхинд цус хуралт, зулгарал” бүхий гэмтэл нь гадны хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой талаар шинжээч эмч тодорхойлсон байна.
Хэрэгт прокуророос яллах талын бичгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд, тэдгээр нотлох баримтыг үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэлийг тодорхой дурдаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.
Шүүгчийн захирамжийн удирдлага хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон заажээ.
Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдсэний дараа буюу хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад “Урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ.” гэж хуульчилжээ.
Шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу юм.
Мөн захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /нэмэлт өөрчлөлтөөр/ 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй ...” гэж заажээ.
Шүүхээс дээрх зохицуулалтыг дурдаагүй орхигдуулсан нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл бүхий болжээ.
Гэтэл шүүхээс зохицуулалтыг дурдаагүй зөвхөн прокурор эс зөвшөөрвөл гэж орхигдуулсан нь хэргийн оролцогч буюу яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагч нь шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхтэй...” мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “...мөрдөгч эрх бүхий албан тушаалтан, прокурор шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах...” гэж заасан хуулиар олгосон эрхийг хязгаарлаж хуулийг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд яллагдагч Ц.Г-д холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаалгахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Г-н өмгөөлөгч М.Цэнгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Энэ хэргийн талаарх нөхцөл байдлыг тодорхой гэрчлэх хүн бол Энэбиш юм. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд шүүгдэгч Ц.Г-д холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.
Ц.Г-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал” /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэрэг нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын шатанд нотолсон гэж дүгнэх боломжгүй байх ба хэргийг шүүхээс эцэслэн хянан шийдвэрлэхэд эргэлзээ бүхий байна.
Өөрөөр хэлбэл, гэмт хэргийг хэзээ, хаана, хэрхэн үйлдсэнийг мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.”, 2 дахь хэсэгт “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.14 дэх заалтад “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхтэй болохыг тус тус хуульчилсан.
Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд гэрч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.14 дэх заалтад зааснаас бусад тохиолдолд шүүх, прокурорын дуудсан цагт хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийн хэмжээнд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байна.
Гэтэл хэрэг учрал болох үед хамт байсан Э, Ц нарыг “мэдүүлэг өгөхөөс татгалзсан” гэсэн хууль бус үндэслэлээр тэднээс мэдүүлэг авах ажиллагаа хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Хэрэгт авагдсан камерын бичлэгээс гадна тухайн гэмт хэргийн үйл явцыг харсан, хажууд нь байсан Энэбишийг гэрчээр тогтоож, түүнээс мэдүүлэг авах ажиллагааг хийж, хэргийг үйл баримтад нэг мөр дүгнэлт хийж, эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан бүхий л ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хийж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.