Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2015/0898/з |
Дугаар | 221/МА2016/0785 |
Огноо | 2016-12-14 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2016/0785
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгонбаатар нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 456 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 456 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.5, 19.3 дахь хэсэгт заасан заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 851 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5, 19.3-т заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гаргасан өргөдлийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч, зохих журмын дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 851 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5, 19.3-т заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-ийн өргөдлийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч, зохих журмын дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 456 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1, 162.1, 162.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Нэг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “хариуцагч “хүсэлт гаргасан талбайн давхцаагүй хэсэгт шууд өргөдөл бүртгэх ойлголт биш бөгөөд цахим системээс өргөдөл бүртгүүлэхээр дахин дугаар авч өргөдөл гаргах эрхтэй” гэсэн хариуг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6/8052 дугаар албан бичгээр өгч татгалзсан нь давхцаагүй талбайд түрүүнд өргөдөл гаргасан этгээдийн хувьд өргөдлийн дарааллыг шалгах шаардлагагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
1.1 Нэхэмжлэгчийн гаргасан талбай нь уг өргөдлөөс түрүүлж ирүүлсэн ХА-019317 дугаартай өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцалтай байгаа нь хэрэгт авагдсан Зураг зүйн шүүлт хийсэн мэргэжилтний тодорхойлолт болон 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6/8052 дугаар албан бичиг, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас зэргээр тогтоогдсон.
1.2 Нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул дээрх зүйлүүдийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 851 дүгээр шийдвэрээр “*******” ХХК-ийн NЕ-026366 дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэж, давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх гэж заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6/7991 дугаар албан бичгээр мэдэгдсэн.
1.3 Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг эмх цэгцтэй зохион байгуулалтай, ил тод, шударгаар өрсөлдөх зарчмыг хангах үүднээс Ашигт малтмалын газар нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж, 2014 оны 12 дугаар сарын 28, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудад удаа дараа танилцуулж чиглэл авч Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний дагуу Уул Уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 тоот тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйлчилгээний хөлсийг тогтоосноор нэг хуулийн этгээдээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн олон өргөдлийг нэг дор гаргаснаас болж хэт давуу байдал бий болдог байсныг бууруулснаар бусад этгээдээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргах боломжийг олгож байгаа юм.
1.1 Иймд нэхэмжлэгчид уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах боломжтойг мэдсээр атал өнөөдрийн байдлаар дахин өргөдөл гаргаагүй байгаа бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасан өргөдөл гаргасан этгээд давхцаагүй хэсэгт шууд өргөдөл гарган шийдвэрлүүлэх ойлголт биш бөгөөд бусад өргөдөл гаргагч этгээдтэй шударгаар ижил түвшинд өрсөлдөн, өөртөө давуу эрхийг зохиомлоор бий болгоогүй, цахим системээр бүртгүүлэн дугаар дахин авч өргөдөл гаргах эрхийг зохицуулсан ойлголт юм.
1.2 Хэрэв хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгтээ өргөдөл гаргасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл дахин гаргах хүртэл тухайн талбайд өөр этгээдэд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байх талаар Ашигт малтмалын тухай хуулиар хуульчлаагүй бөгөөд харин хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасны дагуу давхцалгүй талбайд хэн түрүүлж өргөдөл гаргасан этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор хуульчилсан.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 456 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч, зохих журмын дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгасан нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “*******”-ийн ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь “Од” нэртэй 18200 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан байх бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-026366 дугаар өргөдөл гаргасныг хариуцагчаас түрүүлж ирсэн өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцалтай болохыг мэдэгдэж, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 851 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ. Мөн нэхэмжлэгч “*******” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай давхцалгүй хэсэгт тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг хариуцагчаас “...Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5-д зааснаар давхцаагүй хэсэгт дахин дугаар авч өргөдөл гаргах боломжтой” гэж хүлээн авалгүй, энэхүү үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 19.2.5-д “хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах”, 19.3-д “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх” гэж тус тус заажээ.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдлийг бүртгэгдсэн дарааллынх нь дагуу шийдвэрлэдэг бөгөөд дээрх хуулийн заалтаар тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ илэрхийлсэн этгээдийн өргөдлийн талбай түрүүлж ирүүлсэн өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхацсан тохиолдолд захиргааны байгууллагаас давхцаагүй хэсэгт тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэж дахин өргөдөл гаргах эрхийг нь хангахыг үүрэг болгожээ. Харин өргөдөл гаргасан этгээд давхцаагүй хэсэгт тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй байгаа бол дахин өргөдөл гаргах бөгөөд захиргааны байгууллага нь давхцаагүй талбайд түрүүнд өргөдөл гаргасан этгээдийнх нь дахин дугаар авч өргөдөл гаргахыг шаардлагагүйгээр гагцхүү хуулийн 17, 18-д заасан бусад шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол аймгийн Засаг даргад бичгээр мэдэгдэхээр зохицуулжээ.
Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 851 дүгээр шийдвэрээр “*******” ХХК-ийн өргөдлийн талбайд бүхэлд нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байх бөгөөд нэхэмжлэгчийн талбай давхцаагүй хэсэгтээ дахин өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР