Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2020/02804

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2020         08         10

                           101/ШШ2020/02804

 

                                         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ГБ ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.Д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 13,178,968.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмонсамбуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч “ГБ” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмонсамбуу шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Д нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ГБтай 3Г2105115990 тоот цалингийн эээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатайгаар, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ЗГ2105115990-А тоот нэмэлт цалингийн зээлийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй 41 сарын хугацаатайгаар, мөн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ГБтай ЗГ3055113329 дугаарт ахуйн хэрэглээний зээлийн гэрээ байгуулж, 2,699,800 төгрөгийн зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар тус тус авсан болно. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй цалингийн зээлийг 664 хоног, Ахуйн хэрэглээний зээлийг 695 хоног хугацаа хэтрүүлж банкийг хохироож байгаа тул цалингийн зээлийн гэрээний 3.3.4, Ахуйн хэрэглээний зээлийн гэрээний 4.2-т заасны дагуу Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.

Иймд зээлдэгч Ч.Дид холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт: цалингийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 6,543,318.84 төгрөг, хүү 2,644,757.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 119,991.35 төгрөг, нийт 9,308,067.91 төгрөг, ахуйн хэрэглээний зээлийн гэрээний үндсэн төлбөр 2,574,054.56 төгрөг, хүү 1,233,097.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63,749 төгрөг, нийт 3,807,900,69 төгрөг, нийт 13,178.968.60 төгрөгийг хариуцагч Ч.Доос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Зээл авсан нь үнэн, нэхэмжлэлийн үнийн дүнгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь цалингийн зээлийн хувьд 2 жил 11 сарын, ахуйн хэрэглээний зээлийн хувьд 2 жил 5 хоногийн хүүг төлөхийг зөвшөөрч байна, гэрээний үндсэн хугацаа дуусаагүй тул нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ГБ” ХХК нь хариуцагч Ч.Дид холбогдуулан 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 13,178,968.60 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үүнд: 

  • цалингийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 6,543,318.84 төгрөг, хүү 2,644,757.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 119,991.35 төгрөг, нийт 9,308,067.91 төгрөг,
  • ахуйн хэрэглээний зээлийн гэрээний үндсэн төлбөр 2,574,054.56 төгрөг, хүү 1,233,097.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63,749 төгрөг, нийт 3,807,900,69 төгрөг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь цалингийн зээлийн хувьд 2 жил 11 сарын, ахуйн хэрэглээний зээлийн хувьд 2 жил 5 хоногийн хүүг төлөхийг зөвшөөрч байна, гэрээний үндсэн хугацаа дуусаагүй тул нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

“ГБ” ХХК нь Ч.Дтой 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 2105115990 дугаартай цалин барьцаалсан “Зээл болон барьцааны гэрээ”-г байгуулж, 7,000,000 төгрөгийг, жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж, мөн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г байгуулж, 1,000,000 төгрөгийг нэмж зээлэн, жилийн 21,6 хувийн хүүтэй, өмнөх гэрээний үндсэн хугацаанд зээлийг төлж дуусгахаар буюу 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар тус тус гэрээ байгуулсан, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

 

“ГБ” ХХК нь Ч.Дтой 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ахуйн хэрэглээний “Зээл болон барьцааны гэрээ”-г байгуулж, 2,699,800 төгрөгийг, жилийн 26,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн, гэрээний хугацаа 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болохоор, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

 

 Хариуцагч Ч.Д нь

  • цалингийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,456,681.16 төгрөг, хүүд 1,591,081.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 264.85 төгрөг, нийт 3,048,027.39 төгрөгийг төлж, улмаар 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зээлээс төлөлт хийгээгүй, гэрээний үүргийн зөрчил үүссэн буюу нийт 668 хоногоор хугацаа хэтрүүлсэн,
  • ахуйн хэрэглээний зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 125,745.44 төгрөг, хүүд 217,639.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 187.28 төгрөг, нийт 343,572.60 төгрөгийг төлж, улмаар 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зээлээс төлөлт хийгээгүй, гэрээний үүргийн зөрчил үүссэн буюу нийт 607 хоногоор хугацаа хэтрүүлсэн.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар хариуцагч Ч.Дийн зээлийн гэрээний дагуу зээл болон зээлийн хүү төлөх үүргээ биелүүлэхгүй байгаатай холбогдуулан нэхэмжлэгч ГБ нь түүнтэй байгуулсан гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээл, зээлийн хүүгээ шаардсан нь үндэслэлтэй юм.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно…”, 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдэд нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээгээ цуцалсан бөгөөд зээлийн гэрээний үндсэн хугацаанд 264,85+187,28 төгрөгийг тус тус зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүүд тооцон авсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зохицуулалттай нийцэхгүй буюу нэмэгдүүлсэн хүү нь гэрээний хариуцлага гэдэг агуулгаараа үндсэн гэрээний хугацаа дуусах үеийн хүүд нэмэгдүүлсэн хүүг тооцох тул уг төлбөрүүдийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй байна.

 

Цалингийн зээлийн гэрээний хувьд: үндсэн зээлийн үлдэгдэл 6,543,318.84 төгрөгөөс 264.85 төгрөгийг хасч 6,543,053.99 төгрөг ба үүнээс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх 668 хоног байх боловч нэхэмжлэгчийн тооцсон 664 хоногоор хүүг тооцвол 2,606,751.12 /1 өдрийн хүү 3,925.83 төгрөг/ төгрөг, нийт 9,149,805.11 төгрөг,

Ахуйн хэрэглээний зээлийн гэрээний хувьд үндсэн зээлийн үлдэгдэл 2,574,054.56 төгрөгөөс 187.28 төгрөгийг хасч 2,573,867.28 төгрөг ба үүнээс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх 607 хоногоор хүүг тооцвол 1,145,712.5 /1 өдрийн хүү 1,887.5 төгрөг/ төгрөг, нийт 3,719,579.78 төгрөг, нийт 2 зээлийн гэрээний үүрэгт 12,869,384.89 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Доос зээлийн гэрээний үүрэгт нийт 12,869,384.89 /арван хоёр сая найман зуун жаран есөн мянга гурван зуун наян дөрвөн төгрөг наян есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ГБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 309,583.71 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,844.84 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Доос улсын тэмдэгтийн хураамжид 220,860.14 /хоёр зуун хорин мянга найман зуун жаран төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ГБ” ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ