Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2020/ДШМ/20

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Прокурор                                                         Ч.Мөнхзул

Нарийн бичгийн дарга                               Н.Энхнаран  

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Г.Цэрэндолгор

Шүүгдэгч                                                         ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 1921007780082 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 07ы өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1967 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, ******* овогт *******ийн *******, урьд

- Дорнод аймгийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4-т зааснаар 4 жил, 79 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2,3 дугаар зүйлд зааснаар *******т эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4-т зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялын 30% болох 1 жил 2 сар, 79 дүгээр зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, эдлэх ялыг 2 жил 10 сарын хорих ялаар тогтоосон,

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 19-ний өдрий 19 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 89 дүгээр зүйлийн 89.2-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялын зарим хэсэг болох 1 жилийг нэмж, нийт 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

Шүүгдэгч ******* нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг, сумын төвийн хойд талын бэлчээрээс *******ын эзэмшлийн 18 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж, 12 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэн шүүгдэгч *******ийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэн ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрээтэй гурван нүдний чандмань тамга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч *******ийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нар 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн үйлдлээ тодорхой мэдүүлдэг гэрч нарын яриад байгаа Болдсайханы гэрт 16 тооны адуу аваачиж тавьсан, мөн адуунуудын “Д” үсгэн тамган дээрээс хүрээтэй 3 нүдний чандмань тамгаар тамгалсан гэдгээ мэдүүлдэг. Үүнийг гэрч нар хэлдэг. Гэвч шүүгдэгчийн өнөөдөр юу гэж ярих нь өөрийнх нь эрх хэдий ч өөрийн үйлдлээ тодорхой мэдүүлсэн байхад уг мэдүүлэгтэй нь холбогдуулж шалгаагүй. Тухайн алдагдсан мал яаж Баянтүмэн сумаас Халхгол сум хүрсэн талаар тодорхой нотолсон баримт хэрэгт байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нотолбол зохих байдлын гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоож чадаагүй байхад энэ малыг энэ хүн хулгайлсан байх ёстой мэт үндэслэлээр хүний эрх зүйн байдлыг дордуулан хүнд зүйл ангиар зүйлчлэн шийтгэж байгаа нь хууль зүйн хувьд шударга ёсны зарчим алдагдаж байна. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүрэн тогтоогдож байгаа. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зүйл ангиар зүйлчилж хэргийг шийдэж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мөнхзул гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч *******ийг 2019 оны 09 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багаас хохирогч *******ын 18 тооны буюу олон тооны мал хулгайлсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх 2020 оны 04 сарын 16-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд, *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ийн давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг сумын төвийн хойд талд бэлчээрээс *******ын эзэмшлийн 18 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж, 12 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч *******т оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тохирчээ.

Хохирогч *******а, гэрч *******, гэрч *******, нарын мэдүүлгээс үзвэл, уг адуунууд Баянтүмэн сумын нутагт орших бэлчээрээсээ хол явдаггүй, тэндээ нутагшсан, иймээс хулгайн үйлдэлтэй  холбоотойгоор Халхгол суманд очсон гэж дүгнэх үндэслэлтэй юм. Үүнийг гэрч , , нарын мэдүүлгээр тогтоогдож буй үйл баримтууд, тухайлбал уг адуунуудыг өөрийнх мэтээр тайлбарлан ы адуунд тавьж, өөрийн тамгаар тамгалах зэргээр өөрийн болгоход чиглэсэн  *******ийн санаатай үйлдлүүдтэй холбон дүгнэх нь зүйн хэрэг юм. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “шүүх...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэх шаардлагад нийцсэн, үндэслэл бүхий болжээ. Харин уг адууг Халхгол сумын нутгаас олсон гэх шүүгдэгчийн тайлбар нь өөр бусад нотлох баримтуудаар дэмжигдээгүй, хэрэгт тогтоогдсон бусад нөхцөл байдлуудтай уялдахгүй, үнэмшил муутай байх тул энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин прокурор, шүүх хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэх заалтыг зөрчсөн байна.

Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд хууль хэрэглээтэй холбоотой өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Прокророос шүүгдэгч *******т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн /2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт ороогүй/ тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч *******ийн *******ийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”  гэж өөрчлөн; шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж; шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын давж  заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                   Л.НАРАНБАЯР