Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01053

 

                                                         ****ийн нэхэмжлэлтэй

                                                          иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/02955 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2020/02159 дүгээр магадлалтай, 

****ийн нэхэмжлэлтэй,

****т холбогдох 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэг, алданги, хохирол нийт 100,630,727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч ****ын гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяанар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь ****т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэг, алданги, хохирол нийт 100,630,727 төгрөг гаргуулахааршаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/02955 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч ****аас 62,449,677 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****өд олгож, нэхэмжлэлээс 38,181,050 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 661,103 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 470,448 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2020/02159 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/02955 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 348,856 төгрөг, хариуцагчийн төлсөн 470,448 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус үлдээж шийдвэрлэсэн байна 

4. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэж шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны явцад болон давж заалдах шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 4 дэх заалтад худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой асуудлаар маргасан байхад 2 шатны шүүхийн шийдвэр, захирамж нь тус тус маргаагүй хэмээжээ. Нэхэмжлэгч нь маргааны зүйл болох орон сууцыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй 2020 оны 03 дугаар сар хүртэл ямар нэгэн байдлаар ашиглах, эзэмших боломжоор хангаагүй. Энэ нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч талаас маргаагүй боловч нэхэмжлэлдээ гэрээний дагуу 2019 оны 07 дугаар сараас төлбөрийг төлөх ёстой байсан, түүний дагуу алданги бодож нэхэмжилсэн. Гэвч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу би заасан хугацаанд холбогдох төлбөрийг төлөх, нэхэмжлэгч талаас гэрээнд заасан хугацаанд буюу 2019 онд гэрээ байгуулагдсан өдөр орон сууцыг бүрэн өөрийн эзэмшил ашиглалтаас чөлөөлж шилжүүлсэн байх ёстой атал тийм зүйл бодит амьдрал дээр болоогүй байхад шүүхээс хэзээ хүлээлгэж өгсөн, хэзээ хүлээж авсныг тогтоогоогүй, хэрэгт 2 төрлийн гэрээ байхад ямар нэгэн дүгнэлтийг өгөөгүй. Шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээнд дүгнэлт өгөхдөө баримталсан зүйл, заалтаас гадна тухайн нэхэмжлэлийн шаардлага нь холбогдох зүйлийн агуулгыг бүрэн хангасан эсэх, талууд тус бүр үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой байтал сүүлд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сард байгуулагдсан гэрээний толгойгоор шууд дүгнэж байгаа нь харамсалтай байна. Мөн Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг хэрэглээгүй, шалгаагүй, зохих ёсоор авч үзээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч буюу ****тэй би огт уулзаж байгаагүй, ямар нэгэн байдлаар харилцаанд орж байгаагүй бөгөөд шүүх хуралдаан болон түүний өмнө одоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон Ч.Баяржаргал нартай л харьцаж байсан. Ингэхдээ одоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй шүүх хуралдаанаас өмнө ганц удаа уулзаж байсан ба тухайн үед ямар нэгэн итгэмжлэлгүй байсан бол Ч.Баяржаргал нь үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах эрх бүхий итгэмжлэлийг 2020 оны 02 дугаар сар хүртэл авсан байсан. Үүнийг 2020 оны 02 дугаар сард гэрээг шинэчлэн байгуулж төлбөрийг төлөхөөр нотариат ороход л мэдсэн бөгөөд итгэмжлэлийн хугацаа дууссан тул холбогдох гэрээг шинэчлэн байгуулж чадаагүй ч амаар тохиролцон гэрээг өөрийн охин Б.Батцэцэгийн нэр дээр шилжүүлж газар, маргааны зүйл болох орон сууцыг шилжүүлэх талаар ярьж талууд тохиролцсон. Гэтэл **** нь Ч.Баяржаргал өөрийг төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд гэх ойлголтыг 2 жилийн турш олгож түүний дагуу тохиролцож явсан хэдий ч 2019 оны 06 дугаар сараас хойших бүх тохиролцоог байгаагүй мэтээр нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу шүүхээс нэхэмжлэгч нь манайд итгэмжлэл дууссан эсэхийг мэдэгдсэн Ч.Баяржаргалын итгэл үнэмлэх, үйлдлийг тодорхой болгох, ****ийн итгэмжлэлийн дагуу үйлдэл, эс үйлдэхүй хийж байсан эсэхийг тогтоох, **** нь манайд хуулийн 67.1-д заасны дагуу төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэдгийг мэдэгдэх үүргээ хэрхэн биелүүлсэн, Ч.Баяржаргал нь 65.1-д заасан өөрийн эрхийг шилжүүлсэн түүний дагуу үйлдэл, эс үйлдэхүй хийсэн эсэхийг үл харгалзан шийдвэрлэжээ. Энэ нь хоорондын шалтгаант холбоог бүрэн гүйцэт тогтоогүй гэх бүрэн эргэлзээг төрүүлж байна.

4.1. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Би анхан шатны шүүхийн шүүгчээс хуульд заасан эрхийн хүрээнд татгалзсан байхад шүүх хуралдаан болж маргааныг шийдвэрлэсэн. Үүний талаар давж заалдах гомдолдоо дурдаж, гомдлын нэг зүйл болгосон ч давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т заасан шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаагүй гэдэг шалтгаанаар хүлээж аваагүй. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгчээс татгалзах процесс нь шүүх хуралдаан завсарласан, маргааныг хэлэлцэж эхлээгүй байх үед татгалзсан. Мөн хуулийн 92.2-т “...эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед мэдэгдэх үүрэгтэй” гэж заажээ. Энэ нь иргэн би өөр олгогдсон эрх, үүргийн дагуу шүүгчийг үнэн зөвөөр тухайн хэрэг маргааныг шийдвэрлэж чадахгүй гэсэн бүрэн дүүрэн итгэл үнэмшил үүссэн, түүнийгээ хуралдаан эхлэхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргад мэдэгдэж тэмдэглэлд тусгуулсан. Энэ нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх “..сөрөг нэхэмжлэлийг хүлээж авах эсэхийг шийдвэрлэсний дараа буюу шүүгчийг хуульд заасан ажиллагааг явуулсантай холбогдуулан татгалзжээ” гэсэн нь давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн гаргах ёстой буюу 92.4-т заасан ажиллагааг өмнөөс нь явуулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлд хүргэж байна. Ингэхдээ хуульд анхан шатны шүүхийн шүүгчээс татгалзсан татгалзлыг давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх шийдвэрлэх утга байхгүй. Энэ нь мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн асуудал юм. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасныг шүүх хэрэглэсэн бөгөөд ингэхдээ маргалдагч талуудын стандарт нөхцөлийн талаарх маргааныг шийдвэрлэлгүй дүгнэлт хийсэн. Талууд маргааны зүйлийг хүлээлгэж өгөх хугацаа болон төлбөрийн алдангийн талаар маргасан байхад 198 дугаар зүйлийн 198.1-д заасныг хэрэглэхдээ үгийн шууд утгыг анхаарна гэсэн ч гэрээнд заасан шууд утга бүхий хариуцагчийн эд хөрөнгийг эзэмшил ашиглалтад шилжүүлэх үүргийн талаарх утгыг санаатай болон санамсаргүй байдлаар тайлбарлалгүйгээр шийдвэрлэсэн. Гэрээний ерөнхий зүйлд өмнө дурдсанчлан нэхэмжлэгч талаас эд хөрөнгийг хүлээлгэн өгөх талаар тодорхой тусгасан. Иймд Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг хэрэгжүүлэх, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг үндэслэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч ****ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Анхан шатны шүүх ****аас 62,449,677 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****өд олгож, нэхэмжлэлээс 38,181,050 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

7.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38,181,050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангагдсан хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. 

8. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал: 

9. Нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...орон сууц худалдах-худалдан авах гэрээний төлбөрт 41,633,118 төгрөг төлөөгүй үлдсэн. Гэрээний төлбөрийг 2019.08.15-ны өдөр төлж дуусгах үүрэгтэй байсан. Иймд уг өдөр төлөх байсан үүрэг 112,333,118 төгрөгөөс тооцож 56,166,559 төгрөгийг алданги, орлого олох байсан гэж хохиролд 2,831,050 төгрөг, нийт 100,630,727 төгрөг гаргуулах...” гэж тодорхойлсон байна. 

10. Хариуцагч **** “...2019.06.24-ний өдрийн гэрээний төлбөрт 41,633,118 төгрөг төлөөгүй үлдсэн нь үнэн. Гэхдээ гэрээний зүйл нь зөвхөн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД 93 дугаар байр, 2 тоотод байрлах 69.94 м.кв талбай бүхий орон сууц байгаагүй. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ойн гудамжны 19Б тоотод байрлах 263 м.кв газар байсан. Худалдагч нь дээрх газрын эрхийг надад шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй. Мөн алданги болон олох ёстой байсан орлого нэхэмжилсэн нь үндэслэлгүй...” гэж мэтгэлцжээ. 

11. Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл үнэ, алданги, хохирлыг төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болсон байна. 

12. Талуудын хооронд 2019.01.14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, **** нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол ХД 93 дугаар байр 2 тоотод байрлах 69.94 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэх, **** орон сууцны үнэд 116,033,200 төгрөг төлөх үүргийг хүлээсэн боловч 2019.06.24-ний өдөр байгуулсан зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр орон сууцны үнийг 115,333,118 төгрөг болгон өөрчилсөн үйл баримт тогтоогджээ. 

13. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 196 дугаар зүйлийн 196.1.2-т тус тус зааснаар хүсэл зоригийн бүрдэл, түүний илэрхийлэл, үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар шүүхээс талуудын хүсэл зоригийг тайлбарлаж, гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийдэг. 

14. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж зөв тодорхойлон, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээг хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангасан эсэх, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна. 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. 

15. Худалдагч гэрээний зүйл болсон орон сууцыг худалдан авагчид шилжүүлсэн, **** 2019.06.24-ний өдөр байгуулсан зээлээр худалдах-худалдан авах гэрээний 3.1-д тусгагдсан орон сууцны үнээс 73,700,000 төгрөгийг төлсөн, 41,633,118 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь зохигчийн тайлбараар нотлогдсон байна. 

16. Нэхэмжлэгч **** 2019.06.24-ний өдрийн зээлээр худалдах-худалдан авах гэрээний 3.2-т “2019.08.15-ны өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулна”, 3.6-д “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө”, 4.4-т “Худалдагч үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар харилцан тохиролцсон төлбөрийг худалдан авагчаас шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар орон сууцны үнийн үлдэгдэл 41,633,118 төгрөгийг алдангийн хамт хариуцагчаас шаардах эрхтэй. 

17. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дээрх гэрээнд талууд харилцан тохиролцож үүрэг хүлээсэн байдлыг үндэслэн хариуцагчийн үүргийг зөв тодорхойлж, ****аас орон сууцны үлдэгдэл үнэ 41,633,119 төгрөг, алданги 20,816,558 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцжээ. 

18. Гэрээний зүйл нь орон сууцнаас гадна газар байсан бөгөөд орон сууц болон газрын өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж хариуцагч **** нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй гэж үзнэ. 

Давж заалдах шатны шүүхийн “...талуудын хооронд байгуулсан гэрээний үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээлэлд дурдсан хаягт байрлах 69,94 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц гэж зааснаас үзэхэд гэрээний зүйл газрын эрх байсан, газрын эрхийг шилжүүлээгүй гэх хариуцагчийн татгалзлын үндэслэлгүй...” талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

19. Талууд 2019.06.24-ний өдрийн гэрээний 3.4, 4.8-д зааснаар худалдан авагч төлбөрийг төлж дууссаны дараа улсын бүртгэлд бүртгүүлэхээр харилцан тохиролцсоныг Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасны дагуу хийгдсэн хэлцэл гэж үзэхээр байна. 

 20. ****өөс Ч.Баяржаргалд өөрийн нэрийн өмнөөс маргаан бүхий орон сууцны хаягт байрлах 69.94 м.кв талбайтай 3 өрөөтэй үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах төлбөр тооцоог хүлээн авах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах зэрэг бүрэн эрхийг 2018.12.17-ны өдрөөс 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийн хугацаа хожим дууссан нь хариуцагчийг гэрээгээр тохиролцсон орон сууцны үнийг төлөх үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. 

Түүнчлэн давж заалдах шатны шүүх хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т зааснаар шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэсний дараа буюу шүүгчийг хуульд заасан ажиллагааг явуулсантай холбогдуулан татгалзсаныг анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл тогтоогдсон гэж үзэхээргүй байна гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй. 

21. Хариуцагч ****ын “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах...” гэсэн утга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлыг энэ тогтоолын 12-20 дугаарт дурдсан үндэслэлээр хангах боломжгүй. 

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасааг анхан шатны шүүх шийдвэртээ М.Амарсанаа гэж зөрүүтэй бичсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц алдаа биш тул тэмдэглэх нь зүйтэй. 

22. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч ****ын гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/02955 дугаар шийдвэрНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2020/02159 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч ****ын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 470,448 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

                                    ШҮҮГЧИД                                            Н.БАЯРМАА

   Б.МӨНХТУЯА

   П.ЗОЛЗАЯА

               С.СОЁМБО-ЭРДЭНЭ