Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2020/ДШМ/21

 

  Э.Гд холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                Н.Энхнаран   

Шүүгдэгч                                                          Э.Г нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/119 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Г-ын гаргасан давж заалдах гомдлоор Э.Гд холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1991 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, Б овогт Э.Г, урьд

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлий 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жил 10 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 338 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил хорих ялаар, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил хорих ялд мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 100 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хорих ялаар тогтоосон,

- Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаартай ялыг дүйцүүлэн хасаж, хоригдлыг суллах тухай захирамжаар Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан Э.Гд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ял шийтгэснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад дүйцүүлэн хасаж 3 жил 2 сар 13 хоногийн ял болгон хөнгөрүүлж, 100 000 төгрөгийн эд хөрөнгө хураах ялаас чөлөөлж, Э.Г-ыг нэн даруй сулласан,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 585 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 896 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Гд оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Багануур дүүрэг дэх хаалттай хорих 409 дүгээр ангид эдэлж байсан.

Шүүгдэгч Э.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 99 дүгээр байрны 02 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлж, хохирогч Н.Н-т 8 852 800  төгрөгийг хохирол учруулсан,

- 2019 оны 5 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Beat” караоке буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч Самсунг загварын 42 инчийн зурагт, 0,75 литрийн Чингис архи 2 ширхэг, Паприка чипс 4 ширхэг, 2 литрийн хайрцагтай жүүс 2 ширхэг, Мульти жүүс 4 ширхэг, бэлнээр 186 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, хохирогч Т.Т-д 1 002 600 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 94 дүгээр байрны 04 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, LG загварын 42 инчийн зурагт, Цацраг станц, Huawei-Y5 загварын гар утас, зурагтын удирдлага зэрэг 1 138 000 төгрөгийн эд зүйлийг хулгайлахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбат шүүгдэгч Э.Г-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Н.Н-т 8 852 800 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт,

- хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Т.Т-д 1 002 600 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт,

-  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, хохирогч З.З-ын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/119 дүгээр шийтгэх тогтоолоор:

- Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас шүүгдэгч Э.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж,

- Шүүгдэгч Б овогт Э.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Г-ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Э.Гд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 585 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 03 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жил 09 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гд оногдуулсан 6 жил 09 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ын цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримт хураагдан ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “SONATA”-2 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1 000.000 төгрөгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Гас гаргуулж, улсын орлого болгож, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Г 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Э.Г миний бие 2020 оны 4 сарын 20-ны өдөр Дорнод аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар 6 жил 09 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд ял дээр маргах зүйл байхгүй болно. Уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр болсонд гомдолтой байна. Э.Г миний бие өмнө шийтгүүлсэн 6 жилийн хорих ялын зууны тавин хувийг эдэлсэн. Иймд эрхэм шүүгч та бүхэн уг байдал болон бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нар гомдолгүй зэргийг харгалзан үзэж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Г-ын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Э.Г нь:

1/ 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 99 дүгээр байрны 02 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, гэр ахуйн хэрэгслүүд, хувцас, хүнсний зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хохирогч Н.Н-т 8 852 800  төгрөгийг хохирол учруулсан;

 2/ 2019 оны 5 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Beat” караоке буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч Самсунг загварын 42 инчийн зурагт, 0,75 литрийн Чингис архи 2 ширхэг, Паприка чипс 4 ширхэг, 2 литрийн хайрцагтай жүүс 2 ширхэг, Мульти жүүс 4 ширхэг, бэлнээр 186 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Т.Т-д 1 002 600 төгрөгийн хохирол учруулсан;

3/ 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 94 дүгээр байрны 04 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хохирогч З.Золбаярын эзэмшлийн LG загварын 42 инчийн зурагт, Цацраг станц, Huawei-Y5 загварын гар утас, зурагтын удирдлага зэрэг 1 138 000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутай нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Прокуророос шүүгдэгч Э.Г-ын сүүлийн үйлдлийг өмнөх хоёр үйлдлээс  тусад нь зүйлчилж ирүүлснийг шүүхээс өөрчилж, дээрх гурван үйлдлийг нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудаар зүйлчилснийг буруутгах үндэслэлгүй байна. 

Шүүгдэгч Э.Гд оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Гд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгчийн гаргасан “хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/119 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Г-ын давж  заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.Г-ын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон гучин зургаа хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                   Л.НАРАНБАЯР