| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2019/03573/И |
| Дугаар | 2715 |
| Огноо | 2020-07-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2715
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, *******, Г БанкХХК /РД:000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ***** тоотод оршин суух, Т******* бургууд овогт Ш-ийн Б /РД: 0000/,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ***** тоотод оршин суух, Дгийн Ш /РД: 0000/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ***** тоотод оршин суух, Т******* бургууд овогт Шийн С /РД: 0000/ нарт холбогдох,
170,067,604.87 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*******,
Хариуцагч Ш.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонгэрэл,
Хариуцагч, хариуцагч Д.Шийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Эрсдэл хариуцсан захирал Н.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Ш.Б, Ш.С, Д.Ш нар Голомт банктай 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ******* дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж 160.000.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай зээлсэн.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ******* дугаартай ипотекийн гэрээгээр иргэн Ш.Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, ****** тоотын 79.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг, мөн *******А дугаартай ипотекийн гэрээгээр мөн Ш.Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ***** тоот хаягт байршилтай 39.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан.
Зээлдэгч Ш.Б, Ш.С, Д.Ш нар ******* дугаар зээлийн гэрээний хавсралт 1-т заасан тохиролцсон хуваарийг зөрчиж зээлээ хугацаанд нь төлөхийг мэдэгдсээр байтал зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний үлдэгдэл 143.201.160,20 төгрөг, зээлийн хүү 19.361.997,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 153.567,88 төгрөг, нийт 162.716.725,76 төгрөгийг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-т заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.
2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлдэгч Ш.Б, Ш.С, Д.Ш нараас үндсэн зээл 143.201.160,20 төгрөг, зээлийн хүү 19.361.997,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 153.567,88 төгрөг, нийт 162.716.725,76 төгрөгийг гаргуулан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийг 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс хугацаа хоцруулан төлж эхэлсэн ба 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс хойш нэг ч төгрөг зээлийн төлбөрт төлөөгүй.
Банк 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ нэхэмжлэн нэхэмжлэл гаргасан ба ийнхүү нэхэмжлэл гаргаснаас хойш нилээдгүй хугацаа өнгөрсөн ч зээлдэгч нар зээлийн төлбөрөөсөө мөн л нэг ч төгрөг төлөөгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэхээр тус шүүх дэхь эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй. Ингээд 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Иймд зээлдэгч Ш.Б, Ш.С, Д.Ш нараас үндсэн зээл 143.201.106,20 төгрөг, зээлийн хүү 26.612.292,05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 254.152,63 төгрөг, нийт 170.067.604,87 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Ш.Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, ****** тоотын 79.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн Ш.Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ****** тоот хаягт байршилтай 39.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ш.Б нь Голомт банктай 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр зээлийн гэрээ байгуулж ипотекийн зээл авах үед Ш.С нь оюутан байсан. Г Банк3 хүн зээлдэгчээр оролцох шаардлагатай гэсний улмаас Ш.С уг зээлийн асуудалд оролцсон юм билээ.
Банктай байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн гэрээн дээр Ш.С гарын үсэг зурсан ч гэсэн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасны дагуу Ш.Сын нэр дээр зээлийн данс нээгээгүй.
Иймд Ш.С зээл төлөх үндэслэлгүй бөгөөд авсан хүнээр нь төлүүлэх нь зүйтэй гэв.
Хариуцагч Д.Шийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Голомт банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулан 160.000.000 төгрөгийг зээлэн Сүхбаатар дүүрэг, ***** тоотын 79.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авсан.
Би Баянзүрх дүүргийн ****** тоот хаягт байршилтай 39.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаа зээлийн урьдчилгаа 30 хувьд барьцаалсан ба мөн худалдан авсан Сүхбаатар дүүрэг,****** тоотын 79.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаа барьцаалсан.
Банкны зээлээр худалдан авсан Сүхбаатар дүүрэг, ****** тоотын 79.7 м.кв талбайтай 2 өрөө байрандаа би амьдарч байгаа, дүү Ш.С Баянзүрх дүүргийн ***** тоотын 39.5 м.кв талбайтай 2 өрөө байранд амьдарч байгаа.
Зээлийг би авсан бөгөөд аав Д.Ш, дүү Ш.С нар маань хамтран зээлдэгчээр орсон. Энэ хоёр зээлийг төлөхгүй. Зээл авах үед аав Д.Ш тэтгэвэрт гараагүй байсан ба одоо тэтгэвэрт гарсан.
Би 2004 оноос 2015 он хүртэл Монгол Солонгосын Ионсей эмнэлэгт эмчээр ажилласан ба зээл авах үедээ уг эмнэлэгтээ ажиллаж байсан. Эмнэлэг татан буугдаж нэг л өдөр ажилгүй болсон.
Бололцоогоороо зээлээ төлөх гээд хичээгээд чадахгүй байна. Найзтайгаа эмнэлэг байгуулах гээд хөөцөлдөөд хичээгээд л байна. Миний төлсөн мөнгийг зээлийн тооцоололдоо бүрэн тусгасан ч хүүд тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г Банкнь хариуцагч Д.Ш, Ш.Б, Ш.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 162.716.725,76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээл 143.201.160,02 төгрөг, зээлийн хүү 19.361.997,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 153.567,88 төгрөг, нийт 162.716.725,76 төгрөг/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г Банкнь 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар үндсэн зээл 143.201.160.02 төгрөг, зээлийн хүү 26.612.292,05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 254.152,63 төгрөг, нийт 170.067.604,87 төгрөгийг нэхэмжлэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Иргэн Ш.Б нь Сүхбаатар дүүрэг, ****** тоотын эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 160.000.000 төгрөгөөр худалдан авах хүсэлтэй байгаагаа мөн урьдчилгаа төлбөрт нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ***** тоот орон сууцаа өгөх хүсэлтэй гэх өргөдлийг Голомт банкинд гаргасан байна.
/ХХ-ийн 24, 159 дүгээр тал/
Зээлдэгч Д.Ш, Ш.Б, Ш.С нар нь Голомт банктай 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулан орон сууц худалдан авах зориулалтаар 160.000.000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн зээлдэгч Ш.Б нь зээлдүүлэгч Голомт банктай 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр *******, *******А бүхий ипотекийн гэрээнүүдийг байгуулан дээрх зээлийн гэрээний үүрэгт Ш.Б өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, ****** тоотын эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг болон Баянзүрх дүүрэг, **** тоотын эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан нь хэрэгт авагдсан 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн барьцааны гэрээнүүд, зохигчдын шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.
Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн *******, *******А дугаар бүхий барьцааны гэрээнүүдийг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр нь улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр болжээ.
ХХ-ийн 11-21 дүгээр тал/
Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 10/1 дүгээр байр, 13 тоотын эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц, мөн Баянзүрх дүүрэг,****** тоотын эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц зээлдэгч Ш.Бы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 22-23 дугаар тал/
Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасан ба зээлдүүлэгч Г Банкнь 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн зээлдэгч Ш.Бы нэр дээр 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр дугаар бүхий зээлийн данс нээн 160.000.000 төгрөгийн зээл олгосон байна.
Уг 160.000.000 төгрөгийн зээлийг зээлийн гэрээний 2.1.7-д заасны дагуу худалдагч Г.Лхаахүүгийн Г Банкдахь ******* тоот дансанд шилжүүлсэн нь Ш.Бы нэр дээрх тоот дансны хуулга, 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн зээлийн гүйлгээ хийх шийдвэр болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
/ХХ-ийн 11, 123-126, 154-160 дугаар тал/
Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Г Банкболон хариуцагч буюу зээлдэгч Ш.Б нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүсжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“,
мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно“, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заажээ.
Зээлдүүлэгч Голомт банкны зээлдэгч Ш.Бтай байгуулсан дээр дурьдсан барьцаат зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч Ш.Б нь 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хүртэл хугацаанд үндсэн зээлэнд 16.798.839,80 төгрөг, зээлийн хүүнд 53.519.457,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 32.207.03 төгрөг, нийт 70.350.503,98 төгрөг төлсөн байна.
Үүнээс хойш зээлдэгч Ш.Б зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэг шаардан 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлийн дансны хуулга болон зээлийн тооцоололд тусгагдсан ба талууд энэ талаар маргаагүй.
/ХХ-ийн 28-29, 96-97 дугаар тал/
Зээлдүүлэгч Г Банкзээлдэгч Ш.Бд 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зээл төлөхтэй холбоотой анхааруулах захидал гардуулсан ба мөн Ш.Б 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зээл төлөх амлалт бичиг үйлдсэн бөгөөд нэхэмжлэгч Г Банк2019 оны 3 дугаар сарын 26, 2019 оны 7 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зээл төлөх мэдэгдлүүдийг зээлдэгч Ш.Бд өгч байжээ.
/ХХ-ийн 25-27, 98-105 дугаар тал/
Талууд эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргасан тул тус шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2096 дугаар захирамжаар хэргийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч үр дүнд хүрээгүй тул зуучлагч нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ажиллагааг дуусгавар болгосон байна.
ХХ-ийн 89 дүгээр тал/
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.4 дүгээр зүйлд гэрээ дуусгавар болох, гэрээ цуцлахтай холбоотой заалтыг тусгасан ба 4.4.1-д “Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй” бол гэрээ цуцлана гэж заасны дагууу зээлдэгч Ш.Б нь 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Г Банкнь зээлдэгч Ш.Баас зээлээ буцаан шаардан гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг дангаар цуцласан нь үндэслэлтэй.
Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”,
Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан байна.
Зээлдүүлэгч Г Банкзээлийн гэрээг зээлдэгч Д.Ш, Ш.Б, Ш.С нартай байгуулсан, тэдгээр нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэж маргасан ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ хэлбэрийн шаардлага хангасан боловч Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.4-т заасны дагуу зээлдэгч Ш.С, Д.Ш, Ш.Б нарын нэр дээр бус гагцхүү зээлдэгч Ш.Бы нэр дээр зээлийн данс нээн Ш.Бы нэр дээрхи уг дансанд гүйлгээг хийсэн байх тул зээлдүүлэгч Голомт банкийг Д.Ш, Ш.С нартай зээлийн харилцаа үүсгэсэн гэж үзэхгүй.
Мөн зээлдүүлэгч Г Банкнь зээлдэгч Ш.Б, Ш.С, Д.Ш нарт зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл удаа дараа өгсөн гэх боловч уг мэдэгдлүүдийг гагцхүү Ш.Бд гардуулан өгч Ш.Б нь зээл төлөхтэй холбоотой хүсэлт, өргөдлүүдийг гаргаж байсан байна.
Иймд зээлдэгч гэх Ш.С, Д.Ш нар нь Голомт банкинд зээлийн төлбөр төлөх үүрэггүй, зээлдүүлэгч Голомт банк, зээлдэгч Ш.Бы нарын хооронд зээлийн харилцаа үүссэн талаар дүгнэсэн болно.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасны дагуу банк гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны болон шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацааны хүүг нэхэмжлэх эрхтэй бөгөөд зээлдүүлэгч энэ талаараа зээл, хүүгийн тооцоололдоо дэлгэрэнгүй тусгасан тул зээлийн хүүгийн төлбөрт төлсөн хүүгийн хэмжээ их байна гэх зээлдэгч Ш.Бы тайлбар үндэслэлгүй болно.
/ХХ-ийн 28-29, 96-97 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй ба хариуцагч Ш.Б 2018 оны 9 сарын орчимд Д.Шийн хадгаламжийн данснаас 3-4 сая орчим төгрөг зээлийн төлбөрт татан авсан гэсэн гэх тайлбарыг хэлж байх боловч энэ нь нотлогдоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй.
Түүний тоот зээлийн дансны 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны хуулганд тусгагдсан ******* тоот данс худалдагч Г.Лхаахүүгийн, 1109023043 тоот болон 5021305649 тоот данснууд зээлдэгч Ш.Бы эзэмшлийн харилцах данс болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 123-126, 154-158 дугаар тал/
Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2033 оны 8 дугаар сарын 6-ны өдөр дуусах ба гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг мөн өдрөөс хойш тооцох ёстой бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө тооцсон нэмэгдүүлсэн хүү нийт 286.359,66 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ш.Баас үндсэн зээл 143.201.160,20 төгрөг, зээлийн хүү 26.580.085,02 төгрөг, нийт 169.781.245 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 286.359,66 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Д.Ш, Ш.Б нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ш.Б зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 10/1 дүгээр байр, 13 тоотын 79.7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг болон Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 31/8 дугаар байр, 6 тоотын 39.5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцаар тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ш.Баас 169.781.245,21 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 286.359,66 төгрөгт холбогдох хэсгийг нь болон хариуцагч Ш.С, Д.Ш нарт холбогдох нэхэмжлэлийн тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ш.Б зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, ****** тоотын 79.7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц болон Баянзүрх дүүрэг, ****** тоотын 39.5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Голомт банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.174.298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Баас 1.077.056 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН