Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
Хэргийн индекс | 101/2020/01052/И |
Дугаар | 2685 |
Огноо | 2020-07-27 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2685
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, **** тоот, “БС” ХХК-ийн /РД: 0000/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, **** тоотод оршин суух, Д-н Х-т /РД: 0000/ холбогдох
Орон сууц худалдах, худалдан авах гэрээ цуцалснаас учирсан хохирол 28.071.064 төгрөг гаргуулах, орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “БС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч “БС” ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр иргэн Д.Хтай орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, **** тоотын 46.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 113.531.904 төгрөгөөр худалдан борлуулахаар харилцан тохиролцсон.
Ингээд урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 15 хувь 17.030.000 төгрөгийг бэлнээр авч үлдэгдэл 96.501.904 төгрөгийг гэрээ байгуулсанаас хойш 71 сарын хугацаанд жилийн 8 хувийн хүүтэй, сар бүрийн 5-ны дотор 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хугацаанд сард 1.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс сард 1.900.000 төгрөгийг төлөхөөр, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Хийн нэр дээр гаргаж өгөхөөр тохирсон.
Д.Х нь гэрээ байгуулсанаас хойш буюу 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс хойш өнөөг хүртэл уг орон сууцандаа амьдарч байгаа.
Д.Х 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 4.000.000 төгрөг, нийт 14.000.000 төгрөгийг гэрээ байгуулсаны дараагаар, бүгд 31.030.000 төгрөгийг гэрээний үүрэг төлсөн.
Хариуцагч Д.Х нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуваарьт заасны дагуу төлбөр төлөх үүргээ гэрээ байгуулсаны дараагаар зөрчиж эхэлсэн бөгөөд түүнд гэрээг цуцалж гэрээ цуцалсантай холбоотой хохирлоо шаардана гэдгээ удаа дараа мэдэгдсэн.
Нэхэмжлэгч “БС” ХХК нь тус гэрээний 4.1.2-т “Хэрэв худалдан авагч үүргээ зохих ёсоор, хугацаанд нь биелүүлэхгүй тохиолдолд худалдагч нь гэрээнээс татгалзах, цуцлахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд учирсан хохирол, зардлаа гаргуулан авах эрхтэй”, 5.3-т “Харин худалдан авагч төлбөр төлөх үүргээ нийт 3 удаа /Үүнд: төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй 3 удаа дараалсан эсхүл дараалсан бус аль аль нь тооцогдоно/ биелүүлээгүй тохиолдолд худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Энэ тохиолдолд өөрт учирсан хохирол, зардлаа нэхэмжлэх эрхтэй бөгөөд худалдан авагчийн өмнө төлсөн төлбөрөөс суутган авах эрхтэй” гэж заасны дагуу гэрээг цуцалж, өөрт учирсан хохирол, зардлаа нэхэмжилж байна.
2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалсантай холбоотой хохирол буюу 2018 оны 8 дугаар сараас 2020 оны 1 дүгээр дуустал хугацаанд уг орон сууцыг эзэмшиж, ашигласан буюу түрээсийн төлбөрийг 1 метр квадратыг нь 25.000 төгрөгөөр тооцон сарын төлбөрийг 1.152.000 төгрөгөөр тогтоосон.
Иймд хариуцагч Д.Хээс гэрээ цуцалсаны хохирол 20.736.000 төгрөг, урамшуулал 227.064 төгрөг, засварын зардал 921.600 төгрөг, нийт 21.884.664 төгрөгийг гаргуулан “БС” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, **** тоот орон сууцнаас түүнийг албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба орон сууцыг эзэмшиж ашигласан буюу түрээсийн төлбөр 26.496.000 төгрөг, урамшуулал 227.064 төгрөг, засварын зардал 2.500.000 төгрөг, нийт 28.071.064 төгрөгийг Д.Хээс гаргуулж, түүнийг компанийн өмчлөлийн орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү.
Орон сууцыг зуучлагч худалдан борлуулсан ба зуучлагчид урамшуулал гэж 227.064 төгрөгийг өгсөн, байрны засварын зардлыг 1 метр квадрат тутмыг нь 20.000 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн бөгөөд энэ талаар 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн нэмэлт гэрээнд тусгасан гэв.
Хариуцагч Д.Х 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
Д.Х миний бие Баянзүрх дүүрэг, **** хотхонд амьдран суудаг. “БС” ХХК-тай 21.884.000 төгрөгийн асуудалтай байгаа.
“БС” ХХК-тай тохиролцож 21.884.000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон. Хэлсэн хугацаанд төлж барагдуулна гэжээ.
Хариуцагч Д.Х 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд хандан “БС” ХХК-иас хариуцагч Д.Х надад холбогдуулан гаргасан 21.884.664 төгрөг гаргуулах, орон сууцнаас албадан гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээнд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, зарим шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь хариуцагч Д.Х миний бие тус компанийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авсан 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд хүрэлцэн очиж нэхэмжлэлээ гардан авахаас өмнө “БС” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Гэрэлмаа “манай өмгөөлөгч ажлын байранд ирсэн байгаа, шүүхэд очихоос өмнө өмгөөлөгчтэй уулз” гэсний дагуу өмгөөлөгч Д.Золзаяатай компанийн байранд нь уулзсан.
Тус компанийн байр миний худалдан авч буй орон сууцны 1 дүгээр давхарт байрладаг.
Өмгөөлөгч Д.Золзаяа хариуцагч миний 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гарган өгсөн хариу тайлбарыг яаж бичих ерөнхий утгыг надад зөвлөсөн бөгөөд хэрвээ ийм утгатай тайлбарыг шүүхэд өгчихвөл гаргасан нэхэмжлэлээ татан авна гэсэн учир миний бие шүүхэд хандан гар бичмэлээр нэхэмжлэгч байгуулагын өмгөөлөгчийн надад хэлсэн утга санааг илэрхийлсэн хариу тайлбарыг бичиж өгсөн.
Тайлбар бичиж шүүхэд өгөөд нэхэмжлэгч байгууллагын ажлын офист ирсний дараагаар өмгөөлөгч өмнөх нэхэмжлэлээ татан авч байгаа учир нэмэлт өөрчлөлт хийе гэснээр шүүхэд гаргасан нэхэмжлэл цаашид үргэлжлэхгүй, дуусгавар болсон гэж ойлгосон учир нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд гүйцэтгэх захирал М.Гэрэлмаа болон өмгөөлөгч Д.Золзаяа нарт төлбөр 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс хийгдэх тухайд хэлэхэд тэд зөвшөөрнө гэж байсан.
Тухайн үед би “Ө*******” ХХК-д шинээр ажилд орж байгаа учир орон сууцны төлбөр тооцооны асуудлаар гарсан дутуу төлбөрийг нөхөн төлөх боломжтойгоо илэрхийлсэн нь үнэн бөгөөд харин нэхэмжлэлээ шүүхээс татан авна гэсэн учир 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төлбөр хийгдэх боломжтой, шинэ ажилд орж байгаа, эхний 20 хоног орчим хугацаа туршилтын хугацаа байхаар тохирсон учир тэднийг намайг төөрөгдүүлэн хууран мэхэлж надад илтэд хохиролтой байж болохоор гэрээг өөрчилсөн гэж ойлгоогүй.
Нөгөө талаар шүүхээс намайг дуудах үед короновирусийн дэгдэлттэй холбоотой онц байдал зарлагдсан, би Дорноговь аймагт байсан учир дуудсан цагт нь очиж чадаагүй учир шүүхэд албадан ирүүлэхээр шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн ажилтан ирсэн учир тухайн үедээ би бага зэрэг айсны улмаас нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгчийн зааврыг дагасан.
Би 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс Улаанбаатар хотод байгаагүй, “Ө*******” ХХК-д хяналтын ажилтанаар ажилд орсон бөгөөд Говь-Алтай аймгийн Бугат суманд зам барилгын ажилд хяналт тавьж үүрэгт ажлаа гүйцэтгэж ирсэн бөгөөд ажлын байр суурин газраас алслагдсан, ямар ч үүрэн телефоны сүлжээгүй газар, олон дахин чөлөө авч Улаанбаатар хотод ирэх боломжгүй учир өөрөө биечлэн шүүх хуралдаанд цаашид оролцохгүй, өөрийгөө төлөөлүүлэх итгэмжлэлийг шүүхэд хүргүүлж, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамтаар хэргийн баримттай танилцсантай холбоотой нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч миний хүсэл зоригоос эсрэг тайлбар бичихийг зөвлөөд зогсохгүй тохирсон ёсоороо нэхэмжлэлээ татан аваагүй байсан учир бодит байдлыг илэрхийлсэн тайлбарыг биечлэн гарган өгч байгаа болно.
Миний бие Улаанбаатар хотод оршин суух хаяггүй, өөрийн оршин суух орон нутгийн хаягандаа ирэн очин амьдарч байсан, 2020 оны 4 дүгээр сараас Говь-Алтай аймагт ажиллаж байгаа, энэ ажил 3 жил гаруй хугацаанд үргэлжлэх бөгөөд цалин хөлс нэхэмжлэгчийн анх хийсэн гэрээний дагуу төлбөрөө төлөх, дутуу төлбөрийг нөхөн төлөх боломжтой хэмжээнд хүрнэ гэж бодож байгаа.
2020 оны 2 дугаар сараас эхлэн Монгол улс төдийгүй бүх дэлхий нийтээр онц байдал зарлагдан цар тахлын хэмжээнд вирусын гаралтай өвчлөл бүртгэгдсэн нь нийтэд илэрхий баримт учир нэхэмжлэгч байгууллага ч бусад байгууллагын ижил санхүүгийн хүндрэлтэй асуудалтай тулгарч байгааг ойлгож байгаа.
Гэхдээ давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл бүх дэлхий нийтийг хамарч байгаа учир нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан хэмжээний хүрээнд тооцон төлөх үүрэгтэйгээ ойлгож байгаа боловч шаардсан хэмжээгээр нь бүрэн төлөх, мөн орон сууцнаас гарах чөлөөлж өгөх тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “БС” ХХК нь хариуцагч Д.Хт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээ цуцалснаас учирсан хохирол 21.884.664 төгрөг гаргуулах, мөн түүнийг Баянзүрх дүүрэг, **** тоот орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “БС” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 6.186.400 төгрөгөөр нэмэгдүүлэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ цуцалсаны хохиолд нийт 28.071.064 төгрөгийг хариуцагч Д.Хээс нэхэмжилсэн байна.
/Орон сууц худалдах, худалдан авах гэрээ цуцалсанаас учирсан хохирол буюу орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтанд байлгасан хугацааны түрээсийн төлбөр 26.496.000 төгрөг,
-Байранд хийх засварын зардал 2.500.000 төгрөг,
-Урамшуулал 227.064 төгрөг,
Нийт 29.223.064 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч “БС” ХХК нь хариуцагч Д.Хээс 28.071.0641 төгрөгийг нэхэмжилсэн болно.
Нэхэмжлэгч “БС” ХХК нь хариуцагч Д.Хтэй 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдагч буюу нэхэмжлэгч “БС” ХХК нь өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулан улсын комисст хүлээлгэн өгсөн Баянзүрх дүүрэг, **** тоотын 46.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нийт 113.531.904 төгрөгөөр хариуцагч буюу худалдан авагч Д.Хт худалдахаар харилцан тохиролцжээ.
Худалдан авагч Д.Х орон сууцны нийт үнэ 113.531.904 төгрөгийн 15 хувь буюу 17.030.000 төгрөгийг худалдагч “БС” ХХК-д хүлээлгэн өгч үлдэх төлбөр 96.501.904 төгрөгийг 71 сарын хугацаанд, жилийн 8 хувийн хүүтэй төлөхөөр харилцан тохирсон бөгөөд гэрээ байгуулсан өдөр Д.Х дээр дурьдсан орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтанд хүлээн авсан ба энэ талаар хэн аль нь маргаагүй болно.
Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн болно.
/ХХ-ийн 7-11 дүгээр хуудас/
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2.2-т “... Зээлийн эргэн төлөх графикийг хавсралт 1-д заах бөгөөд энэхүү хавсралт нь энэ гэрээтэй адил хүчин төгөлөр баримт бичиг болно” гэж заасан ба зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор Д.Х нь 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн хооронд сар бүрийн 5-ны өдөр зээл, хүү нийт 1.000.000 төгрөг,
2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс гэрээ дуусгавар болох хүртэл сар бүрийн 5-ны өдөр зээл, хүү, нийт 1.900.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар болон зохигчийн тайлбараар тогтоогдлоо.
Хариуцагч Д.Х 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байрны урьдчилгаа төлбөрт 17.030.000 төгрөг,
2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 1.000.000 төгрөг,
2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг,
2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 1.000.000 төгрөг,
2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг,
2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 2.000.000 төгрөг,
2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөг,
2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2.000.000 төгрөг,
2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 4.000.000 төгрөг, нийт 14.000.000 төгрөгийг гэрээ байгуулсаны дараагаар, бүгд 31.030.000 төгрөгийг гэрээний үүрэгт төлсөн талаар талууд хэн аль нь маргаагүй.
/ХХ-ийн 5 дугаар тал/
Нэхэмжлэгч “БС” ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 019/070 дугаар бүхий шаардлагыг Д.Хт хүргүүлэн түүнийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн гэрээнд заасны дагуу орон сууцны зээлийн төлбөр төлөх үүргээ төлөхийг мэдэгдэн, ийнхүү төлөөгүй тохиолдолд гэрээний 5.3-т заасны дагуу гэрээг цуцлахыг мэдэгдсэн байна.
/ХХ-ийн 15-16 дугаар тал/
Хариуцагч Д.Х нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээгээр тохирсон хугацаанд орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрөө төлөөгүй талаараа эсэргүүцээгүй бөгөөд гагцхүү тэрээр 2020 оны 4 дүгээр сараас ажил эрхэлж байгаа, шаардсан хэмжээгээр төлбөрийг төлнө, орон сууц чөлөөлөх шаардлагыг зөвшөөрөхгүй хэмээн тайлбарлаж байна.
/ХХ-ийн 49 дүгээр тал/
Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.2-т “Хэрэв худалдан авагч үүргээ зохих ёсоор, хугацаанд нь биелүүлэхгүй тохиолдолд худалдагч нь гэрээнээс татгалзах, цуцлахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд учирсан хохирол, зардлаа гаргуулан авах эрхтэй”,
5.3-т “Харин худалдан авагч төлбөр төлөх үүргээ нийт 3 удаа /Үүнд: төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй 3 удаа дараалсан эсхүл дараалсан бус аль аль нь тооцогдоно/ биелүүлээгүй тохиолдолд худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Энэ тохиолдолд өөрт учирсан хохирол, зардлаа нэхэмжлэх эрхтэй бөгөөд худалдан авагчийн өмнө төлсөн төлбөрөөс суутган авах эрхтэй” гэж заасан ба хариуцагч Д.Х нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч “БС” ХХК нь гэрээг цуцласан нь үндэслэлтэй.
Хариуцагч Д.Х 2020 оны 4 дүгээр сараас Улаанбаатар хотод байгаагүй, хөдөө орон нутагт ажиллаж байгаа бөгөөд нэхэмжлэгч “БС” ХХК-тай анх байгуулсан гэрээний дагуу төлбөрөө төлөх боломжтой гэх тайлбар гаргасан бөгөөд тэрээр Улаанбаатар хотод байгаагүй нь төлбөр төлөхөөс татгалзах үндэслэл болохгүйгээс гадна 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байгаа тохиолдолд тэрээр нэхэмжлэлийн хувь гардан авсан 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс хойш төлбөрийн тодорхой хэсгийг төлөх боломжтой байжээ.
Аливаа иргэн, хуулийн этгээд гэрээ байгуулж буй тохиолдолд уг гэрээнээс үүдэн гарах үр дагавар болон хариуцлагыг хүлээх учиртай.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно“ гэж заажээ.
Хариуцагч Д.Х нь Баянзүрх дүүрэг, **** тоотын орон сууцыг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс хойш өнөөг хүртэл өөрийн эзэмшил, ашиглалтандаа байлгаж байгаа тул тэрээр уг орон сууцыг өөрийн эзэмшил ашиглалтандаа байлгасан хугацааны төлбөр буюу 2018.07.31-2020.06.30-ны өдрийг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч “БС” ХХК нь түрээсийн төлбөрийг 1 метр квадратыг нь 25.000 төгрөгөөр тооцон 46.08 м.кв талбайтай орон сууцны түрээсийн төлбөрт 1.152.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй бөгөөд Д.Хээс 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний үүргийн биелэлт шаардан нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан түрээсийн төлбөрийн талаар тохирсон гэх боловч хариуцагч Д.Х үүнийг эсэргүүцэн тайлбар гаргаж байх тул дээрх 2020.03.25-ны өдрийн гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрийг тооцох боломжгүй.
Дээрхи хугацааны 1 сарын түрээсийн төлбөрийг талуудын гэрээгээр тохирсоны дагуу 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн хооронд сар бүрийн 5-ны өдөр төлж байсан 1.000.000 төгрөгийн хэмжээнд тооцон 2018.09-2020.06 сарыг дуустал 22 сарын түрээсийн төлбөрт нийт 22.000.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Мөн нэхэмжлэгч “БС” ХХК засварын зардлыг 1 метр квадратыг 20.000 төгрөгөөр тооцон байрыг засварлах зардал нэхэмжилж байх боловч энэ нь баримтаар нотлогдоогүйгээс гадна тухайн гэрээний хэрэгжилттэй холбоотой маргаан үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй үед уг төлбөртэй холбоотой гэрээ байгуулан үүнийгээ нэхэмжлэлийн үндэслэл болгож байгааг нотлох баримтаар үнэлэх боломжгүй.
Нэхэмжлэгч “БС” ХХК нь урамшуулал 227.064 төгрөгийг орон сууцыг худалдан борлуулсан зуучлагчид төлсөн төлбөр хэмээн нэхэмжилсэн боловч мөн энэ нь баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч Д.Хээс уг мөнгийг гаргуулах үндэслэлгүй.
Иймд хариуцагч Д.Хээс орон сууцыг өөрийн эзэмшил ашиглалтанд байлгасан хугацааны төлбөрт 22.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “БС” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох байрыг эзэмшил ашиглалтдаа байлгасан хугацааны үлдэх төлбөр, засварын зардал, урамшуулал нийт 6.071.064 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгон, Баянзүрх дүүрэг, **** тоотын орон сууцыг хариуцагч Д.Хийн эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Д.Х 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа түүнийг шүүхэд хүрэлцэн ир хэмээн дуудсан цаг үед цар тахал өвчний улмаас онц байдал зарлагдсан байснаас гадна тэрээр хөдөө орон нутагт буюу Дорноговь аймагт байсан тул очиж чадаагүй гэх тайлбар гаргасан бөгөөд аливаа иргэн, хуулийн этгээд нь шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй талаараа харилцаа холбооны хэрэгсэл болон цахим орчныг ашиглан мэдэгдсэн тохиолдолд тухайн этгээдийг цагдаагийн байгууллагаар албадан ирүүлэхгүй болохыг дурьдлаа.
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам нар шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа тодорхой шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Д.Хээс 22.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “БС” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6.071.064 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүрэг, **** тоотын орон сууцыг хариуцагч Д.Хийн эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “БС” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407.184 төгрөгөөс илүү төлсөн 69.611 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч “БС” ХХК-д олгож, нэмэгдүүлсэн шаардлагадаа төлсөн 113.935 төгрөгийг нь улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Хээс нийт 338.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “БС” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН