Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 630

 

 

 

 

 

 

  2020             5             19                                          2020/ДШМ/630

 

 

 

Ц.Ж-д холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,

шүүгдэгч Ц.Ж-,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Ж-д холбогдох эрүүгийн 2005008790403 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Борлууд овгийн Ц.Ж-, 19.... оны 12 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт .............оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;

Ц.Ж- нь согтуурсан үедээ 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэннэм” зочид буудлын 203 тоот өрөөнд иргэн Б.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Б.Б-ийн нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь дээд эрүүний баруун хажуугийн 1 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Ж-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ж-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, Ц.Ж-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Б- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Тогтоох хэсгийн 4 дэх заалтад “... бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай”, мөн шийтгэх тогтоолын 4 дүгээр талд “...хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн талаар мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.” тус тус гэжээ. Үүнийг миний бие үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Ж- нь 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Б.Б- миний нүүр рүү цохисноос дээд эрүүний 1 дүгээр үүдэн шүд хугарч унасан. Тухайн үед шүдэндээ эмчилгээ хийлгэж байсан бөгөөд бүрэн эдгэсний дараа хиймэл шүд хийлгэх боломжтой, бүрэн эдгэж дуусахад хамгийн багадаа 35 хоног шаардлагатай гэсэн. Ц.Ж-ын надад учруулсан гэмтлийн улмаас тухайн үед эмчилгээндээ 106.000 төгрөг зарцуулсан бөгөөд энэ баримтаа хяналтын прокурор Г.Ганхөлөгт эх хувиар нь хүлээлгэн өгсөн. Үүдэн шүдний гэмтэл нь миний гоо сайхан болоод эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлсөн бөгөөд зайлшгүй хиймэл шүд орлуулж хийлгэх шаардлагатай. Унасан шүдийг авагддаггүй хиймэл шүдэлбэрээр хийхэд хамгийн багадаа 1.500.000 төгрөг шаардлагатай. Гэтэл шүүгдэгч Ц.Ж- нь надад хохирол төлбөрт нэг ч төгрөг төлж барагдуулаагүй. Би энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлж байсан бөгөөд хэрэв миний хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй гэж мэдүүлсэн болохоос хохирол төлбөр төлөөгүй байсан ч гомдол санал байхгүй гэж огт мэдүүлээгүй. Мөн хохирогчийн зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлттэй байгааг прокурорт хэлж байсан бөгөөд прокурор хурал зарлахаар надад мэдэгдэнэ гэсэн боловч мэдэгдээгүй, шүүхийн шийтгэх тогтоолыг 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр шуудангаар гардаж авсан. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...хохирлоо нөхөн төлсөн баримтыг хавсаргана” гэж заасан байхад хохирол төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй хүний үйлдсэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Ц.Ж- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би төлбөрийг бүрэн барагдуулж дуусаагүй. Бид хоёр өөрсдийнхөө санаачлагаар мөнгөн дүнгээ тохиролцсон. Түүнийгээ бичгээр илэрхийлж хоёулаа гарын үсгээ зурж, прокурорт өгсөн. Би гүйцэт мөнгөө өгч амжаагүй байгаа. ...” гэв.

            Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорын хяналтын шатанд хохирогч, шүүгдэгч нартай уулзсан. Уулзахад хохирогч, шүүгдэгч нар хоорондоо эвлэрсэн. Шүүгдэгч Ц.Ж- хохирол нөхөн төлөхөө илэрхийлж, түүнийг нь хохирогч хүлээн авч сайн дурын үндсэн дээр эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг аль аль тал нь гаргасан. Шүүгдэгч Ц.Ж- гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлөх хугацаагаа илэрхийлсэн. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дурдсан байсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. Шүүгдэгч Ц.Ж-аас 800.000 төгрөг гаргуулан хохирогчид олгох, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж өгнө үү. Оногдуулсан ялын хувьд маргах зүйл байхгүй. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Ж- нь согтуурсан үедээ 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэннэм” зочид буудлын 203 тоот өрөөнд хохирогч Б.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Б.Б-ийн нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь дээд эрүүний баруун хажуугийн 1 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б-ийн “... би Ж-тай хамт орж ирсэн залууд хандан “Ж- та хоёр одоо яв, Тэгшбаяр найз хүүхэнтэйгээ амрах байх, би энд амарлаа” гэтэл Ж- “чи намайг хөөдөг хэн бэ” гэж хэлсэн. Гэтэл Ж- орон дээрээс босч ирээд баруун нүдний хэсэгт зүүн гараараа 1 удаа цохисон. “Чи яаж байна аа” гэтэл баруун гараараа эгц урдаас 1 удаа цохисон” /хх 18/,

гэрч А.Тэгшбаярын “2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр ...Сэлэнгээ, Батпүрэв бид 3 сууж байхад Ж- утсаар ярьсан. Ингээд хэсэг байж байгаад Ж- 22 цаг өнгөрч байхад буудалд ирсэн. Ж- архи уусан, нилээд согтуу байсан. Ж-ыг ирэхээр нь дахиад 1 архи авсан. Тэгээд сууж байтал Батпүрэв, Ж-ыг “эртхэн харьж амар, бид амарлаа” гэхэд Ж- уурлаад Батпүрэвийн нүүр хэсэгт 2 удаа цохисон. Батпүрэвийн амнаас цус гарсан байсан бөгөөд шүд нь уначихлаа гэж байсан” /хх 10/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 2659 дугаартай “Б.Б-ийн биед дээд эрүүний баруун хажуугийн 1 дүгээр шүдний хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн хуучин гэмтэл байна. Тухайн үед үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй болно” гэх дүгнэлт /хх 23-24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн Арваннэгдүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Ц.Ж-ын хохирогч Б.Б-ийн нүүр хэсэгт цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ц.Ж-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхдээ тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялыг прокурортой ял тохиролцсон хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй болжээ.  

Харин түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй атлаа “хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол ... хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж ойлгомжгүй байдлаар бичсэн, ингэхдээ зохих хуулийн зүйл, хэсгийг баримтлаагүйг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болохоор, энэхүү хугацаанд биелүүлээгүй бол хэрхэн яаж хорих ялаар тооцон солихыг хуульчилжээ.

Харин шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг нарийвчлан тогтоогоогүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Ж- анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг тухайн хуульд зааснаар буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар нэмэлт заалт оруулж шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Б-ээс “миний хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй” гэсэн байхад анхан шатны шүүх “хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ” гэсэнд гомдолтой байгаа тул хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүгдэгч, хохирогч нар аль аль нь прокурорт гаргаж, хохиролд 800.000 төгрөг төлөхөөр тохиролцсон талаараа дурьджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагч энэ зүйлийн 1  дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримтыг хавсаргана” гэж заасан атлаа мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх”-ийг шүүх хянахаар зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн өмнөх шатанд яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргахдаа хохирлоо нөхөн төлсөн баримтыг хавсаргасан байхаар заасан ч шүүхийн шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх явцад шүүх тухайн этгээдийг хохирлоо нөхөн төлсөн байхаас гадна нөхөн төлөхөө илэрхийлснийг хянаж шийдвэрлэх үүргийг заасан байна гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч, хохирогч нарын тохиролцсон хэмжээнд буюу 800.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нэмэлт заалтыг шүүхийн шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Тухайн хохирлын хэмжээ нь хохирогч, шүүгдэгч нарын тохиролцсон хэмжээнд тодорхойлогдсон учирсан гэм хорын хохиролтой дүйцэхүйц байгааг дурьдах нь зүйтэй ба цаашид гарах зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь эрүүл мэндийн хохирол хүлээсэн хохирогчийн эрх ашигт нийцэх юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд торгох ялыг биелүүлэх хугацааг тодруулсан, хохирол гаргуулсан болон цаашид гарах зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нэмэлт заалтууд оруулж, хохирогч Б.Б-ийн гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаалгах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-аас 800.000 төгрөг гаргуулан, хохирогч Б.Б-т олгож, хохирогч нь цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж- шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхийг мэдэгдсүгэй” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй” гэж өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “... бусдад төлөх төлбөргүй...” гэснийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ж-ын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

            4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                   

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ