Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01484

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00990 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Э,

Хариуцагч Г.Б, Б.О нарт холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт төлсөн 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Г.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.Э,

Хариуцагч Б.О,

Хариуцагч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хариуцагч Г.Бгийн байрыг түрээслэхээр тохиролцож нэг сарын түрээсийн төлбөр болох 250 000 төгрөгийг 9 дүгээр сарын 08-ны өдөр түүний данс руу шилжүүлсэн. Цаашид энэхүү байранд амьдрах боломжтой гэж үзэж, 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 10 сарын төлбөр болох 2 000 000 төгрөгийг төлсөн. Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өмнө нь түрээсэлж байсан н.Хандаа гэх хүн гэрээгээ цуцалж хариуцагч Б.О уг байрыг авсан. Байрыг авахдаа миний 6 сарын түрээсийн төлбөр болох 1 200 000 төгрөгийг Г.Бгаас суутгуулсан байсан. Би 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр энэхүү байрыг чөлөөлж өгсөн бөгөөд үлдсэн 4 сарын түрээсийн төлбөр болох 800 000 төгрөгийг Б.Огаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зулгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Г.Б нь Б.Отай орон сууц түрээслэх гэрээгээр дэлгүүрээ шилжүүлж авсан. Нийт тооцоо нь 3 841 744 төгрөгөөр хүлээлцсэн бөгөөд хажуу өрөөнд байсан Э.Э гэх хүний 10 сарын түрээсийн төлбөрийг авсан байсан учраас бэлэн мөнгө байхгүй болохоор хүлээлцэж байгаа бараа бүтээгдэхүүндээ 1 200 000 төгрөгийг хасч тооцоо нийлсэн. Улмаар Э.Эад 6 сарын төлбөрийг бараа материалд хасуулж тооцсон болохоор энэ хугацаандаа асуудалгүй байж байгаад гараарай гэж хэлсэн. Бид нар 800 000 төгрөгийг Б.Од шилжүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр н.Хандаа гэх хүнээс энэ дэлгүүрийг түрээсэлж байсан Г.Бгаас 3 800 000 төгрөгийн бараа материалыг хүлээж авсан. Би Э.Эаас мөнгө хүлээж аваагүй учраас уг мөнгийг төлөх шаардлагагүй гэж үзэж байна гэв.

            Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар Э.Э, Г.Б нарын байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, хариуцагч Г.Бгаас 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нэхэмжлэгчид олгож, Б.Од холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Б.Болортуяагаас 23 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Эрдэнэсувдад олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч Г.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна. Б.О нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр түрээсийн гэрээ үйлдэж Хан-Уул дүүргийн 3-р хороо 49-31 тоотод амьдарч байгаа атлаа түрээсийн гэрээгээ шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Өмнөх шүүхийн шийдвэрээр миний нэхэмжилсэн 1 800 000 төгрөгөөс шүүх 1 200 000 төгрөгийг хасч тооцсон. Тус шүүхийн шийдвэр нь энэ шүүх хурлаас өмнө гараагүй байсан тул би шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх шинжлэн судлаагүй. Б.О нь өөрийн хариу тайлбартаа 1 200 000 төгрөгийг хасч тооцож өгнө үү хэмээн бичиж өгсөн байсан бөгөөд тус тайлбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн ч шүүх шинжлэн судлаагүй. Нэхэмжлэгч нь жинхэнэ хариуцагчаар Б.Ог татах хүсэлтэй талаар шүүх хуралдаанд хэлсэн боловч шүүгч уг хүсэлтийг харгалзахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний гомдлыг шийдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

            Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Г.Б, Б.О нараас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч хоорондын тооцоотой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр захирамж гарсны дараа 4 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Г.Эрдэнэсувдад, 4 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч Г.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зулгэрэлд хэргийн материал танилцуулснаас өөр хариуцагч Б.Од хэргийн материал танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд тайлбар гарган мэтгэлцэх хэргийн оролцогчийн эрхийг шүүх хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

            Түүнчлэн, нэхэмжлэгч Г.Эрдэнэсувдын түрээсийн үлдэгдэл төлбөр 800 000 төгрөгийг Б.Огаас нэхэмжилж байгаа үндэслэл тодорхойгүй, хариуцагч Б.О, Г.Б нарын алинаас нь ямар үндэслэлээр 800 000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаарх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, маргааны үйл баримт тодорхой бус, хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00990 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Бгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                  А.ОТГОНЦЭЦЭГ