Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 198

 

                                                                                                                                                                                                                                        

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч  А.Алтанхуяг, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч М.Нямжав

шүүгдэгч Д.Нямрагчаа, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням

хохирогч А.Оюунцэцэг

гэрч П.Гэрэлмаа

иргэдийн төлөөлөгч Ч.Тунгалаг

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626021803 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 2 дугаар сарын 6-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, программист мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; эхийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 1 А байр, 48 тоотод оршин суух, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ДЭ83020615 дугаарын регистртэй, Боржигон овогт Дашхүүгийн Нямрагчаа

Шүүгдэгч Д.Нямрагчаа 2016 оны 6 дугаар сарын 13-нд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар хотхон, 1 А байрны 48 тоот гэртээ хамтран амьдрагч А.Оюунцэцэгийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин “хүүхдээ дуугүй байлгасангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан өмдний тэлээг зэвсгийн чанартай хэрэглэн зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Д.Нямрагчаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Оюунцэцэг 2009 онд Солонгос улсын иргэнтэй гэр бүл болоод Солонгос улсад ирсэн. Тэгэхэд би Солонгост байсан ба Оюунцэцэг тухайн үед таньж мэдэх хүнгүй гэсээр надтай холбоо барьж, бидний харилцаа үүссэн. 2013 онд Оюунцэцэг нөхөр болон хадам ээждээ зодуулсан гэсээр уйлж ирэхээр нь би өөрийн танил Солонгос улсын иргэн хуульч хүнээр хуулийн зөвлөгөө өгүүлсэн. Тэр үеэс Оюунцэцэгт би тусалж, үерхэж эхлээд хамт амьдрахаар болсон. 2015 оны 3 дугаар сарын 6-нд бидний дундаас охин Амин-Эрдэнэ төрсөн. Бид хамтран амьдрах хугацаанд байнгын маргаан гарах болсон. Оюунцэцэг охиныгоо уйлаад байхад 2, 3 цагаар авахгүй хаалгыг нь хаагаад орхидог байсан. Хэлэхээр “авахуулаад сурчихна, битгий ав” гэж хэлээд хоолойг нь сөөтөл уйлуулдаг байсан. Солонгос улсад байхдаа маргалдаж салах талаар ярьж байсан. Тэр үед охиныг маань 3 сартай байхад орхиж яваад 3 хоног алга болсон. Тэгэхэд би өөрөө ажилтай байсан учраас хүүхэд асрагч аваад өөрөөсөө цалинжуулж ажиллуулж байсан. Сүүлд Монгол улсад ирэхэд Амин-Эрдэний хоолой өвдсөн байдалтай хүрч ирсэн. Ирээд 2 хоногийн дараа эмнэлэгт хэвтсэн. 5 хоног эмчилгээ хийлгэж гарч ирээд удаагүй байхад дахиад хоолой нь сөөж халуурч эхэлсэн. Харин эм тариа хэрэглэж хоолой нь зүгээр болсон. Энэ үйл явдал хэрэг гарахаас 7 хоногийн өмнө болсон үйл явдал юм. Хэрэг гарах өдөр өглөө 09:30 цагийн үед сэрээд өндийхөд Оюунцэцэг боссон байсан. Тэгэхээр нь би Оюунцэцэгээс “охиндоо эмийг нь өгсөн үү” гэж асуухад Оюунцэцэг ямар нэгэн зүйл хэлэхгүй нөгөө өрөө рүү яваад орсон. Харин би ямар шалтгаанаар уурласан гэдгийг нь бодоод олоогүй. Оюунцэцэг хэсэг хугацааны дараа Амин-Эрдэнийг тэвэрч ирээд миний хажуу талын буйдан дээр орхиод ямар нэгэн зүйл хэлэхгүй эргээд өрөө рүү яваад орсон. Тэр үед Амин-Эрдэнэ уйлж байсан. Тэгэхээр нь би Амин-Эрдэнийг аваад дуугүй болгох гэж 20, 30 минут оролдсон боловч дуугүй болохгүй байхаар нь Оюунцэцэгийн араас ороод хүүхдээ авахгүй юм уу гэж хэлсэн чинь ямар нэгэн зүйл хэлэхгүй угаасан хувцас эвхээд сууж байсан. Харин би Амин-Эрдэнийг авч очоод хоолой нь сөөлөө ав гэж хэлээд орон дээр тавиад гарах гэсэн чинь Оюунцэцэг “тэнэг новшоо чи өөрөө авахгүй юу” гэж хэлээд миний араас тос аваад толгой хэсэг рүү шидсэн. Тэгэхээр нь би эргэж очоод “чи яагаад араас юм шидэж байгаа юм, дахиад шидээд үзээрэй” гэж хэлээд эргээд гарах гэсэн чинь араас дахиад тос шидсэн. Тэр үед би биеэ барьж чадахгүй очоод алгадаж унагаасан. Би биеэ барьж чадаагүй дээ харамсаж байна. Оюунцэцэг тэгэхэд гоо сайхны ширээн дээр байсан эд зүйлийг аваад над руу шидсэн. Би боль гэсэн боловч Оюунцэцэг “чамайг би ална, ямар овоо юм бэ” гэж хэлээд орилоод байсан. Тэгэхээр нь би зөрүүлээд хоёр удаа алгадсан. Түүнээс би газар унагаагаад толгой дээр нь дэвсэлсэн зүйл огт байхгүй. Энэ тухайгаа анхнаасаа мэдүүлсэн. Би хүчтэй алгадаагүй. Харин би хоёр гурван удаа ор руу түлхэж унагаасан. Тэгээд өрөөнөөс гарах гэсэн боловч миний араас хөл хэсэг рүү ваартай цэцэг авч шидсэн. Гэтэл Оюунцэцэг татаж унагаасан гэж худлаа мэдүүлсэн. Би уур хүрсэн учраас хүчтэй алгадсан. Өөрийнхөө гар утсыг мөн над руу шидэж гэмтээсэн учраас манай дүүгийн утсаар өөрийнхөө дүү рүү ярьсан. Би ямар нэгэн тэлээгээр цохиж зодсон зүйл байхгүй. Оюунцэцэг худлаа мэдүүлэг өгч байгаад гайхаж байна. Мөн намайг тэлээгээр цохиж зодсон гэж хүнд гэмт хэрэгт гүтгэж байгаад гомдолтой байна. Би Оюунцэцэгийн хацар руу алгадсан. Үүнийг би хүлээн зөвшөөрч байгаа. Түүнээс би тэлээгээр цохиж зодсон зүйл байхгүй. Харин Оюунцэцэгийг ор руу түлхэж унагаахад үүссэн байж мэднэ гэж үзэж байна. Тухайн үед өглөөний 09:50-10:00 цаг болж байсан. Над руу авч шидсэн тос миний толгойн арын дагз хэсэг рүү онож цохисон. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн өмдний тэлээ хар өнгөтэй. Би өглөө босоод шорт, фудволктой байсан. Миний шорт тэлээ тэлээлэх шаардлагагүй биеийн тамирын шорт байсан учир би тэлээгүй байсан. Хэрэг гарах үед миний хувцас Солонгос улсаас ирээгүй байсан. Би 2-3 ээлжийн хувцастай Монгол улсад ирсэн байсан. Харин бусад хувцас 6 дугаар сарын сүүлээр ирсэн. Тэгэхэд хувцсан дотор байсан хар өнгийн тэлээ байгаа юм. Үүнээс өөр тэлээ надад байдаггүй юм. Манай хүүхэд нэг уйлсан тохиолдолд угж болон мөөм идэхээс нааш дуугүй болдоггүй байсан. Би маш их харамсаж байна. Энэ хэргийн улмаас Оюунцэцэг, Амин-Эрдэнэ бид гурав гурвуулаа хохирсон гэж бодож байгаа. Хэрэг гарахын өмнөх өдөр манай эгчийн том охиных нь төрсөн өдөр болсон. Тэгэхэд бид хамтдаа хоолонд орж ирээд Оюунцэцэг, Амин-Эрдэнэ нарыг тухтай унтаг гэж бодоод би өөрөө тусдаа унтсан. Түүнээс ямар нэгэн хэрүүл маргаан болох үндэс байгаагүй. Миний толгойн арын дагз хэсэг рүү нүүрний тосоор цохисон. Үүний улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Харин ваартай цэцгээр миний хөл рүү цохисон учраас нэг сар орчим хугацаанд доголж явсан. Энэ талаар шүүх эмнэлгийн дүгнэлт байхгүй гэв.

Хохирогч А.Оюунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би Нямрагчаатай Солонгос улсад танилцаж байсан. Бид нар гэр бүл болоод 2 жил гаруй болсон. Түүний дараа охин Амин-Эрдэнэ төрсөн. Нямрагчаа тухайн үед хууль бусаар амьдардаг байсан. Бид хамт амьдарч байх хугацаанд намайг удаа дараа зоддог байсан. Би Нямрагчааг хууль бусаар амьдарч байсан учраас цагдаагийн байгууллагад мэдэгддэггүй байсан. Харин сүүлд Нямрагчаа Солонгос улсад зам тээврийн осол гаргаад баривчлагдаж Монгол улсад ирсэн. Баривчлагдаад Монгол улс руу явахад нь бүх хувцсыг нь өгөөд явуулсан. Нямрагчаа надад хэлэхдээ ямар ч хувцас, бүс /тэлээ/ байгаагүй гэж худлаа хэлсэн. 6 дугаар сарын 13-ны өглөө эхтэйгээ хамт гадуур гарч явж байгаад ирээд хувцсаа тайлаагүй, жинсэн өмд, тэлээ, фудволктой сууж байсан. Би охин Амин-Эрдэнийг хооллож дуусаад охин Амин-Эрдэний хувцсыг эвхээд сууж байсан чинь охин Амин-Эрдэнэ уйлаад байсан. Тэгэхээр нь би Нямрагчааг охин уйлаад байна гэж хэлсэн чинь гар утсаа оролдоод суугаад байсан. Би охиныг дуугүй болохгүй байхаар нь Нямрагчаагийн дэргэд авч очоод газар орхиод өрөөндөө ороод хувцас эвхээд сууж байсан чинь Нямрагчаа хүүхдээ дуугүй болго гэж хэлээд охиныг ор руу чулуудсан. Тэгэхээр нь би гайхаад “яагаад хүүхэд чулуудаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Нямрагчаа “чи энэ зулбасгаа дуугүй болго” гэж хэлээд над руу дайрахаар нь би арагшаа гэдийсэн чинь нүүр рүү цохисон. Би яаж байгаа юм бэ гэсэн чинь үснээс доош нь дарсан. Би биеэ хамгаалах үүднээс хүүхдийнхээ биеийн тосыг авч шидсэн нь үнэн. Харин Нямрагчаа гараараа нүүр болон нуруу хэсэг рүү олон удаа цохисон. Би биеэ хамгаалах үүднээс фудволкноос нь зуурч урсан. Гэхдээ их хэмжээгээр ураагүй. Нямрагчаа намайг хана болон шкаф руу мөргүүлж, хэл амаар доромжилсон. Би ваартай цэцэг авч шидээгүй. Нямрагчаа намайг түлхэх үед цонхон дээр байсан цэцэг зүүн гарын тохой хэсэгт цохигдож газар унасан. Намайг зодож байх хугацаанд Амин-Эрдэнэ орон дээр уйлж байсан. Харин Нямрагчаа хүүхдээ аваад зайлах юм уу, өөрөө мэд, наад хүүхдээ аваад нөгөө өрөөнд ор гэж хэлсэн. Би нөгөө өрөөнд ороод Нямрагчаагийн эгчийнх нь хүүхэд болох Бархасбадийн гар утсаар бэр дүү рүүгээ залгаж түүнийг хүрээд ир гэж дуудсан. Бэр дүү Гэрэлмааг ирэх хооронд Нямрагчаа хувцсаа солиод жинсэн өмдөө тайлсан байсан байх. Гэрэлмаа ирээд охин Амин-Эрдэнэ бид хоёрыг авч явсан. Миний биед учирсан гэмтлүүдийг Нямрагчаа учруулсан. Тухайн үед Нямрагчаа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан. Тэр өмднийхөө бүсээ /тэлээ/ тайлаад намайг ороолгосон. Бор хүрэн өнгийн төмөр аралтай бүс /тэлээ/ байсан. Би хүүхдээ аргалах гэсэн боловч дуугүй болохгүй байсан. Харин Нямрагчааг эцэг нь учраас дуугүй болгох байх гэж бодсон. Нямрагчаагийн фудволкийг Нямрагчаа өөрөө урсан байх. Намайг энгэрээс нь татахад оёдол хэсгээрээ урагдсан. Би Нямрагчаагийн өмнөөс гар утсаа шидээгүй. Би анх гомдол гаргахдаа бүсээр /тэлээ/ ороолгосон гэж бичсэн. Мөрдөн байцаагчид ч гэсэн бүсээр /тэлээ/ ороолгож зодсон гэдгийг хэлсэн. Энэ хэрэг гэр бүлийн маргаанаас үүдэж гарсан гэж бодож байна. Тухайн үед би өөрөө хөдөлж чадахгүй байсан учраас Амин-Эрдэнийг үзүүлж чадаагүй. Энэ хэрэг 2016 оны 6 дугаар сарын 23-нд болсон. Тэр өдөр намайг бүсээр /тэлээ/ ороолгож зодсон. Би анхнаасаа бүсээр /тэлээ/ зодсон гэдгийг хэлсэн. Тухайн үед Нямрагчаа, охин Амин-Эрдэнэ мөн Нямрагчаагийн үеэл эгчийнх нь хүүхэд болох Бархасбадь хамт байсан. Би хүүхдээ авахуулаад сурчихна битгий ав гэж хэлээгүй. Миний биед учирсан гэмтэлтэй холбоотой гэрэл зургийг хэрэг гарах өдөр авсан. Миний толгой болон хөл гар хөхөрсөн байсан. Мөн зүүн гар талын хавирга хөндүүр болсон байсан. Өмнө нь хүүхдээ уйлахаар би авдаг байсан. Тухайн өдөр Нямрагчаа зурагт үзээд гар утсаа оролдоод суугаад байсан. Нямрагчаа хүүхдээ ар гэдрэгээ ор руу шидсэн. Би тухайн үед авсан гэмтлийн улмаас олон хоногоор хөдөлж чадахгүй байсан. Эмнэлэг рүү бэр дүүгээрээ түшүүлж явсан. Харин охин Амин-Эрдэнийг сүүлд толгойг нь бариачаар бариулсан. Нямрагчаа Солонгос улсаас баривчлагдаад Монгол улс руу явах үед бүх хувцсыг нь өгч явуулсан. Өмдний тэлээ нь байсан. Нямрагчаа хүүхдээ ор руу шидсэн. Гэхдээ хүүхдээ эмнэлэгт үзүүлээгүй.

Би Нямрагчааг ямар нэгэн гэмт хэрэгт холбогдуулж худлаа гүтгээгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ гомдолтой байгаа. Хуулийн дагуу шийднэ биз гэв.

Гэрч П.Гэрэлмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тэр өдөр Оюунцэцэг эгч дуудахаар нь очиход Оюунаа эгч өрөөний буланд охин Амин-Эрдэнийгээ тэвэрчихсэн, хувцсыг нь өмсүүлээд уйлаад сууж байсан. Харин Нямрагчаа шалаар асгарсан цэцэгний савны шороог шүүрдээд байж байсан. Мөн Оюунцэцэг эгчийн үснээс унасан байсан. Нямрагчаа хөх өнгийн жинсэн өмд, хар хөх өнгийн цамцтай байсан. Оюунцэцэг эгч хөл дээрээ явж чадахгүй байсан. Гэрээс гарахдаа охин Амин-Эрдэнийг би авах гэсэн чинь уйлаад байхаар нь Оюунцэцэг эгч өөрөө энгэртээ зүүгээд /тэврээд/ гарч явсан гэв.

Шүүгдэгч Д.Нямрагчаагийн хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 17/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 15/, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 16/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-н 33-40/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-41-42/,

гэрч Дашхүүгийн Дуламсүрэнгийн “... би төрсөн эгч нь. Миний дүү Нямрагчаа 1983 оны 2 дугаар сарын 6-нд Говь-Алтай аймагт төрсөн. Говь-Алтай аймгийн 1 дүгээр арван жилд 1990-1998 он хүртэл сурсан бөгөөд 1998 онд манай гэр хотод шилжиж ирээд 1998-2000 он хүртэл Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуульд онц дүнтэй суралцаж төгссөн. Ингээд урилгаар хувийн сургуульд орж 1 жил суралцаж байгаад өөрийн хүсэлтээр сургуулиасаа гарсан. 2006 онд Солонгос улс руу гэрээгээр ажиллахаар яваад 2016 оны 5 сард Монголд ирсэн. Монголд ирээд ээж Жавзандулам, эгч Дариймаа нарын хамт Богд Ар хороололд амьдарч байгаа. Нямрагчаа айлын отгон хүүхэд бөгөөд дээрээ олон эгчтэй учраас их өрөвч, найз нөхөддөө их тусархуу, багын зөөлөн сэтгэлтэй, хүн цохиж зодож, орилж байсан удаагүй, даруухан үг дуу цөөтэй хүүхэд. Нямрагчаа спорт, программ хангамжийн хичээлдээ их сайн хүүхэд байсан. Тэр чиглэлээр олон амжилт гаргаж байсан. Нямрагчаа надад хэлэхдээ Оюунцэцэг гэх хүүхэнтэй 1 жил гаруй хугацаанд хамтран амьдарч байгаа гэсэн. Гэр бүл болж амьдарсан эсэхийг мэдэхгүй. Урьд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй” /хх-н 8, 26/ гэсэн мэдүүлэг,

гэрч Батсуурийн Нарантуяагийн “... би нагац эгч нь байгаа юм. Нямрагчаа дээрээ дөрвөн эгчтэй, айлын бага хүүхэд. Аав нь Говь-Алтай аймгийн Цаг уурын удирдах газрын ерөнхий инженерээр ажиллаж байсан. Ээж Жавзандулам нь оёдолчин. Төлөв түвшин, элэг бүтэн гэр бүлд өссөн, эмэгтэй хүмүүс олон байдаг болохоор даруухан, өөрөө ч их өрөвчхөн, үг дуу цөөтэй, 10-н жилд байхдаа онц дүнтэй сурч, урилгаар дээд сургуульд орж байсан. Өөрөө их оюунлаг, сэтгэн бодох чадвартай, толгой цохьдог хүүхдүүдийн нэг. Солонгос улсад гэрээгээр 10 жил ажиллаж байгаад энэ хавар ирсэн” /хх-н 27/ гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

2016 оны 6 дугаар сарын 13-ны өглөө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, 1 А байрны 48 тоотод шүүгдэгч Д.Нямрагчаа хохирогч А.Оюунцэцэгийг зоджээ. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтууд, шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл Д.Нямрагчаа, А.Оюунцэцэг нар хамтын амьдралтай /хамтран амьдрагч/ бөгөөд тэдний дундаас охин Амин-Эрдэнэ төрсөн байна.

Шүүх энэ байдлыг тодруулан бичих болсон шалтгаан нь шүүгдэгч Д.Нямрагчаад холбогдох хэрэг хувийн сэдэлттэй юу?, танхайн сэдэлттэй юу? гэж хэргийг зөв зүйлчлэхэд нөлөөлнө.

Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч, хохирогч нарын хооронд үүссэн хэрүүл маргаан яалт ч үгүй хувийн сэдэлттэй үүссэн гэхээр боловч, шүүгдэгч Д.Нямрагчаагийн зүгээс гаргаж байгаа үйлдэл болох “... хүүхдээ дуугүй болгосонгүй ...” гэсэн шалтгаанаар хохирогч А.Оюунцэцэгийг зодож байгаа үйлдэл нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг илтэд үл хүндэтгэж түүний эрх, эрх чөлөөнд халдаж байгаа явдал мөн.

Өөрөөр хэлбэл бага насны буюу нялх хүүхдээ дуугүй болгосонгүй хэмээн төрсөн эхийг нь зодож байгаа үйлдлийг “хувийн сэдэлттэй” гэж дүгнэх ямар ч үндэслэлгүй.

Хэдийгээр танхайрах гэмт хэргийн обьект нь нийгмийн хэв журам боловч “нийгмийн хэв журам” гэдэг нь зөвхөн олон нийтийн газарт эмх замбараагүй байдал бий болгохыг хэлэхгүй, хувь хүний эрх, эрх чөлөөнд халдсан үйлдлээр илрэх төдийгүй “бусдыг илтэд үл хүндэтгэсэн”, “нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчсөн”, “санаатай байх” гэсэн 3 шинжийн нийлбэрээр уг гэмт хэргийн бүрэлдэхүүн тодорхойлогддог.

Танхайрах гэмт хэргийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай Тогтоолд “... харин тодорхой сэдэлттэй, тухайлбал хувийн таарамжгүй харьцаа, эр эмийн хардлага, хохирогчийн зүй бус ажиллагаа зэргээс үүдэн өөр хоорондоо маргалдсан, зодолдсон бол ... хүний амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргээр зүйлчилнэ” гэсэн байдаг.

Гэвч шүүгдэгч Д.Нямрагчаад холбогдох энэ хэргийн үйл баримтаас үзвэл эр, эмийн хардлага, хохирогчийн зүй бус ажиллагаанаас үүдэлтэй гэх нөхцөл байдал тухайн үед бий болоогүй зөвхөн “хүүхдээ дуугүй болгосонгүй” гэдгээр шалтаглан зодож байгаа нь бусдыг илтэд үл хүндэтгэж эрх, эрх чөлөөнд нь халдаж буй гэмт үйлдэл болох тул

прокуророос шүүгдэгч Д.Нямрагчаад холбогдуулан ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр ялласан үндэслэлтэй.

Дээрх танхайрах гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Амаржаргалын Оюунцэцэгийн “… 2016 оны 6 дугаар сарын 13-ны өглөө хүүхэд уйлаад байхаар нь Нямрагчаа тэвэрч байгаад дуугүй болохгүй байсан чинь энэ хүүхдээ дуугаа болго гэж хэлээд ор руу шидэхээр нь чи яаж байгаа юм гэсэн чинь Нямрагчаа тэгвэл чи өөрөө дуугүй болгохгүй юу гэж хэлээд миний нүүр рүү цохиж авсан. Би зөрүүлээд цохих гээд гараа далайсан чинь миний гарыг барьж аваад үснээс зулгааж, доош дарж, толгой болон цээжин хэсэг рүү өшиглөж чи миний эцгийн гар хүрээгүй газар хүрэх гэлээ гэж хэлээд бүсээ тайлж аван ороолгон зодсон. Тэгээд хажуу талын өрөөнд байсан Нямрагчаагийн төрсөн эгчийх нь хүүхэд Бархасбаатарын утсыг нь авч бэр дүү Гэрэлмаад хэлж намайг ирж авсан. Хүүхэд уйлаад байсан чинь хүүхдээ дуугүй болгосонгүй гэж намайг зодсон. Нямрагчаа бид хоёр албан ёсоор гэр бүл болоогүй. 2007 оноос нэг нэгнээ мэдэх болж, 2013 оны намараас БНСУ-д хамтран амьдарч эхэлсэн. Миний нүүрэн тус газар нийт 10 орчим удаа цохьсон байх, толгойгоор хана, шкаф, ор зэргийг мөргүүлсэн, үсдэж дараад толгойн дээр 5-6 удаа дэвссэн, 2-3 удаа толгой руу өшиглөсөн, бүсээр миний нуруу, гар хөл зэрэг бүхэл биеэр ороолгож зодсон. Тухайн үед Бархасбаатар нөгөө өрөөнд байсан болохоор хараагүй байх. Миний бүхэл бие хөхөрч хавдсан, цээжний баруун хэсгээр хөндүүр өвчтэй, цээжний зүүн доод хэсгээр хөндүүр өвчтэй, толгой өвдөж нүд харанхуйлна. Намайг БНСУ-д амьдарч байхад хэд хэдэн удаа цохиж зодож байсан. Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Би шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцсан, надад асууж тодруулах зүйл байхгүй. Би Нямрагчаагаас нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авахуулах хүсэлтэй байна. Би үр хүүхдийг нь төрүүлж, бүхэл дарамт доромжлолыг нь тэсэж байсан байхад намайг харгис хэрцгийгээр зодсонд  нь маш их гомдолтой байна. Бид хоёрын хэн хэн нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Хүүхдээ дуугүй байлга, миний хүүхэд биш, энэ хүүхдээ ав гэх мэтээр доромжилж хүүхэд ор руу шидсэнд би жаахан уурласан чинь намайг зодож цохисон. Нямрагчаа намайг зодох үед миний 1 нас 2 сартай охин Амин-Эрдэнэ болон жижиг өрөөнд Нямрагчаагийн эгчийнх нь хүүхэд Бархас нар байсан. Гэхдээ тухайн үед Бархас айгаад өрөөнөөсөө ер гарч ирээгүй. Миний охин Амин-Эрдэнэд учирсан гэмтэл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Тус хэрэг гарахаас өмнө Солонгос улсад жирэмсэн байхад болон төрсний дараа  Нямрагчаа намайг удаа дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож цохиж миний биед гэмтэл учруулж байсан. Гадаадад байсан болохоор энэ талаар хэн нэгэнд ярьж байгаагүй. Монгол ирснээс хойш анх удаа эрүүл саруул байхдаа надад гар хүрсэн нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр юм. Тус хэрэг гарснаас хойш Нямрагчаа надад гар хүрээгүй, айлган сүрдүүлээгүй. Одоо би амьсгалахад болон хэвтэхэд зүүн хавирга хэсгээр, мөн цээжээр хатгаж өвдөх зовиурууд байна. Надад ямар нэгэн нэхэмжлэх эмчилгээний зардал мөнгөтэй холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. би ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. Зодуулсандаа гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулах хүсэлтэй байна. Нямрагчаа хүүхэд тэвэрч орж ирээд ор руу хүүхдийг шидсэн. Тэр үед би хүүхдээ яаж байгаа юм гэхэд энэ зулбасгыг дуугүй болго гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи тэгж болохгүй ш дээ гэж хэлсэн чинь намайг нүүр рүү алгадаад авсан. Тэгэхээр нь би хойш түлхсэн чинь намайг доош нь үсдэж дарж аваад толгой хүүр рүү цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би биеэ хамгаалаад хүүхдийн биеийн тос шидсэн. Тэр нь Нямрагчааг оноогүй бөгөөд Нямрагчаа тэрийг гараараа хамгаалаад унагачихсан. Нямрагчаа нь намайг зодож байх үед намайг хойшоо унах үед цонхон дээр байсан ваартай цэцэг миний зүүн гарт цохигдоод газар унасан. Ваартай цэцэгээр би Нямрагчааг цохисон зүйл байхгүй. Индүү тэр өрөөнд байгаагүй бөгөөд индүүний ямар нэгэн хэрэгсэлээр цохисон зүйл байхгүй. Нямрагчаа миний толгой руу өшиглөж цохиж хэд хэдэн удаа хана мөргүүлж, толгой бие рүү өшиглөсөн. Тэр үед би биеэ хамгаалах гээд подвалкны энгэрээс нь зуурах үед энгэр нь ханзарсан бөгөөд Нямрагчаа хар хөх өнгийн жинсэн өмдтэй, хүрэн бор өнгийн тэлээтэй байсан. Тухайн үед өмд нь урагдсан асуудал болоогүй. Намайг өөрийнхөө зүүж явсан тэлээгээр нүүр бие, гар хөл рүү ороолгож зодсон. Тэр тэлээ нь хүрэн бор өнгийн тэлээ байсан” /хх-н 6-7, 24-25, 59/ гэсэн,

гэрч Пүрэвдоржийн Гэрэлмаагийн “... би Оюунцэцэг эгчийг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд Арын 1а-48 тоотоос очиж авсан. Би тус өглөө 11 цагийн үед очоод гэрт нь орсон чинь гэр нь эмх замбараагүй байдалтай, шал болон ор дэр нь цус болсон, газраар бөөн бөөн үс болчихсон, шалаар шороо асгарсан байдалтай Нямрагчаа түүнийгээ цэвэрлээд зогсож байсан. Манай эгч цаана нь хүүхдээ тэврээд уйлаад сууж байсан. Эгч Оюунцэцэгийн нүүрэн хэсэг нь хавдаж хөхөрсөн, толгойн ар хэсэг нь хавдсан байсан. Мөн цээжээр өвдөөд байна гэж байсан. Тухайн үед өөр ямар нэгэн зүйл хэлж яриагүй” /хх-н 9/ гэсэн,

насанд хүрээгүй гэрч Дариймаагийн Бархасбаатарын “... 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн гэртээ буюу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар хороолол, 1а-48 тоот гэртээ өөрийнхөө өрөөнд зурагт үзээд сууж байсан. Тэр үед Нямрагчаа ахын охин Амина том өрөөнд уйлаад байсан. Тэгтэл Нямрагчаа ах 20 орчим минут бүүвэйлээд дуугүй байлгах гэсэн чинь ханиадтай байсан болохоор хоолой нь боогдоод дуугүй болохгүй байсан. Тэгсэн чинь Нямрагчаа ах хүүхдээ аваад Оюунцэцэг эгчийн байсан өрөө рүү ороод хүүхдээ аргадаач дуугүй болгооч гэхэд чадахгүй гээд орилоод, тэгээд тэр хоёр маргалдаад, тэгэхээр нь би өрөөнийхөө хаалгыг хаасан. Тэгээд тэр хоёр хэрлдээд орилж хашгираад ойролцоогоор 10 орчим минут болсон. Тэгж байгаад манай өрөөний хаалгыг Оюунцэцэг эгч онгойлгож орж ирээд утсаар чинь нэг яръя гээд миний утсыг аваад нөгөө өрөө рүү орсон. Тэгээд удалгүй хаалга тогшоод Оюунцэцэг эгчийн охин дүү нь орж ирээд нөгөө хоёр чинь хаана байна гээд Нямрагчаа ах, Оюунцэцэг эгчийн байсан өрөөнд орсон. Тэгэхээр нь би өөдөөс харсан эгчийнхээ гэр рүү яваад орчихсон. Тэр хоёр хоорондоо эхнэр нөхөр хүмүүс юм. Нямрагчаа, Оюунцэцэг хоёр 2016 оны 5 дугаар сарын дундаас эхлээд амьдарч байсан юм. Тэр өдөр манай гэрт Нямрагчаа ах, Оюунцэцэг эгч, тэр хоёрын хүүхэд 1 настай Амин-Эрдэнэ болон би байсан өөр хүн байгаагүй. Энэ асуудлаас өмнө нэг өдөр гэрт байхад Амин-Эрдэнэ уйлаад байсан, тэр үед Нямрагчаа ах хүүхдээ аргадаад уйлахаа болихгүй байхаар нь Оюунцэцэг эгчид хүүхдийг өгсөн, тэр үед Оюунцэцэг эгч нүүрээ будаж байгаад би наадхыг чинь харахгүй, чи өөрөө дуугүй болго гэж хэлээд тэр хоёр яг хэрэлдэх гэж байгаад больсон. Амин-Эрдэнэ ханиад хүрчихсэн эдгэхгүй байсан бөгөөд эмнэлэгт хэвтэж байсан. Тэр өдөр Амин-Эрдэнэ гэнэт уйлаад эхэлсэн, тэгсэн чинь Нямрагчаа ах дуугүй болгох гээд аргадсан боловч дуугүй болохгүй байсан, тэр үед Оюунцэцэг эгч өөр өрөөнд байсан ба өөрийнхөө өрөөнд зурагт үзэж байсан. Тэгсэн чинь Нямрагчаа ах хүүхдээ тэврээд Оюунцэцэг эгчийн байсан өрөөнд ороод хүүхдээ дуугүй болго, би дуугүй болгож чадахгүй байна гэж хэлэхэд Оюунцэцэг эгч чи өөрөө наад хүүхдээ чимээгүй болго гэж хэлээд удалгүй хэрэлдээд Оюунцэцэг эгч хашгираад Нямрагчаа ах чанга дугараад эхэлсэн. Тэр хоёр зодолдсон эсэхийг би хараагүй. Тэр үед би хэрэлдээд эхэлхээр нь хаалгаа хаагаад зурагтынхаа дууг чангалсан байсан болхоор юу болж байгааг сайн сонсож чадаагүй. Надад ямар нэгэн юм хагарах болон өөр чимээ сонсогдоогүй, тэр хоёрын орилж чарлах чимээ сонсогдсон. Ойролцоогоор 10 орчим минут тэр хоёр орилж чарлах чимээтэй байсан. Нямрагчаа ах тухайн үед шорт, подвалктай байсан. Оюунцэцэг эгч ямар хувцастай байсныг мэдэхгүй.  Оюунцэцэг эгч манай өрөөнд орж ирээд надаас гар утас авах үед уйлчихсан байсан, өөр гэмтэл шарх байсан эсэхийг харж чадаагүй, тухайн би айсан байсан болохоор утсаа өгчихөөд дүү нь ирэхээр нь гараад явчихсан” /хх-н 62-64/ гэсэн,

шинжээч эмч Ганбатын Ханхүүгийн “... хохирогч А.Оюунцэцэгт учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд юм. Хохирогчийн биед учирсан баруун өвдөг, зүүн шуу болон нүүрэнд учирсан гэмтлээс бусад гэмтэл нь суран тэлээ болон тэлээний арал хэсгээр үүсгэгдэх боломжтой, харин тэлээний аль хэсгээр ямар байдлаар цохисоныг тогтоох боломжгүй” /хх-н 61/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “А.Оюунцэцэгийн биед дух, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн бугалга, шуу, баруун шуу, зүүн хонго, баруун өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 8280 тоот дүгнэлт /хх-н 11/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд Боржигон овогт Дашхүүгийн Нямрагчааг танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Д.Нямрагчаад ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзсан болно.

Тухайлбал, шүүгдэгч Д.Нямрагчаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг үндэслэн түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасан заалтыг баримтлав.

Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөв.

Хохирогч А.Оюунцэцэг нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдсан 1 метр урттай, хар өнгийн арьсан материалаар хийгдсэн, төмөр аралтай гэх тэлээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар устгах нь зүйтэй. Учир нь, уг тэлээ хэдийгээр шүүгдэгч Д.Нямрагчаагийн хувийн эд зүйл мөн боловч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсгийн чанартай зүйл гэж үзнэ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

             ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Дашхүүгийн Нямрагчааг танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар Д.Нямрагчааг 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Д.Нямрагчаад оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Д.Нямрагчаагийн цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Д.Нямрагчаа бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Оюунцэцэг нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 метр урттай, хар өнгийн арьсан материалаар хийгдсэн, төмөр аралтай гэх тэлээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар устгасугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Нямрагчааг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ЖАНЧИВНЯМБУУ

                                   ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ

                                   ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ