Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2020/01802

 

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, ... байрлах “НЛ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-4, Экспресс таурын 9 дүгээр давхарт байрлах, “ПД” ХХК-д холбогдох,

         Даатгалын нөхөн төлбөр болох 42.157.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ Нь:

     Нэхэмжлэгч “НЛ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “НЛ” ХХК ачаа тээвэр, ложистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул эрсдэлээс сэргийлж 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “ПД” ХХК-тай хүнд даацын тээврийн хэрэгслийн ХД****42 тоот даатгалын гэрээ байгуулж 725.000.000 төгрөгийн даатгалын үнэлгээ бүхий 10 хүнд даацын тээврийн хэрэгслийг даатгуулсан. Гэрээний 6.2-т зааснаар даатгалын нийт хураамж 2 хувь буюу 14.500.000 төгрөг төлсөн. Уг даатгуулсан 10 тээврийн хэрэгсэл дунд 3*-*8 ӨМҮ улсын дугаартай автомашины 5*-*1 ТЧ улсын дугаартай чиргүүл нь 40.000.000 төгрөгийн даатгалын үнэлгээтэй орсон.

           3*-*8 ӨМҮ улсын дугаартай автомашины 5*-*1 ТЧ улсын дугаартай чиргүүл нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Багахангай дүүрэг рүү Hyundai LC-3 маркийн экскаватор тээвэрлэх замдаа чиргүүлийн хөндлөн травис, чиргүүлийн тавцан чиргүүл бүхэлдээ хугарч даатгалын тохиолдол бий болсон.

     Улмаар учирсан хохирлын үнэлгээг “АБ” ХХК-иар үнэлүүлэхэд 30.800. 000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон.

     Дээрх нөхцөл байдлыг дурдан даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 18/029 дугаартай албан тоотоор “ПД” ХХК-д холбогдох бичиг баримтын хамт шалгуулахаар хүргүүлсэн боловч 2018 оны 10 сарын 04-ний өдрийн 18-01/***5 дугаартай албан тоотоор  “даатгалын гэрээний 7.6, 7.9 дэх заалтуудыг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул Санхүүгийн зохицуулах хороонд хандаж шийдвэрлүүлсэн.

       Санхүүгийн зохицуулах хороо нь хянан үзээд “ПД” ХХК даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байгааг тогтоож, даатгалын нөхөн төлбөр олгохыг үүрэг болгосон.

       Нэхэмжлэгч нь эксваваторыг Монгол улсын MNS53452003 стандартын дагуу тээвэрлэсэн ба Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын тохиолдол бий болсныг тогтоосон. Мөн ажлын шаардлагаар 5*-*1 ТЧ дугаартай чиргүүлийг 30.000.000 төгрөгөөр зарсан.

          Иймд ХД****42 тоот даатгалын гэрээний 8.1-д зааснаар автомашины техникийн эвдрэл, хохирлын нөхөн төлбөрт 27.450.000 төгрөг, мөн гэрээний 10.4, болон Иргэний хуулийн 232.6-д зааснаар  алданги 13.725.000 төгрөг, үнэлгээний зардал 982.400 төгрөг, нийт 42.157.400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

        Хариуцагч “ПД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “НЛ” ХХК нь “ПД” ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан. Даатгалын гэрээний хавсралт 1 дүгээр зүйлд заасны дагуу 10 төрлийн толгой болон чиргүүлийг даатгасан. Энэхүү гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1- 5.1.6-д заасны дагуу даатгалын эрсдэл үүсэх тохиолдолд нөхөн төлбөр олгохоор тохиролцсон. Мөн уг гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-7.18 хүртэлх заалтаар даатгалд хамрагдахгүй нөхцөлүүд буюу нөхөн төлбөр олгохгүй 18 үндэслэл байна.

       Өөрөөр хэлбэл даатгалын гэрээний 7 дугаар зүйлд заасан үндэслэлээр тухайн даатгуулагчид хохирол учрах бол  даатгагч  хариуцахгүй, харин даатгалын гэрээний 5 дугаар зүйлд заасан нөхцөлд хамаарч байх юм бол нөхөн төлбөр олгоно гэж анх гэрээ байгуулахдаа талууд хоорондоо тохиролцож, гарын үсэг зурсан.

      Тухайн тохиолдлыг манай зүгээс  даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.6, 7.9-д заасанчлан техникийн шаардлага хангаагүй, бүрэн бус хүнд даацын тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон, хууль болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эсхүл олгосон зөвшөөрлийг зөрчсөн байдлаар буюу стандарт хэмжээнээс хэтэрсэн ачаа, чиргүүл, шатах, тослох материал, химийн эсхүл тэсрэх бодис ачиж тээвэрлэсэн гэж үзэж байна. Эдгээр нөхцөлүүд нь даатгалд хамрагдахгүй .

        “НЛ” ХХК-ийн 3*-*8 ӨМҮ улсын дугаартай автомашины 5*-*1 ТЧ улсын дугаартай чиргүүлтэй 29 тонн жинтэй Hyundai 2900 LC-3 маркийн экскаватор тээвэрлэж яваад 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт авто чиргүүл хугарч даатгалын тохиолдол гарсан тул нөхөн төлбөр хүсэх албан тоотыг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн.

       Бид уг хүсэлтийг судлаад даатгуулагчийн буруутай зөрчлийн улмаас даатгалын тохиолдол бий болсон гэж үзэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Үүнд:

     - Даатгалын тохиолдол бий болсон газар даатгалын ажилтан очиж үзэхэд уг газар борооны усны улмаас хөрсний суулттай, эвдэрч, гуу жалга үүссэн газар байсан. Жалгыг өнгөрөхөөр замаар бус замын хажуугаар гарах оролдлого хийснээр чиргүүл хугарсан нь тухайн үеийн фото зургаар тогтоогдоно. Энэ нь даатгалын гэрээний 7.9-д заасан даатгалд хамаарагдахгүй эрсдэлд хамаарч байна гэж үзсэн учраас даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэж татгалзсан.

      Манай шийдвэрийг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч, Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар, шинжээч томилуулан дүгнэлт гаргуулсан.

      Шинжээчийн дүгнэлтээр тухайн тээвэрлэсэн ачаа нь Монгол улсын “Авто тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” MNS459852011 стандартад заасан дээд хэмжээг хэтрүүлсэн болохыг тогтоосон.  

       Хэрэгт баримтаар авагдсан Цагдаагийн байгууллагын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 22/**5 дугаар албан бичигт “НЛ” ХХК-ийн тээврийн хэрэгсэл нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Багахангай дүүрэг рүү Hyundai 2900 маркийн экскаваторыг тээвэрлэхэд ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй байна“ гэсэн байгаа. Иймд шинжээчийн дүгнэлтээр уг тээврийн хэрэгсэл стандарт хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэсэн гэдэг нь тогтоогдсон. Иймд хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

      Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

        Нэхэмжлэгч “НЛ” ХХК нь “ПД” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр болох 27.450.000 төгрөг, алданги 13.725.000 төгрөг, үнэлгээний зардал 982.400 төгрөг нийт 42.157.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

      Зохигчийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ХД****42 тоот даатгалын гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр даатгуулагч “НЛ” ХХК нь 10 хүнд даацын тээврийн хэрэгслийг 1 жилийн хугацаатай 725.000.000 төгрөгөөр даатгуулж, даатгалын төлбөрт 14.500.000 төгрөг төлөх, даатгагч “ПД” ХХК нь даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хуулийн дагуу гэрээгээр тохиролцсон хэмжээгээр зохих хугацаанд олгохоор тус тус үүрэг хүлээжээ.

        Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

        Талууд даатгалын гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл шаардлагын талаар харилцан тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх тул тэдний хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй.

      Нэхэмжлэгч “НЛ” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 3*-*8 ӨМҮ улсын дугаартай автомашины 5*-*1 ТЧ улсын дугаартай чиргүүлээр Улаанбаатар хотоос Багахангай дүүрэг рүү Hyundai 2900 LC-3 маркийн экскаватор тээвэрлэн явж байхдаа чиргүүлийн хөндлөн травис, чиргүүлийн тавцан хугарч 30.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь зохигчийн тайлбар, “О**А” ХХК-тай байгуулсан “НЛ” ХХК, “О**А” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “ажил гүйцэтгэх гэрээ”, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн төлбөр төлсөн баримт, “АБ ХХК-ийн үнэлгээний тайлан, фото зураг, “НЛ” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18/035 тоот, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 18/036 тоот, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18/041 тоот, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18/042 тоот албан бичгүүд, “ПД” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18-01/***5 тоот, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18-01/2168 тоот албан бичгүүд, Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 9/***4 тоот албан бичиг албан бичгүүд зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 12-24, 57-61 тал/

       “НЛ ХХК нь “ПД” ХХК-иас талуудын хооронд байгуулагдсан ХД****42 тоот даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасан даатгалын эрсдэл учирсан гэж үзэн даатгалын нөхөн төлбөрт 27.450.000 төгрөг, алданги 14.548.500 төгрөг, үнэлгээний зардал 982.400 төгрөг, нийт 421.57.400 төгрөгийг шаардах үндэслэлтэй...“,   

        Хариуцагч “ПД” ХХК нь “...Даатгалын гэрээний даатгалд хамрагдахгүй нөхцөлүүд”-ийн 7.6-д ”...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ...стандарт хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэсэн”, мөн 7.9-д “усны татлага, түрлэгээс үүдсэн газрын хэсэгчилсэн эсвэл бүтэн суултаас шалтгаалсан эвдрэл, хохирол“ гэж заасан заалтад хамаарч байх тул даатгалын тохиолдол бий болоогүй, даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна” гэх тайлбар гарган, мэтгэлцэж байна болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрсдөө шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүргийг хуулиар хүлээдэг.

        Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “Даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэх“ гэж тодорхойлжээ..

       Өөрөөр хэлбэл даатгалын зүйлд хохирол учирсан байхаас гадна уг хохирол учирсан шалтгаан нөхцөлийг хамааруулж, хамтад нь даатгалын тохиолдол гэх ойлголтыг тодорхойлдог байх тул даатгуулагчид учирсан хохирол юунаас шалтгаалсан гэдгийг тогтоох нь даатгалын тохиолдол бий болсон эсэхийг дүгнэх үндсэн нөхцөл болдог байна.   

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0***08, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5**2 дугаартай захирамжуудаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан бөгөөд уг шинжээчийн дүгнэлтээр “...нэхэмжлэгч “НЛ” ХХК нь даатгалын зүйл болох 3*-*8 ӨМҮ улсын дугаартай автомашин, 5*-*1 ТЧ улсын дугаартай тавцан чиргүүлээр Hyundai 2900 LC-3 маркийн экскаваторыг тээвэрлэхдээ Монгол Улсын “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” MNS5345:2011 стандартын 5.8.1.1-д “автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь зургаан голтой тээврийн хэрэгслийн бүх жин нь 44 тонн байна“ гэх заалтыг зөрчиж, ачааг 4,8 тонноор хэтрүүлсэн, мөн стандартын 5.8.1.2-т “Автотээврийн хэрэгслийн уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь чиргүүлийн урт 12 м, ачааны автомашин ба чиргүүлээс бүрдсэн авто угсраанд 18 м 75 см байна “ гэж заасан заалтын шаардлагыг хангаагүй ба тухайн авто угсраа нийт урт нь 20 м 28 см байсан болохыг тогтоосон. /1 дүгээр х.х 66-67, 69-70, 74-77, 80-82, 105-156 тал/

          Шүүх хэргийн маргааны зүйлийг тодруулахаар шинжээчээр автотээврийн мэргэшсэн инженер Б.Д-ыг томилж, шинжээчийг дуудан хууль сануулан дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцах тул уг дүгнэлтийг эргэлзээтэй, тодорхой бус, үндэслэлгүй гэж үзэх үндэслэл буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан нөхцөл байдал зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. /1 дүгээр х.х-ийн 162-163, 235-236 тал/

          Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-5.1.6-д “...даатгуулагч нь замын хөдөлгөөнд оролцох үеийн осол аваар, гал түймэр, тэсрэлт дэлбэрэлт, байгалийн бүх төрлийн эрсдэл, ажиллаагүй байх үеийн буюу гараж, зогсоол, даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, жолоо шилжүүлсэн үеийн эрсдэлүүд үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцсон байх ба даатгагчийн даатгалын зүйлд хохирол учирсан шалтгаан нь дурдсан тохиолдолд хамаарахгүй байгаа нь хариуцагчийн тайлбар, даатгалын гэрээ, хэрэгт авагдсан баримтууд болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 4-10, 159-160, 179-190, 2 дугаар х.х-ийн 1-3 тал/

      Өөрөөр хэлбэл гэрээний 7.1.-д даатгагчийн зүгээс даатгалын нөхөх төлбөр олгохгүй байх 18 тохиолдлыг заасан байх ба хариуцагчийн зүгээс тайлбарлаж буй гэрээний 7.6.-д “...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ...стандарт хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэсэн” гэх заалтад хамаарахаар байна.  

         Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэглэн олгохоос татгалзах эрхтэй.

          Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг зам тээврийн осол гэж тодорхойлсон ба цагдаагийн байгууллага нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй талаар мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заажээ.    

       Нэхэмжлэгч нь дээрх ослын шалтгаан нөхцөлийн талаар цагдаагийн газраар шалгуулаагүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй байна.  

       Хэрэгт баримтаар Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15-2/404, мөн Бүртгэл хяналтын төвийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 22/545 тоот албан бичгүүдээр нэхэмжлэгч нь тухайн ачааг тээвэрлэхдээ эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй гэж үзэхээр байна. /1 дүгээр х.х-ийн 155, 176-177 тал/

        Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч “НЛ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй.

       Шүүх хариуцагч “ПД” ХХК-ийн хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд хариуцагч нь шинжээчийн ажлын хөлс төлөөгүй, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасан журмын дагуу тус шүүхийн Тамгын газар нь 1.600.000 төгрөгийг гаргуулж, шинжээч Б.Д-д төлсөн болно. /1 дүгээр х.х-ийн 248-250 тал/

          Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “ПД” ХХК-иас 1.600.000 төгрөгийг гаргуулж, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгох нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “ПД” ХХК-д холбогдох 42.157.400 төгрөг гаргуулах тухай “НЛ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “НЛ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368.800 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01062 дугаартай захирамжаар ”шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах”-аар авсан арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хугацаагаар хэвээр байхыг дурдсугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.2, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар хариуцагч “ПД” ХХК-иас 1.600.000 төгрөг гаргуулж, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгосугай.

       5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

       6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                                 Ж.ЦЭНГЭЛ