Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/01080

 

 

                             “Н л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                               иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01802 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2130 дугаар магадлалтай,

“Н л” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

“П д”  ХХКхолбогдох

Даатгалын нөхөн төлбөрт 42,157,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Э.Б-гийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н л” ХХК нь “П д”  ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 42,157,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01802 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “П д”  ХХК-д холбогдох 42,157,400 төгрөг гаргуулах тухай “Н л” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Н л” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368,800 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.     

3. Нийслэлийн  Иргэний  хэргийн  давж  заалдах  шатны шүүхийн 2020 оны 10 дугаар

сарын 14-ний өдрийн 2130 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01802 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан “П д”  ХХК-аас 42,157,400 төгрөг гаргуулж “Н л” ХХК-д олгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Н л” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368,800 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “П д”  ХХК-аас 368,800 төгрөг гаргуулж “Н л” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 368,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч Э.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэж, давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ “даатгалын тохиолдол нь гэрээний 5.1.3-т заасан байгалийн эрсдэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа” гэж тайлбарласан ч тус үндэслэлийнхээ талаар магадлалдаа огт дурдахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тул магадлалыг эс зөвшөөрч байна. Үүнд:

4.1. Талууд гэрээндээ эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах, стандарт хэмжээнээс хэтэрсэн ачаа чиргүүл ачиж тээвэрлэсэн гэсэн ерөнхий заалт оруулсан байгаа боловч тухайн тохиолдлыг нарийвчлан тохироогүй, уг ослыг гэрээний 7.6, 7.9 дэх заалтад хамааруулан үзэх боломжгүй байна гэжээ. Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээнд тухайн даатгалын тохиолдол нь гэрээний 5.1.1-ээс 5.1.6-д заасан эрсдэлд хамаарч байвал нөхөн төлбөр олгох, 7.1-ээс 7.18-д заасан олгохгүй нөхцөлд хамаарч байвал нөхөн төлбөр олгохоос татгалзана гэдгийг тохиролцсон нь тодорхой байна.

4.2. Нэхэмжлэгч талаас Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад тус хорооноос “П д”  ХХК нь нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан нь үндэслэлгүй гэсэн хариуг өгчээ гэжээ. Тус хорооны 2018.10.30-ны өдрийн 9/4194 дүгээр албан тоотоор нэхэмжлэгч талаас гаргасан гомдлыг шийдвэрлэсэн бөгөөд тус албан тоотод дурдахдаа “... 36-28 ӨМҮ тээврийн хэрэгслээр гүйцэтгэсэн тээвэрлэлтийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, стандарт хэмжээнээс хэтэрсэн, усны түрлэгээс үүдсэн газраас шалтгаалсан хохирол үүссэн эсэхийг тогтоосон талаар нотлох баримтгүй байх тул даатгалын гэрээний 5.1-д заасан даатгалын эрсдэл учирсан гэж үзэн даатгагч нь даатгалын нөхөн төлбөр олгохоор байна” гэсэн дүгнэлтийг хийсэн. Тус хороонд аливаа этгээдээс гаргасан гомдлыг хэлэлцэхдээ талуудыг байлцуулдаггүй, шинжээч томилуулах болон төрийн байгууллагаас шаардлагатай нотлох баримтуудыг гаргуулах зэрэг ажиллагаа хийгддэггүй бөгөөд бидний зүгээс иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэдгээ Санхүүгийн зохицуулах хороо, даатгуулагч талд илэрхийлсэн талаар шүүх хуралдааны явцад тайлбарласан.

4.3. Тээвэрлэлтийн явцад чиргүүлийн хөндлөн травис, чиргүүлийн тавцан хугарч даатгалын тохиолдол бий болсонд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасан даатгалын нөхөн төлбөр төлөхөөс татгалзах үндэслэлүүд хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна гэжээ. Нэхэмжлэгч нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа автотээврийн дүрэм болон стандартын дагуу эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, стандарт хэмжээнээс хэтэрсэн ачаа ачсан болох нь Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм, Овор ихтэй ачааны тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага буюу МNS 5345:2011 стандарт, Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага буюу МNS 4598:2011 стандартын холбогдох заалтууд болон шинжээчийн дүгнэлт, Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны албан бичгүүдээр нотлогдсон байхад баримтаар тогтоогдоогүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Иймд, давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгч “Н л” ХХК-аас хариуцагч “П д”  ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 42,157,400 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өөрчилсөн.

7. Нэхэмжлэгчээс “... “Н л” ХХК нь ачаа тээвэр, ложистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул эрсдэлээс сэргийлж “П д”  ХХК-тай 10 ширхэг хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан. 40,000,000 төгрөгийн даатгалын үнэлгээтэй орсон 36-28 ӨМҮ улсын дугаартай автомашины 53-11 ТЧ улсын дугаартай чиргүүл нь 2018.09.07-ны өдөр Улаанбаатар хотоос Багахангай дүүрэг рүү экскаватор тээвэрлэх замдаа чиргүүлийн хөндлөн травис, чиргүүлийн тавцан, чиргүүл бүхэлдээ хугарч даатгалын тохиолдол бий болсон. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон 30,800,000 төгрөгийн хохирлын даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар “П д”  ХХК-д хандсан боловч гэрээний 7.6, 7.9 дэх заалтуудыг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Уг татгалзсан шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооноос хянан үзээд үндэслэлгүй болохыг тогтоож, даатгалын нөхөн төлбөр олгохыг үүрэг болгосон. Иймд даатгалын гэрээний 8.1-д зааснаар автомашины техникийн эвдрэл, хохирлын нөхөн төлбөрт 27,450,000 төгрөг, мөн гэрээний 10.4, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги 13,725,000 төгрөг, үнэлгээний зардал 982,400 төгрөг, нийт 42,157,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү ...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Тухайн тохиолдлыг даатгалын гэрээний 7.6, 7.9-д хамрагдахгүй нөхцөлүүдэд заасан байна. Тус тээврийн хэрэгсэл нь жалгыг өнгөрөхөөр замаар бус замын хажуугаар гарах оролдлого хийснээр чиргүүл хугарсан буюу даатгуулагчийн буруутай зөрчлийн улмаас даатгалын тохиолдол бий болсон. Мөн шинжээчийн дүгнэлтээр уг тээврийн хэрэгсэл стандарт хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэсэн гэдэг нь тогтоогдсон, 2018.09.07-ны өдөр Улаанбаатар хотоос Багахангай дүүрэг рүү экскаваторыг тээвэрлэхдээ Цагдаагийн байгууллагаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй болох нь баримтаар тогтоогдсон, даатгалын тохиолдолд хамаарахгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж маргажээ.  

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “... Талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан хүчин төгөлдөр даатгалын гэрээ байгуулагдсан, нэхэмжлэлийн шаардлага нь даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-5.1.6-д дурдсан тохиолдолд хамаарахгүй, харин даатгагчийн зүгээс нөхөх төлбөр олгохгүй байх гэрээний 7.6-д ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ... стандарт хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэсэн” гэх заалтад хамаарахаар байна ... шинжээчийн дүгнэлтээр “... нэхэмжлэгч нь даатгалын зүйл болох автомашин, чиргүүлээр экскаваторыг тээвэрлэхдээ Монгол Улсын автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага MNS5345:2011 стандартын 5.8.1.1-д “... 44 тонн байна” гэх заалтыг зөрчиж ачааг 4,8 тонноор хэтрүүлсэн, 5.8.1.2-т “... 18м 75 см байна” гэж заасан шаардлагыг хангаагүй ба автотээврийн хэрэгслийн уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээг зөрчиж, авто угсраа нийт урт нь 20 м, 28 см байсан болохыг тус тус тогтоосон ...  Хэрэгт авагдсан баримтаар Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас тухайн ачааг тээвэрлэхдээ эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй ...”  гэж дүгнэсэн.

9. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа “... Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-5.1.6-д заасны дагуу даатгалын эрсдэлийн төрлийг тодорхойлно, гэрээний 7.1.7-7.1.18 хүртэлх заалтаар даатгалд нөхцөлүүд буюу нөхөн төлбөр олгохгүй үндэслэлийг заажээ. Харин талууд гэрээндээ ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах, стандарт хэмжээнээс хэтэрсэн ачаа чиргүүл ачиж тээвэрлэсэн гэсэн ерөнхий заалт оруулсан байгаа боловч тухайн тохиолдлыг нарийвчлан тохироогүй, уг ослыг гэрээний 7.6, 7.9 дэх заалтад хамааруулан үзэх боломжгүй байна. Тээвэрлэлтийн явцад чиргүүлийн хөндлөн травис, чиргүүлийн тавцан хугарч даатгалын тохиолдол бий болсонд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасан даатгалын нөхөн төлбөр төлөхөөс татгалзах үндэслэлүүд хэргийн баримтаар тогтоогдоогүй ...” гэсэн зөрүүтэй дүгнэлт хийжээ.

10. Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзлээ.

11. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7-д даатгалд хамрагдахгүй нөхцөлийг 7.1-7.18-д нэг бүрчлэн заасан ба 7.6-д “... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, эсвэл ... стандарт хэмжээнээс хэтэрсэн ачаа ... ачиж тээвэрлэсэн” гэж тодорхой заасан, хэрэгт авагдсан (шүүхийн томилсон) шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч стандарт зөрчин ачаа тээвэрлэсэн болох нь тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх “талууд ерөнхий заалт оруулсан боловч тухайн тохиолдлыг нарийвчлан тохироогүй... даатгалын тохиолдолд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй буюу үгүйсгэж буй үндэслэл нь тодорхойгүй байна. Даатгалын тохиолдол бий болоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

12. Иймд “... давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй ...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

13. Түүнчлэн хавтаст хэргийн 21 дэх талд авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2018.10.30-ны өдрийн 9/4194 дугаар албан бичигт “... 36-28 ӨМҮ тээврийн хэрэгслээр гүйцэтгэсэн тээвэрлэлтийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, стандарт хэмжээнээс хэтэрсэн, усны түрлэгээс үүдсэн газраас шалтгаалсан хохирол үүссэн эсэхийг тогтоосон талаар нотлох баримтгүй байх тул даатгалын гэрээний 5.1-д заасан даатгалын эрсдэл учирсан гэж үзэн даатгагч нь даатгалын нөхөн төлбөр олгохоор байна... Дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл ... маргааныг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй.” гэсэн бөгөөд тухайн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтаар даатгалын зүйлд учирсан хохирол нь даатгалын тохиолдолд буюу эрсдэлд хамаарахгүй болох нь тогтоогдсон, иймээс “уг баримтаар даатгалын тохиолдол бүрдсэн нь тогтоогдсон” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй болно. 

14. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2130 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01802 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 368,740 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.ЭРДЭНЭСУВД

                                ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                                      Н.БАЯРМАА

                                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                                        Б.МӨНХТУЯА