Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2020/02099

 

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2020/02099

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, ..... хороо, ...... хороолол, ...... гудамж, ..... байр, ..... тоот хаягт оршин суух, Э.М-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, .... хороо, ..... хороолол, ..... байр, .... тоот хаягт оршин суух бүртгэлтэй, ..... дүүрэг, ..... хороо, .... дугаар байр, .... тоот хаягт оршин суух, Б.Б-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 24.150.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г,

Хариуцагч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Иргэн Э.М нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Б-тай зээлийн гэрээ байгуулан 16.100.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 2 сар 14 хоногийн хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн.

Зээлийн гэрээний 3.1-т Зээлдэгч зээлийг гэрээгээр тохирсон хугацаанаас өмнө зээлсэн мөнгийг бүгдийг болон хэсэгчлэн төлж болно. Энэ хоёр талын гарын үсэг эсхүл банкны баримтаар баталгаажна,

3.2-т Гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаас хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно,

2.6-д Анз: Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдүүлэгчээр төлүүлнэ гэж заасан.

Иргэн Б.Б нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй зээлийг хугацаанд нь буцаан төлөхгүй байна.

Хариуцагчийн тайлбарлаад байгаа С-О ХХК болон Ц.Н ХХК нарын хоорондох маргаантай асуудал 2015 онд дууссан.

Харин Э.М, Б.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн харилцаа 2016 онд үүссэн. Тэдний хооронд төлбөр тооцоо байгааг хүлээн зөвшөөрч, 24.000.000 төгрөг төлөх үүрэгтээ Б.Б нь худаг гаргаж өгөхөөр тохиролцсон баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн байна.

Уг баримтад Б.Б нь өөрөө гарын үсэг зурж баталгаа гаргаж өгсөн учир энэ баримтаар талуудын хооронд зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан болохыг нотолж байна.

Талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа бөгөөд мөнгө хүлээлгэж өгсөн баримт байхгүй боловч хариуцагчаас гаргаж өгсөн Өр авлага барагдуулах тухай баталгаагаар нотлогдоно гэж үзэж байна.

Иймд Б.Б-с үндсэн зээл 16.100.000 төгрөг, алданги 8.050.000 төгрөг, нийт 24.150.000 төгрөгийг гаргуулж Э.М-д олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ш шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 

Б.Батбаяр миний бие нь Э.М-тай 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч түүнээс 16.100.000 төгрөгийг гардаж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Б.Б нь 2014 оноос Ц.Н ХХК-д ажиллаж байхдаа С.О ХХК болон Ц.Н ХХК нарын хооронд дараа төлөх нөхцөлтэй түлш нийлүүлэх гэрээ байгуулагдахад зуучилж өгсөн. Дээрх 2 компанийн хоорондох түлшний төлбөрийн асуудал шүүхээр шийдвэрлэгдэж, Ц.Н ХХК нь 54.670.500 төгрөгийг С.О ХХК-д төлөхөөр болсон. Шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Н ХХК нь төлбөрөө төлөхгүй байсан учраас анх зуучилж өгсөн хүн болох Б.Б-с төлбөр төлөхийг шаардахад нь тэрээр өөрийн 2013 онд 73.000.000 төгрөгөөр худалдаж авсан Хово маркийн авто машиныг төлбөрт тооцож өгөхөөр тохиролцсон.

Тухайн үед уг машин нь авто ломбардад 16.100.000 төгрөгийн зээлийн барьцаанд байсныг С.О ХХК нь төлснөөр барьцаанаас чөлөөлж өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Ингэхдээ авто машины үнэлгээн дээр тохироогүй буюу өр төлбөрт хүрэлцэхгүй байгаа учраас ломбардад төлсөн 16.100.000 төгрөгийг төл, одоо мөнгө байхгүй бол Э.М зээлийн гэрээ байгуулж баталгаажуулна гэсний дагуу зээлийн гэрээ байгуулагдсан.

Өөрөөр хэлбэл Э.М гэх хүнээс Б.Б нь зээлийн гэрээний дагуу бодитой 16.100.000 төгрөг хүлээж аваагүй юм.

Улмаар гэрээнд зааснаар алданги тооцоход 17.000.000 төгрөг болсон гэдгийг сануулж байсан бөгөөд Б.Б-т төлөх боломжгүй байсан, 17.000.000 төгрөг нь цаашлаад 24.000.000 төгрөгийн өр авлага болсон.

Ингээд С.О ХХК болон Б.Б нарын хооронд бэлнээр мөнгө өгч чадахгүй байгаа бол Сүхбаатар, Дорнод аймагт байрлах манай компанийн аж ахуйн газарт хоёр ширхэг гүний худаг гаргаж өгөх, худаг гаргахтай холбогдох бүх зардлыг бүрэн хариуцаж, уг ажлыг 2019 оны 11 сарын 16-ны өдрийн дотор хүлээлгэж өгөх тухай хэлэлцээр буюу баталгааны баримт үйлдэгдсэн.

Б.Б заасан газарт худаг гаргахаар очсон боловч тухайн нутаг дэвсгэрт С.О ХХК нь газар эзэмших эрхгүй, худаг гаргах зохих зөвшөөрөлгүй байсан учраас худаг ухах боломжгүй байсан учир уг ажлыг гүйцэтгээгүй юм.

Өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Ц.Н ХХК, С.О ХХК-ийн хоорондох маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, түүний дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Эдгээр баримтаас Ц.Н ХХК нь 54.670.500 төгрөгийг С.ОХХК-д төлөхөөс 320.000 төгрөгийг төлсөн, үлдэх 54.350.500 төгрөгийн төлбөрт Б.Б нь өөрийн 6851 УНУ улсын дугаартай Хово маркийн авто машиныг тооцож төлөхөөр харилцан тохиролцсоноор уг ажиллагаа дуусгавар болсон нь тогтоогдож байна.

Үүнээс үзвэл Б.Б болон С.О ХХК нарын хооронд 16.100.000 төгрөгийн өр төлбөрийн асуудал байгаа бөгөөд Б.Бямар нэгэн төлбөр төлөх үүрэгтэй бол Э.М-д биш С.О ХХК-ийн өмнө төлбөр төлөх үүрэгтэй. Үүнийг дээрх баталгаанд С.О ХХК, захирал Э.М гэж тодорхой бичсэн байгаагаар нотолж болно

Өөрөөр хэлбэл Б.Б нь Э.М гэх хүнээс мөнгө хүлээж аваагүй, зээлийн гэрээ байгуулагдсан боловч түүнээс бодитоор мөнгө хүлээж аваагүй.

Тиймээс нэхэмжлэгч Э.М нь С.О ХХК-ийн өмнөөс үүрэг шаардаагүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхээр байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2016.08.17-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Б.Б нь С.О ХХК-ийн өмнө тодорхой хэмжээний төлбөр төлөх үүрэг байгаа ч иргэн Э.М-ийн өмнө үүрэг хүлээгээгүй бөгөөд тэрээр С.О ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд болох нь тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Б.Б-с зээлийн гэрээний үүрэгт 24.150.000 төгрөг гаргуулах тухай Э.М-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Б.Бхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 16.100.000 төгрөг, алданги 8.050.000 төгрөг, нийт 24.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Б нь талуудын хооронд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний зүйл болох 16.100.000 төгрөгийг бодитой хүлээж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан.

 

Талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Э.Мнь 16.100.000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 2 /хоёр/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаатай, хүүгүй зээлдүүлэх,

Зээлдэгч Б.Б нь зээлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний дотор зээлдүүлэгчид эргүүлэн төлөх, хэрэв хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар тооцож зээлдэгчид алданги төлөх,

Зээлийг, гэрээгээр тохирсон хугацаанаас өмнө бүгдийг, эсхүл хэсэгчлэн төлж болохоор тохиролцсон байна. /хх-ийн 5 тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, хариуцагчаас шүүхэд ирүүлсэн баталгаа зэрэг баримтаар тогтоогдоно гэж тайлбарласан.

 

Хэргийн 25 дугаар талд авагдсан баримтад Б.Б нь С.О ХХК-ийн захирал Э.М.-с зээлж авсан 17.000.000 төгрөг, алданги 7.000.000 төгрөг, нийт 24.000.000 төгрөгийн өр авлагыг тус компанийн Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөн буйр сумын нутаг дэвсгэрт байх аж ахуйн газарт 2 ширхэг гүний худгийг гаргах, уг ажлын зардлыг өөрөө хариуцах, ажлыг 2019.11.06-ны өдрөөс 2019.11.16-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэснээр төлбөр тооцоо дууссан акт үйлдэж, хуулийн албанд хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ. /хх-ийн 25 тал/

 

Уг баримтаас үзэхэд нэхэмжлэгч Э.М нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний зүйл болох 16.100.000 төгрөгийг хариуцагч Б.Б-тхүлээлгэн өгсөн талаар тусгагдсан гэж үзэх боломжгүй, харин Б.Б болон С.О ХХК-ийн хоорондох өр авлагыг барагдуулах талаар тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтаас үзэхэд талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Э.М нь 16.100.000 төгрөгийг зээлдэгч Б.Б-ын өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэх үзэх байдал нь тогтоогдсонгүй.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2-т Гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэжээ.

Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангаж байх тул тэдний хооронд гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэх боловч зээлийн гэрээний үндсэн шинж нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар тодорхойлогдох учраас зээлдүүлэгч нь 16.100.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлж өгсөн гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр байгуулсанд тооцдог.

Үүнээс үзэхэд зээлдэгч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

Нэхэмжлэгч Э.М нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр 16.100.000 төгрөгийг хариуцагч Б.Б-ын өмчлөлд бодитойгоор шилжүүлэн өгснийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэгэнт зээлдүүлэгч Э.М нь зээлийн гэрээний зүйл болох 16.100.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн нь тогтоогдохгүй байх тул зээлдэгч Б.Б-т зээлийн гэрээний үүргийг эргүүлэн төлөх үүрэг үүсээгүй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Б.Б-с үндсэн зээл 16.100.000 төгрөг, алданги 8.050.000 төгрөг, нийт 24.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.М-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 736 тоот шийдвэрээр хариуцагч Б.Б эрэн сурвалжилж, түүний оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгасан, шүүхийн шийдвэрийн дагуу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр түүний оршин суух хаягийг олж тогтоосон, нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2020.04.22-ны өдөр шүүхэд гаргажээ. /хх-ийн 3-4 тал/

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн хуулийн 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан бөгөөд хариуцагч Б.Б-г  эрэн сурвалжилж, түүний оршин суух хаягийг Цагдаагийн байгууллага тогтоосон зэрэг баримтаас үзэхэд талуудын хооронд 2016 оны 08 сарын 17-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа тасалдаж, шинээр тоологдсон гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг мөн хугацаагаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Б-с үндсэн зээл 16.100.000 төгрөг, алданги 8.050.000 төгрөг, нийт 24.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.М нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.М-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ