Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 568

 

                                                      Ц.Б-д  холбогдох

                                               эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

хохирогч Ц.Г,

шүүгдэгч Ц.Б,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/564 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2006 01065 0766 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ц-н Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт .................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/;

Ц.Б нь Баянзүрх дүүргийн .......... тоотоос 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ц.Г-н эзэмшлийн 3.8 граммтай монетон бөгж нэг ширхэг, 5.1 граммтай, шигтгээ нь 0.4 граммтай монетон нэг хос ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 872.200 төгрөгийн, 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 3 граммтай улаан өнгийн шигтгээтэй монетон бөгж нэг ширхэг, 3.4 граммтай цулгуй монетон бөгж нэг ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 627.200 төгрөгийн буюу нийт 1.499.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Ц-н Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-г 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Ц.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

              Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хэргийг хянуулж байна. ...

1. Анхан шатны шүүх хуралдаанд намайг Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх эрхээр хангасангүй. Энэ чухал, амин чухал эрхийг минь эдлүүлсэнгүй. Миний бие дээрх хуульд заасан өмгөөлүүлэх эрхээ эдлээгүйн улмаас хуулийн мэдлэггүй, биеэ авч явж чадахгүй, айж сүрдэж явсан байдал маань нөлөөлж, болсон явдлыг үнэн зөв мэдүүлж, өөрийгөө өмгөөлж чадахгүйд хүргэлээ.

2. Хохирогч Ц.Б, Ц.Г нарын мэдүүлэгт дурдагдсан “3 ширхэг бөгж, хос ээмэг” зэрэг нь миний эгч Ц.Г-н эзэмшлийн эд зүйлс биш, харин миний талийгаач ээжийн эд зүйлс байсан бөгөөд хууль ёсны эзэмшигч нь миний эцэг Н.Ц юм. Эдгээр эд зүйлсийг миний эгч Ц.Г гэртээ хадгалж байсан. Энэ талаар тодруулж, уг хулгайлсан гэх эд зүйлүүд хэний эзэмшлийн, өмчлөлийн эд зүйлүүд байсныг үндэслэлтэй, үнэн зөв тогтоож өгсөнгүй. Ялангуяа миний эцэг Н.Ц, миний төрсөн эгч Ц.Г нараас асууж тодруулах байсан юм гэж бодож байна. Шийтгэх тогтоолд “хохирогч Ц.Б” гэж бичигдсэн атал прокурорын яллах дүгнэлтэд энэ тухай бичигдээгүй “гэрч” гэж бичигдсэн нь надад эргэлзээ төрүүлж байна.

3. Би дээрх эд зүйлийг хулгайлаагүй. Энэ үйлдлийг санаатай үйлдээгүй. Надад тийм санаа зорилго анхнаасаа байгаагүй. Би энэ эд зүйлсийг ломбарданд мөнгөний хэрэгцээ гарсан тул түр тавиад эргүүлж өгөх бодолтой байсан. Миний сэтгэлийн угт дээрх эд зүйлс “миний эхийн юм шүү” гэсэн бодол үргэлж уяатай байдаг байсан бөгөөд “алга болгож ерөөсөө болохгүй” гэсэн андгайтай байсан. Дээрх зүйлсийг би хүнд өгөөгүй, бусдад зараагүй, үрж алга болгоогүй, бүрэн бүтнээр нь хамгийн найдвартай газар түр хадгалуулж байсан. Би гэнэн томоогүйн харгайгаар анх удаа хэрэгт холбогдлоо. Хийсэн үйлдлээ маш сайн ойлгож, гэмшиж байна. Иймд дээрх байдлыг харгалзан надад холбогдох хэргийн үнэн зөвийг олуулахаар хэргийг прокурорт буцааж, шалгуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ц.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Уг эд зүйлс нь манай талийгаач эхийнх байсан юм. Би зүгээр л хадгалж байсан. Манай эцэгт үлдээснийг нь би гэртээ хадгалж байсан. ... Ц.Б-д  уг эд зүйлийг захиран зарцуулах эрх байгүй. ...” гэв. 

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ц.Б-д  өмгөөлүүлэх эрхийг мөрдөн байцаалтын шатнаас нь эхлэн танилцуулсан. Хохирогч Ц.Г-н гэрээс алдагдсан тухайн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авснаар энэ гэмт хэрэг төгс үйлдэгдсэн гэж үзсэн. Шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. Хохирогч нь “би шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн. Прокурорын зүгээс Ц.Б-тай 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар тохирсон. Шүүх Ц.Б-д  300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

        ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ц.Б нь ...........тоотоос 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ц.Г-н эзэмшлийн 3.8 граммтай монетон бөгж нэг ширхэг, 5.1 граммтай, шигтгээ нь 0.4 граммтай монетон нэг хос ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 872.200 төгрөгийн, 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 3 граммтай улаан өнгийн шигтгээтэй монетон бөгж нэг ширхэг, 3.4 граммтай цулгуй монетон бөгж нэг ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 627.200 төгрөгийн буюу нийт 1.499.400 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Г-н “... манай гэрээс миний эзэмшлийн 3 монетон бөгж, 1 хос ээмэг алга болсныг мэдсэн. Тэгээд дүү Ц.Б-с асуухад эхлээд аваагүй гээд байснаа сүүлд нь ломбарданд барьцаанд тавьчихсан гэж байсан. Ц.Б-д  миний ээмэг, бөгжийг захиран зарцуулах эрх байхгүй. ...” /хх 16-17/,

гэрч Ц.Б “... эхнэр бид хоёр эхнэрийн дүү Ц.Б руу залгаад “чи хүүхдийн сэйфнээс мөнгө авсан уу” гэхэд “аваагүй” гэсэн. Тэгэхээр нь би “цагдаад мэдэгдлээ шүү” гэсэн чинь “тэг, тэг” гэсэн. Тухайн өдөр Б-тай уулзахад эхнэрийн 3 ширхэг монетон бөгж, 1 хос монетон ээмгийг ломбарданд тавьсан байсан. ...” /хх 34/,

гэрч Б.Б “... манай “Начин заан” барьцаат зээлийн газарт 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Б нь барьцаат зээлийн гэрээгээр монетон бөгж 585 сорьцтой, 2 ширхэг бөгж, нийт 6.4 граммтай эд зүйлийг барьцаалж 360.000 төгрөгийг авсан байна. Үүнээс хойш 1 удаа гэрээ сунгаж байгаад 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Ц.Б нь өөрөө 375.980 төрөг төлөөд зээлээс чөлөөлж эд зүйлээ авсан. ...” /хх 20-21/,    

гэрч Б.М “... манай “Банбан” барьцаат зээлийн газар Ц.Б нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээгээр 3.8 граммтай 1 ширхэг монетон ээмэг, шигтгээ нь 0.4 граммтай 1 хос ээмэг зэргийг нийт 450.000 төгрөгөөр барьцаалсан байна. Хоёр удаа гэрээний сунгалт хийгээд 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 486.750 төгрөгийг бэлнээр төлөөд эд зүйлээ авсан байна. ...” /хх 22-23/ гэх мэдүүлгүүд,  

барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх 4/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 35-36/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-н хохирогч Ц.Г-н гэрээс эд зүйл хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг /хх 62/ прокурорт гаргасныг хүлээн авч прокуророос Ц.Б-д  280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргаж, энэ талаар түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг анхаарч үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнээс хальж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан, шүүгдэгчид 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хуульд нийцэхгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Ц.Б-д  оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгаж, прокурорын саналын хүрээнд 280 цаг болгон шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б-с “... өмгөөлөгчгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж миний эрхийг зөрчсөн, би эд зүйлсийг хулгайлаагүй, найдвартай газар түр хадгалуулж байсан, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн этгээд тухайн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлдөө нууц аргаар авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс уг гэмт хэргийг төгссөнд тооцдог учиртай.

Хэрэгт авагдсан хохирогч Ц.Г-н “... Ц.Б манай гэрээс монетон ээмэг, бөгж авахдаа надад хэлээгүй нууцаар авсан. Ц.Б-д  миний ээмэг, бөгжийг захиран зарцуулах эрх байхгүй. ...” /хх 16-17/ гэсэн мэдүүлгээр алдагдсан эд зүйлс нь Ц.Г-н эзэмшилд байсан, шүүгдэгч Ц.Б нь хохирогчийн эд зүйлийг гэрээс нь нууцаар, хууль бусаар авсан нь тогтоогдож байх тул түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өмгөөлөгчөө өөрөө сонгоно.” гэж заасан ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдааны өмнө өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ өөрөө бичгээр гаргасныг /хх 67, 80/ шүүх хүлээн авч, хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Ц.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.