Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2018/01461/и |
Дугаар | 1905 |
Огноо | 2020-05-26 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 1905
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Н.Сарангүн, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Г нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.О ,
Хариуцагч: “Б ” ХХК холбогдох,
Гэм хорын хохиролд 13 963 800 төгрөг, ажлын доголдлыг засуулахад гарсан зардал 11 115 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагч бөгөөд хариуцагч “Б ” ХХК-ийн төлөөлөгч Н.О, хариуцагч нарын өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Г.Г миний бие 2015 оны 8 сард Т.О тэй харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг “Т*******” хотхоны 1*** тоот орон сууцандаа их завсар хийлгэхээр болж, хийсэн ажлын хөлсөнд 170 сая төгрөгийг төлсөн бөгөөд хийх ёстой ажлаас хийгдээгүй ажил үлдсэн болон зарим ажлын чанар хангалтгүй байсан зэрэг учир шалтгааны улмаас үлдэгдэл мөнгийг тухайн ажлуудыг хийж дууссаны дараа төлөхөөр тохиролцож шийдвэрлэсэн. Гэтэл Т.О нь үлдэгдэл мөнгийг төлөхгүй байна гэх ямар ч шалтаг шалтгаангүйгээр 2016 оны 01 сарын 28-ны өдөр хүмүүс дагуулж ирэн бүлэглэн танхайрч орон сууцны гаднах шат, хана, хашаа, усны хоолой зэрэг бусад эд хөрөнгийг устгаж гэмтээсэн. Түүний энэ хууль бус үйлдэлтэй холбоотой гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан бөгөөд Т.О т холбогдуулан 201626030265 дугаар хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн шалгасан. Улмаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 234 дүгээр тогтоол гарч Т.О нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж 13 963 800 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон боловч гэмт хэргийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн. Энэхүү 234 дүгээр прокурорын тогтоолыг дээд шатны прокурорууд хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд учирсан хохирлоо иргэний журмаар шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгсөн болно. Иймд Т.О ээс бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний хохиролд 13 963 800 төгрөгийг нэхэмжилж байна. Засвар эхлээд 1 сар хийх байсан боловч 2 сар болж, 9 сараас хичээл эхэлсэн тул засварын ажлыг зогсоож гадна тохижилт, гараашийн ажил үлдээд цаг дулаарахаар хийнэ гэж түр зогсоосон. Дөнгөж орсны дараа цахилгаан, сантехник, камин зуух, цонх цантдаг гэх мэт доголдлууд гарсан. Энэ талаар Т.О т мэдэгдээд энэ доголдлоо зассаны дараа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн мөнгөө өгнө гэдгээ мэдэгдсэн. Камин зуух болон хоёр давхарын өргөтгөлийн дээвэр бороо орсоны улмаас дусаал дуссан зэрэг доголдлыг бусдаар засуулсан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгасан зардал болох өргөтгөлийн барилгын дээврийг зассан 6 115 000 төгрөг, камин зуух буулган, шинээр хийсэн зардал 5 000 000 төгрөг, нийт 11 115 000 төгрөгийг “Б ” ХХК-аас нэхэмжилж байна. Иймд хариуцагч Т.О ээс бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний хохиролд 13 963 800 төгрөгийг, хариуцагч “Б ” ХХК-аас ажлын доголдлыг засуулахад гарсан зардал 11 115 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Т.О , “Б ” ХХК нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Г.Г ын эхнэр миний найз Т.С гэртээ засвар хиймээр байна, найздаа тооцоо гаргаж өгөөч, хэр үнэтэй болохыг нь үзмээр байна гэснээр гэрт нь 3 удаа очиж ямар ч зураг байхгүй өөрсдийнх нь хүсэл санааг тусгаж үнэ төлбөргүйгээр засварын ажлын төсөв гаргаж өгсөн. Уг төсөв нь 217 297 742 төгрөг болсон. Хэд хоногийн дараа Т.С залгаад уулзахад миний гэр орон учраас найдвартай хийлгэх хүн олдохгүй байна чи хийгээд өгөөч гэж гуйсан. Би айлын засвар хийж үзээгүй, харин сайн ажилчид өгье гээд салсан. Гэртээ урихад нь очиход Т.С , Г.Г нар чи компаниараа хийгээд өгчих, компаниар мөнгөө төлж НӨАТ авъя, харин гэрээний нэрээ гэрийн засвар гэж хийхгүй, бодож байгаад өөр нэр дээр хийе гэснээр хямдрал үзүүлээд 200 000 000 төгрөгөөр хийхээр болсон. Найзууд байсан учир би хэт итгэснээс болж удаа дараа гэрээгээ хийе гэхээр юу гэсэн нэр дээр хийхээ мэдэхгүй байна гэхэд нь итгээд гэрээ хийхгүй явсаар байтал ажлаа гүйцэтгэж дууссан. Засварын явцад тэд өдөр бүр ирж ажлаа шалгаж, санаагаа байн байн өөрчилж нэг ажлыг олон дахин хийлгэж яг өөрсдийн хүссэнээрээ хийлгэсэн. Өөрсдийнх нь гэр орон учраас бас санаандаа хүртэл хийлгэх нь зөв гэж тухайн үед хүлээн зөвшөөрөөд хийж байсан. Нэмэгдэл маш их өөрчлөлт зардал гарч байсан ба ажил дуусахаар нэгмөсөн тооцох гэхээр нь итгээд явснаар ийм байдалд хүрсэн. Ажил дуусаж гүйцэтгэл гаргахад 238 881 606 төгрөг болсон. Өөрөөр хэлбэл тохиролцсоноос 38 881 606 төгрөгийн илүү ажил хийсэн байсан. Гэвч Т.С , Г.Г нар нь 170 000 000 төгрөг л төлсөн. Ажил дуусахад тэд нар манай ажилчдыг хоол цайгаар дайлж сэтгэлд нь хүрсэн, их сайхан боллоо, баярлалаа гэж хэлсэн бөгөөд манай ажил чанартай болсон таалагдсан гэж үзэж байна. Тооцоо хийж ажлаа хүлээлгэх гэсэн боловч тэд нар утсаа авахгүй болж, мессеж бичихэд хариу өгөхгүй, гэрт нь очихоор хаалгаа онгойлгохгүй, жижүүртээ битгий оруул гээд хэлсэн гээд оруулахгүй санаатайгаар зугтааж эхэлсэн. Т.С тэй уулзаж тооцоогоо тайлбарлаж, хөнгөлөлт үзүүлж хямдруулаад 212 000 000 төгрөгөөр тохирч нэмж 42 000 000 төгрөг өгөхөөр болоод манай нэхэмжлэл тооцоог аваад явсан. Мөнгө орохгүй байхаар нь түүнтэй холбогдоход манай нөхөр өгөхгүй, заргалдаад ав гэж байна гэсэн. Найз нартаа хэтэрхий их итгэж байсан миний итгэл алдарч 2016 оны 01 сарын 19-ний өдөр мөнгөө өгөхийг шаардаад, өгөхгүй бол материалаа буулгаж авна гэсэн албан тоот явуулсан. Энэ албан тоотын хариуг 2016 оны 01 сарын 27-ны өдрийн орой 8 цагийн үед Г.Г өөрийн хоёр найзын хамт халамцуу явж байхдаа надтай таараад өгсөн. Тус бичгийг уншаад манай компанийг үндэслэлгүй гүтгэж, үлдэгдэл мөнгөө өгөхгүйн тулд биднийг залилж байна гэж үзсэнээр би шийдвэр гаргаж хийсэн материалаа буулгаж авахаар маргааш нь болох 01 сарын 28-ны өдөр очиж өөрийн мөнгөөр хийж гүйцэтгэсэн зүйлсээ буулган авч, эргүүлэн зарж борлуулах юмуу, дахин ашиглаж мөнгө болгох зорилгоор буулгаж эхэлсэн. Биднийг буулгаад 10-15 минут болж байхад Т.С гарч ирж цагдаа дуудсан гэснээр ажлаа зогсоож, цагдаа ирсэн. Бидний буулгасан дээврийн ус зайлуулах хоолой бүрэн бүтнээрээ манай компанийн складад хадгалагдаж байгаа ба буулгасан шатны нэг хайс нь эргүүлээд гагнахад л болохоор бүрэн бүтнээрээ, хананы буулгасан чулууны 75 хувь нь эргүүлэн ашиглахад боломжтой хэвээрээ Г.Г ынд байгаа болно. Довжооны чулууг буулгахад хөлдүү учраас хагараад байсан. Ажил дуусах үед Г.Г ын баганан дээрх чулууг манай хөршийн багана шиг болгоод өгөөч гэсэн гуйлтаар хийсэн 2 баганан дээрх чулууг ямар ч үнэгүйгээр зүгээр л бэлэглэх шугамаар хийсэн тул тооцоонд дурдаагүй болно. Бидний энэ хийсэн буулгах ажил маань зөвхөн нэг ч гэсэн материалаа буцааж авч мөнгө болгох зорилготой байсан болохоос биш ийм их мөнгөний авлагатай байж эвдэж сүйтгэж өөрсдөдөө илүү их хохирол учруулах зорилго огт байгаагүй гэдгийг анхаарч үзэхийг хүсэж байна. Т.О намайг гэм буруутайд тооцсон шүүхийн тогтоол шийдвэр байхгүй тул намайг гэм буруутайд тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд гагцхүү гэм буруутайг шүүхээр тогтоох бөгөөд шүүхийн бусаар гэм буруутайд тооцох үндэслэлгүй болох тухай хуульчилсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж нэхэмжилсэн байгаа тул Эрүүгийн хуульд заасан зарчмын дагуу гэм буруутай этгээд л гагцхүү хохирол төлбөрийг хариуцах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Т.О ээс гэм хорын хохирол 13 963 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм.
Г.Г ын гэрт “Б ” ХХК-ийн хийсэн засвараас өөр шинээр засвар үйлчилгээ бусдаар хийлгэсэн төлбөрийг үндэслэлгүйгээр манай компани хариуцан төлөх ёсгүй. Учир нь би Г.Г болон засвар хийсэн компанийн хоорондын гэрээнд оролцсон үүрэг хүлээсэн этгээд биш юм. Манай компани иргэн Г.Г тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байгаагүй, гэрээний харилцаанд ороогүй, түүнд ажил гүйцэтгэж өгөөгүй тул гэрээнээс үүдэлтэй шаардах эрх хэрэгжүүлэх эрхтэй этгээд нь Г.Г биш юм. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасны дагуу захиалагч нь гэрээт ажлын доголдлыг арилгасантай холбоотой зардал нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа нэн тэргүүнд доголдлын талаар гүйцэтгэгчид мэдэгдсэн байх, мөн доголдол арилгах нэмэлт хугацаа олгосон байх шаардлагатай. Гэтэл захиалагч Т.С, нэхэмжлэгч Г.Г нь манай компанид ажлын гүйцэтгэлтэй холбоотой доголдлын талаар шаардлага гаргаж байсан удаа огт байхгүй. Ажлын гүйцэтгэлтэй холбоотой доголдол үүссэн бол гүйцэтгэгч буюу манай компанид нэн тэргүүнд мэдэгдэж, доголдлыг арилгах талаар арга хэмжээ авах ёстой байтал огт мэдэгдэлгүйгээр бусдаар ажил гүйцэтгүүлж, түүний төлбөрийг биднээс шаардаж байгаа нь огт үндэслэлгүй төдийгүй шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Гэрээт ажлын доголдлыг арилгасантай холбоотой зардал нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргах тохиолдолд доголдол үүссэн гэдэг нь тогтоогдсон байх ёстой. Гэтэл манай компанийн хийсэн ажил доголдолтой байсан талаар гарсан эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй. Харин нэхэмжлэгч өөрийн үзэмжээр ажлыг доголдолтой гэж үзэж, бусдаар нэмэлт ажил хийлгэсэн байгаа нь гүйцэтгэгчийн хийсэн ажил доголдолтой гэдгийг нотлох баримт болохгүй. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргах зохицуулалттай. Манай компани Тэнгэр вилла хотхон дахь амины орон сууцны заслын ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгснөөс хойш өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаа өнгөрсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд манай компанид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 05 сарын 08-ны өдөр гаргасан. Энэ өдөр хүртэл хугацаанд бидэнд хийсэн ажлын гүйцэтгэлтэй холбоотой нэг ч гомдлын шаардлагыг гаргаагүй болно. Нэхэмжлэлдээ гэрээт ажлын доголдлыг арилгасантай холбоотой зардал болох 11 115 000 төгрөгийг манай компаниас гаргуулж өгнө үү гэсэн байх боловч уг зардал нь ямар доголдлыг засварлахад гарсан зардал болох мөн уг зардал гаргасан гэдгээ ямар баримтаар нотолж байгаа зэрэг нь тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, нотлох баримт тодорхой байх ёстой. Эс бөгөөс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үздэг. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь юуг үндэслэн, ямар нотлох баримтын дагуу төлбөр шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Иймд дээр дурдсан шалтгаан, үндэслэлүүдийг харгалзан үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Т.О т холбогдуулан гэм хорын хохирол 13 963 800 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдолтой холбогдон гарсан зардал 84 612 133.93 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 02 сарын 04-ний өдөр хамтран хариуцагчаар “Б ” ХХК-ийг оролцуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч нь 2020 оны 05 сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хариуцагч Т.О ээс гэм хорын хохирол 13 963 800 төгрөг гаргуулах, хариуцагч “Б ” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 11 115 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаас 73 497 133.93 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан.
Хариуцагч Т.О нь хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл болон нэмэлт ажлын төлбөрийг төлөхгүй байсан тул өөрийн мөнгөөр хийж гүйцэтгэсэн зүйлсээ буулган авсан, түүний энэ үйлдлийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр байхгүй тул гэм хорын хохирол 13 963 800 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэх,
хариуцагч “Б ” ХХК нь нэхэмжлэгч Г.Г тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, тус компанийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар гүйцэтгэгчид мэдэгдэж шаардаж байгаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.
Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 1*** тоот хаягт байршилтай 388,57 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Г.Г Х болох нь, тус орон сууцанд Г.Г , эхнэр Т.С, хүү Г.Х, Г.Х нарын хамт оршин суудаг болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд хариуцагч нар энэ талаар маргаагүй. /хх1-245, 128, 129, хх2-126 дугаар хуудас/
Хэргийн үйл баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Г.Г , түүний эхнэр Т.С нар нь хариуцагч Т.О т өөрийн орон сууцанд засвар хийлгэх санал тавьсны дагуу хариуцагч Т.О нь “Б ” ХХК-аар ажил гүйцэтгүүлсэн, нэхэмжлэгч нь засварын ажлын төлбөрт 170 000 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч Г.Г , түүний эхнэр Т.С нар нь хариуцагч “Б ” ХХК-ийн захирал Т.О тэй харилцан тохиролцож тус компаниар орон сууцандаа засвар хийлгэж, ажлын хөлс төлсөн болох нь тогтоогдож байх тул зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулагдсан гэж үзэх үндэстэй байна. Ажил гүйцэтгэх гэрээг байгуулахад хэлбэрийн талаар тусгайлсан зохицуулалт байхгүй тул талууд гэрээг амаар байгуулсан нь хууль зөрчөөгүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ засварын ажлыг чанаргүй хийж гүйцэтгэсний улмаас орон сууцны вакум цонх, сантехник, камин зуух, цахилгааны ажлууд нь чанарын шаардлага хангахгүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан тул бусдаар доголдлыг арилгуулсан зардлыг хариуцагч “Б ” ХХК-аар гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргах зохицуулалттай.
Нэхэмжлэгч нь 2016 оны 01 сарын 26-ны өдөр “Б ” ХХК-ийн захирал Т.О т тус компанийн засварын ажлын доголдлын талаар мэдэгдэх боломжгүй байсан учир доголдолтой ажлуудыг бусдаар хийлгэж байгаа талаар дурдсан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч нь тухайн бичгийг 2016 оны 01 сарын 27-ны өдөр авсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх1-80 дугаар хуудас/
Хариуцагч “Б ” ХХК нь нэхэмжлэгчийн орон сууцанд засварын ажлыг 2015 оны 08 сард эхэлж 2 сар орчим хугацаанд хийж гүйцэтгэсэн нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь ажлын доголдолтой холбоотой шаардлагыг хариуцагчид хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацаанд гаргасан гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч Т.О нь нэхэмжлэгчээс хүргүүлсэн бичгийг хүлээн авсны дараа буюу 2016 оны 01 сарын 28-ны өдөр засварын ажлын үлдэгдэл төлбөрийг өгөөгүй гэх шалтгаанаар нэхэмжлэгчийн орон сууцны гаднах шат, хашаа, усны хоолой зэрэг эд хөрөнгийг эвдэлж сүйтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 234 дугаартай тогтоолоор Т.О нь Г.Г ын орон сууцны гаднах шат, хашаа, усны хоолой зэрэг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж 13 963 800 төгрөгийн учруулсан болох нь тогтоогдож байх боловч 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Т.О ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарч буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар уг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу эрүүгийн хэрэг явуулж болохгүй тохиолдол тогтоогдож байгаа гэх үндэслэлээр Т.О т холбогдох хэрэг бүртгэлтийн 201626030265 дугаартай хэргийг хаасан байна.
Дээр дурдсан хэрэг бүртгэлтийн 201626030265 дугаартай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс иргэн Г.Г ын эзэмшлийн орон сууцыг “Б ” ХХК-ийн захирал Т.О нь санаатайгаар устгаж, гэмтээсэн гэх эд зүйлийг дахин сэргээн засвар хийхэд гарсан зардлыг тогтоолгохоор “А” ХХК-ийг шинжээчээр томилсон байна. 2017 оны 01 сарын 11-ний өдрийн 03 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд барилгад гэмтэл учруулсан үйл явдал 2016 оны 01 сарын 28-нд буюу цагаан сарын өмнө болсон, бүрэн засвар хийх боломжгүй өвлийн улирал байсан учир цагаан сарыг өнгөрөөтөл зарим эд зүйлсийг түр засан янзлуулсан зардалд 673 000 төгрөг. Устгагдсан, гэмтсэн зүйлсээс шатны хашлага болон үүдний чулуун хашлагын төмөр хаалга, борооны ус зайлуулах төмөр хоолойнуудыг “С” ХХК-аар дахин хийлгэсэн зардалд 3 041 000 төгрөг, устгагдсан, гэмтсэн болон түр засвар хийсэн зүйлийн үлдсэн хэсэг буюу байшин, гараажийн хана, байшингийн хоёр тал дахь үүдний шат, довжооны хуучин чулууг хуулах, ханын гадаргууг тэгшлэх, бетон цутгах, бэхжүүлэх суурь тавих, эмульсдэх, лакаар өнгөлөх, үүдний довжоог чулуугаар өнгөлөх, борооны ус зайлуулах төмөр хоолойнуудыг тогтоох зэрэг дахин сэргээн засварлахад гарсан зардал 10 249 800 төгрөг. Нийт зардал нь 13 963 800 төгрөг гэж зардлыг тогтоожээ. /хх2-95-99/
Нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон устгаж, гэмтээсэн гэх эд зүйлийг дахин сэргээн засвар хийхэд гарсан зардал 13 963 800 төгрөгийг хариуцагч Т.О ээс гаргуулахаар шаардсан.
Хариуцагч Т.О нь засварын ажлын үлдэгдэл болон нэмэлт ажлын төлбөрийг аваагүй тул нэхэмжлэгчид төлбөр төлөх үүрэггүй гэх тайлбарыг гарган маргасан боловч засвар хийсэн орон сууцны зарим эд зүйлийг хүмүүс дагуулан очиж эвдэж гэмтээсэн болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон устгаж, гэмтээсэн гэх эд зүйлийг дахин сэргээн засвар хийхэд гарсан зардал 13 963 800 төгрөгийг баримтаар үгүйсгэж няцаагаагүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хариуцагч Т.О нэхэмжлэгч Г.Г ын орон сууцны гаднах шат, хашаа, усны хоолой зэрэг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж эвдэн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан зарим эд зүйлсийг түр засан янзлуулсан зардал 673 000 төгрөг, шатны хашлага болон үүдний чулуун хашлагын төмөр хаалга, борооны ус зайлуулах төмөр хоолойнуудыг дахин хийлгэсэн зардал 3 041 000 төгрөг, устгагдсан, гэмтсэн болон түр засвар хийсэн зүйлийн үлдсэн хэсгийг дахин сэргээн засварлахад гарсан зардал 10 249 800 төгрөг, нийт зардал нь 13 963 800 төгрөгийг гаргуулахаар шаардсан байх боловч 673 000 төгрөг, 3 041 000 төгрөгийг төлсөнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул эдгээр зардлыг гаргуулах үндэслэлгүй. Харин 10 249 800 төгрөгийг төлсөн болох нь Хаан банк дахь Г.Г ын дансны хуулга, төлбөрийн даалгавраар тогтоогдож байх тул гэм хорын хохиролд 10 249 800 төгрөгийг хариуцагч Т.О ээс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. /хх2-106, 107/
Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч “Б ” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 11 115 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өргөтгөлийн хэсгийн дээврийн засвар хийлгэхэд 6 115 000 төгрөг, камин зуух буулгаж, шинээр хийхэд 5 500 000 төгрөгийн зардал гарсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2016 оны 06 сарын 05-ны өдөр Д.Б тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 07 сарын 25-ны өдөр Я.Б тэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг нотлох баримтаар ирүүлсэн байх боловч эдгээр баримтыг үндэслэн хариуцагч “Б ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан гэж дүгнэх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ямар ажил доголдолтой байсан болохыг баримтаар нотлоогүй тул ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 11 115 000 төгрөгийг хариуцагч “Б ” ХХК-аас гаргуулах үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Т.О ээс гэм хорын хохиролд 10 249 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 714 000 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч “Б ” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 11 115 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Т.О ээс гэм хорын хохиролд 10 249 800 /арван сая хоёр зуун дөчин есөн мянга найман зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 714 000 /гурван сая долоон зуун арван дөрвөн мянган/ төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч “Б ” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 11 115 000 /арван нэгэн сая нэг зуун арван таван мянган/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 769 төгрөг, 192 790 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 389 210 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан нэхэмжлэгч Г.Г ад буцаан олгож, хариуцагч Т.О ээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 79 753 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР
ШҮҮГЧ Н.САРАНГҮН
Т.ЭНХЖАРГАЛ