Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 1838

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.А /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Г /-д холбогдох,

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 11 560 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, иргэдийн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх  хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“2019 оны 08 сарын 02-ны шөнө 21 цаг 21 минутанд Төв аймаг, Батсүмбэр сум, Үдлэг багийн замд Б.А  миний 3 тооны адуу буюу хурдан удмын угшилтай болон эрлийз цустай 1 охин унага, 2 гүүг ******* УБК улсын дугаартай Хюньдай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Эрдэнэчимэг овогтой Г нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж, 2019 оны 08 сарын 06-ны өдөр Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Э.С 1934000467 дугаартай тогтоол гаргаж зөрчлийн хэрэг нээсэн. Иргэн Э.Г  нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д“...Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”, мөн 229 дүгээр зүйлийн 229.1-д“...Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу 2019 оны 08 сарын 09-ний өдрийн “М*******” ХХК-ийн тодорхойлолтын дагуу 1 охин унага 2 500 000 төгрөг, хээр гүү 4 000 000 төгрөг, эрлийз гүү 5 000 000 төгрөг, мөн үнэлгээ хийлгэсэн үнэ болох 60 000 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан билээ. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн 510 дугаар зүйлийн 510.1-д“...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу хариуцагч Э.Г гаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол болох 11 560 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Э.Г  шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх  хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Иргэн Б.А ийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 11 560 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 2019 оны 08 сарын 02-ны өдөр найз утсаар “Төв аймгийн Батсүмбэр суманд явж байгаад голд машинтайгаа суучихлаа, гарч чадахгүй байна, ирээд аваач” гэж ярьсны дагуу найзыгаа авахаар Улаанбаатар хотоос Төв аймгийн Батсүмбэр сум орохоор гарсан бөгөөд тухайн үед согтууруулах зүйл хэрэглээгүй эрүүл байсан болно. Батсүмбэр сум орохоор замд явж байтал зам дээр гэнэт сүрэг адуу ороод ирсэн ба тухайн үед осол гаргахгүй байх бүхий л бололцоотой арга хэмжээг авсан боловч 3 адуу машинд мөргөгдсөн. Тухайн замын хэсэгт болон 300 метрийн зайд анхааруулах ямар нэгэн тэмдэг байгаагүйгээс гадна сүрэг адуу ямар ч хариулгагүй, малчин нь байхгүй байсан. Малчин эсвэл малын эзэн нь малаа маллаж, хариулж байсан бол, түүнчлэн Замын хөдөлгөөний дүрмийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариуллагагүй мал оруулахгүй байх үүргээ биелүүлсэн бол тухайн осол гарахгүйгээс гадна машинд маань хохирол учрахгүй байх байсан. Иргэн Б.А  малаа хариулж, замд 50 метрээс дотогш хариулгагүй мал оруулахгүй, малаа хараа хяналтгүй зам дээр үлдээхгүй байх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үүссэн асуудал бөгөөд би тухайн үед авч болох бүхий л бололцоотой арга хэмжээг авсан, миний буруугаас болсон зүйл байхгүй болно. Тухайн зам тээврийн осол гарсан газар үзлэг хийсэн н.Сүхбаатар буюу зохицуулагч нь замын тэмдэг тэмдэглэгээ байхгүй байхад хэт нэг талыг бариад өөрийнхөө нутгийн хүний талд орсон. Зөвхөн Т.Гийхнарангийн буруутайгаар зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн байсан. Малчин буюу малын эзэн өөрөө буруутай гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А  нь хариуцагч Э.Г д холбогдуулан гэм хорын хохиролд 11 560 000 төгрөгийг гаргуулах  шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь харанхуй үед малаа зам дээр хараа хяналтгүй явуулсан өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас болсон тул учирсан хохирлыг хариуцах үндэслэлгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2019 оны 08 сарын 02-ны шөнө 21 цаг 21 минут орчим Төв аймаг, Батсүмбэр сум, Үдлэг багийн замд хариуцагч Э.Г  нь ******* УБК улсын дугаартай Хюньдай Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үед зам хөндлөн гарч байсан нэхэмжлэгчийн адуунаас 3 тооны адуу мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Төв аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн Э.Г д холбогдох 1934000467 дугаартай зөрчлийн хэргийн материалд авагдсан хохирогч Б.А ийн тайлбарт “...миний адуунаас 2 бүдүүн гүү, 1 унага үхсэн байна лээ. С******* ******* гэсэн кодтой, гуян дээрээ дөлтэй туухай гэсэн тамгатай, хээр бүдүүн гүү гуян дээрээ босоо нуман тамгатай, охин улаан буурал унага тамгагүй байсан...” гэж мэдүүлжээ Зам тээврийн осолд өртсөн 3 адуу нэхэмжлэгчийн өмчлөлийнх болох нь гэрч Т.Н*******, Л.У******* нарын мэдүүлэг, Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь эдгээр баримтыг баримтаар үгүйсгэж маргаагүй.

Зам тээврийн осол тогтоосон актад “...2019 оны 08 сарын 02-ны шөнө 21 цаг 21 минут орчим Төв аймаг, Батсүмбэр сум, Үдлэг багийн замд хариуцагч Э.Г  нь ******* УБК улсын дугаартай Хюньдай Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад 3 тооны адуу мөргөсөн..”, осол гарсан замын байдал тэмдэглэлд “...асфальт, ...шулуун, ...суурингийн гадна, ...үзэгдэх орчин хязгаарлагдмал, ...харанхуй, ...эсрэг хөдөлгөөнтэй, ...явган хүний замгүй, ...хашлагагүй, хайсгүй” гэж тэмдэглэжээ. /хх-98-100/

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.С ын дүгнэлтэд “2019 оны 08 сарын 02-ны оройн 21 цагийн үед  Төв аймаг, Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутаг Нарстайн хавтгай гэх газар асфальтан зам дээр Э.Г  нь Хюньдай Сонота-6 маркийн ******* УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад 3 тооны адууг мөргөж зам тээврийн осол гаргасан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолооч, жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох “ гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэж акт тогтоов” гэжээ.

2019 оны 08 сарын 14-ний өдрийн Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэ******* бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтыг үндэслэн Э.Г г 400 000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ.  Зөрчил гаргагчид хариуцлага тооцож арга хэмжээ авах тасалбарт Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.2 “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтыг үндэслэж торгосон талаар дурджээ. /хх-134, 135/

Зам тээврийн ослыг шалгаад шийдвэрлэсэн Шийтгэлийн хуудас, хариуцлага тооцож арга хэмжээ авсан тасалбар нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 болон 3.2 дахь заалтыг тээврийн хэрэгслийн жолооч Э.Г  зөрчсөн гэх үндэслэлээр гарсан байх бөгөөд хариуцагч Э.Г  нь өөрийн гэм буруугийн талаар маргаж, эдгээр шийдвэрт гомдол гаргаагүй байна.

Хариуцагч Э.Г  зам тээврийн осол болох үед жолоодож явсан ******* УБК улсын дугаартай Хюньдай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг түүний нөхөр Ч.С “Г” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан зээлийн барьцаанд тавьсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Э.Г  тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ осол гаргасан талаар маргаагүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Б.А  нь 3 адууны хохирлыг буруутай этгээд болох хариуцагч Э.Г гаас шаардах эрхтэй.

Мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь “М” ХХК-ийн тодорхойлолтыг үндэслэн охин унага 2 500 000 төгрөг, хээр гүү 4 000 000 төгрөг, эрлийз гүү 5 000 000 төгрөг гэж үнэлэн, үнэлгээ хийлгэсэн үнэ 60 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 3 адууны үнэлгээг эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шүүхийн тогтоолоор зам тээврийн осолд өртсөн хээр гүү, эрлийз гүү, буурал унаганы зах зээлийн үнэлгээг тогтоож дүгнэлт гаргах шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилсон. 2020 оны 04 сарын 17-ны өдрийн 135 дугаартай  дүгнэлтээр хурдан удмын монгол хээр гүү 3 000 000 төгрөг, эрлийз хээр гүү 5 000 000 төгрөг, эрлийз буурал охин унага 900 000 төгрөг гэж зах зээлийн үнэлгээг тодорхойлжээ. /хх-156-161/

Дээрх үнэлгээг зохигчид эс зөвшөөрч маргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт гаргаагүй тул зам тээврийн осолд өртсөн 3 адууны хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон зах зээлийн үнэлгээг үндэслэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч нь зам тээврийн осол болсон газар зам дээр мал тууж гарах гэсэн тэмдэг тэмдэглэгээ байгаагүй, харанхуй бүрэнхий үед малаа хайхрамжгүй орхиж Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн, осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан баримтаар зам тээврийн осол болох үед нэхэмжлэгчийн адууг малчин Т.Н хариулж байсан, адуу зам хөндлөн гарах үед малчин голоос үлдсэн адуугаа гаргах гээд замаас хол байсан болох нь тогтоогдож байна.

Зам тээврийн осол болох үед харуй бүрий болж үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан болох нь зам тээврийн осол гарсан замын байдлын тэмдэглэлд бичсэнээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн адууг хариулж байсан малчин Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26.6-д “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно. Харин зам хөндлөн тууш гарах зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл /дэнлүү/ буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана” гэж заасан үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй байна.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасан бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг хохирогч буюу нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй нь гэм хор учрах нөхцөл байдалд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хариуцагч нь зам дээр мал тууж гарах тэмдэг тэмдэглэгээ байгаагүй гэж маргаж байх боловч Замын хөдөлгөөний дүрэмд мал туух иргэнд энэ талаар үүрэг хүлээлгээгүй, харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.6-д зааснаар замын тэмдэг, тэмдэглэл хийх ажил нь холбогдох хууль, захиргааны хэм хэмжээний акт, байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах үүргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар замын хөдөлгөөн зохион байгуулах ажил, үйлчилгээг тухайн орон нутгийн авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцан гүйцэтгэнэ.  

Дээр дурдсаныг дүгнэхэд хариуцагч Н.Г нь 2019 оны 08 сарын 02-ны өдрийн 21 цагийн үед  Төв аймаг, Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутаг Нарстайн хавтгай гэх газар асфальтан зам дээр ******* УБК улсын дугаартай Хюньдай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ нэхэмжлэгчийн хурдан удмын монгол хээр гүү, эрлийз хээр гүү, эрлийз буурал охин унагыг мөргөж, 3 адуу үхсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохиролд хурдан удмын монгол хээр гүүний үнэ 3 000 000 төгрөг, эрлийз хээр гүүний үнэ 5 000 000 төгрөг, эрлийз буурал охин унаганы 900 000 төгрөг, нийт 8 900 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан баримтаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг хохирогч буюу нэхэмжлэгч хэрэгжүүлээгүйгээс зам тээврийн осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байх тул хариуцагчийн нэхэмжлэгчид төлбөл зохих 8 900 000 төгрөгөөс 20 хувь буюу 1 780 000 төгрөгийг хасч тооцон 7 120 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь зөрчлийн хэргийг шалгах явцад үхсэн 3 адууг үнэлүүлэхэд төлсөн 60 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд мөнгө төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагчаас 60 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Э.Г гаас 7 180 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 380 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Г гаас 7 180 000 /долоон сая нэг зуун наян мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 380 000 /дөрвөн сая гурван зуун наян мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г гаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 129 830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Д.ЦЭРЭНДОЛГОР

ШҮҮГЧ                   Д.ЗОЛЗАЯА  

                                  Т.ЭНХЖАРГАЛ