Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2020/02149

 

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2020/02149

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .... дүүрэг, .... хороо, ..... хороолол, .... гудамж, ..... байрны .... тоот хаягт байрлах, А.У.Г ББСБ ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .... дүүрэг, .... хороо, .... хороолол, .... , .... байрны .... тоот хаягт оршин суух, Ш.М,

 

Хариуцагч: .... дүүрэг, .... хороо, ..... хороолол, ..... , ..... байрны .... тоот хаягт оршин суух, Б.А нарт холбогдох,

 

Ш.М, Б.А нарыг Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204018480 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны 253/1 дүгээр гудамж, 21 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг тэнцүү хэмжээгээр өвлөх хууль ёсны өвлөгч нар болохыг тогтоолгох,

Хууль ёсны өвлөгч нараас зээлийн гэрээний үүрэгт 54.036.748 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр А.У.Г ББСБ ХХК болон Л.Б нарын хооронд байгуулагдсан ЗГ3152015 дугаартай зээлийн гэрээ, БГ3152015 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 11-593636 дугаартай барьцаалбарыг хүчингүй болгуулах,

Орон сууцны хамтран өмчлөгчөөр Ш.М, Б.С, Б.А нарыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.У.Г ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э ,

Хариуцагч, хариуцагч Б.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М,

Хариуцагч нарын өмгөөлөгч С.Н,

Гэрч Ж.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.У.Г ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч А.Э-ийн  хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Зээлдэгч Л.Бнь тус банк бус санхүүгийн байгууллагаас гэр бүлийн хэрэгцээнд зориулан 2015 оны 07-р сарын 03-ны өдөр ЗГ3152015 тоот зээлийн гэрээ, БГ3152015 тоот барьцааны гэрээ, 11-593636 тоот барьцаалбар байгуулан 20,000,000 /хорин сая/ төгрөгийг 2,9 хувийн хүүтэй 549 хоног буюу 18 сарын хугацаатай, өөрийн эзэмшлийн доорх үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалан зээл авсан.

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204018480 дугаартай, 000184346 тоот гэрчилгээний дугаартай Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны 253/1 дүгээр гудамжны 21 тоот хаягт байрлах 94.4 м.кв гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болно.

Зээлдэгч Л.Бнь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтөд 2015.08.21-ний өдөр үндсэн зээлд 1.100.000 төгрөг, зээлийн хүү 618.473 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 69.600 төгрөг, нийт 1.788.073 төгрөг төлсөн.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлт хийх хуваарьт өдөр болох 2015 оны 08 сарын 03-наас хойш 18 хоног хэтэрч төлөлт хийсэн ба үүнээс хойш төлбөр төлөөгүй.

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болоход зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах тооцоотой байна. Үүнд:

- Үндсэн зээлийн үлдэгдэл 18,900,000 төгрөг,

- Зээлийн хүү 9,463,860 төгрөг /518 хоног/

- Нэмэгдүүлсэн хүү 1,783,152 төгрөг /488 хоног/ Нийт 30,147,012 төгрөгийн тооцоотой байсан.

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан 2019 оны 12 дугаар сарын 27-ны хүртэлх 1089 хоногийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах тооцоотой байна. Үүнд:

-Үндсэн зээлийн үлдэгдэл 18,900,000 төгрөг,

- 1089 хоногийн зээлийн хүү 19,896,030 төгрөг дээр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон өдрийн хүү болох 9,463,860 төгрөг нийт хүүнд 29,359,890 төгрөг,

- 1089 хоногийн нэмэгдүүлсэн хүү 3,979,206 төгрөг дээр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон өдрийн нэмэгдүүлсэн хүү болох 1,783,152 төгрөг нийт нэмэгдүүлсэн хүүнд 5,762,358 төгрөг,

Нийт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 54,022,248 төгрөг болсон байна.

Дээрх хугацаанд манай байгууллагын зүгээс зээлдэгчийг зээлээ төлөхийг шаардахад тэрээр 2015 оны 11 дүгээр сард зээлээ бүрэн төлөх болно гэсэн хүсэлт бичиж өгсөн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлдэгч Л.Б нь зуурдаар нас барсан байсан.

Түүнийг нас барснаас хойш эхнэр Ш.М нь бидэнтэй уулзахад нь түүнд Л.Б уг зээлийг хувьдаа ганцаараа авч хэрэглээгүй, гэр бүлийн хэрэгцээнд буюу охин /Ш.М-ийн том охин/-ы хуримын зардалд зориулан авсан байх тул өвийг хүлээж авсан гэр бүлийн гишүүд нь түүнтэй холбоотой өр төлбөрийг ямар нэгэн байдлаар барагдуулах ёстой, харин төлбөрийн хэмжээг багасгаж, тохиролцох боломжтой гэж хэлж байсан.

Гэвч Ш.М нь өвийг хүлээж аваагүй, өв хүлээж аваад эргээд уулзъя гээд ахиж бидэнтэй холбогдоогүй.

Ингээд бид Монголын Нотариатчдын танхимд өв хүлээн авсан, өв хүлээн авахаас татгалзсан эсэх тухай лавлагаа, тодорхойлолт хүсэж 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2/140 тоот албан бичиг хүргүүлсэн.

Монголын нотариатчдын танхимын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 876 тоот зээлдэгч Л.Б-ийн эхнэр Ш.М, охин Б.А нар 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр манай барьцаанд байгаа Ү-2204018480 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өвлөн авахаар бүртгүүлсэн талаарх албан бичгийг ирүүлсэн.

Хариуцагч нар өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан боловч, өвлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй, зээлийн барьцаанд байгаа учраас албан ёсоор гэрчилгээ олгоогүй гэх тайлбарыг гаргасан.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-д зааснаар Л.Б-ийн хууль ёсны эхнэр, хүүхэд нь өвийн зүйлийг хүлээн авсан байх боловч өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй шалтгаан нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д заасан үндэслэлээр манай компанийн барьцаанд өвийн зүйл байгаатай холбоотой юм.

Өөрөөр хэлбэл өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй нь зээлдэгч Л.Б-ийн эхнэр Ш.М, охин Б.А нарыг барьцааны орон сууцны хууль ёсны өвлөгч нар гэж үзэх, өвийн зүйлийг өвлөн авсан гэж үзэх, өвлөн авсан өвийн хэмжээгээр үүргийг хариуцуулах асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэхэд бэрхшээлтэй байна.

Монголын нотариатчдын танхимаас ирүүлсэн баримтаас үзэхэд өөр этгээдэд өвлүүлсэн талаарх гэрээслэл ирээгүй байх бөгөөд өөр этгээд байсан ч тэрээр Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар өвлөхөөс татгалзсан гэж үзэх нөхцөл тогтоогдож байна.

Зээлийн гэрээний үүрэг шаардахад ерөнхий үүргийн хөөн хэлэлцэх хугацааг баримтлах бөгөөд Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д заасан гомдлын шаардлага гаргах хугацаа хамаарахгүй гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-т зааснаар хариуцагч Ш.М, Б.А нарыг Ү-2204018480 дугаартай, БЗД-ийн 14 дүгээр хороо нарны 253/1 р гудамж, 21 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг тэнцүү хэмжээгээр өвлөх хууль ёсны өвлөгч нар болохыг тогтоолгох,

-Л.Б-ийн зээлийн гэрээний үүрэг 54,036,748 төгрөгийг түүний хууль ёсны өвлөгч болох хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар үүргээ биелүүлээгүй тохиолдолд Ү-2204018480 дугаартай, БЗД-ийн 14 дүгээр хороо нарны 253/1 р гудамж, 21 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч, хариуцагч Б.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч С.Н-н хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Талийгаач нөхөр Л.Б энэ байгууллагаас зээл авсан талаар түүнийг нас барсны дараа тус байгууллагын захирал Б.Н надтай уулзъя гэж ажилтнаараа хэлүүлсний дагуу байгууллага дээр нь очиж уулзаад анх мэдсэн. Тэрээр, Таны нөхөр эмчилгээний зардалд хэрэглэх юм, манай эхнэрт битгий хэлээрэй гэж хэлээд 2015 оны 7 сарын 03-ны өдөр зээл авсан гэж хэлээд гэрээг үзүүлсэн. Тухайн үед манай гэр бүл болон хамаарал бүхий хэнд ч өвчин тохиолдоогүй, зээлийн шаардлага гарч байгаагүй, мөн талийгаач өөрөө өвчтэй байгаагүй, зуурдаар нас барсан. Зээлийн талаар гэр бүлийн гишүүд бид огт мэдээгүй.

Энэ байгууллагаас өмнө нь 2013 оны үед талийгаач өөрийн төрсөн ахынхаа хэрэгцээнд зориулан зээл авахад намайг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны замын 253 дугаар байрны 21 тоот орон сууцны дундын өмчлөгч гэдэг утгаар нь хамтран зээлдэгч, зээлийн батлан даагч гэдгээр дуудаж нийгмийн даатгалын дэвтэр болон иргэний үнэмлэхийн хуулбарыг авч зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж хууль журмын дагуу үйлдэл хийж байсан.

Гэтэл сүүлийн гэрээг хууль журмаа зөрчөөд захирал Б.Н хийсэн нь эргэлзээтэй гэж үзэж байна.

Мөн хууль бус гэрээ хийснээ халхавчлах зорилгоор миний охины хуримд 20.000.000 төгрөг зарцуулсан мэтээр ор үндэслэлгүй худал зүйл бичсэн байх бөгөөд охины хурим зээлийн гэрээ байгуулагдахаас 1 жил гаруйн өмнө буюу 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрлэх ёслолын ордонд болсон. Хуримын үйл ажиллагаатай холбоотой бүх зардлыг худын тал гаргасан, бидэнд мөнгө зээлэх шаардлага байгаагүй юм.

Миний бие, охин Б.А-ийн хамт 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг Баянзүрх дүүргийн нотариатчид хандан гаргасан. Гэвч бидний амьдарч байгаа орон сууц зээлийн барьцаанд байгаа тул гэрчилгээг албан ёсоор олгоогүй, энэ талаар Монголын нотариатчдын танхимын албан бичигт ёсоор дурдсан байна. Гүйцэтгэх захирал Б.Н нь надаас өвлөх эрхийн гэрчилгээ авсан эсэх талаар асуухад нь аваагүй гэдгээ хэлж байснаас хойш бид уулзаж байгаагүй. Түүнчлэн миний болон охин Б.А нарын өмчлөлд эд хөрөнгө бүртгэгдэж байгаагүй.

Талийгаач Л.Б нь А.У.Г ББСБ ХХК-иас 20.000.000 төгрөгийн зээл авснаас хойш 4 сарын дараа зуурдаар нас барсан. Түүнийг нас барсныг мэдсэн мөртлөө хэт их шуналд автагдсан байдлаар мөнгө хүүлэх зорилготойгоор өнөөдрийг хүртэл хүү тооцож 54.036.748 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.3.1-т зээлдэгч нь нас барсан бол зээлдэгчийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцална гэж зааснаас үзэхэд зээлдэгч Л.Б-ийг нас барсан өдрөөс эхлэн зээлийн гэрээ дуусгавар болсон байх ёстой.

Иргэний хуулийн 240-р зүйлийн 240.1.2-т ...үүрэг гүйцэтгэгч нас барсан... бол үүрэг дуусгавар болохыг тодорхой зохицуулсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон Иргэний хуулинд үүрэг дуусгавар болохыг тодорхой заасан учраас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлд гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, талийгаач Л.Б нас барсан 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 3 жилийг тооцож үзвэл 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад 4 жилийн дараа нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэдгийг баталж байна. Эндээс үзвэл зээлийн гэрээг дуусгавар болгохгүй, хүү тооцож өдий хүргэсэн нь амьгүй хүнд холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг шаардсан болох нь харагдаж байна.

Мөн зээлийн гэрээний үүргийг хангах арга болгож байгуулсан барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан боловч уг барьцааны гэрээ нь хуульд нийцээгүй хүчин төгөлдөр бус гэрээ юм. Талийгаач Л.Б нь гэр бүлийн бүх гишүүдийн хамт тухайн байрыг өмчилдөг гэдгийг зээл олгосон ББСБ байгууллага өмнө олгосон зээлийн гэрээ байгуулахад түүний эхнэр Ш.М-ийг хамтран зээлдэгчээр оролцуулж байснаас харагдана. Гэр бүлийн гишүүд болох эхнэр Ш.М, охин н.С, охин Б.А нар буюу хамтран өмчлөгч нараас зөвшөөрөл авахгүйгээр барьцааны гэрээ байгуулсан учир уг гэрээ нь хүчин төгөлдөр бус юм.

ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээнд зээлийн зориулалт заагаагүй байдаг.

Иймд А.У.Г ББСБ ХХК-ийн гэрээний үүрэг шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус тул Ш.М, Б.А нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч С.Н-н хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

А.У.Г ББСБ ХХК-аас зээлдэгч агсан Л.Б нарын хооронд хийгдсэн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ3152015 тоот зээлийн гэрээ, түүний дагуу хийгдсэн БГ3152015 барьцааны гэрээ болон 11-593636 тоот барьцаалбарыг тус тус хүчингүй болгох,

Ү-2204018480 улсын бүртгэлийн гэрчилгээтэй 000184346 тоот гэрчилгээний дугаартай Баянзүрх дүүргийн 14 дүгээр дүгээр хороо, Нарны зам 253/1 дүгээр байрны 21 тоот 94,4 м.кв үл хөдлөх хөрөнгийн дундын хамтран өмчлөгчөөр Ш.М, охин Б.С, охин Б.А биднийг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Миний нөхөр агсан Л.Б-ийн төрсөн ахын эмчилгээнд нь яаралтай их хэмжээний мөнгө хэрэг болж нөхөр маань байраа барьцаалж зээл авахаар 2014 оны 7 дугаар сард А.У.Г ББСБ ХХК-д хандсан байдаг. Уг ББСБ зээлийн материалыг шалгаж үзээд барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгө нь гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө байна, гэр бүлийн хүнээсээ барьцаанд тавьж болох эсэх зөвшөөрөл, эсвэл хамтран зээлдэгчээр зээл авч болно гэснээр намайг дуудаж уг зээлийн гэрээнд намайг хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан.

Гэтэл 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр талийгаач Л.Б-той байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг бидэнд мэдэгдээгүй, ямар нэг зөвшөөрөл авалгүй, дундын өмчийг зээлийн барьцаанд авч зээл олгосон тул уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх тул дээрх барьцааны гэрээ болон барьцаалбарыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

Ш.М би 1996 онд нөхөр Л.Б-той дотно болж гэр бүл болохоор шийдэж өөрийн амьдарч байсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо II-40.000-тын 22 дугаар байр, 55 тоот 2 өрөө байрыг зарж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кос. 6 дугаар байр, 3 тоот 2 өрөө байрыг худалдан авч, 1997 онд гэр бүл болсон.

Ингээд 2012 онд одоо амьдарч байгаа байраа хадам ааваасаа 2 өрөө байраа 10 сая төгрөг нэмж төлөөд авсан юм. Тухайн үед би Улаанбаатар хотод байгаагүй тул нөхөр маань өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авсан.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан бөгөөд мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж заасан.

Гэтэл дээрх барьцааны гэрээг байгуулахдаа гэр бүлийн гишүүний зөвшөөрлийг аваагүй, уг заалтыг ноцтой зөрчсөн байх тул Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3-т зааснаар зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

Үүнээс үзэхэд Ш.М, охин Б.А, охин Б.С нар барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч нар мөн болох нь тогтоогдож байна.

Иймд энэ байр нь гэр бүл болсноос бий болгосон тул уг байрны хамтран өмчлөгчөөр Ш.М, Б.С, Б.А нарыг тогтоож, А.У.Г ББСБ ХХК болон Л.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч А.У.Г ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхэд болон өмгөөлөгч А.Э-ийн хамт шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 

Иргэний хууль болон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дагуу барьцааны зүйл болох Ү-2204018480 улсын бүртгэлийн дугаартай 0001184346 тоот гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам 253/1 дүгээр дүгээр байрны 21 тоот 94,4 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж зээл авахад зөвшөөрөл авах эсэх асуудал хуулийн хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээг хүчингүй болгуулах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

2014 оны 7 дугаарт сард Л.Б нь анх удаа манай байгууллагаас зээл хүсч байсан тул манай байгууллагын зүгээс эрсдэлээ тооцоолон түүний хүссэн зээлийг хамтран зээлдэгчтэй, өөрөөр хэлбэл түүний эхнэрийг хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд оруулан зээлийг олгосон.

Харин 2015 онд авсан зээлийн тухайд зээлдэгч нь өмнөх 2014 онд авсан зээлээ хуваарийн дагуу хэвийн төлж дуусгаад манай компанид итгэл төрүүлсэн, мөн зээлдэгч өөрөө аман хүсэлт гаргасан тул хамтран зээлдэгч шаардаагүй, зээлийн нөхцөлийг бууруулж зээл олгосон байдаг.

Л.Б-ийн хувьд өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалан зээлийн брлон барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчөөгүй, гэрээ хуулийн дагуу хийгдэж улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Харин энэ Л.Б-ийн хууль ёсны өвлөгч нар өвийн зүйлийг хүлээн авсан бол хуульд заасны дагуу өвийн зүйлд ногдуулсан үүргийг хүлээх нь зүй ёсны гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс зэлдэгчийн өв залгамжлалаар шилжсэн эд хөрөнгөнд ногдуулсан хуулийн дагуу үүссэн үүргийг шаардсанаас бус тус эд хөрөнгийн өмчлөх эрхийн маргаан үүсгээгүй бөгөөд нэгэнт барьцааны зүйл болох Ү-2204018480 улсын бүртгэлийн дугаартай 0001184346 тоот гэрчилгээний дугаартай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам 253/1 дүгээр дүгээр байрны 21 тоот 94,4 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээ авсан этгээдүүд Ш.М, Б.А Улсын бүртгэлийн байгууллагад хандан өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах эрх нь нээлттэй.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээгээр тодорхойлогдохоос биш, талийгаач болон түүний эхнэрийн хэдэн онд гэр бүл болсноор тодорхойлогдохгүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар хариуцагч Ш.М, Б.А нарыг өвийн зүйлийг хүлээн авсан хууль ёсны өвлөгч гэж үзнэ.

Түүнээс гадна Ш.М нартай өмчлөх эрхийн маргаан үүсгээгүй тул уг шаардлагыг А.У.Г ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч биш юм. Түүнчлэн Ш.М, Б.А, Б.С нар барьцааны гэрээнд оролцсон гэрээний оролцогч этгээд биш учраас барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.

Иймд 2015.07.03-ны өдрийн ЗГ3152015 тоот зээлийн гэрээ, БГ3152015 дугаартай Барьцааны гэрээ болон 11-593636 тоот барьцаалбарыг тус тус хүчингүй болгох тухай, Ү-2204018480 улсын бүртгэлийн дугаартай 0001184346 тоот гэрчилгээний дугаартай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам 253/1 дүгээр дүгээр байрны 21 тоот 94,4 м.кв үл хөдлөх хөрөнгийн дундын хамтран өмчлөгчөөр Ш.М, охин Б.С, охин Б.А нарыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрч Ж.Н-ын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.У.Г ББСБ ХХК нь Ш.М, Б.А нарт холбогдуулан

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204018480 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны 253/1 дүгээр гудамж, 21 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг тэнцүү хэмжээгээр өвлөх хууль ёсны өвлөгч нар болохыг тогтоолгох,

Хууль ёсны өвлөгч нараас зээлийн гэрээний үүрэгт 54.036.748 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

 

Хариуцагч нь 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр А.У.Г ББСБ ХХК болон Л.Б нарын хооронд байгуулагдсан ЗГ3152015 дугаартай зээлийн гэрээ, БГ3152015 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 11-593636 дугаартай барьцаалбарыг хүчингүй болгуулах,

орон сууцны хамтран өмчлөгчөөр Ш.М, Б.С, Б.А нарыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

  1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

А.У.Г ББСБ ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ЗГЗ152015 дугаартай зээлийн гэрээг Л.Б-той байгуулж, 20.000.000 төгрөгийг, 30 хоногт 2.9 хувийн хүүтэй, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл буюу 549 хоногийн хугацаатай зээлдүүлсэн, зээлдэгч Л.Б нь зээлийг, хүүгийн хамт тогтоосон хугацаанд эргүүлэн төлөх, тогтоосон хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон болох нь зээлийн гэрээ, зээл төлөх хуваарь, гэрээний зүйл 20.000.000 төгрөгийг хүлээж авсан баримтаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 7-9 тал/

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр БГЗ152015 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр Л.Б-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204018480 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны 253/1 дүгээр гудамжны 21 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 94.4 м.кв талбайтай, гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг байгуулжээ. /хх-ийн 10-12 тал/

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т:үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ,

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ, 12.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

Гэрээний талууд үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа нь дээр дурдсан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ. /хх-ийн 111-154 тал/

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд талуудын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасантай нийцсэн байна.

Зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч Л.Б нь 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үндсэн зээлд 1.100.000 төгрөг, зээлийн хүүд 618.473 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 69.600 төгрөг, нийт 1.788.073 төгрөг төлсөн, тэрээр 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан үйл баримт тогтоогдож байна.

/хх-ийн 13,17 тал/

 

Нэхэмжлэгч нь барьцааны гэрээний зүйл болох орон сууцыг Ш.М, Б.А нар тэнцүү хэмжээгээр өвлөх хууль ёсны өвлөгч нар болохыг тогтоолгох, тэднээс зээлийн гэрээний үүрэгт 54.036.748 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, зээлдэгч нас барснаар үүрэг дуусгавар болсон, хамтран өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр барьцааны гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д: нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх-ийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байхаар заасан.

 

Хариуцагч Ш.М зээлдэгч Л.Б-ийн эхнэр болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, хариуцагч Б.А түүний төрүүлсэн хүүхэд болох нь №561 тоот төрсний гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна.

/хх-ийн 37, 109 тал/

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д:Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан.

 

Хариуцагч Ш.М, Б.А нар зээлдэгч Л.Б-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204018480 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны 253/1 дүгээр гудамж, 21 тоот хаягт байрлах, 94.4 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг өвлөн авах хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ж.Н 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гарын үсгийн 28 дугаарт бүртгэсэн болох нь гэрч Ж.Н-ын мэдүүлэг, Монголын нотариатчдын танхимын 2019.12.17-ны өдрийн 876, 2020.04.22-ны өдрийн 258 тоот албан бичиг, Нийслэлийн архивын газраас ирүүлсэн нотариатч Ж.Н-ын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн огноотой Өв хүлээн авахаас татгалзах, хүлээн авах бүртгэлийн дэвтэр, хүсэлт бүртгэсэнтэй холбоотой баримтаар тус тус тогтоогдож байна.

/хх-ийн 16, 101-110 тал/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч Л.Б 2015 оны 12 дугаар сарыг 24-ний өдөр нас барж, өв нээгдсэнээр түүний эхнэр Ш.М, хүүхэд Б.А нараас бусад өвлөгчид нэг жилийн дотор түүний өвийг хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан болох нь тогтоогдсонгүй.

 

Үүнээс үзэхэд Л.Б-ийн хууль ёсны эхнэр Ш.М, хүүхэд Б.А нар түүний өвлөгдөх эд хөрөнгө болох орон сууцыг хүлээн авсан байх ба бусад өвлөгчид түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Ш.М, Б.А нар талийгаач Л.Б-ийн хууль ёсны өвлөгч байх бөгөөд тэд өвийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204018480 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны 253/1 дүгээр гудамж, 21 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Ш.М, Б.Анар тэнцүү хэмжээгээр өвлөх хууль ёсны өвлөгч нар болохыг тогтоолгохоор шаардсныг нэхэмжлэлийн үндэслэл гэж үзэхээр байх тул үүнийг шаардлага гэж үзэн шүүх шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

 

Нэгэнт хуульд заасны дагуу Ш.М, Б.Анар талийгаач Л.Б-ийн өвийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгч болох нь тогтоогдож байх тул тэд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 515.2-т зааснаар өөрсдийн өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ.

 

А.У.Г ББСБ ХХК нь зээлдэгч Л.Б-той байгуулсан зээлийн гэрээний үүрэгт зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож, үндсэн зээлийн үлдэгдэлд 18.900.000 төгрөг, зээлийн хүүд 29.359.890 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5.762.358 төгрөг, нийт 54.022.248 төгрөгийг хариуцагч нараас шаардсан.

 

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1, 240.1.2-т:үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болохыг зааснаас үзэхэд зээлдэгч Л.Батдорж 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан байх тул түүний зээлдэгчийн өмнө хүлээсэн үүрэг мөн өдрөөр дуусгавар болжээ.

 

А.У.Г ББСБ ХХК болон зээлдэгч Л.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу зээлдэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 20.000.000 төгрөг, хүүд 3.079.026 төгрөг, нийт 23.079.026 төгрөг төлөхөөс түүний 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үндсэн зээлд төлсөн 1.100.000 төгрөг, хүүд төлсөн 618.473 төгрөг, нийт 1.718.473 төгрөгийг хасч, үлдэх 21.360.553 төгрөгийг түүний хууль ёсны өвлөгч Ш.М, Б.А нар адил тэнцүү хэмжээгээр өвлөн авсан, ийнхүү өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хувь тэнцүүлэн хүлээхээр байна.

 

Иймд зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Ш.М-с 10.680.277 төгрөг, Б.Амарлингаас 10.680.277 төгрөг, нийт 21.360.554 төгрөг гаргуулан А.У.Г ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32.676.194 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох зээлдэгч Л.Б-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204018480 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны 253/1 дүгээр гудамжны 21 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 94.4 м.кв талбайтай, гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч Ш.М Б.А нар өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг  сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д:гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т:Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь өвлөгч нараас өвлүүлэгчийн үүргийг шаардаж 2019 оны дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үзэхэд түүнийг зээлдэгч Л.Б-той 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 18 сарын хугацаатай байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв.

 

2.    Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

Хариуцагч нь 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр А.У.Г ББСБ ХХК болон Л.Б нарын хооронд байгуулагдсан ЗГ3152015 дугаартай зээлийн гэрээ, БГ3152015 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 11-593636 дугаартай барьцаалбарыг хүчингүй болгуулах,

Орон сууцны хамтран өмчлөгчөөр Ш.М, Б.С, Б.А нарыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч А.У.Г ББСБ ХХК-д холбогдуулан гаргажээ.

 

Ш.М, талийгаач Л.Б нарын 1997 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болсныг 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгэсэн, тэдний дундаас 2001 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр охин Б.А төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний 561 тоот гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д зааснаар Л.Батдорж 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан, түүний хууль ёсны өв залгамжлагч эхнэр Ш.М, охин Б.А нар байх бөгөөд 1988 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн Б.С-ыг түүний хууль ёсны өв залгамжлагч гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. /хх-ийн 159-160 тал/

Эрхийн улсын бүртгэлийн Y-2204018480 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны 253/1 дүгээр гудамжны 21 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 94.4 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр Л.Б-ийг бүртгэж, түүнд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №000184346 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг 2012 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр олгожээ. /хх-ийн 141 тал/

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан байдаг ба мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-д Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй гэж зааснаас харахад тухайн бүртгэлийн талаар буруу ташаа болох тухай гомдлыг 183.3-д зааснаар бүртгэлийн байгууллагад гаргаагүй тохиолдолд тухайн бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.

 

Үүнээс үзэхэд дээрх орон сууцны өмчлөгчөөр Л.Б-ийг бүртгэсэн бүртгэлийг үнэн зөв гэж тооцно.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дээрх орон сууцны өмчлөгчөөр Л.Б-ийг бүртгэсэнтэй холбогдуулан уг хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгохоор хариуцагч шаардаж байсан нь тогтоогдохгүй байна.

 

А.У.Г ББСБ ХХК болон зээлдэгч Л.Б нарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, гэрээнд оролцогчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д:.Иргэний эрх зүйн чадвар нь иргэнийг төрсөн үеэс эхэлж нас барснаар дуусгавар болно,

Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д :Гэрлэгч нас барсан болон түүнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрлэлт дуусгавар болсонд тооцогдоно гэж тус тус зааснаас үзэхэд Л.Б 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барснаар түүний эрх зүйн чадвар дуусгавар болсон, гэрлэлт дуусгавар болжээ.

 

Үүнээс үзэхэд хууль ёсны өвлөгч нар нь нас барагчийн амьд байх үедээ хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлийг хүчингүй болгох, дуусгавар болгохыг шаардах эрх зүйн үндэслэл олгогдоогүй байна.

 

Иймд 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр А.У.Г ББСБ ХХК болон Л.Б нарын хооронд байгуулсан ЗГ3152015 дугаартай зээлийн гэрээ, БГ3152015 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 11-593636 дугаартай барьцаалбарыг хүчингүй болгуулах,

Баянзүрх дүүргийн 14 дүгээр дүгээр хороо, Нарны зам 253/1 дүгээр байрны 21 тоот 94,4 м.кв талбайтай орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Ш.М, Б.С, Б.А нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 535 дугаар зүйлийн 535.2-т тус тус зааснаар хариуцагч Ш.М-ээс 10.680.277 төгрөг, хариуцагч Б.А-гаас 10.680.277 төгрөг, нийт 21.360.554 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.У.Г ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32.676.194 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ш.М, Б.А нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд А.У.Г ББСБ ХХК болон Л.Бнарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн БГЗ152015 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан

Эрхийн улсын бүртгэлийн Y-2204018480 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны 253/1 дүгээр гудамжны 21 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 94.4 м.кв талбайтай, гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсугай.

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 126 дугаар зүйлийн 126.1, 128 дугаар зүйлийн 128.2, 128.3-т заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч А.У.Г ББСБ ХХК-д холбогдох

2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр А.У.Г ББСБ ХХК болон Л.Б нарын хооронд байгуулсан ЗГ3152015 дугаартай зээлийн гэрээ, БГ3152015 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 11-593636 дугаартай барьцаалбарыг хүчингүй болгуулах,

Баянзүрх дүүргийн 14 дүгээр дүгээр хороо, Нарны зам 253/1 дүгээр байрны 21 тоот 94,4 м.кв талбайтай орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Ш.М, Б.С, Б.А нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ш.М, Б.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 334.952 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.У.Г ББСБ ХХК-д олгож,

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 568.540 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 598.150 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ