Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 687

 

106/2020/0297/Э

 

 

 

  2020             05            28                                        2020/ДШМ/687    

 

Д.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч Д.Т-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Т-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1905042430274 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т-, 1977 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 /өөрийнх нь өгсөн мэдүүлгээр ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Баянгол дүүргийн тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: /,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан;

Д.Т- нь иргэн Ц.А-д “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Ц.А-ын дүү Ц.С-гаас 3.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5069081430 дугаарын дансаар шилжүүлэн авч, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .Т-ийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Т-ийг 6 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ээс 2.000.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.С-д олгож, Д.Т-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс 6 сарын хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч гэгдэх хүний хүүхэд 2019-2020 оны хичээлийн жилд Нийслэлийн Хан-Уул дүүрэгт орших ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн 1 дүгээр ангид суралцаж байсныг тодруулах, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн боловч 2015 оны 1 дүгээр сард прокурор уг хэргийг хэрэгсэхгүй болгосныг дахин шалгуулахыг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.Т-ийн өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Т- нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой. Хавтас хэрэгт урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх баримт авагдсан. Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө хохирлыг төлж барагдуулах гэсэн боловч хохирогч 2.000.000 төгрөгийг бүрэн авна гэсэн учраас төлж барагдуулж чадаагүй. Д.Т- нь ажил хөдөлмөр эрхэлдэг талаар хувийн байдалтай холбоотой баримтыг шинээр гаргаж өгмөөр байна. Түүний хохирол төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Билгүүжин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогчийн хүүхэд 18 дугаар сургуульд сурч байгаа эсэх асуудлыг шалган тухайн сургуулийн захирлаас мэдүүлэг авахад “манай сургуульд сурдаггүй” гэж мэдүүлсэн. Д.Т-ийн ял шийтгүүлсэн шийтгэх тогтоол хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Т-ийн гэм бурууд тохирсон ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Т- нь урьдын танил Ц.А-ын “дүүгийн хүүхдийг гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуульд оруулж өгнө...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Ц.А-ын дүү Ц.С-гаас 3.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5069081430 дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.С-гийн “...миний төрсөн ах А-ын ажлын хүрээний танил Д.Т- гэдэг хүнтэй өөрийн охин Хуланг гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуульд оруулна гэж тохиролцоод Д.Т-ийн данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тус хүн нь Боловсролын яаманд аж ахуй хариуцсан хүн гэж миний ах А- танилцуулж байсан юм. ...9 дүгээр сарын 1-ний өдөр болоход Т- гэдэг хүн “тус сургуулийн захирлаас бичиг аваагүй байна, авч өгнө” гэж хойшлуулаад 2019 оны 10 дугаар сар өнгөрөөд “манай хүүхэд хэцүүдлээ, мөнгөө авъя” гэхэд зөвшөөрч дансны дугаараа өгчих гэж бас хоног, өдөр хойшлуулж байгаад тэрнээс хойш гар утсаа авахгүй, олдохгүй байсан тул цагдаад өргөдөл өгсөн. ...Үүний дараа 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн. ...” /хх 9-11/,

гэрч Ц.А-ын “...би хуучны танил Т-ээс “манай дүүгийн хүүхдийг 18 дугаар сургуульд оруулж өгөх арга чарга юу байна, чи хүн амьтантай яриад үзээч” гэхэд “яръя” гээд салсан. Хоёр өдрийн дараа Т- над руу залгаад “за ер нь бараг бүтчихлээ, нөгөө асуудалд чинь 3.000.000 төгрөг орох юм байна” гэхээр нь “ямар үнэтэй юм бэ, дахиад жаахан багасгах арга байхгүй юу” гэхэд “ямар дүү нь өөртөө мөнгө авах гэж байгаа биш, цаашаа өгнө” гэж хэлэхээр нь дүү С-д хэлээд Т-ийн данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн.  9 дүгээр сарын 01-ний өдөр С-гийн охин 18 дугаар сургуульд очсон чинь “бүртгэгдээгүй байна гэсэн юм байна лээ”. Т- гар утсаа авахгүй, мессеж бичээд олдохгүй байсан. ...” /хх 14-15/,

гэрч Х.Чинбатын “...би Т- гэдэг хүнийг танихгүй. ...Тус сургуульд хүүхэд элсүүлэх журам Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 333 дугаар тушаалаар батлагдсан гүнзгийрүүлсэн сургалтын журам болон манай сургуулийн удирдах зөвлөлийн журам байдаг тул үүгээр элсүүлдэг. ...” /хх 17-18/,

Д.Т-ийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 8 дугаар сард А- над руу яриад “миний хамаатны нэг хүүхэд Нийслэлийн 18 дугаар сургуульд орох гээд харъяаллын асуудлаас болоод орж чадахгүй байна, тийм учраас туслаач” гэсэн санал тавихаар нь би “хүмүүсээс асууж тодруулаад боломжтой бол эргээд хариу өгье” гэж хэлсэн. 3 хоногийн дараа А- над руу дахиж залгаад “нөгөө асуудал чинь болох боломж байна уу” гэхээр нь би “болно” гэж хэлээд “ээжийн бие муу байгаа учраас 3.000.000 төгрөг хэрэгтэй байна, надад туслах боломж байна уу” гэж асуухад “дансаа өгчих” гэж хэлэхээр нь би дансаа өгсөн. ...Би тухайн хүнд учруулсан хохирлоосоо 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн. ...” /хх 77-78/ гэх мэдүүлгүүд,

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 27/ болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Д.Т-ийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Т-ийн хохирогч Ц.С-гийн “хүүхдийг гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуульд оруулж өгнө” гэж залилан мэхлэж 3.000.000 төгрөгийг Хаан банкны 5069081430 дугаарын дансаар шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Д.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял төрлөөс хорих ялыг сонгож, хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Д.Т- “...хохирогчийн хүүхэд 2019-2020 оны хичээлийн жилд 18 дугаар сургуулийн 1 дүгээр ангид суралцаж байсныг тодруулах, 2014 онд 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн боловч 2015 оны 1 дүгээр сард прокурор уг хэргийг хэрэгсэхгүй болгосныг дахин шалгуулах. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч Ц.С-гийн “...9 дүгээр сарын 01-ний өдөр болоход Т- гэдэг хүн “тус сургуулийн захирлаас бичиг аваагүй байна, авч өгнө” гэж хойшлуулаад 2019 оны 10 сар өнгөрөөд “манай хүүхэд хэцүүдлээ, мөнгөө авъя” гэхэд зөвшөөрч дансны дугаараа өгчих гэж бас хоног, өдөр хойшлуулж байгаад тэрнээс хойш гар утсаа авахгүй, олдохгүй байсан тул цагдаад өргөдөл өгсөн. ...Манай хүүхэд энэ сургуульд сураагүй. ...”, 18 дугаар сургуулийн захирал гэрч Х.Чинбатын “...би Т- гэдэг хүнийг танихгүй. ...” гэх мэдүүлгийг няцааж үгүйсгэсэн, мөн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1144 дугаартай шийтгэх тогтоол /хх 93-106/-ыг хүчингүй болгож өөрчилсөн талаарх баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН