Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2022/00985

 

          “Х д с” ТӨХК-ийн

           нэхэмжлэлтэй иргэний

              хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2020/00131 дүгээр шийдвэртэй,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 23  дугаар магадлалтай,

“Х д с” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

“М у” ОНӨААТҮГ-т холбогдох,

Дулааны төлбөр 43,783,740 төгрөг, алданги 21,891,870 төгрөг, нийт 65,675,610 төгрөг гаргуулах тухай үндсэн, 35,109,797 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэгийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батчимэг, хариуцагчийн төлөөлөгч Д.О, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х д с” ТӨХК нь “М у” ОНӨААТҮГ-т холбогдуулан дулааны төлбөр 43,783,740 төгрөг, алданги 21,891,870 төгрөг, нийт 65,675,610 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 35,109,797 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2020/00131 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан хариуцагч “М у” ОНӨААТҮГ-аас дулааны эрчим хүчээр хангасны төлбөр 43,783,740 төгрөг, алданги 10,945,935 төгрөг, нийт 54,729,675 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х д с” ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 10,945,935 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1-д заасныг баримтлан “Х д с” ТӨХК-аас цахилгааны төлбөр 2,564,654 төгрөгийг гаргуулан “М у” ОНӨААТҮГазарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нийт 32,545,143 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Х д с” ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 486,328 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М у” ОНӨААТҮГазраас улсын тэмдэгтийн хураамж 431,598 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х д с” ТӨХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2020/00131 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 431,598 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.26-ны өдрийн 153/ШШ2020/00131 дүгээр шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.16-ны өдрийн 23 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх “Алдангийг гэрээнд заасан төлбөр төлж барагдуулах өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаагаар тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 50 хувиар хязгаарлаж 10,945,935 төгрөг гаргуулах нь зүйтэй” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөжээ. Талуудын хооронд 2017.10.01-ний өдөр байгуулагдсан дулааны эрчим хүчээр хангах гэрээний 1.1-д “2017.10.01-ний өдрөөс 2018.04.30-ны өдөр хүртэл хангах, хэрэглэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах”-аар заасан. Үүнээс хойших хугацаанд талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгч “Х д с” ТӨХК нь 2017-2018 оны болон 2018-2019 оны дулааны эрчим хүчээр хангасны төлбөрийн алданги нийт 21,891,870 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх “Бичгээр гэрээ байгуулаагүй үеийн алдангийг нэхэмжлэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн атлаа алдангийг гэрээний хугацаагаар биш нийт алдангийн үнийн дүнгээс 50 хувиар, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тус тус тооцон алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хэмээн үнэлсэн дулааны эрчим хүчээр хангах гэрээнд талуудын төлөгдөөгүй үнийн дүнгээс алданги тооцох талаар харилцан тохиролцож тусгасан бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алдангийг ногдуулна” гэж заасан.

4.2. Анхан болон давж заалдах шатны шүүх дулааны эрчим хүчээр хангагч, хэрэглэгч талуудын хооронд үүссэн дулааны эрчим хүчээр хангасны төлбөр төлүүлэхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ тухайн харилцааг зохицуулж буй Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг хэрэглэж дүгнэлт өгөөгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Зохигчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдаагүй 2018.10.01-ний өдрөөс хойших дулааны эрчим хүчээр хангасны төлбөр нь гэрээний үнээр зохицуулагдахгүй. Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3.3, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйл, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.3, 35 дугаар зүйлийн 35.2-т эрчим хүчний үнэ тариф тогтоох журам, гэрээ, гэрээний үнэ, гэрээ байгуулагдаагүй тохиолдолд эрчим хүчний үнийг тогтоох тооцох журмыг зохицуулж өгсөн.

4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн 2019.09.20-ны өдрийн 153/Ш32019/01733 дугаар захирамжаар хангаж “Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийг шинжээчээр томилж шийдвэрлэсэн. Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тус шүүхэд 2019.11.19-ний өдрийн 33 дугаартай албан бичгээр хариу ирүүлэхдээ “Шүүхээс 30 ширхэг тоног төхөөрөмжийн жагсаалтыг хуулбарлан ирүүлээгүй тул” гэсэн үндэслэлээр дүгнэлт гаргах боломжгүй байгаагаа мэдэгджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална”, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжилгээний объектыг шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийн хамт шүүхийн шинжилгээний байгууллага, шинжээчид хүргүүлнэ”, мөн хуулийн 6.1.7-д “Шинжилгээний объект гэж шинжилгээ хийж байгаа ул мөр, эд мөрийн баримт , ... хэргийн      бусад материал” байхаар тус тус заажээ. Шинжээчид шинжилгээ хийхэд шаардагдах, шүүгчийн захирамжид заасан баримтыг хүргүүлээгүй шүүхийн ажиллагааны улмаас шинжилгээ хийх боломжгүй нөхцөл байдал бий болсон байдаг. Шүүгчийн 153/Ш32019/01733 дугаар захирамжийн биелэлтийг хангуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хариуцагчийн мэтгэлцэх эрхийг зөрчсөн. Талуудын хооронд үүссэн эрчим хүчний төлбөр болон дулааны шугам сүлжээ ашиглалт, дулааны тоног төхөөрөмжийн талаарх маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан тусгай мэдлэг шаардагдах асуудлын хүрээнд шинжээчийн дүгнэлт зайлшгүй шаардагдах үйл баримт юм. Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй.

4.4. Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Аймаг нийслэлийн зохицуулах зөвлөл нь энэ хуулийн 9.1.6, 9.1.7, 9.1.8, 9.1.10-т заасан эрх, үүргийг эдэлнэ”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэнэ” гэж, мөн Эрчим хүчний тухай хуулийн “Маргаан шийдвэрлэх журам”-ыг зохицуулсан 35 дугаар зүйлийн 35.2-т “Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ”,  35.2-т “... гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана” гэж тус тус заасан. Эрчим хүчний тухай хуульд заасан гэрээ, гэрээний үнэ, эрчим хүчний үнэ тариф, хуульд зааснаар алданги төлөх эсэх, мөн дулааны эрчим хүч дамжуулах шугам сүлжээний ашиглалтын талаарх маргааны зүйл байгаа тохиолдолд Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар Эрчим хүчний зохицуулах зөвлөл мэргэжлийн үүднээс дүгнэлт, шийдвэрийг гаргах хуулийн зохицуулалттай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан “нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг...” зөрчсөн байхад хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан энэ асуудалд дүгнэлт өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч “Х д с” ТӨХК-аас хариуцагч “М у” ОНӨААТҮГ-т холбогдуулан дулааны төлбөр 43,783,740 төгрөг, алданги 21,891,870 төгрөг, нийт 65,675,610 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнд, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан ашиглалтын зардал, түрээс, цахилгааны төлбөрт 35,109,797 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 54,729,675 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,564,654 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн. 

7. Нэхэмжлэгчээс “...Манайх 2017.10.01-ний өдрөөс 2018.05.01-ний өдрийг хүртэлх хугацааны дулааны төлбөр 21,891,870 төгрөг, 2018.10.01-ний өдрөөс 2019.05.01-ний өдрийг хүртэлх хугацааны дулааны төлбөр 21,891,870 төгрөг, алданги 21,891,870 төгрөг, нийт 65,675,610 төгрөгийг хариуцагч байгууллагаас нэхэмжилж байна. Хариуцагч энэ хугацааны дулааны төлбөр огт төлөгдөөгүй... 2017 онд 819 м.кв талбайтай байсныг шинэчлээд 2106 м.куб эзлэхүүнтэй болсон. Уг хэмжээгээр үндсэн төлбөрийг тооцсон. 2019 онд м.куб-ын үнийн өөрчлөлт орсон боловч өмнөх жилүүдтэйгээ адилхан 1 м.куб-ын үнийг 1485 төгрөгөөр тооцсон...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь дулаан дамжуулж байгаа тоног төхөөрөмж нь “М у” ОНӨААТҮГ-ын хөрөнгө юм. Өдийг хүртэл”Х д с” ТӨХК-ийн өмчлөл, ашиглалтад байгаа тоног төхөөрөмж ашигласны төлбөр болон түрээсийн төлбөрийг огт аваагүй, тоног төхөөрөмж ашигласны зардал болон элэгдлийн зардлыг тооцож байгаагүй... Нийт сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 35,109,797 төгрөгийг хасуулж тооцуулна. Үүнд тоног төхөөрөмж ашигласны элэгдлийн зардал, цахилгааны төлбөр, түрээсийн төлбөр хамаарна. Мөн алданги төлөхгүй. Үлдэгдэл 8,673,943 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... 2106 м.куб эзлэхүүний талаар болон 1 м.куб-ыг 1485 төгрөгөөр тооцсон талаар маргаан байхгүй...” гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ “...Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016.04.07-ны өдрийн 38 дугаартай “Хөрөнгө бүртгэх тухай” тогтоолоор 847,371,542 төгрөгийн үнэтэй нийт 30 ширхэг тоног төхөөрөмжийг “М у” ОНӨААТҮГ-т өгсөн байдаг. Эдгээр тоног төхөөрөмжийг “Х д с” ТӨХК ашиглаад, объектуудад дулаан дамжуулдаг. Иймд түрээсийн төлбөрийг 31 сараар буюу 1 сард 270,000 төгрөгөөр бодоод 8,370,000 төгрөг, элэгдлийн зардал 24,175,143 төгрөг, цахилгааны төлбөрт 2,564,654 төгрөг, нийт 35,109,797 төгрөгийг шаардаж байна...” гэснийг,

нэхэмжлэгч эс зөвшөөрч “... Цахилгааны төлбөр 2,564,654 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, харин бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн тоног төхөөрөмжүүд нь манай байгууллагын тоног төхөөрөмжүүд учраас элэгдлийн зардлыг төлөхгүй... Тоног төхөөрөмжөө суурилуулахдаа түрээсийн гэрээ байгуулаагүй учраас түрээсийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг тал бүрээс нь бүрэн дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзнэ.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч 2017.10.01-ний өдрөөс 2019.05.01-ний өдрийг хүртэл хугацааны дулааны эрчим хүчний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч энэ хугацааны төлбөрт нийт 43,783,740 төгрөгийг шаардах эрхтэй (үндсэн төлбөрийн хэмжээний хувьд хариуцагч маргаагүй). Алдангийн хувьд зохигчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ 2017.10.01-ний өдрөөс 2018.05.01-ний өдрийг хүртэл бичгээр, харин үүнээс хойш буюу 2018.10.01-ний өдрөөс 2019.05.01-ний өдрийг хүртэлх хугацаанд амаар байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар нэхэмжлэгч нь зөвхөн бичгээр гэрээ байгуулагдсан үеийн алдангийг шаардах боломжтой. 2017.10.01-ний өдрөөс 2018.05.01-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөр 21,891,870 төгрөг бөгөөд үүнийг төлөх ёстой 2018.05.28-ны өдрөөс (гэрээний 4.2-т зааснаар тухайн сарын 28-ны дотор) шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019.05.14-ний өдрийг хүртэл хоногийн 0,5 хувиар тооцоход (гэрээний 4.4-т зааснаар) үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлаж, хариуцагчаас 10,945,935 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлтэй.

10. Иймд “... шүүх бичгээр гэрээ байгуулаагүй үеийн алдангийг нэхэмжлэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн атлаа алдангийг гэрээний хугацаагаар биш нийт алдангийн үнийн дүнгээс 50 хувиар, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тус тус тооцон алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-д заасан хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй. Мөн хариуцагч анхнаасаа дулаан авсан хугацаа, хэмжээ, үнэ тарифын талаар маргаагүй атлаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо “бичгээр гэрээ байгуулагдаагүй үеийн төлбөрийг хуульд заасны дагуу эрчим хүчний үнийг тогтоох журмаар тооцох ёстой” гэсэн утга бүхий гомдлыг (Тодорхойлох хэсгийн 4.3) гаргаж буй нь үндэслэлгүй юм.

11. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, хариуцагчаас 2016.10.01-ний өдрөөс 2019.05.01-ний өдрийг хүртэлх хугацаанд 15 нэр төрлийн тоног төхөөрөмж ашигласны элэгдлийн зардал 24,175,143 төгрөг болон энэ хугацааны байрны түрээсийн төлбөр 8,370,000 төгрөг, нийт 32,545,143 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй. Учир нь, хэдийгээр Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016.04.07-ны өдрийн 38 дугаар тогтоолоор 847,371,542 төгрөгийн хөрөнгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны балансад бүртгэхийг хурлын нарийн бичгийн даргад зөвшөөрч, уг тогтоолын хавсралтад дурдагдсан Ахуй үйлчилгээний барилга болон 29 нэр төрлийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг “М у” ОНӨААТҮГ-т хариуцуулан, ашиглалтын гэрээ хийж ажиллахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгосон боловч хариуцагчийн зүгээс ашиглалтын гэрээ байгуулаагүй байх тул өмчлөгчийг (аймгийн ИТХ) төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй, иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Харин нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас цахилгааны төлбөр 2,564,654 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул уг хэсгийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

12. Нэгэнт шүүх хариуцагчийн гаргасан сөрөг шаардлагын зарим хэсэгт (Хянавал хэсгийн 11-д дурдсан) “төлөөлөх эрхгүй” гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосон тул “...дулааны шугам сүлжээ ашиглалтын зардлыг тооцох нь тусгай мэдлэг шаардагдах шинжээчийн дүгнэлт зайлшгүй гаргах үйл баримт байхад шүүх шинжээч томилох шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг болон хариуцагчийн мэтгэлцэх эрхийг зөрчсөн...” гэх агуулга бүхий энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.3-т заасан гомдол ач холбогдолгүй буюу хангах үндэслэлгүйгээс гадна анхан шатны шүүх шүүхээс томилогдсон шинжээч дүгнэлт гаргахаас татгалзсан тул “шүүгчийн захирамж биелэгдэх боломжгүй” гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсныг буруутгахааргүй байна.

13. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан “нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн” (Тодорхойлох хэсгийн 4.4) гэх гомдол үндэслэлгүй, хариуцагч энэ талаар анхан шатны шүүхэд маргаагүй.

14. Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2020/00131 дүгээр шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 431,598 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАЯРМАА

                                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ  

                      ШҮҮГЧИД                      Г.БАНЗРАГЧ                                                                       

                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Б.МӨНХТУЯА