Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 1685

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 27 өдөр                   Дугаар 102/ШШ2020/01685                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х” ХХК-д холбогдох,

гэрээний үүргийн гүйцэтгэлд холбогдох 66,871,800 /жаран зургаан сая найман зуун далан нэгэн мянга найман зуу/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2019.05.10-ны өдөр 108/2019/ХОН/01 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, энэ гэрээний хүрээнд нийлүүлэгдэх газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалт бүрийн тусгай нөхцлүүдийг хавсралтаар баталгаажуулж ирсэн. Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон мөн өдөр талуудын хооронд 108/2019/БХОН/01 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулагдаж, “Х” ХХК-ийн захирал Ц.Хонгор өөрийн компаниин өмч болох үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031119 дугаарт бүртгэгдсэн, СХД, 32 хороо, Эмээлт 18400 гудамж, Эмээлт зам 114 тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай конторын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031150 дутаарт бүртгэгдсэн мөн хаягийн 114/1 тоотод байршилтай 288 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаанд авч, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлсэн. Уг гэрээний дагуу хариуцагч нь 2019.05.14 -ний өдрөөс 2019.08.20-ны өдрийг дуустал хугацаанд нийт 166,963,200 төгрөгиййн үнэ бүхий 85,050 литр дизель түлшийг худалдаж авснаас 122,382.000 төгрөгийг төлж, 44,581,200 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг ханган үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа утсаар шаардсан ч удахгүй төлнө гэсээр төлбөрийг хийгээгүй байна. Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 5.2.1-д “Худалдан авагч нь гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудад заасан барааны төлбөрийг Худалдагчийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор бүрэн буюу 100% төлж барагдуулсан байна” гэж, 5.2.2-т “Худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө” гэж заасан. Х ХХК нь Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний хавсралт ёсоор гүйцэтгэх төлбөрийг 2019.09.20-ноос 2020.01.16-ныг хүртэл 116 хоногоор хэтрүүлсэн байх бөгөөд алдангийг үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцвол нийт 22,290,600 төгрөгийн тооцоо гарч байна. Иймд үлдэгдэл төлбөр 44,581,200 төгрөг, хутацаа хэтрүүлсний алданги 22,290,600 төгрөг, нийт 66,871,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд 2019.05.10-ны өдөр 108/2019/ХОН/01 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний хавсралт 3.2-т газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх нөхцлийг тогтвортой баталгаажуулна, 4.2.2-т нийлүүлэлт бүрийн үнийг хавсралтад тусгаж баталгаажуулна, 5.1.2-т хавсралтаар нийлүүлэх барааны үнийг тухайн зах зээлийн үнээр баталгаажуулан тогтоож хавсралтаар баталгаажуулна, 5.2-т барааны нэгжийн үнэ, төлөх хуваарь зэргийг хавсралт бүрд зааж баталгаажуулна, 5.2.1-т худалдагч авагч гэрээний салшгүй хэсэг болсон хавсралтад заасан барааны үнийг худалдагчийн бараа нийлүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүрэн төлж барагдуулна, 5.2.2-т худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө, 7.1.1-т худалдагч авагчаас ирүүлсэн барааны захиалгад барааны нэр төрөл хэмжээ, тээвэрлэлт хийх хугацаа зэргийг тусгасан байна, 7.2-т худалдан авагчаас ирүүлсэн захиалга хүлээж авсны дараа бараа нийлүүлэх хугацаа, үнэ, төлбөрийн нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцоонд хүрч хавсралтаар баталгаажуулна гэж заасан. Захиалга өгөөгүй, захиалга нь баталгаажаагүй, талууд үнэ, хуваарь зэргийг тохиролцоогүй байхад нэхэмжлэгч бараа нийлүүлсэн байна. Нэхэмжлэгч хавсралтгүй байхад захиалга яаж баталгаажуулсан, ямар үнээр тохиролцсон, төлөх үнээ яаж тохирсон, хавсралтгүй тохиолдолд алданги тооцохгүй гэсэн заалтыг гэрээнд оруулж, гарын үсэг зурчихаад алданги шаардаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

“Зууннайман ойл” ХХК нь “Х” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 66,871,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигч 2019.05.10-ны өдөр 108/2019/ХОН/01 дугаар “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээг байгуулж, 1 жилийн хугацаанд газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалт бүрийн тусгай нөхцлүүдийг хавсралтаар баталгаажуулахаар тохиролцон, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 108/2019/БХОН/01 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.

 

Гэрээгээр “Х” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031119 дугаарт бүртгэгдсэн, СХД, 32 хороо, Эмээлт 18400 гудамж, Эмээлт зам 114 тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай конторын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031150 дутаарт бүртгэгдсэн мөн хаягийн 114/1 тоотод байршилтай 288 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч нь 4 удаа нийлүүлсэн гэж, хариуцагч нь эхний 3 удаагийн худалдан авалтын төлбөрийг бүрэн төлсөн, сүүлийн нийлүүлэлтийн тухайд захиалга өгөөгүй, захиалга баталгаажаагүй, үнэ, хуваарийг тохиролцоогүй байхад нэхэмжлэгч бараа нийлүүлсэн, манайд ажилладаггүй хүнд хүлээлгэн өгсөн гэж тайлбарлав.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулжээ.

 

Дээрх гэрээний нөхцөл, агуулгаас талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдагч тал болох “Зууннайман ойл” ХХК нь 2019.05.14-ний өдрөөс 2019.08.20-ны өдрийг хүртэл хугацаанд 122,382,000 төгрөгиййн үнэ бүхий 62,070 литр дизель түлшийг хариуцагчид нийлүүлсэн, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Харин 2019.08.20-ны өдөр 22,980 литр дизель түлшийг нэхэмжлэгч нь хариуцагчид өгсөн гэж, шаардлагын үндэслэлээ гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж тайлбарлав.

 

Хариуцагч  нь гэрээгээр тохиролцсоны дагуу 2019.08.20-ны өдөр 22,980 литр дизель түлшийг захиалаагүй, манайд хавсралтаар хүлээлгэн өгөөгүй, тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй тул төлөх үндэслэлгүй гэж маргалаа.  

 

Талууд уг гэрээнийхээ 3.2, 4.2.2, 5.1.2, 5.2, 7.1.1, 7.2 дахь заалтуудаар газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхдээ хавсралтаар баталгаажуулахаар тохиролцсон, зохигч өмнөх 3 удаагийн нийлүүлтээс гэрээ байгуулсан өдрөө эхний нийлүүлэлтээр хавсралтыг үйлдэн баталгаажуулсан байгаа боловч дараагийн 2 удаагийн нийлүүлтэд хавсралтыг үйлдээгүй байна.

 

Гэвч “Х” ХХК нь 2019.08.20-ны өдөр 22,980 литр дизель түлшийг хүлээн аваагүйгээ болон 66-58 УБХ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Алтансүх нь ажилладаггүйг баримтаар нотолж чадахгүй байна.

 

Өөрөөр хэлбэл тухайн жолоочийг гэрчээр асуулгахаар хүсэлт гаргаагүй, ажилладаггүйг нотолж хариуцагч байгууллагын ажилчдын нийгмийн даатгал төлөлтийн талаархи баримтыг гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзлын үндэслэлээ нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх, цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

“Зууннайман ойл” ХХК нь 3 удаагийн нийлүүлтээр 1 литр дизель түлшний нэгж үнийг  1975, 1990, 1950 төгрөгөөр нийлүүлсэн гэж тайлбарласан, 22,980 литр дизель түлшний нэгж үнийг 1940 төгрөгөөр тооцсоныг хариуцагч үгүйсгэхгүй байх тул үлдэгдэл төлбөрт /22,980х1940/ 44,581,200 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Зохигч гэрээний 5.2.2 дахь заалтаар худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцэж байх тул алданги тооцох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь 44,581,200 төгрөгийг гэрээний 5.2.1-т зааснаар бараа нийлүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүрэн төлөхөөр тохиролцсон байх тул төлөх үүрэгтэй байсан 2019.09.20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 116 хоногоор хугацаа хэтрүүлсэн байх байна.

 

Ийнхүү алданги /44,581,200х0,5/ 222,906 төгрөг хоногт ногдох ба 116 хоногоор тооцоход /222,906х116/ 25,857,096 төгрөг болж байгааг Иргэний хуулийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй байх заалтад нийцүүлэн алдангид /44,581,200:2/ 22,290,600 төгрөгийг тооцох зүйтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 243.1, 232.6, 232.4-т зааснаар “Х” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд /44,581,200+22,290,600/ нийт 66,871,800 төгрөг гаргуулан, “Зууннайман ойл” ХХК-д олголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 492,309 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 492,309 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан “Х” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд холбогдох 66,871,800 /жаран зургаан сая найман зуун далан нэгэн мянга найман зуу/ төгрөг гаргуулан, “З” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 492,309 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 492,309 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ