Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1817

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 08 өдөр                   Дугаар 102/ШШ2020/01817                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Л” ХХК-д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 242,111,826 /хоёр зуун дөчин хоёр сая нэг зуун арван нэгэн мянга найман зуун хорин зургаа/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хандмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Загдсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Лха угсаа ХХК нь 2019.02.18-ны өдөр 2019/20 тоот шатахуун худалдах худалдан авах гэрээ байгуулж 2020.02.18-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч компанид шатахуун нийлүүлэхээр тохиролцсон. Гэрээний нөхцлөөр 2019.02.20-ны өдрөөс 2019.04.05-ны өдрийн хугацаанд 137,480 литр шатахуун авсан бөгөөд 2019.03.07-ны өдөр авсан 8000 литр шатахуунаас 6330 литр шатахууныг тухайн үед бэлэн мөнгөөр авч үлдэх 131,150 литр шатахууны үнэ 253,119,500 төгрөг төлөөгүй байснаас 2019.04.05-ны өдөр 96,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 156,619,500 төгрөгийг одоо болтол төлөөгүй. Шатахуун хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор үнийг төлж барагдуулахаар тохиролцсон. Гэрээний 4.4, 11.4-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5% алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож төлөх ёстой. Үнийг төлж дуусгах ёстой 2019.03.20-ны өдрөөс 2019.12.05-ны өдрийг хүртэл тооцоход үлдэгдэл 156,619,500 төгрөгийн 50 хувиас хэтэрсэн тул хуульд заасны дагуу тооцож 78,309,750 төгрөгийг гэрээний хариуцлагад тооцож байна. Шатахууныг гадаадаас ам.доллараар худалдаж авдаг, төлбөрийн хугацаа хэтрүүлэх тутам ханшийн зөрүү гарч, алдагдалд орж, хохирол учирдаг. Гэрээний 7.4 болон гэрээний хавсралтад зааснаар ам.долларын ханшийн зөрүүг гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүйгээс учруулсан хохиролд тооцохоор заасан. Шатахууны үнийг буцаан төлөх өдөр буюу 2019.04.22-ны өдөр ам.долларын ханш 2641.58 төгрөг байсан. Нэхэмжлэл гаргаж буй 2020.02.29-ний өдөр ханш 2762.71 төгрөг болж 121,13 төгрөгөөр өсчээ. 156,619,500 төгрөгт 59,290 ам.доллар авах байсан бол 56,690.17 ам.доллар авах болсон нь 2599.83 ам.долларын зөрүү буюу  7,182,576 төгрөгийн хохирол гарсан. Иймд хариуцагчаас 2019.02.18-ны өдөр байгуулсан 2019/20 тоот шатахуун худалдах худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 156,619,500 төгрөг, алданги 78,309,750 төгрөг, хохиролд 7,182,576 төгрөг, бүгд 242,111,826 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир нарийн тооцоог сайн мэдэхгүй байна. Зөвхөн алдангид 78,919,050 төгрөгийг шаардсан байна. Хууль зүйн хувьд үндэслэлгүй. Энэ бол маш их хэмжээний мөнгө, жирийн иргэний үл хөдлөх хөрөнгө авах хэмжээний мөнгийг алданги нэрээр шаардаж байгаа нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд хүү, алданги нэхэмжлэх боломжтой. Нэхэмжлэгч байгуулсан гэрээнээс татгалзаж  эсвэл гэрээг цуцалж мөнгө шаардаж байгаа аль нь болох нь тодорхойгүй байна. Гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа тохиолдолд алданги шаардах эрхтэй хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Хохиролд ам долларын ханшны зөрүүний хохиролд 7,182,576 төгрөгийг шаардсан ч баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагчаас шалтгаалж хохирсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

“Х” ХХК нь “Л” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 156,619,500 төгрөг, алданги 78,309,750 төгрөг, хохирол 7,182,576 төгрөг, нийт 242,111,826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул үндсэн төлбөрөө алданги хохирлын хамт гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч  нь гэрээний хугацаа дуусаагүй, гэрээнээс татгалзсан эсхүл гэрээг цуцалсан нь тодорхойгүй, гэрээнээс татгалзаж цуцалсан тохиолдолд алданги шаардах эрх үүснэ, хохирсноо баримтаар нотлоогүй гэж маргалаа.  

 

Зохигч 2019.02.18-ны өдөр 2019/20 тоот шатахуун худалдах худалдан авах гэрээ байгуулж, 1 жилийн хугацаанд хариуцагчид шатахуун нийлүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулжээ.

 

Дээрх гэрээний нөхцөл, агуулгаас талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдагч тал болох нэхэмжлэгч нь 2019.02.20-ны өдрөөс 2019.04.05-ны өдрийн хугацаанд 137,480 литр шатахуун нийлүүлсэн, хариуцагч доголдол, зөрчлийн талаар маргахгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч гэрээний дагуу шатахуун нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн байх бөгөөд харин хариуцагч нь барааны үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

Талууд уг гэрээнийхээ 4.4 дэх заалтаар худалдан авагч төлбөрийг нэхэмжлэлд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцэж байх тул алданги тооцох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч гэрээний 4.3 дахь заалтын дагуу шатахууны төлбөрийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон, сүүлийн шатахууныг 2019.04.05-ны хүлээн авснаар төлбөрийг 2019.05.05-ны өдрийн дотор төлбөрийг төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн байх тул алдангийг тооцох үндэслэлтэй байна.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх тул хариуцагчийн өмгөөлөгчийн татгалзлын тайлбар үндэслэлгүй байна.

 

Л ХХК нь шатахууны төлбөрт 156,619,500 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул алданги нь хоногт /156,619,500х0,5%/ 783,098 төгрөг ногдож байгааг 2019.05.05-ны өдрөөс 2019.12.05-ны өдрийг хүртэлх 7 сарын хугацааны алданги нь 164,450,475 төгрөг болохоор байна.

 

Хариуцагчийн төлөх алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасанд нийцүүлж төлөгдөөгүй 156,619,500 төгрөгийн тал хувь 78,309,750 төгрөгөөр алданги тооцлоо.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч нь хохирлоо шаардах эрхтэй боловч шатахууныг гадаадаас ам доллараар авдаг болохоо, валютын ханшийн зөрүү гарч, алдагдалд орж хохирсон болохоо баримтаар нотолж чадахгүй байна.

 

Өөрөөр хэлбэл шатахууныг гадаадаас ам доллараар авдаг талаар баримтгүй, 2020.02.29-ний өдрийн ханшны лавлагааг шүүхэд гаргаж өгсөн боловч төлбөрийг төлөх үеийн ханшны талаархи баримтыг өгөөгүй байх тул 2599.83 ам.долларын зөрүү буюу  7,182,576 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч тал гэрээний 7.4-т зааснаар хохирлоо шаардана гэж тайлбарлах ч тухайн заалтаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа учруулсан аливаа хохирлоо буруутай тал нь төлөхөөр байгааг ханшны зөрүүгээс үүссэн хохирол гаргуулах шаардлагад хамааралгүй байна. 

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 243.1, 232.6, 232.4, 219.1-д зааснаар “Л” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 234,929,250 төгрөг гаргуулан, “Х” ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 7,182,576 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

 

Хариуцагч нь А.Анхбаярыг гэрчээр асуулгахаар хүсэлт гаргасан боловч өөр байдлаар маргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар татгалзлын үндэслэлээ нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх, цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

 

     Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч энэ өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,368,509 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 1,332,596 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Л” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 234,929,250 /хоёр зуун гучин дөрвөн сая есөн зуун хорин есөн мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулан, “Х” ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 7,182,576 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,368,509 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 1,332,596 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ