Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2022/00986

 

                                    “З э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                        иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/02133 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2049 дүгээр магадлалтай,

“З э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 “Х б” ХХК-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин, өмгөөлөгч Д.Түвшинтамир нарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнзул, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “З э Э” ХХК нь хариуцагч  “Х б” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/02133 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 160.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч “З э Э” ХХК-ийн хариуцагч  “Х б” ХХК-д холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038273 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18341/ гудамж 27/1 тоот хаягт байрлах 1,237 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031671 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18340/ гудамж 31/А тоот хаягт байрлах 1,237 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хангаж,  “Х б” ХХК болон  “Д э т”  ХХК нарын хооронд 2015 оны 07 сарын 10-ны өдөр байгуулагдсан ЗГ1440001377 дугаартай зээлийн гэрээ,  “Х б” ХХК болон  “Д э т”  ХХК,  “О к”  ХХК нарын хооронд 2015 оны 11 сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ1440001531 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038273 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18341/ гудамж 27/1 тоот хаягт байрлах 1,237 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031671 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18340/ гудамж 31/А тоот хаягт байрлах 1,237 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч  “Х б” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 сарын 14-ний өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  “Х б” ХХК-аас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “З э Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2049 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/02133 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул  “Х б” ХХК-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгө барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай “З э Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.  

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин, өмгөөлөгч Д.Түвшинтамир нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.30-ны өдрийн 2049 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх магадлалын Хянавал хэсэгтээ “Анхан шатны шүүх шүүгчийн захирамжийг үндэслэн  “Х б” ХХК-ийн барьцаа хөрөнгүүдээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2205034474 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг сонгон авч зарим хэсгийг нь төлбөрт тооцон, үлдэх хэсгээр нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар эвлэрсэн нь бусад барьцаа хөрөнгө болох “З э Э” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй...” гэж дүгнэн, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой.  “Х б” ХХК нь 2019.03.15-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд  “Д э т”  ХХК-д холбогдуулан “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,975,490,918 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч  “Д э т”  ХХК нь  “Х б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 3,082,117,500 төгрөгт тооцож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205034474 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн 2 дугаар давхрын 2108,85 м.кв талбай, 1 дүгээр давхрын 174.2 м.кв талбайг тус тус “Х б” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, үлдэх 10,893,373,418 төгрөгийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205034474 дугаарт бүртгэлтэй  “Д э т”  ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 23 тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул тус шүүхийн 2019.03.28-ны өдрийн 102/ШШ2019/00846 дугаартай шүүгчийн захирамжаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

4.2. Дээрх шүүгчийн захирамжид зааснаар  “Д э т”  ХХК болон  “Х б” ХХК-ийн хооронд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тогтоосон хуваарийн дагуу биелүүлэх, хэрэв тогтоосон хуваарийг зөрчвөл зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгүүдээс зөвхөн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 23 тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгөөр хангана гэж харилцан тохиролцож, бусад барьцаа хөрөнгөөс татгалзсан үйл баримт нь тогтоогддог бөгөөд талуудын энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нэг талын хүсэл зоригийг нөгөө тал нь хүлээн авсан хүчин төгөлдөр хэлцэл байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... барьцааны эрхээс хуульд заасан эрхийнхээ хүрээнд татгалзсанаар  “Х б” ХХК-ийн барьцааны эрх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасны дагуу дуусгавар болсон, “З э Э” ХХК-ийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дээрх үйл баримтыг зөв зүйтэй дүгнэсэн болно. Түүнчлэн Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.4-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгийн ипотекээр хангагдахаар байвал үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг тухайн шаардлагыг бүхэлд нь хангахад ашиглах бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч шаардлагаа хангуулахдаа аль нэгэн үл хөдлөх эд хөрөнгийг сонгож болно” гэж зааснаар  “Х б” ХХК нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгөө сонгож, үүнийгээ шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хууль зүйн үндэслэл бүрдсэн тул “З э Э” ХХК-ийн өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгө нь шүүхийн гүйцэтгэх хуудаст заагдаагүй, цаашид ч ямар нэгэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх хууль зүйн үндэслэлгүй эд хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгийг үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч  “Д э т”  ХХК-тай харилцан тохиролцож, зээлдэгчийн өмчлөлийн эд хөрөнгийг сонгосноороо бусад барьцаа хөрөнгөөс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.

4.3. Учир нь барьцаалагч  “Х б” ХХК-ийн хүсэл зоригоос шалтгаалан бусад үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх дуусгавар болж байгаа нь өөрөө нэг талын хэлцлийн шинжтэй байгаа болно. Нөгөөтээгүүр барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж заасны дагуу бие даан хэрэгжих боломжгүй, зээлийн гэрээнээс салгаж үл болох эрх ба  “Х б” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж, шүүхэд хандсанаар зээлийн гэрээгээр хангагдах шаардлагыг талууд тодорхойлж, гэрээгээ цуцалсан үйл баримт тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх энэхүү үйл баримтыг огтхон ч анхаарсангүй. Давж заалдах шатны шүүхийн дүгнэснээр Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар зөвхөн барьцаалагч барьцааны зүйлээс татгалзсан тухай барьцаалуулагч буюу өмчлөгчид мэдэгдсэн тохиолдолд барьцааны эрх дуусгавар болох зохицуулалтыг баримтална гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай. Хариуцагч  “Х б” ХХК нь нийт 7,5 тэрбумын зээлийн үлдэгдэл төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нийт 30 тэрбумаар үнэлэгдсэн  “Д э т”  ХХК-ийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 23 тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгийг (“Соло малл” их дэлгүүрийн барилга) албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа явагдаж байгааг мэдсээр атлаа (нэгэнт барьцааны эрхээсээ татгалзаж, шүүгчийн захирамжаар баталгаажуулсан) “З э Э” ХХК-ийн өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгүүдийн ипотекээс татгалзсан тухай бүртгэлийг улсын бүртгэлд хийлгэхгүй байгаа нь  “Х б” ХХК-ийн өмнө аливаа шүүхийн шийдвэрээр үүрэг хүлээгээгүй, хохирол учруулаагүй хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаанд саад учруулан, ашиг сонирхлыг нь зөрчсөөр байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч “З э Э” ХХК-аас хариуцагч  “Х б” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

7. Нэхэмжлэгчээс “... Манай компани нь  “Д э т”  ХХК-ийн “Х б” ХХК-аас 2015.07.10-ны өдөр зээлийн гэрээний дагуу авсан 1,200,000,000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлд ... хаягт байрлах 1,237 м.кв талбай бүхий агуулах, ... хаягт байрлах 1,237 м.кв талбай бүхий агуулахыг тус тус барьцаалсан... 2015.11.30-ны өдрийн  “Д э т”  ХХК,  “О к”  ХХК,  “Х б” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр өмнө нь байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн зээлийн үлдэгдлүүдийг нэгтгэн,  “Х б” ХХК-д барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болж хэвээр үлдсэн байдаг.  “Х б” ХХК нь  “Д э т”  ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт нийт 13,975,490,918 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах нэхэмжлэлийг 2019.03.15-ны өдөр шүүхэд гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  “Д э т”  ХХК нь  “Х б” ХХК-ийн нэхэмжилсэн 13,975,490,918 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 3,082,117,500 төгрөгт тооцон Баянгол дүүрэг, ... хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгөх, үлдэх 10,893,373,418 төгрөгийг тохиролцсон хуваарийн дагуу төлж барагдуулах, хариуцагч тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох  “Д э т”  ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг ....хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2205034474 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар эвлэрсэн байдаг. Уг хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд тухайн хөрөнгө нь 30,000,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар  “Д э т”  ХХК нь бидэнд мэдэгдсэн.  “Х б” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зөвхөн шүүгчийн захирамжид заасан  “Д э т”  ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах хүсэл зоригоо илэрхийлснээр бусад барьцааны зүйлээс татгалзсан байх тул барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Барьцааны зүйлээс татгалзах тохиолдолд хөрөнгийг буцаан олгож байгаа тал болох барьцаалагч нь барьцаалуулагч, эсхүл улсын бүртгэлийн байгууллагад энэ талаар хүсэл зоригоо бодитоор илэрхийлж улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагатай. Энэ тохиолдолд банкнаас нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгүүдээс татгалзаж улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул татгалзсан гэж үзэх үндэслэлгүй. Мөн шүүхэд зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа тухайн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар нэхэмжлэлдээ дурдаагүй нь барьцааны зүйлээс татгалзсан гэж үзэх талаар хууль тогтоомжид заасан зүйл байхгүй...  “Д э т”  ХХК нь зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа бөгөөд 2020.06.09-ний өдрийн байдлаар 7,530,179,456 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа буюу барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй байна. Мөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр банкны барьцааны эрх дуусгавар болоогүй тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлд заасан үндэслэлээр барьцааны зүйлийг буцаан өгөх үүрэг хүлээхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

8. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзлээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “...  “Х б” ХХК болон  “Д э т”  ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч  “О к”  ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрэн хэлэлцсэн, ингэхдээ нэхэмжлэгч  “Х б” ХХК нь барьцаа хөрөнгүүдээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2205034474 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг сонгон авч зарим хэсгийг нь төлбөрт тооцон, үлдэх хэсгээр нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар эвлэрсэн нь бусад хоёр барьцаа хөрөнгө болох “З э Э” ХХК-ийн өмчлөлийн агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан гэж үзэх үндэслэлтэй, ийнхүү эвлэрснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар гомдол гаргах, тухайн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд энэ талаар мөн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид тодорхой заасан... Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасны дагуу хариуцагчийн барьцааны эрх дуусгавар болсон, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүрэг мөн Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй...” гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс шийдвэр буруу болжээ.

10. Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан “... анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлгүй, шүүгчийн захирамжид “З э Э” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө ороогүй байгаа нөхцөл байдал нь  “Х б” ХХК нь барьцааны эрхээс татгалзсан, дуусгавар болгосон гэх үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл,  “Х б” ХХК нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар барьцааны зүйлээс татгалзсан тухай барьцаалуулагч “З э Э” ХХК-д мэдэгдсэн буюу Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар барьцаанаас татгалзсан тухай хүсэл зоригоо илэрхийлсэн гэх байдал баримтаар нотлогдоогүй байна...” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

11. Тодруулбал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 102/ШШ2019/00846 дугаар захирамжаар “  “Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй  “Д э т”  ХХК-д холбогдох 13,975,490,918 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, хариуцагч  “Д э т”  ХХК нь нэхэмжлэгч  “Х б” ХХК-ийн нэхэмжилсэн 13,975,490,918 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 3,082,117,500 төгрөгт тооцон барьцааны зүйл болох ... хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2205034474 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн 2 давхрын 2108,85 м.кв талбай, 1 давхрын 174,2 м.кв талбайг тус тус нэхэмжлэгчийн өмчлөлд 2019.03.31-ний өдрийн дотор шилжүүлж өгөх, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,893,373,418 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулах, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох ... хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2205034474 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн нь үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзсан гэж үзэхгүй буюу шүүгчийн захирамжид татгалзсан агуулга байхгүй байна.

12. Энэ тохиолдолд хариуцагчийг Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.4-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгийн ипотекээр хангагдахаар байвал үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг тухайн шаардлагыг бүхэлд нь хангахад ашиглах бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч шаардлагаа хангуулахдаа аль нэгэн үл хөдлөх эд хөрөнгийг сонгож болно” гэж заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. Мөн Иргэний хуулийн 173 дугаар зүйлд ипотек болон шаардах эрхээс татгалзах журмыг тусгайлан зохицуулсан бөгөөд хариуцагчийн хувьд уг зүйлийн 173.1-д зааснаар “... ипотекээс татгалзаж, энэ тухай зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн...” гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Гэтэл анхан шатны шүүх шүүгчийн захирамжаар баталгаажуулсан эвлэрлийг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасан “хуульд заасан бусад үндэслэл”-д хамааруулан хариуцагчийн барьцааны эрх дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, учир нь уг заалт нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.4 болон 173 дугаар зүйлийн 173.1 дэх хэсгийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

13. Иймд “... анхан шатны шүүх үйл баримтыг зөв дүгнэсэн, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.4-т зааснаар  “Х б” ХХК нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгөө сонгож, үүнийгээ шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар нэхэмжлэгчийн өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгө нь шүүхийн гүйцэтгэх хуудаст заагдаагүй, хариуцагчийн хүсэл зоригоос шалтгаалан бусад үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх дуусгавар болж байгаа нь өөрөө нэг талын хэлцлийн шинжтэй,  “Х б” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж, шүүхэд хандсанаар зээлийн гэрээгээр хангагдах шаардлагыг талууд тодорхойлж, гэрээгээ цуцалсан үйл баримт тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх огтхон ч анхаарсангүй...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

14. Тодруулбал, хариуцагч буюу  “Х б” ХХК-ийн хувьд үүргийн гүйцэтгэлийг шүүгчийн захирамжид заасан барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй, хүрэлцэхгүй зэрэг тохиолдолд бусад барьцаа хөрөнгөөр (нэхэмжлэгчийн) хангуулахаар дахин шүүхэд хандах эрхтэй тул “... нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгө шүүхийн гүйцэтгэх хуудаст заагдаагүй, цаашид ч ямар нэгэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх хууль зүйн үндэслэлгүй...” гэх гомдол үндэслэлгүй.

15. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2049 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин, өмгөөлөгч Д.Түвшинтамир нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАЯРМАА

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ                        

                     ШҮҮГЧИД                              Г.БАНЗРАГЧ                                                                       

                                                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                                     Б.МӨНХТУЯА