Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/00864

 

2022           09            27                                          001/ХТ2022/00864

Г.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02510 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1870 дугаар магадлалтай,

Г.Дгийн нэхэмжлэлтэй

“Г М К” ХХК, “Н Х, С О” ХХК-д тус тус холбогдох

Орон сууцыг актаар хүлээлгэн өгөх, орон сууцны цахилгааны тоолуурыг залгахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, хохиролд 4,867,120 төгрөг болон ашиглалтын зардалд 1,367,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Удаанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Г.Д нь “Г М К” ХХК, “Н Х, С О” ХХК-д тус тус холбогдуулан орон сууцыг актаар хүлээлгэн өгөх, орон сууцны цахилгааны тоолуурыг залгахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, хохиролд 4,867,120 төгрөг болон ашиглалтын зардалд 1,367,120 төгрөг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02510 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Г М К” ХХК-д Баянзүрх дүүргийн, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 101А байрны 47 тоотод байрлах 54.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг актаар нэхэмжлэгч Г.Дд хүлээлгэн өгөхийг болон уг орон сууцны цахилгааны тоолуурыг залгахыг тус тус даалгаж, хариуцагч “Н Х, С О” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Г М К” ХХК-ийн Г.Дгийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, хохиролд 4,867,120 төгрөг болон ашиглалтын зардал 1,367,120 төгрөг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,820 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1870 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02510 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Г М К” ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцыг актаар хүлээлгэн өгөх, орон сууцны цахилгааны тоолуурыг залгахыг даалгах тухай нэхэмжлэгч Г.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар Баянзүрх дүүргийн, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 101А байрны 47 тоотод байрлах 54.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Г.Дгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, сөрөг нэхэмжлэлээс 6 234 240 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Г М К” ХХК-иас 17 689 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Дд олгосугай гэж, 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215 820 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж хариуцагч “Г М К” ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 325 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр хяналтын гомдолдоо: ...Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу, дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч Г.Д нь 2019.08.12-ны өдөр хариуцагч “Нарны хүү сарны охин” ХХК-д орон сууц захиалгын гэрээг цуцалж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байхад анхан шатны шүүх уг хүсэлтийг эрх бүхий этгээдэд хандаж гаргасан хүсэлт гэж үзэхгүй хэмээн дүгнэсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан “Хүсэл зоригийн илэрхийлэл түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасантай нийцээгүй байна” гэж дүгнэжээ. Шүүх дээрх байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөхдөө нэг талыг барьж Г.Дгийн хүсэлтэд бичсэн агуулгыг мушгин гуйвуулж “гэрээг цуцалж өгнө үү” хэмээн гаргасан мэтээр тайлбарлаж дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн. Г.Д нь 2019.08.12-ны өдөр “Нарны хүү сарны охин” ХХК-д хандаж хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтэд “...иймд 2019.08.12 өдөр гэрээг цуцалж үндсэн мөнгө 15,689,000 төгрөг болон 2 жилийн хүү алдангийг тооцож буцаан олгож хохирлыг барагдуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан ба энэ нь гэрээг цуцлаад мөнгөө авсан тохиолдолд тухайн орон сууцыг буцааж хүлээлгэн өгөх, өөрөөр хэлбэл мөнгө авах нь гэрээ цуцлахтай шууд хамааралтай юм. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан “Хүсэл зоригийн илэрхийлэл түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасантай нийцээгүй байна” гэж дүгнэхдээ зөвхөн гэрээ цуцлах тухай асуудалд ач холбогдол өгсөн төдийгүй Г.Дгийн урьдчилгаанд төлсөн 15,689,000 төгрөгийг “Нарны хүү сарны охин” ХХК өнөөдрийг хүртэлх хугацаанд өгөөгүй байгаад ач холбогдол бүхий дүгнэлтийг өгөөгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу Г.Дгийн хүсэлтээс зөвхөн гэрээ цуцлах хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон хэмээн дүгнэхдээ түүний урьдчилгаа төлбөрт төлсөн 15,689,000 төгрөгийг буцаан авах хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөөгүй бөгөөд уг хүсэлтийг хариуцагч “Нарны хүү сарны охин” ХХК мөн хүлээн авч шийдвэрлэх ёстой байсан. Г.Дгийн зүгээс өөрийн худалдан авсан орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөө буцаан авах хүсэлтийг гаргасан ч “Нарны хүү сарны охин” ХХК нь бүтэн 3 сарын хугацаанд уг мөнгийг буцаан олгоогүй, мөнгийг буцаан олгохгүй нь тодорхой болсон, Г.Дгаас гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй гэж ойлгож өөрийн захиалсан орон сууцаа гэрээнд заасны дагуу хүлээн авахаар шүүхэд хандсан нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийг илэрхийлэл юм. Мөн нэхэмжлэгчийн зүгээс орон сууцны төлбөрт нэмж мөнгө төлсөн төдийгүй уг төлбөрийг хариуцагч тал хүлээн авсан байгаа нь Г.Дгийн орон сууцаа хүлээн авах хүсэл зоригийг хариуцагч нь хүлээн авсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасантай нийцнэ гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.08-ны өдрийн 101/ШШ2020/02510 дугаартай шийдвэрт “Г М К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.08-ны өдрийн 101/ШШ2020/02510 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “Г М К” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэж улсын тэмдэгтийн хураамжид 117,000 төгрөгийг төлсөн баримтыг хавсаргажээ. “Г М К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь Г.Дгийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлж, ашиглалтын болон амьдарсан хугацааны төлбөрт 6,234,240 төгрөгийг гаргуулахыг хүссэн агуулгатай гэж үзэхээр байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.08-ны өдрийн 101/ШШ2020/02510 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,820 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө” гэж заасан. “Г М К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхийн 2020 оны 2510 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа агуулгатай ба энэ тохиолдолд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт заасны дагуу 140,000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх, “Г М К” ХХК нь өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахыг хүссэн тохиолдолд буюу орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай шаардлагад 70,200 төгрөг, 6,234,240 төгрөгийг гаргуулах шаардлагад 114,698 төгрөг буюу нийт 184,898 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөхөөр байна гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3-т “Анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ” гэж заасан бөгөөд “Г М К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасны дагуу бүрэн төлөөгүй. Тус иргэний хэргийг 2020.08.12-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн бөгөөд хэргийн материалд 2020.08.13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлсөн баримтыг хавсаргажээ. Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлыг хүлээн авсан атал гомдол гаргагч талын нөхөн төлсөн баримтыг хүлээн авч давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 /Давж заалдах гомдол гаргахад энэ хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана/-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч “Г М К” ХХК, “Н Х, С О” ХХК-д холбогдуулан орон сууцыг актаар хүлээлгэн өгөх, орон сууцны цахилгааны тоолуурыг залгахыг даалгах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариуцагч “Г М К” ХХК нь нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, хохирол 6,234,240 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  сөрөг нэхэмжлэлээс “нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх” шаардлагыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулахдаа маргааны үйл баримт, зохигчийн хоорондох эрх зүйн маргаантай харилцааны талаар хийх ёстой дүгнэлтийг хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхой болгоогүй, хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй байгааг анхаараагүй, улмаар хяналтын шатны шүүх хууль хэрэглээний асуудлаар эцэслэн шийдвэр гаргах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

7. Хэрэгт байгаа баримтын хүрээнд Г.Д нь “Н Х, С О” ХХК-тай 2017.11.02-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, “Н Х, С О” ХХК нь Баянзүрх дүүргийн, 22 дугаар хороо, Амар амгалан 312 орон сууцны хотхоны 312 дугаар байр, 1 дүгээр орц, 7 дугаар давхрын 702 тоотод байрлах 54.1 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг барьж, ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, Г.Д нь орон сууцны үнэ 78,445,000 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн, орон сууцны урьдчилгаанд нэхэмжлэгч нь 15,689,000 төгрөгийг төлсөн, үүнээс өөр төлөлт хийгээгүй, “Н Х, С О” ХХК нь “Г М К” ХХК-д гэрээний эрх, үүргээ шилжүүлсэн, “Г М К” ХХК маргаж буй хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа хэдий ч 2019.08.16-ны өдрөөс нэхэмжлэгч орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа үйл баримт тогтоогджээ.

8. Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууцыг эзэмшиж байгаа атлаа “орон сууцыг актаар хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэл гаргасныг шүүх анхаарч, энэ шаардлага нь ямар үр дагаврыг үүсгэх, нэхэмжлэгчийн ямар эрхийг сэргээх зорилготой болохыг тодруулаагүй нь диспозитив зарчимд нийцээгүй, ийм шаардлагаар нэхэмжлэгчийн ямар эрх сэргэж байгаа нь ч ойлгомжгүй, тодорхой бус болсон байна.

Нэхэмжлэгч нь орон сууцаа худалдан авч, өмчлөх эрхээ олж авахыг хүссэн бол эд хөрөнгийн үнэ төлөгдсөн байх гэрээний үүргийг хэрхэн үзэх, гэрээний 3.4-т заасан “орон сууцыг 100 хувь төлбөр хийсэн захиалагчид барилгын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг шилжүүлнэ” гэж, 3.5-д “захиалгаар баригдаж буй орон сууцны төлбөр 100 хувь төлөгдөх хүртэл байрны албан ёсны өмчлөгч нь борлуулагч тал байна” гэж заасан тохиролцоо, орон сууцны төлбөр төлөгдөх эсэх нөхцөл байдлыг шүүх тодруулах шаардлагатай байжээ.

9. Түүнчлэн дараах ач холбогдол бүхий хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй нь хэрэглэвэл зохих хуулийг сонгох, хууль хэрэглэх боломжгүйд хүргэжээ.

Нэхэмжлэгч Г.Д нь 2019.08.12-ны өдөр “Н Х, С О” ХХК-д хандаж “орон сууц захиалгын гэрээг цуцалж, үлдсэн мөнгө 15,689,000 төгрөг болон 2 жилийн хүү алдангийг тооцож буцаан олгож хохирлыг барагдуулж өгнө үү гэх хүсэлт”-ийг гаргасан баримт хэрэгт авагдсан ба анхан шатны шүүх уг хүсэлтийг “эрх бүхий этгээдэд хандаж гаргаагүй, гэрээ цуцлагдаагүй” гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу гэрээ цуцлагдсан” гэсэн өөр өөр дүгнэлтийг хийжээ. /хх-ийн 73-р тал/

Гэвч энэ үйл баримтын дараа нэхэмжлэгч нь орон сууцыг эзэмшсэн, 2020.02.06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020.04.24-ний өдөр 1,000,000 төгрөг нийт 2,000,000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч гэрээг цуцлаагүй гэж маргаж байгаа үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч гэрээг цуцлах шийдвэрээ өөрчилсөн эсэхийг зайлшгүй дүгнэх шаардлагатай, энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болсон байна. Гэрээний 2.2-т “...Үлдэгдэл мөнгийг тус компаний орон сууцны жилийн 5%-ийн хүүтэй орон сууцны зээлээр борлуулагч талын хаан банкны 5121008814 тоот дансаар төлнө.”, “2.3-т Захиалагч нь орон сууцны үнийг гэрээний 2.2-т заасан төлбөр төлөх графикийг баримтлан төлнө. /банкнаас олгож буй орон сууцны 8 хувийн зээлэнд хамрагдах тохиолдолд энэ заалт хамаагүй/” гэж зааснаас үзэхэд гэрээний энэ нөхцөлийг талууд хэрхэн хэрэгжүүлсэн, орон сууцны үлдэгдэл үнэ төлөх үүргийг талууд хэрхэн үзэж байгаа, гэрээ хэрэгжих эсвэл гэрээнээс татгалзсан гэж үзэх эсэхийг тодруулж зохих эрх зүйн дүгнэлтийг хийх шаардлагатай байв.

10. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02510 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1870 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020.10.06-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БАНЗРАГЧ

                         ШҮҮГЧИД                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                               Б.МӨНХТУЯА

                                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД