Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 177

 

Т.Га-, Я.Ня- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 463 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 85 дугаар магадлалтай 2015250000517 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.Га-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй Т.Га- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бүлэглэн, давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулах”, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан “Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох”  гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 9 сар хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Я.Ня- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Га-т холбогдох мөрдөн байцаалтаас санаатайгаар зайлсхийсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Т.Га-ийг дангаараа буюу бүлэглэн бусдыг хуурч мэхлэн, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Я.Ня-ыг бүлэглэн, бусдыг хуурч мэхлэн, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Т.Га-ийг 7 жил хорих ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Ня-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Т.Га-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Т.Га-ийн цагдан хоригдсон нийт 707 хоногийг биечлэн эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Т.Га-аас нийт 117.890.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Т.Га-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэж, 6 дахь заалтад “...шүүгдэгч Т.Га-аас нийт 110.090.000 төгрөгийг гаргуулан, шийтгэх тогтоолын хавсралт 1 хүснэгтэд зааснаар нэр бүхий хохирогч нарт оногдох хэмжээгээр нь олгосугай” гэж, шийтгэх тогтоолын хавсралт 1-ээс хохирогч Б.Сарангэрэлд холбогдох хэсгийг хүчингүй болгож, хохирогч С.Цогоод олгохоор заасан “13.240.000 төгрөг”-ийг “11.540.000 төгрөг” болгож тус тус өөрчилж шийтгэх тогтоолын тогтоох хэсэг болон хавсралт 1 хүснэгтийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Га-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Га- гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь зөвхөн хохирогч нарын мэдүүлэгт тулгуурлан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нотлох баримтуудыг хуульд заасны дагуу тал бүрээс нь шалгаж тогтоогоогүй зөвхөн хохирогч нарын мэдүүлэгт тулгуурласан нь хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг нотлоогүй бол дангаараа нотлох үндэслэл болохгүй гэсэнтэй зөрчилдөж байна. Мөн хэрэгт нотлох баримт болгож хохирогч нараас өгсөн гэрээ нь хуурамч гарын үсэгтэй байгааг шалгуулах хүсэлт удаа дараа өгснийг хүлээж аваагүй ба зарим хохирогч нар үгсэн хуйвалдаж хуурамч нотлох баримт өгсөн, яллагдагч миний гарын үсгийг өмнөөс нь зурсан асуудлыг шалгаж гарын үсгийн тайлал хийгээгүй, таньж мэдэхгүй хүмүүс хохирогч болж хэрэгт мэдүүлэг өгсөн, гомдол гаргасан хохирогч нарын өргөдөл бүртгэлд авагдаагүй зэрэг ноцтой зөрчлүүд байсаар байтал хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Т.Га- нь Ю.А-д 12.500.000 төгрөг шилжүүлсэн баримт байсаар байтал залилсан гэж үзсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй, Т.Га-ийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Га- нь Ю.А-гийн 12.500.000 төгрөгийг өгсөн гэдэг. Харин Ю.А- нь 12.500.000 төгрөг төлөгдсөн, одоо 8.800.000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэж мэдүүлдэг. Т.Га- нь нэр бүхий 22 хохирогчийг залилан мэхэлсэн. Хохирлын хэмжээ үндэслэлтэй гарсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Га-ийн гаргасан гомдлыг үндэслэн Т.Га-, Я.Ня- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Т.Га- нь 2013 оны 08 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сарын хооронд ганцаараа болон шүүгдэгч Я.Ня-тай бүлэглэж нийт 22 удаагийн үйлдлээр бусдыг хуурч мэхлэн 133.900.000 төгрөг, шүүгдэгч Я.Ня- нь Т.Га-тай бүлэглэж 2 удаагийн үйлдлээр бусдыг хуурч мэхлэн 6.700.000 төгрөг залилан авсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Т.Га-ийн ганцаараа болон Я.Ня-тай бүлэглэж нэр бүхий 22 иргэнийг залилан мэхэлж бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар, мөн Я.Ня-ын Т.Га-тай бүлэглэн 2 иргэнийг залилсан хэргийг мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн үндэслэлээр шүүгдэгч Т.Га-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Т.Га-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо тооцооллын буюу техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Га-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 463 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 85 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Га-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                             Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                      С.БАТДЭЛГЭР

                                                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН