Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00879

 

 

2022           09            29                                          001/ХТ2022/00879

"МХ С” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/02090 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1879 дүгээр магадлалтай,

“МХ С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Б Т Т” ХМХ-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 9,615,808.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваанямын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир, хариуцагчийн өмгөөлөгч Д.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “МХ С” ХХК нь “Б Т Т” ХМХ-д холбогдуулан Түрээсийн гэрээний үүрэгт 9,615,808.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/02090 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б Т Т” ХМХ-ээс түрээсийн төлбөрт 9,615,808.19 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МХ С” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “МХ С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,803 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Б Т Т” ХМХ-ээс 168,803 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1879 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/02090 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б Т Т” хэвлэл мэдээллийн хэрэгслээс 8 030 804 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “МХ С” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1 585 004 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “МХ С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б Т Т хэвлэл мэдээллийн хэрэгслээс 143 442.86 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “МХ С” ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 168 803 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Давааням хяналтын гомдолдоо: ...Магадлалын зарим хэсэгт дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: 1. Давж заалдах шатны шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж дүгнэсэн байна. Тодруулбал: (Давж заалдах шатны шүүхийн магадлалын 6 дах нүүрний 4 дэх параграф) Хариуцагчийн өмгөөлөгч татгалзалдаа болон давж заалдах гомдолдоо гэрээний үүрэг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаагаар дууссан тул үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна гэжээ. Гэвч хариуцагч “Б Т Т” ХМХ нь 2019.07.02-ны өдөр 4,651,705.19 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан байгаа нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үндэслэлд хамаарч байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. /хх-ийн 7-р тал/ гэж дүгнэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа Иргэний хуулийн 79.1-д хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна гэж дүгнэсэн нь алдаатай болсон байна. Өөрөөр хэлбэл нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дуссаны дараа хөөн хэлэлцэх хугацаа тасалдах гэдэг ойлголт байхгүй бөгөөд зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байхад хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж болох юм. Хэрэв хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол Иргэний хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу үр дагаврыг шийдвэрлэх тухай асуудал хөндөгдөх юм. Хэрэв давж заалдах шатны шүүхээс хариуцагч талыг төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 82.2 дах хэсгийг үндэслэж үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн хэмжээ буюу 4,651,705.19 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх боломжтой байсан гэж үзэж байна. Тиймээс нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах хуулийн зохицуулалт ашигласан нь алдаатай болсон байна. 2. Давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн байна. Тодруулбал: Нэхэмжлэлд 2 өөр гэрээний талаар тусгасан байх бөгөөд энэ 2 гэрээ нь тус тусдаа эрх зүйн харилцаа үүсгэж байгаа бөгөөд тус тусдаа шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоолох тул салгаж авч үзэх нь зүйн хэрэг юм. Талуудын хооронд байгуулсан 2011.04.22-ны өдөр “Улаанбаатар хот дотор шилэн кабелийн шөрмөс түрээслэх LLC11/03 тоот гэрээний” хугацаа 2013.04.22-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд энэ гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2016.04.22-ны өдөр дуусгавар болсон юм. Талуудын хооронд байгуулсан 2012.10.01 өдөр “Би телевизэд кабелийн сувагчлал түрээслэх LD12/26 тоот гэрээ”-ний хугацаа 2013.10.01-ний өдөр дуусгавар болсон бөгөөд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2016.10.01-ний өдөр дуусгавар болсон юм. Давж заалдах шатны шүүх Хариуцагчаас 2019.07.02-ны өдөр нэхэмжлэгчид илгээсэн албан бичгээр 2012.04.22-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хот дотор шилэн кабелийн шөрмөс түрээслэх гэрээ”-ээр хүлээсэн төлбөрөө төлөхөөр хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн бөгөөд энэ нь нотлох баримтыг дутуу үнэлсэн явдал болсон юм. Өөрөөр хэлбэл 2019.07.02-ны өдөр илгээсэн албан бичигт уг гэрээний талаарх ямар ч асуудал дурдагдаагүй бөгөөд зөвхөн 2013.10.01-ний өдөр талуудын хооронд байгуулсан “Кабелийн сувагчлал түрээслэх гэрээ”-ны төлбөрийг төлөх боломжтой юм гэж илгээсэн албан бичиг юм. Уг албан бичигт аль гэрээний талаарх асуудлыг хөндөж байгааг товч тодорхой байсаар байтал огт хамааралгүй гэрээний төлбөрийг хүлээн зөвшөөрсөн мэт дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Иймээс 2012.04.22-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хот дотор шилэн кабелийн шөрмөс түрээслэх гэрээ”-ний төлбөрийг хүлээн зөвшөөрсөн баримт байхгүй байх тул уг гэрээнд холбогдох 7,689,004.19 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь алдаатай болсон байна. 3. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардаж буй тооцоолол алдаатай байсан гэдгийг зөв дүгнэсэн бөгөөд үүнээс гарах үр дүнг буруу дүгнэсэн гэж үзэж байна. Тодруулбал: Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа тооцооллын алдаатай албан бичиг явуулж хариуцагчийг эдгээр төлбөрийг төлөхийг шахдаг байсан бөгөөд хариуцагчийн зүгээс энэ уг алдаатай тооцоолол дээр үндэслэн 2019.07.02-ны өдөр Кабелийн сувагчлал түрээслэх гэрээний төлбөрийг зарим хэсгийг төлж барагдуулъя гэсэн мэдэгдэл өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн төл хэмээн шаардаж байсан дүн алдаатай байсан бөгөөд энэ дүн алдаатай байсан учраас бид уг мэдэгдлийг илгээсэн байдаг. Тиймээс уг мэдэгдэл нь хууль зүйн үр дагавар дагуулахгүй мэдэгдэл болох юм. Өөрөөр хэлбэл мэдэгдлийг буруу тооцооллын үндсэн дээр илгээсэн нь уг нотлох баримт нь нотолгооны чадвараа алдсан байтал шүүх үнэлсэн байна. Иймээс магадлалд өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч “МХ С” ХХК нь хариуцагч “Б Т Т” ХМХ-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 9,615,808  төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээний хугацаа дуусгавар болсон тул хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй, гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй, 2012.12.18-наас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож үйл ажиллагаа явуулаагүй байхад 2013.10.15 хүртэл хугацааны үүргийг нэхэмжилсэн нь бодитой бус, 2019.07.02-ны өдөр 4,651,705 төгрөгийн үүргийг зөвшөөрч байсан хэмжээнд төлбөр төлөх эсэх асуудал байж болно гэсэн үндэслэл зааж мэтгэлцжээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх түрээсийн төлбөрийн хэмжээг багасган, хариуцагчаас 8,030,804 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэлийн үндэслэл болсон талуудын бичгээр байгуулсан 2011.04.22-ны өдрийн шилэн кабелийн шөрмөс түрээслэх, 2012.10.01-ний өдрийн кабелийн сувагчлал түрээслэх гэрээ тус тус Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан гэрээ, гэрээ хүчин төгөлдөр болохыг шүүх үндэслэл бүхий дүгнэжээ. 2011.04.22-ны өдрийн гэрээгээр “МХ С” ХХК нь АТС 32 BTV байр, BTV байр Улаанбаатар банк, УКВ MNTV байр гэсэн 3 чиглэлд нийт 4570 метр шөрмөсийг түрээслүүлэх, “Б Т Т” ХМХ нь түрээсийн төлбөр 620,000 төгрөгийг сар бүр төлөх үүргийг харилцан хүлээсэн ба “Б Т Т” ХМХ нь 2012.01.06-ны өдөр 1 шөрмөсийг таслуулах хүсэлт гаргаж, сар бүр 517,000 төгрөг төлөхөөр төлбөрийн хэмжээ багасжээ. /хх-ийн 9, 16-20-р тал/

Харин 2012.10.01-ний өдрийн гэрээний дагуу “МХ С” ХХК нь худаг, сувагчлалыг сарын 160,567 төгрөгөөр түрээслүүлэх, “Б Т Т” ХМХ нь гэрээнд заасан нөхцөлөөр төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байна. /хх-ийн 11-15-р тал/

9. Давж заалдах шатны шүүх түрээсийн гэрээний хугацаа, гэрээ сунгагдсан байдал, гэрээ дуусгавар болсон, гэрээний түрээсийн төлбөрийн хэмжээ зэрэг эрх зүйн асуудлаар зохих дүгнэлтийг хийж, хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг үндэслэлтэй тодорхойлсон байна. Түрээсийн гэрээний дагуу түрээслэгч нь төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой.

10. Хэрэгт байгаа баримтаас үзвэл, “Б Т Т” ХМХ нь 2019.07.02-ны өдөр 4,651,705 төгрөг 2012.12.18 хүртэлх хугацааны/ төлөхийг хүлээн зөвшөөрсөн баримт нэхэмжлэгч талд ирүүлсэн ба энэ нь дээрх хэмжээнд үүргээ зөвшөөрч, үлдэх үүргээ зөвшөөрөөгүй агуулгатай тул энэ үеэс эхэлж нэхэмжлэгч нь зөвшөөрөөгүй хэмжээнд эрх зөрчигдсөн гэж үзсэн, шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн нь хууль зөрчөөгүй, энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзнэ.

Хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 4,651,705 төгрөг төлөх үүрэг нь хэмжээний хувьд түрээсийн 2 гэрээний үүрэгт аль алинд нь хамааралтай байх тул “шилэн кабелийн шөрмөс түрээслэх гэрээтэй холбоогүй, зөвхөн кабелийн сувагчлал түрээслэх гэрээтэй холбоотой хариу мэдэгдэл байсан” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна. 2012.10.01-ний өдрийн кабелийн сувагчлал түрээслэх гэрээний сарын төлбөр 160,567 төгрөг бөгөөд 2012.12.18 хүртэл хугацаанд төлбөрийн нийт хэмжээ 4,651,705 төгрөг байх боломжгүй бөгөөд нийт 2 гэрээний үүргийг тодорхойлсон агуулгатай байв.

11. Хариуцагч нь 2012.12.18-ны өдөр үйл ажиллагааг зогсоосон гэсэн тайлбар гаргаж байгаа боловч энэ байдлыг баримтаар нотлоогүй тул энэ хүртэл хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх ёстой гэж үзэх боломжгүйгээс гадна 2019.07.02-ны өдрийн албан бичигт “...тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор манай телевиз цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон бөгөөд 2012.12 дугаар сараас бүрэн зогссон болно. Иймд танай байгууллагатай байгуулсан Кабелийн сувагчлал түрээслэх гэрээний төлбөрийг үйл ажиллагаагаа зогсоосон буюу 2012.12.18-ны өдөр хүртэлх 4,651,705,19 төгрөгөөр тасалбар болгон 2019.07.31-ний өдөр 750,000 төгрөг, 2019.08.31-ний өдөр 750,000 төгрөг, 2019.09.30-ны өдөр 750,000 төгрөг, 2019.10.31-ний өдөр 750,000 төгрөг, 2019.11.30-ны өдөр 750,000 төгрөг, 2019.12.31-ний өдөр 901,705.19 төгрөгийг тус тус хуваарийн дагуу төлж барагдуулах саналтай байна.”...гэснээс үзэхэд түрээсийн төлбөрийн хэмжээг багасгах үндэслэл тогтоогдсонгүй.

12. Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр  сарын 04-ний өдрийн 1879 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 168,803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                          Д.ЦОЛМОН