Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 436

 

 

 

 

 

 

 2020              04           09                                       2020/ДШМ/436                           

 

 

Х.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:                                             

            прокурор С.Энхтуул,

            шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч О.Санчирбал, Я.Батханд,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Хүрэлтогоо, түүний өмгөөлөгч М.Энхжаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Х.Б-д холбогдох 1911023010946 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Х-гийн Б, Улаанбаатар хотод 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 00 дүгээр гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

Х.Б- нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 21-521 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хэл амаар доромжилсон” гэх шалтгааны улмаас хамт архи ууж байсан Д.Х-ын зүүн бугалганд хутгалж алсан, Д.Энхсайханы зүүн гарын бугалганд хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Х.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Х.Б-г хүнийг алах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 10 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 126 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Хүрэлтогоод 13,032,100 төгрөг, хохирогч Д.Энхсайханд 3,100,000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Х.Б-д оногдуулсан 9 жил хорих ялд ямар нэгэн маргаан байхгүй. Харин уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосныг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч Х.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Хүрэлтогоод 13,032,100 төгрөг, хохирогч Д.Энхсайханд 3,100,000 төгрөг төлсөн. Мөн тэрээр “Эпилепсийн уналт таталт, гэмтлийн дараах толгойн архаг өвдөлт” оношоор хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан. Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “... шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэсэн байхад шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэлгүй хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Давж заалдах шатны шүүхээс түүний хувийн байдал болох өвчнийг харгалзан үзэж шүүгдэгч Х.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэж хүсч байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Б-гийн хувийн байдлын хувьд хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, татаж унах өвчний улмаас 3 удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь хорих 461 дүгээр ангийн 2020 оны 02 дугаар сарын 05, 04 дүгээр сарын 07-ны өдрүүдийн тодорхойлолтоор тогтоогддог. Мөн өчигдөр эмнэлэгт хэвтсэн бөгөөд “Карбомисфин” гэх эмийг ууснаар уналтын тоо нь багасдаг. Хэрэв хаалттай хорих байгууллагад эмчлүүлбэл илгээмжийн тоо, уулзалтын тоо нь нээлттэй хорих байгууллагаас ялгаатай байдаг тул шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийг харгалзан үзэж нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Хүрэлтогоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Х.Б-гийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, Х.Б- миний хүүгийн амь насыг хохироосондоо 9 жилийн хорих ял шийтгүүлсэн атлаа ял хүндэдсэн гэж байгаад маш их гомдолтой байна.  Талийгаачийн эхнэр сая амаржсан бөгөөд бага хүү нь 15 хоногтой, том хүү нь 1 нас 5 сартай. Одоо нөхөр бид хоёрын асрамжид байна. Х.Б-гийн гэм буруугаас болж бидний амьдрал маш хүнд байгаа тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тал бүрээс нь үнэлэлт дүгнэлт өгч, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял оногдуулсан. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул хор уршиг арилахгүй. Мөн хаалттай, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх талаар анхан шатны шүүх хуралдаанд яригдсан. Хорих байгууллага өөрийн нэгдсэн эмнэлэгтэй тул шүүгдэгчийн эмчилгээний асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүхээс 9 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байгаа тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Х.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Х.Б- нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 21-521 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хэл амаар доромжилсон” гэх шалтгааны улмаас хамт архи ууж байсан Д.Х-ын зүүн бугалганы ар хэсэгт хутгалж бугалганы тараагуур судсыг гэмтээсний улмаас хохирогч хурц цус алдаж нас барсан, мөн хамт архи ууж байсан Д.Энхсайханы зүүн гарын бугалганд хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Энхсайханы “... Х.Б-, Д.Х- бид гурав пиво уусан. Д.Х- нь Х.Б-г “шүдгүй шар” гэж, Х.Б- нь Д.Х-ыг “цоохор” гэж хоорондоо маргалдаад босоод ирсэн. “Та хоёр яагаад байгаа юм” гэхэд Х.Б- гэрийнхээ зурагтын хажуу талын шүүгээнээс хүрэн судалтай хутга аваад миний зүүн гарын бугалганд, Д.Х-ын зүүн гарын бугалганд хутгалсан. Д.Х- байшингийн хаалга руу явж байгаад газар унаад өгсөн. Түүний зүүн гараас их хэмжээний цус гарч байсан ...” гэх /1-р хх 30-31, 37/,

гэрч С.Базаррагчаагийн “... 03-04 цагийн үед хүн хашгираад байхаар нь Х.Б-гийн байшинд ороход хаалганы үүдэнд нэг залуу хэвтэж байсан. Биеэс нь их хэмжээний цус гарсан, газар цус болсон эрээн иштэй том хутга байсан. Мөн Д.Энхсайханы зүүн гарын булчин хэсгээс цус гарч байсан ...” гэх /1-р хх 35/,

гэрч М.Бурмаагийн “... 03 цагийн үед хүн хашгираад байхаар нь гэрээс гараад Х.Б-гийн байшинд ороход хаалганы дотор талд Д.Х- хэвтэж байсан ... өглөө нь Д.Энхсайханыг үзэхэд зүүн гарт нь шарх үүссэн байсан ...” гэх /1-р хх 40-41/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Хүрэлтогоогийн “... 2019 оны 09 дүгээр сарын 04-ний 03 цагийн үед Х.Б-гийн ээж нь ирээд “танай хүүг Х.Б- хутгалчихсан байна” гэж хэлсэн ...” гэх /1-р хх 25-26/,    

шүүгдэгч Х.Б-гийн сэжигтнээр өгсөн “... Д.Х-, Д.Энхсайхан хоёр “толгойдоо ясгүй, шүдгүй” гэж намайг доромжилсон. Миний уур хүрээд хутга бариад “та хоёрыг ална шүү” гэж хэлсэн. Д.Энхсайхан, Д.Х- хоёр над руу дайрсан. Нэг мэдэхэд Д.Х-ын зүүн гар, Д.Энхсайханы баруун мөрнөөс цус гарч байсан ...” /хх 122/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Д.Х- нь зүүн бугалганы ар дээд хэсгийн бугалганы тараагуур судас, бугалга, цээжний булчинг гэмтээсэн хатгагдсан зүсэгдсэн шархны улмаас хурц цус алдаж нас барсан болохыг тогтоосон шинжээчийн 1913 тоот дүгнэлт /1-р хх 49-50/,

хэргийн газраас хураан авсан хутганаас цус илэрсэн тухай шинжээчийн 4949 тоот дүгнэлт /1-р хх 72/,

хохирогч Д.Энхсайханд цээж, зүүн бугалганд хоёр удаагийн үйлдлээр ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн  10826 тоот дүгнэлт /1-р хх 62/,  

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 5-13/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 14-17/,

эд мөрийн баримт хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хх 19/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Б-гийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Өөрөөр хэлбэл, тэрээр хутга барьж хүн рүү довтолгоон хийх нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан шүүгдэгчийн хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 10 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, хуульд заасан журмын дагуу ялыг нэмж нэгтгэн 9 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг хангасан гэж үзлээ.

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбалын “хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                     ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

                       ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН