Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2020/02200

 

 

 

 

 

 

 

 

 

 2020           07             27                                                102/ШШ2020/02200 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: ХУД, 00 дугаар хороо, с о, ЧӨЧ гудамж, 0в байр, 000 тоот хаягт оршин суух Х овогтой Д-ийн Б /РД: АА00000000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД, 00 дугаар хороо, А-гийн гудамж, 0/0 С п байр, 000 тоот хаягт байрлах С и ХХК /РД: 0000000/-д холбогдох,

Зээлийн гэрээий үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, барьцаагаар шилжүүлэн авсан автомашиныг буцаан шилжүүлэхийг даалгах тухай үндсэн, 1,866,891 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гэрч Д.А, Д.Б, нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 07 сарын 03-ны өдөр “С и” ХХК-аас 2,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн гэрээг цааш сунгалгүй дуусгасан гэж үзэж байгаа. Уг гэрээ дуусгавар болж нийтдээ 2,982,100 төгрөг төлж барагдуулсан. 2018 оны 08 сарын 07-ны өдөр 324,000 төгрөг хүү 8,100 төгрөгийг Д.Батжаргал гэх эзэмшигчтэй дансанд хийсэн, 2018 оны 10 сарын 29-ний өдөр 600,000 төгрөгийг Б.Халиун гэх хүний дансанд, 2018 оны 11 сарын 23-ны өдөр 200,000 төгрөгийг дансаар, 2018 оны 12 сарын 20-ний өдөр 500,000 төгрөгийг дансаар, 2019 оны 03 сарын 25-ны өдөр 450,000 төгрөгийг дансаар, 2019 оны 04 сарын 19-ний өдөр 400,000 төгрөгийг дансаар, 2020 оны 05 сарын 22-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлсөн. “С и” ХХК-ийн тогтсон данс байдаггүй учир хувийн дансанд шилжүүлэн хийсэн. Түүнийг “Хаан банк”-ны дансны хуулгаар нотлогдсон байгаа. Миний зүгээс 2,982,100 төгрөг төлснөөр төлөлт дуусгавар болсон гэж үзэж байна. Зээлийн гэрээий үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, барьцаагаар шилжүүлэн авсан автомашиныг буцаан шилжүүлэхийг С и ХХК-нд даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь “С и” ХХК-аас “Тоёота Рав-4” маркийн суудлын авто машиныг барьцаа болгон зээл авсан. Тус гэрээг Иргэний хуульд зааснаар бичгээр байгуулсан. Мөн гэрээний 1.4-т зааснаар гэрээний хугацаанд зээлийн гэрээний үндсэн төлбөрийг хийсэн тохиолдолд дахин нэг сараар хугацаа сунгагдана гэж заасан байдаг. Гэрээний эргэн төлөлтөд сар бүр 200.000 төгрөг төлөн гэрээний нийт үнийн дүн 2.549.000 байна гэж урьдчилан гаргасан байдаг. Уг гэрээнд бичгээр байгуулж сунгах нөхцөл болон төлөх хугацааг харилцан тохиролцож тус гэрээг байгуулсан гэдгийг тодруулан хэлмээр байна. Мөн нэхэмжлэгч гэрээ байгуулан гарын үсэг зурсан байтал одоо түүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Хуульд заасны дагуу гэрээг дүгнэх ёстой байдаг. Нэхэмжлэгч манай байгууллагад өөрийн биеэр ирж уулзаж тайлбар хийдэггүй байсан. Харин эгч болон дүү нар нь утсаар болон биеэр ирж уулзаж байсан. Нэхэмжлэгч нь Иргэний хуульд зааснаар тооцоог нотлох ёстой байдаг боловч тайлбар хийж шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хариуцагч “С и” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2018 оны 07 сарын 03-ны өдөр Д.Б нь өөрийн эзэмшилийн машин болох Toyota rav4 маркийн, 00-00 УБЗ улсын дугаартай машинаа барьцаалж, 2 сая төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан.

Би “Зээл олгох журам”-ын дагуу зээл хүсэгч Д.Б-гийн иргэний үнэмлэх, автомашины бичиг баримт болон зээл хүсэгчийн амьдарч буй хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг бичиг баримтыг шалгаж үзээд Иргэний хуулийн 281-284 дүгээр зүйл, зээл олгох журмыг үндэслэн автомашиныг барьцаалсан зээл, Барьцааны гэрээг 2 талын сайн дурын үндсэн дээр байгуулж, 2 сая төгрөгийн зээлийг олгосон байдаг.

Д.Б нь зээл төлөх хуваарийн дагуу төлж байснаа 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр зээлээ төлөх байсан ч хугацаандаа төлөөгүй, 10 дугаар сарын 3-нд буюу 2 дахь сараас эхлэн зээл, хүүгээ төлж чадаагүй тул автомашины эзэн Д.Б гэж хүнтэй утсаар ярьж дуудхад эгч Д.Баярмаа нь төлөөлж ирж уулзаж цаашид зээл хүүгээ хугацаанд нь би хийнэ гэж амласан ч ирээгүй алга болсон утасдаад утасаа авдаггүй.

Д.Баярмаа эгч нь 2018 оны 10 дугаар сарын 12-нд ирээд “яагаад зээл, хүүгээ төлөхгүй утасаа авахгүй алга болов оо” гэж шаардлага тавьхад уучлалт гуйгаад дахин хугацаа алдаж зээл, хүүг хугацаандаа хийнэ гэж амлаад бичгээр хүсэлт гаргаад явсан.

2019 оны 01 дүгээр сарын 03-нд төлж дуусгах ёстой байсан ч ямарч төлөлт хийгээгүй зээл, зээлийн хүүг төлөх хугацааг хэтрүүлсэн.

Зээлдэгч Д.Б рүү утсаар ярьж шаардсан, би Д.Баярмаа эгчээс асууя гээд зээл хүүгээ төлөхгүй таг болдог эсвэл утас нь холбогдохгүй эсвэл эрх хаагдсан байдаг.

Уг нь би асуудлыг эв зүйгээр шийдэх хүсэлтэй байсан ч тэгж чадаагүй.

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусаагүй 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлээс 676,594 төгрөг үлдсэн талаар 2019 оны 9 дүгээр сард нөхөрын хамт өөрийн биеэр ирж тооцоо нийлж, баримт аваад явсан.

Үүнээс хойш ямарч зээл, хүү, алдангийг төлөөгүй ба зээлийн хүү, алдангийн дүн өнөөдрийн байдлаар 738,796 төгрөг болж байгаа ч үндсэн зээлийн 50 хувьтай тэнцэх төлбөр 338,297 төгрөгийг үндсэн зээл дээр нэмж, нийт 1,014,891 төгрөгийг зээпдэгч Д.Б-гаас гаргуулж зээл, зээлийн хүү, алдангийг төлүүлж, хэргийг шийдвэрлэж өгнө үү.

 

Хариуцагч нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Зээлдэгч Д.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 20-нд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасан байдаг.

Манай компаниас зээлдэгч Д.Бгийн гаргасан нэмэжлэлд холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 08-нд 1,014,891 төгрөгийн үнийн дүнг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг.

Д.Б нь манай компанитай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул барьцаанд байсан автомашиныг компаниас албадан журамлаж, ачилтын машинаар зөөж, компанийн харьяа харуул хамгаалалттай автозогсоолд байршуулсан.

Автомашиныг албадан журамлаж зөөхөд гаргасан ачилтын төлбөр 60.000 төгрөг, компанийн харуул хамгаалалттай зогсоолд журамлаж байршуулсан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өдөр бүр 3000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 01-ны өдрийг өнөөдрийг хүртэл 264 хоног байршуулсан байдаг. Зээлийн гэрээний дагуу “Зээл олгох журам”-д заасны дагуу төлбөртэй автозогсоолд байршуулсан төлбөр 792,000 төргөг, нийт 852,000 төгрөгөөр сөрөг нэхмжлэлээ нэмэгдүүлж байна.

Иймд зээлдэгч Д.Б-гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 1,866,891 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгаа тул нэхэмжлэгчээс гаргуулж манай компанийн сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “С и” ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, барьцаагаар шилжүүлэн авсан автомашиныг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, зээлийн гэрээний үүрэгт 1,866,891 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

            Нэхэмжлэгч Д.Б болон хариуцагч “С и” ХХК -ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр б/83 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр зээлдүүлэгч “С и” ХХК нь 2,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч Д.Б нь сарын 6 хувийн хүүтэй буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. 

                       

Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр б/83 дугаартай “барьцааны гэрээ” гэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээний 4-т “барьцааны зүйлийн өмчлөх, захиран зарцуулах, ашиглах бүрэн эрхийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгчид шилжүүлж, 14 хоногийн дараа худалдан борлуулж зээл, хүү, алдангийг төлөхийг зөвшөөрч байна” гэж заасан байх боловч уг гэрээг байгуулсан өдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Д.Бгийн өмчлөлийн Tоyota rav4 загварын 7071 УБЗ улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг “С и” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

Талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “барьцааны” гэж нэрлэгдсэн гэрээ байгуулсан боловч автомашины өмчлөх эрхийг зээл төлөх хугацаанд “С и” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн, автомашиныг зээлдэгч Д.Б ашиглаж явахаар тохиролцсон нь барьцааны бус Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Дээрх гэрээг хуульд заасан журмын дагуу бичгээр байгуулсан тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэрээ байна.

 

            Зээлдүүлэгч “С и” ХХК нь “зээлдэгчээс үндсэн зээлд 728,796 төгрөг, алданги 338,297 төгрөг гаргуулна” гэж, зээлдэгч Д.Б нь “2018.08.07-ны өдрөөс 2019.05.22-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний үүрэгт нийт 2,974,000 төгрөг төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул гэрээ дуусгавар болсон” гэж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

 

            Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулсан бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасны дагуу сарын 6 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байна.

 

Зээлдүүлэгч “С и” ХХК нь 2019.07.03-ны өдөр зээлдэгч Д.Б-д 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар маргаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлтэй байна.

 

Зээлдэгч Д.Б нь зээлийн төлбөрт 2018.08.07-ны өдөр 332,100 төгрөг, 2018.10.29-ны өдөр 600,000 төгрөг, 2018.11.23-ны өдөр 200,000 төгрөг, 2018.12.20-ны өдөр 500,000 төгрөг, 2019.03.25-ны өдөр 450,000, 2019.04.11-ны өдөр 400,000 төгрөг, 2019.05.29-ны өдөр 500,000 төгрөг, нийт 2,982,100 төгрөг төлсөн болох нь Д.А, Д.Бархас нарын дансны хуулга, гэрч Д.А-гийн мэдүүлэг, хариуцагч “С и” ХХК-ийн мөнгө хүлээн авсан талаарх тооцооны баримт /хэргийн 33 тал/ зэргээр тогтоогдож байна.

 

Хэдийгээр зээлдэгч Д.Б нь Д.А, Д.Бархас нараар дамжуулан 7 удаагийн гүйлгээгээр 2,982,100 төгрөгийг “С и” ХХК-ийн дансанд бус хариуцагчийн өгсөн гэх Хаан банк дахь 5175058240 тоот болон Д.Батжаргалын эзэмшлийн 5079091402 /хэргийн 13-20, 53, 127 тал/ тоот дансанд шилжүүлсэн байх боловч “С и” ХХК нь дээрх мөнгийг хүлээн авсан талаарх тооцооны баримтад /хэргийн 33 тал/ дээрх мөнгийг хүлээн авсан талаар тодорхойлсноос үзвэл Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар “С и” ХХК зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул зээлдэгч Д.Б-г зээлийн төлбөрт 2,982,100 төгрөгийг төлсөнд тооцно.

 

Зээлийн гэрээний 1.4-т “гэрээний хугацаанд зээлийн хүү, үндсэн зээлээс төлөлт хийсэн тохиолдолд гэрээний хугацааг дахин нэг сараар сунгахаар” заасан байх бөгөөд хэргийн 41 дүгээр талд авагдсан хариуцагч талын гэрээг сунгасан гэх баримтаас үзэхэд огноо тодорхойгүй, зээлдүүлэгч тал гарын үсэг зураагүй, гарчиг болон гарын үсгийн агуулгаас үзэхэд “гэрээ сунгах нөхцөл” -тэй зээлдэгч танилцаж зөвшөөрсөн агуулгатай болохоос гэрээг сунгахаар бичгээр хэлцэл хийсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

            Өөрөөр хэлбэл, зээлдэгч Д.Б гэрээний хугацаанд буюу 1 сарын хугацаанд зээл, үндсэн зээлээс төлөлт хийгээгүй буюу гэрээнд заасан гэрээг сунгах нөхцлийг хангаагүй, хэрэв энэ нөхцлийг хангасан тохиолдолд гэрээ сунгагдах нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөн агуулгатай баримт гэж үзэхээр байх ба Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар зээлдүүлэгч гарын үсэг зураагүй байх тул бичгээр хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч талаас зээлийн гэрээг 6 сараар сунгасан гэх тайлбар үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар зээлдүүлэгч “С и” ХХК нь нэг сараас илүү хугацаагаар хүү шаардах эрхгүй байна.

 

“Зээлийн гэрээ”-ний 3.4-т “гэрээний хугацаанд зээл, түүний хүүг төлөх ба төлөөгүй тохиолдолд хоног тутам үндсэн зээл, түүний хүүгээс 0,5 хувиар алданги тооцож зээлдэгч төлнө” гэж талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийн талаар тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчээс алданги шаардах эрхтэй.

 

Зээлдэгч Д.Б нь зээлийн төлбөр 2,120,000 төгрөгийг 2018.08.03-ны өдөр буцаан төлөх үүрэгтэй байсан боловч төлөөгүй Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу хугацааг хэтрүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасны дагуу үндсэн үүрэг, эцэст нь хүү төлөх дарааллын дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцоход, зээлдэгч 2018.08.07-ны өдөр 332,100 төгрөг төлсөн тул гүйцэтгээгүй үүрэг 2,120,000 төгрөгөөс хасах ба 2018.08.03-ны өдрөөс 2018.08.07-ны өдрийг хүртэлх 4 хоногийг 2,120,000 төгрөгийн 0,5 хувь болох 10,600 төгрөгөөр үржүүлэхэд алданги 42,000 төгрөг,

2018.10.29-ний өдөр 600,000 төгрөг төлсөн тул гүйцэтгээгүй үүрэг 1,787,900 төгрөгөөс хасах ба 2018.08.07-ны өдрөөс 2018.10.29-ний өдрийг хүртэлх 83 хоногийг 1,787,900 төгрөгийн 0,5 хувь болох 8,939 төгрөгөөр үржүүлэхэд алданги 741,937 төгрөг,

2018.11.23-ны өдөр 200,000 төгрөг төлсөн тул гүйцэтгээгүй үүрэг 1,187,900 төгрөгөөс хасах ба 2018.10.29-ний өдрөөс 2018.11.23-ны өдрийг хүртэлх 25 хоногийг 1,187,900 төгрөгийн 0,5 хувь болох 5,939 төгрөгөөр үржүүлэхэд алданги 148,475 төгрөг,

2018.12.20-ны өдөр 500,000 төгрөг төлсөн тул гүйцэтгээгүй үүрэг 987,900 төгрөгөөс хасах ба 2018.11.23-ны өдрөөс 2018.12.20-ны өдрийг хүртэлх 27 хоногийг 987,900 төгрөгийн 0,5 хувь болох 4,939 төгрөгөөр үржүүлэхэд алданги 133,353 төгрөг,

2019.03.25-ны өдөр 450,000 төгрөг төлсөн тул гүйцэтгээгүй үүрэг 487,900 төгрөгөөс хасах ба 2018.12.20-ны өдрөөс 2019.03.25-ны өдрийг хүртэлх 95 хоногийг 487,900 төгрөгийн 0,5 хувь болох 2,439 төгрөгөөр үржүүлэхэд алданги 231,705 төгрөг,

2019.04.11-ний өдөр 400,000 төгрөг төлсөн тул гүйцэтгээгүй үүрэг 37,900 төгрөгөөс хасах ба 2019.03.25-ны өдрөөс 2019.04.11-ны өдрийг хүртэлх 17 хоногийг 37,900 төгрөгийн 0,5 хувь болох 189 төгрөгөөр үржүүлэхэд алданги 3,213 төгрөг байна. Зээлдэгч 2019.04.11-ний өдөр үндсэн үүргийг төлж барагдуулсан байх тул энэ өдрөөс хойш алданги тооцох үндэслэлгүй бөгөөд зөрүү төлбөр 362,100 төгрөг /400,000-37,900/, 2019.05.22-ны өдөр төлсөн 500,000 төгрөг, нийт 862,100 төгрөгийг алданги 1,300,683 төгрөгөөс хасахад үлдэгдэл төлбөр буюу алданги 438,583 төгрөг байна.

Хариуцагч “С и” ХХК нь алданги 338,297 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр буюу зээлдэгч Д.Бгаас алданги 338,297 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С и” ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх үндсэн зээл 728,796 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид “фидуци” гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх,үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Иймд зээлдэгч Д.Б нь үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд “С и” ХХК автомашиныг түүнд буцаан өгөх үүрэгтэй бөгөөд зээлдэгч Д.Б нь зээлийн гэрээний дагуу алданги төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байх тул “С и” ХХК-ийг автомашиныг буцаан шилжүүлэхийг даалгах үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Д.Б нь “С и” ХХК-нд холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсоныг тогтоолгох гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, зөрчигдсөн эрхийг хамгаалах аргад хамаарахгүй тул бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх үндэслэлгүй. Харин автомашиныг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь болж байгааг дурдах нь зүйтэй байна.

 

            2019.10.16-ны өдрөөс 2020.07.01-ний өдрийг хүртэл 264 хоногийн автозогсоолын төлбөр 792,000 төгрөг, автомашины ачилтын төлбөр 60,000 төгрөг, нийт 852,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд,

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “Автомашин барьцаалж зээл олгох журам”-ын 5-д автомашиныг байрлуулах нөхцөлтэй зээл олгоход суудлын машины гадна зогсоолын төлбөр хоногт 3,000 төгрөг байна” гэж заасны дагуу сөрөг нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна.

            Дээр дурдсанчлан талууд гэрээгээр автомашиныг байрлуулах нөхцөлтэй тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна зээлдэгч нь “Автомашин барьцаалж зээл олгох журам”-тай танилцсан, улмаар зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Зээлийн гэрээнд зээлдэгч нь “Зээлийн үйлчилгээний журамтай танилцаж зөвшөөрсөн” талаар тэмдэглэгдсэн байх боловч энэ нь “Автомашин барьцаалж зээл олгох журам”-тай танилцаж, зөвшөөрсөн болохыг хангалттай нотлох баримт гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд, нэхэмжлэгч Д.Б-гаас автозогсоолын төлбөр 792,000 төгрөг, автомашины ачилтын төлбөр 60,000 төгрөг, нийт 852,000 төгрөг гаргуулах хариуцагч “С и” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

            Дээрх үндэслэлээр, хариуцагч Д.Б-гаас 338,297 гаргуулан нэхэмжлэгч “С и” ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 1,528,594 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч “С и” ХХК-нд Toyota Rav 4 загварын 0000 УБЗ дугаартай автомашины өмчлөх эрхийг өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай Д.Б-гийн гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2020/10829 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн гэрч асуулгах хүсэлтийг хангаж, Д.Бархасыг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч Д.Б-гийн эх Д.Бархас гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 235 дугаар зүйлийн 235.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Б-гаас 338,297 гаргуулан нэхэмжлэгч “С и” ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 1,528,594 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч “С и” ХХК-нд Toyota Rav 4 загварын 0000 УБЗ дугаартай автомашины өмчлөх эрхийг өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай Д.Б-гийн гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч “С и” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,905 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 10,798 төгрөг гаргуулж хариуцагч “С и” ХХК-нд, төрийн сангийн орлогоос илүү төлсөн 70,200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАТЧИМЭГ