Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00909

 

2022           10            11                                        001/ХТ2022/00909

“ШГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/02219 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2000 дугаар магадлалтай,

“ШГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Э Ж Б А” ХХК-д холбогдох

217,102,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн төлөөлөгч С.Баасанхүүгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилбаяр, хариуцагчийн төлөөлөгч С.Баасанхүү, түүний өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “ШГ” ХХК нь “Э Ж Б А” ХХК-д холбогдуулан 217,102,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/02219 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 205 дүгээр зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ШГ” ХХК-ийн хариуцагч “Э Ж Б А” ХХК-д холбогдуулан гаргасан 217,102,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,243,462 төгрөг 50 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2000 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/02219 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э Ж Б А” ХХК-аас 75 000 000 /далан таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ШГ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 142 102 500 /нэг зуун дөчин хоёр сая нэг зуун хоёр мянга таван зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Э Ж Б А ХХК-аас 532 950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “ШГ” ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 243 462 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч С.Баасанхүү хяналтын гомдолдоо: Магадлалыг үл зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. 1. Магадлалд “...Иймээс талуудын хамтран ажиллах гэрээний үүргийг өөр гэрээний үүргээр сольсон, хүү алдангийн талаар тохиролцсон хэлцэл хийсэн гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсгийн зааснаар нэхэмжлэгч тал үндсэн үүрэг болон хүү, алданги хариуцагчаас шаардах эрхтэй...” гэжээ. “Э Ж Б А” ХХК нь “ШГ” ХХК-тай 2015.05.27-нд 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулан 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг тус компаниас авсан боловч манай компанийн зүгээс өөр хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах болсон тул тус компанитай байгуулсан гэрээг гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.1-т заасны дагуу талуудын сайн дурийн үндсэн дээр гэрээг цуцална гэсний дагуу гэрээ цуцлах санал гаргаж “ШГ” ХХК саналыг хүлээн авч талууд 2015.09.11-нй өдөр “Гэрээ дуусгавар болгох тухай гэрээ”-г байгуулсан билээ. Давж заалдах шатны шүүх “...Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсгийн зааснаар нэхэмжлэгч тал үндсэн үүрэг болон хүү, алданги шаардах эрхтэй...” гэж заасан боловч талууд ямар хэмжээний хүүг ямар хугацаагаар төлөхийг харилцан тохиролцоогүй, манай компаниас гаргасан саналын дагуу гэрээ байгуулахаар харилцан тохиролцсон боловч гэрээг байгуулаагүй, уг гэрээгээр ямар хугацаанд ямар хэмжээний хүү төлөх, мөн ямар төлбөрийг хэрхэн хасаж тооцох талаар нарийвчлан зохицуулах ёстой байсан бөгөөд уг гэрээг нэхэмжлэгч тал байгуулаагүй атлаа хүү алданги тооцон нэхэмжилж улмаар давж заалдах шатны шүүх зарим хэсгийг ханган шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.” мөн зүйлийн 282.3 “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заасан бөгөөд талууд харилцан тохиролцож хүү тогтоогоогүй, бичгээр гэрээ байгуулаагүй болно. Давж заалдах шатны шүүх гэрээний нэг талын саналыг шууд зээлийн гэрээ гэж үзэн хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд уг гэрээгээр талууд ямар хэмжээний хүүг хэдий хугацаагаар тооцсон, нэхэмжлэгч ямар хэмжээний хүүг шаардах эрхтэй талаар дүгнэлт хийх ёстой билээ. Гэтэл хүү төлөх хэмжээ хугацааг талууд харилцан тохиролцоогүй байхад шууд шаардах эрхтэй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. 2. Магадлалд “...Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4 дэх хэсэгт заасан журамд нийцэхгүй. Учир нь тус хуульд зааснаар үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч нь аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй, хэрвээ сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэхээр журамлажээ. Дээрх хуульд заасны дагуу хариуцагч “Э Ж Б А” ХХК-ийн гүйцэтгэсэн үүрэг болох 150,000,000 төгрөгийг үндсэн үүрэг 200,000,000 төгрөгөөс хасаж тооцож, үлдэх 50,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Уг үүрэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцоход мөн зүйлийн 232.4 дэх хэсэгт тогтоосон 50 хувиас хэтэрч байх тул энэ хэмжээгээр хязгаарлах нь зүйтэй байна...” гэжээ. “Э Ж Б А” ХХК нь “ШГ” ХХК-тай 2015.05.27-нд 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулан 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг тус компаниас авсан бөгөөд үндсэн үүрэг нь 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөг юм. Давж заалдах шатны шүүх үндсэн үүрэг дээр тухайн албан бичиг дээр үндэслэн 50,000,000 /тавин сая төгрөг/-ийг нэмж тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Талууд үндсэн гэрээнээс татгалзсан бөгөөд ийнхүү татгалзахдаа авсан зүйлсээ харилцан буцаах үүрэгтэй билээ. Энэхүү үүргийн хүрээнд манай компани авсан 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг буцаан төлсөн болно. Иймээс дээрх тайлбар үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлаж шийдвэрлэсэн тул магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг  хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч “ШГ” ХХК нь хариуцагч “Э Ж Б А” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 217,102,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргахдаа гэрээг дуусгавар болгосон баримт, үндсэн мөнгөн төлбөр, хүү, алданги төлөх үүрэг хүлээсэн хариуцагчийн бичгээр гаргасан баримт буюу гэрээнээс үүдэлтэй шаардах эрхээс гадна Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасан хохирол шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...нэхэмжлэгчтэй харилцан тохирч, гэрээг бичгээр байгуулаагүй тул алданги, хүү төлөх үүрэг үүсэхгүй, манай талын саналыг нэхэмжлэгч нь хүлээж авснаа илэрхийлээгүй, хамтран ажиллах гэрээг дуусгавар болгоод гэрээний дагуу авсан 150,000,000 төгрөгийг бүрэн төлсөн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргасан байна.

7. Анхан шатны шүүх “...талууд бичгээр гэрээ байгуулаагүй тул хариуцагчийн хувьд алданги төлөх үүрэг үүсээгүй, нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг хэлцэл гэж үзэх боломжгүй, хариуцагч нь 150,000,000 төгрөгийг төлсөн...” гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин давж заалдах шатны шүүх “...талууд хамтран ажиллах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон, хүү, алдангийг харилцан тохирч, хэлцэл байгуулсан” гэж үзэж, хариуцагчаас үндсэн төлбөр 50,000,000 төгрөг алданги 25,000,000 төгрөг нийт 75,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

8. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, зохигч мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль хэрэглээ, маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж, зөвтгөсөн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй боловч хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

9. Хэрэгт байгаа баримтаас үзвэл талууд 2015.05.27-ны өдөр “хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ” байгуулсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь 150,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн боловч 2015.09.11-ний өдөр гэрээг цуцалж дуусгавар болгосон, хариуцагч нь 150,000,000 төгрөгийг хугацаандаа буцааж төлөөгүй үйл баримтыг зохигч маргаагүй байна. Харин алданги төлөх эсэх асуудал маргааны зүйл болжээ.

10. Хариуцагч “Э Ж Б А” ХХК нь 2019.08.08-ны өдөр нэхэмжлэгч “ШГ” ХХК-д хандаж, “Төлбөр барагдуулах тухай” албан бичгийг хүргүүлсэн, уг баримтад зааснаар хариуцагч нь үндсэн төлбөр 150,000,000 төгрөг, хүү, хохирлыг тооцон нийт 200,000,000 төгрөг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, мөн өдрөө 50,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөрийг 2019.08.30-ны өдөр төлж барагдуулах, уг хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлсэн байх ба тус компанийн захирал С.Баасанхүү, хувьцаа эзэмшигч Б.Чинзоригт нар гарын үсгээ зурж, компанийн тамгыг даржээ.

Хариуцагч харилцан тохирч гэрээ байгуулаагүй, үүрэг үүсээгүй гэж тухайн баримтыг маргасан.

11. Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд дүгнэлт хийж, талууд хамтран ажиллах гэрээг цуцалснаас үүссэн үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон, нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу шаардах эрхтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2, 236 дугаар зүйлийн 236.1.3 дах хэсгийг зөрчөөгүй байна.

Талууд өмнөх үүргийг өөр үүргээр сольж өмнөх гэрээг дуусгавар болгож болохыг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заажээ. Хариуцагч “Э Ж Б А” ХХК нь хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосноор 150,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “ШГ” ХХК-д төлөх үүрэгтэй байсан ба 2019.08.08-ны өдөр уг үүргээ зээлийн гэрээний үүргээр сольж, 150,000,000 төгрөгийг 2019.08.30-ны өдөр төлөх, уг хугацаанд биелүүлэхгүй бол хоног дутам алданги төлөх үүрэгтэй болсон байна.

Энэ талаар буюу давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн гомдлын энэ хэсэг үндэслэлгүй гэж үзнэ.

12. Харин талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан гэрээ байгуулаагүй тул 2019.08.08-ны өдөр бичгээр гэрээ байгуулах хүртэл хугацаанд хүү, алданги төлөх үүрэг, ийм шаардах эрх үүсэхгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн.

13. Иймд хариуцагч нь 150,000,000 төгрөгийг 2019.08.30-ны өдөр гэхэд төлөх, хугацаа хэтрүүлбэл алданги төлөх үүрэгтэй. Хариуцагч нь 2019.08.08-ны өдөр 50,000,000 төгрөг бэлнээр, мөн өдөр  харилцан тохирч 31,000,000 төгрөгт тооцон автомашин хүлээлгэн өгсөн, 2019.08.13-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019.08.31-ний өдөр 3,000,000 төгрөг төлж нийт 87,000,000 төгрөгийг хугацаандаа төлсөн байна.

Харин үлдэх 63,000,000 төгрөгийг хугацаа хэтрүүлэн хэсэгчлэн төлжээ. Иймд гэрээнд заасны дагуу алданги төлөх үүрэгтэй. Үүнд:

Хариуцагч нь 2019.10.04-ний өдөр 5,000,000 төгрөг төлсөн ба энэ хүртэл хугацаанд 63,000,000 төгрөгөөс алданги тооцоход 10,395,000 төгрөг /33 хоног хугацаа хэтрүүлсэн ба хоногт 315,000 төгрөг/, 63,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг хасахад 58,000,000 төгрөгийн үндсэн зээл үлдэнэ.

Хариуцагч 2019.11.08-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлсөн ба энэ хүртэл хугацаанд алданги 10,150,000 төгрөг /35 хоног хугацаа хэтрүүлсэн, хоногт 290,000 төгрөг/, 58,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг хасахад үлдэгдэл 48,000,000 төгрөг болно.

Хариуцагч 2019.11.13-ны өдөр 10,000,000 төгрөг төлсөн ба энэ хүртэл 5 хоногийн алданги 1,200,000 төгрөг, 48,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг хасахад үлдэгдэл 38,000,000 төгрөг болно.

2019.12.13-ны өдөр үлдэх 38,000,000 төгрөгийг төлснөөр хариуцагч нь үндсэн зээлээ төлж дуусгасан ба энэ хүртэл 30 хоног хугацаа хэтрүүлсний алданги 5,700,000 төгрөг алдангид нийт 27,445,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

14. Хариуцагч нь магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх гомдлыг гаргасан ба хариуцах үүргийн хэмжээг багасгаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж байгаа тул гомдлын зарим хэсэг хангагдсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2000 дугаар магадлалын 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/02219 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э Ж Б А” ХХК-аас 27,445,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ШГ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 189,657,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дах заалтад “...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч “Э Ж Б А” ХХК-аас 295,175 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “ШГ” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020.10.13-ны өдөр төлсөн 532,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

                       ШҮҮГЧИД                                                        Н.БАЯРМАА

                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД