Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 470

 

 

 

 

 

 2020              04           16                                        2020/ДШМ/470                          

 

 

Ж.Ч-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:                                             

            прокурор Ц.Гантулгабат,

            шүүгдэгч Ж.Ч-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар, А.Ганбат,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Ц.Амаргэрэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/151 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Ч-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар, А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ж.Ч-т холбогдох 1906060972235 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ж-ийн Ч, Улаанбаатар хотод 1977 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Монелын 0 дугаар гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Монелын 00 дугаар гудамжны 0000 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

Ж.Ч- нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 20 дугаар гудамжны 466Б тоот гэртээ эхнэр Ч.Оюун-Эрдэнийг “янхан, гичий” гэх зэргээр гутаан доромжилж, нүүр, толгой руу нь цохих, өшиглөх, газар унагаан хэвлий орчимд нь дэвсэх зэргээр зодож бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр алсан, мөн энэ үед эхийгээ өмөөрч, эцгийнхээ үйлдлийг хориглох гэсэн 9 настай охин Ч.Уянгыг алгадаж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ж.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Ж.Ч-ыг  хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад тус тус зааснаар 15 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ч-т оногдуулсан хорих, торгох ялуудыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон нийт 105 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Ч.Уянга, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ч.Халиунбулаг, Ч.Хариунбулган, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Ч.Хангай, Ч.Төгөлдөр нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн эрэгтэй хүний дотоож 1 ширхэг, эмэгтэй хүний улаан хүрэн өнгийн дотуур өмд 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн хөхний даруулга 1 ширхэг, хар саарал өнгийн оймс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэрч Б.Батсүрэн “... бид нар 0.75 литрийн “Хараа” архи 2 шилийг уусан. Чинбаатар ах согтоод эхнэрээ “янхан, гичий” гээд нүүр, толгой, бие рүү нь цохиж, өшиглөөд байхаар нь би салгасан ... Маргааш нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чинбаатар ах “хүүхэд сургуульд хүргээд өгөөч” гэж утсаар ярихаар нь 08 цагт Ядмаатай гэрт нь очиход хоцорсон гээд явуулаагүй. Тэгэхэд Чинбаатар ах эхнэртэйгээ, Бааска тэр гурав 0.75 литрийн “Хараа” архи ууж байсан ба Ядмаа бид 2 хамт уусан ... Үдээс хойш цагийг нь санахгүй байна. Чинбаатар ахын жаахан охин аавынхаа утсаар залгаад “аав, ээжийг зодоод байна, та хүрээд ирээч” гэхээр нь Бааскатай хамт очиход Чинбаатар ахын эхнэр доогуураа хагас нүцгэн, газар хэвтчихсэн, Чинбаатар ах согтуу толгой, нүүр рүү нь дэвсээд байсан ...” гэх мэдүүлэг /хх 56-57/, гэрч Д.Ядамын “Чинбаатар ах эхнэртэйгээ маргалдаад хөл рүү нь өшиглөж байсан” гэх мэдүүлэг /хх 61-63/, гэрч Ц.Баасанбатын “... Чинбаатар ах согтоод эхнэрээ “янхан, гичий”  гэх зэргээр харааж хэд хэдэн удаа цохиод байх шиг байсан ...” гэх мэдүүлэг /хх 64-66/ зэргээс үзэхэд Б.Батсүрэн, Д.Ядам, Ц.Баасанбат, Ж.Ч- нар нь ахуйн хүрээнд архидан согтуурсаны улмаас дээрх гэмт хэрэг гарчээ.

Б.Батсүрэн, Д.Ядам, Ц.Баасанбат нар амь хохирогч Ч.Оюун-Эрдэнийг бусдад зодуулсан талаар яагаад цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, зодуулж байхад яагаад огт тоохгүй, архидан согтуурч, архи авч өгөн гэмт хэрэг гарах нөхцөл байдлыг бүрдүүлсэн хүмүүс өнөөдөр ямар ч хариуцлага, гэмших, санах, сэрэх зүйлгүйгээр явж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 23.2 дугаар зүйлд “хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар Цагдаагийн байгууллагад мэдээлж болно” гэж, мөн 29.1 дүгээр зүйлд “хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй бол Цагдаагийн байгууллага, төрийн бус байгууллага, Засаг даргад мэдээлэх үүрэгтэй” гэж заасан. Бага насны хохирогч Ч.Уянга тусламж хүссэн байхад яагаад эдгээр хохирогч нарыг аюултай байдалд орхив. Тэдний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжтэй байхад анхаарал хандуулаагүй, ямар нэгэн дүгнэлт өгөөгүй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасаны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Ж.Ч- нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнд гэмт хэрэгт холбогдон шалгагджээ. Түүний хувийн байдал гэр бүлийн нөхцөл байдал, түүнийг цагаатгах нотлох баримтууд хэрэгт хангалтгүй авагдсан байна.

З. Гэрч Б.Батсүрэн, Д.Ядам, Ц.Баасанбат нар нь Ж.Ч-ыг эхнэрээ хардсаны улмаас зодсон талаар мэдүүлсэн. Тэгвэл Ч.Оюун-Эрдэнийг хэнтэй, ямар шалтгааны улмаас хардсан, Ж.Ч-ын гэрт шөнө гэрч Ц.Баасанбат нь ямар санаа зорилгоор очсон зэргийг шалгаж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг тогтоох шаардлагатай байсныг шүүх анхаарч үзээгүй.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6447 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 174/-д “... Ч.Оюун-Эрдэнийн үтрээнээс авсан гэх арчидаст микроскопны харах талбайд 1 ширхэг эр бэлгийн эс илэрсэн. Мөн хучуур эс илэрсэн. Ч.Оюун-Эрдэнийн үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн эр бэлгийн эсийн локусын алледиуд бүртгэгдээгүй байх тул арчдаст илэрсэн эр бэлгийн эсийн тоо хэмжээ ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.” гэх дүгнэлтээс харахад амь хохирогчтой хэн нэгэн хүн бэлгийн харьцаанд орсон болох нь харагдаж байна.

Хэргийн газрын үзлэгээр амь хохирогч дотуур хувцасгүй байсан. Гэтэл саарал өнгийн дотоожинд нөхөр Ж.Ч-ын эр бэлгийн эс илэрсэн гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Хэрэг гарсны дараа 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ж.Ч-ын биед үзлэг хийхэд, эрүүлжүүлэх байранд хүргэхэд тэрээр дотуур хувцасгүй байсан. Үүнээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгалгүй орхигдуулсан.

4. Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаартай хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоолд хохирогч Ч.Оюун-Эрдэнийн хувцас, эд зүйлд хар өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн даруулга 1 ширхэг, улаан өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, архиний шил 2 ширхэг, “Nokia” загварын гар утас 1 ширхэг, улаан өнгийн зүйлээр бохирлогдсон дээж зэргийг хураан авсан байна.

Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5044 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд шинжилгээнд ирүүлсэн зүйлс: хар өнгийн хоолойтой цамц 1 ширхэг, хар хөх өнгийн хөхний даруулга 1 ширхэг, улаан өнгийн дотуур өмд 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, хар саарал өнгийн оймс 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг гэж тэмдэглэсэн. Гэтэл хар өнгийн дотоож, саарал өнгийн оймс хаанаас ямар байдлаар хураагдсан хэний хувцас болох нь тодорхойгүй байна. Бусад өөр хэргийн эд мөрийн баримттай солигдсон байж болзошгүй.

Ж.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан онц харгис хэрцгийгээр, 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн бусдыг алсан хэмээн шийдвэрлэсэн.

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар онц харгис хэрцгийгээр алсан гэдэг нь хүнийг алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон өлсгөж цангаасан, осгоосон, шатаасан, хайрсан, түлсэн хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд тусламж үзүүлээгүй зэргийг ойлгодог. Ж.Ч- эдгээр үйлдлүүдийг гаргаагүй, тийм санаа зорилго ч байгаагүй. Түүнчлэн ямар цохилтын улмаас хохирогч үхэлд хүрсэн, хохирогч Ч.О- нь урьд өмнө нь бусдад зодуулсан байсан эсэх зэргийг шалгаагүй хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн яллагдагч Ж.Ч- нь урьд өмнө нь гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж байсан эсэх нь тодорхойгүй, урьд өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... шүүгдэгчийг байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй хэдий ч өөрийн төрсөн охин болох 9 настай Ч.Уянгын эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан бага насны хүүхэд болохыг нь мэдсээр байж гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна ...” гэжээ.

Шийтгэх тогтоолын дээрх тодорхойлолтоос үзэхэд Ж.Ч-ыг өөрийн охин Уянгыг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзсэн байна. Харин Ж.Ч-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх баримт нотолгоо хэрэгт авагдаагүй талаарх дүгнэлтийг өгсөн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэж шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Өсвөр насны хохирогч Ч.Уянгын биед учирсан, гэмтэл шархыг тогтоох зорилгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд компьютер томографийн зураг авахуулсан. /хх 72/ 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн компьютер томографийн зурагт “Толгойны томографуудад гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй, гавал ясны дайвар хөндийнүүд өөрчлөлтгүй. Нүдний ухархайнуудын бүтэц хэвийн. Тархины эдэд голомтод өөрчлөлтгүй. Тархины бор, цагаан эдэд ялгарал хэвийн, Субарахнойдал зайнууд өөрчлөлтгүй. Ховдлуудын хэлбэр, хэмжээс хэвийн. Голын бүрдэл хазайлтгүй” гэсэн байхад хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Амартүвшин дүгнэлтэдээ “2019 оны 10 дугаар сарын 15-ны гэмтлийн бичигт онош: тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал” гэж зөрүүтэй дүгнэлт гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасны дагуу Ж.Ч-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчилүүлэгч хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн хэдий ч өнчин үлдсэн 0-16 насны таван хүүхдийн ирээдүйн сайн сайхныг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ж.Ч- тус шүүх хуралдаанд: “... хэлэх тайлбар байхгүй ...” гэв.

Прокурор Ц.Гантулгабат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан заалт нь бүх насаар нь хорих ялтай гэмт хэрэгт хэрэглэхгүй гэж заасан. Хэрэгт хүчиндэх гэмт хэрэгтэй холбоотой баримт, мэдээлэл байхгүй. Баасанбат гэх хүн буцаж очсон асуудал яригддаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр Ч.Уянгын биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзсэн бол өмгөөлөгч хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан. Хохирогчийн биед олон тооны шарх, гэмтэл учруулж, мөн ойр дотных нь хүмүүсийн хажууд алж, сэтгэл санааны хүнд байдалд оруулж байгаа нь онц харгис, хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэргийн шинжид хамаарна. Зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хуульд ялыг тус тусад нь эдлүүлж болно гэж заасан. Гэвч торгох, хорих ялуудыг хооронд эрэмбэ, дараалал байхгүй учраас аль ялыг түрүүлж биелүүлэх нь ойлгомжгүй байна. Прокурорын зүгээс үүнийг эс зөвшөөрч байгаа боловч эсэргүүцэл бичиж амжаагүй ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ж.Ч-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан байх ба шүүхийн шийдвэр нь тухайн бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зохицуулсан.

Тухайлбал: шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл;” гэж заасны дагуу дүгнэлт хийхээр байна.

Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/151 дугаартай шийтгэх тогтоолоос үзэхэд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар арван таван жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн хууль зүйн үндэслэлийн талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурьдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэжээ.

Үүнээс үзэхэд хэд хэдэн төрлийн ялыг нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэх эрхийг шүүхэд олгож, ямар нөхцөл шаардлага хангагдсан тохиолдолд хэрэглэхийг хуулиар шууд зохицуулаагүй нээлттэй орхисон байна. Гэвч “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмын дагуу ялыг нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэх нь шүүгчийн үзэмж биш, харин тодорхой хууль зүйн дүгнэлтэд үндэслэн аль нэгийг сонгож хэрэглэх эрх гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, шүүхэд эрх олгосон зохицуулалтыг хэрхэн хэрэглэсэн хууль зүйн үндэслэлээ тодорхой тайлбарлах нь шүүхийн үүрэг мөн.

Гэтэл анхан шатны шүүхийн тогтоолд хорих, торгох ялуудыг тус тусад нь эдлүүлсэн үндэслэл тодорхой бус, шүүгдэгч хорих ялыг эдлэхийн хажуугаар торгох ялыг биелүүлэх боломжтой эсэх, торгох ял хуульд заасан хугацаанд биелэгдэх боломжтой эсэх, биелэгдээгүй нөхцөлд үүсэх хууль зүйн үр дагавар зэргийг харгалзан үзээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон бол шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцлүүлэх, харин тухайн зөрчил нь шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөөгүй гэж үзвэл шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулж шийдвэрлэх боломжтой байхаар зохицуулсан.

Анхан шатны шүүх хуульд заасан шаардлагын дагуу эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар дүгнэлт хийгээгүйн улмаас шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь шударга ёсны зарчимд нийцсэн эсэхийг дүгнэх боломжгүй байдалд хүргэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч Ж.Ч-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүх хуралдаан болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Прокуророос “Ж.Ч- нь өөрийн төрсөн охин болох 9 настай Ч.Уянгыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруусан” гэж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад анхан шатны шүүх “... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай ...” гэж хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаараас хэтэрсэн, хууль бус дүгнэлт хийсэн болохыг зориуд тэмдэглэж байна.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар, А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/151 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Ч-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ж.Ч-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                          ШҮҮГЧ                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ

                         

                          ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН