Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/00922

 

 

2022           10            14                                         001/ХТ2022/00922

Д.Б, Б.М нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/00196 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 207/МА2022/00047 дугаар магадлалтай,

Д.Б, Б.М нарын нэхэмжлэлтэй

Х.Мт холбогдох

Гэм хорын хохирол 36,515,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Д.Б, Б.М нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч Ж.Номинцэцэг, хариуцагч Х.М, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Д.Б, Б.М нар нь Х.Мт холбогдуулан гэм хорын хохирол 36,515,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/00196 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499 дүгээр зүйлийн 499.4., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч Х.Маас 23 150 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 365 000 төгрөгийг, мөн нэхэмжлэгч Б.Мгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340 525 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 273 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бод олгож шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 207/МА2022/00047 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/00196 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1. дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч Д.Б, Б.М нарын гэм хорын хохирол -36.515.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Х.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Д.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340.525 төгрөг, хариуцагч Х.Мын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273.700 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Д.Б, Б.М нар хяналтын гомдолдоо: Магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.1 анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч талаас анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч Д.Б, Б.М нар хариуцагч Х.Мт холбогдох гэм хорын хохирол 36,515,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт анхан шатны шүүхээс 2 удаагийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас тодорхой мөнгөн дүнгээр хохирлын төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Харин давж заалдах шатны шүүхээс дээрх хэргийг 2 удаа хянахдаа эхний удаад шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй гэх үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, дараагийн удаад нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Гэтэл энэ хэргийг өмнө нь 3 удаа бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй болно. 2. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.04.14-ний өдрийн 207/МА2022/00047 дугаартай магадлалын хянавал хэсгийн 1-т Б.М, Д.Б нарын нэхэмжлэлтэй хариуцагч Х.Мт холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэв гэж тодруулсан байна. Тэгвэл мөн Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.04.29-ний өдрийн 44 дугаартай магадлалаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлт зөрүүтэй, эргэлзээтэй, анхан шатны шүүх зохих ажиллагаа хийгээгүй байна гэх үндэслэлээр буцаасан байдаг. Өөрөөр хэлбэл доод шатны буюу анхан шатны шүүх нь дээд шатны буюу давж заалдах шатны шүүхийн магадлалд зааснаар алдаагаа засаад хэргээ дахин хянаад явуулахаар дээд шатны шүүх нь хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав гээд өмнөх хэрэгт огт дурдаагүй өөр үндэслэл гаргаад хэргийг хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Шүүх хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх эрхэм зорилготой буюу гэмт хэрэгт гэм буруутай, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон, анхан шатны шүүхээс 2 удаа хянан хэлэлцээд төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн, 2 жил шүүхийн ажиллагаанд байсан хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь харамсалтай байна. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн, тэдгээрийг сэргээлгэхээр шүүхэд хандсан этгээд нэхэмжлэгч болох бөгөөд нэхэмжлэгч эрх нь зөрчигдсөн болохоо, мөн энэ зөрчил арилаагүй, шүүхээр хамгаалуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна гэж тайлбарласан байна. Энэ хэргийн тухайд зам тээврийн ослын улмаас хохирол учирсан гэх Тоёота Лексус 570 маркийн автомашин нь хэрэгт авагдсан Орхон аймгийн автотээврийн төвийн 2021.07.19-ний өдрийн 1/337 тоот албан бичиг, хавсралтаас үзэхэд 2013.12.20-ны өдөр Монгол улсад орж ирсэн, 2016.05.03-ны өдөр хүртэл өмчлөгчөөр Б.М, 2016.05.03-ны өдрөөс 2016.06.14-ний өдөр хүртэл Д.Б, 2016.06.14-ний өдрөөс 2016.06.15-ны өдөр хүртэл Д.Б, 2016.06.15-ны өдрөөс 2017.05.16-ны өдрийг хүртэл Д.Б өмчлөгчөөр бүртгэлтэй байсан. /хх-93-94/ Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид болох Б. Б.М, Д.Б нар төрсөн аав, охин бөгөөд Тоёота Лексус 570 маркийн автомашиныг анх оруулж ирсэн, өмчлөгчид, Д.Б гэх хүнээс 20,000,000 төгрөгийн зээл авахдаа зээл болон Фидуцийн гэрээ байгуулан /хх-46, хх-138-139/ үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд тухайн үед өмчлөгчөөр Д.Бийг бүртгүүлсэн байсан. Иргэний эрх зүйн харилцаанд эдийн засагт эргэлдэх хөрөнгө буюу автомашиныг иргэд хоорондоо зээлийн барьцаанд бариулах, Фидуцийн гэрээ хийх тохиолдол олон байдаг. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу Фидуцийн гэрээний онцлог нь үүрэг гүйцэтгүүлэгч нь тухайн хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөгч байх туйлын зорилгогүй буюу мөнгөө буцаан авахын тулд л өмчлөлдөө шилжүүлэн авдаг бол мөнгө төлөх үүрэг хүлээсэн этгээд нь өмчлөлөө шилжүүлсэн эд хөрөнгөө өөрийн эзэмшилдээ байлгаж, ашиглах эрхтэй байдаг. Ийм учраас зам тээврийн осол болох үед Тоёота Лексус 570 маркийн автомашиныг нэхэмжлэгч Д.Бын эхнэр М.Сарантуяа жолоодож явсан бөгөөд зам тээврийн ослын дараа буюу 2017.01.20-ны өдөр Д.Быг иргэний нэхэмжлэгчээр тогтоож /хх-9/, 2017.02.13-ны өдөр Д.Б нь Итгэлт Эстимэйт ХХК-иар автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-4-7/ гаргуулахад үнэлгээгээр 35,772,000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоогдсоныг эрүүгийн хэрэгт хавсаргуулж, энэ талаар эрүүгийн 201706000034 дугаартай хэргийн яллах дүгнэлтийн 2 дугаар хуудас, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.01-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоол /хх-17-30/-ын 7 дугаар хуудаст тус тус дурдагдсан болно. 4. Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022.02.11-ний өдрийн 142/ШШ2022/00196 дугаар шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 21,22-т Орхон аймгийн автотээврийн төвөөс ирүүлсэн лавлагаагаар осол гарах өдөр буюу 2017.01.19-ний өдөр Тоёота Лексус 570 маркийн автомашины эзэмшигч нь Д.Б байсан нь тогтоогдсон, тодруулбал иргэн Д.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа автомашиныг фидуцийн гэрээний дагуу шилжүүлэн авч зээл өгсөн, зээлийн төлбөрөө бүрэн барагдуулж авсан тул автомашины өмчлөх эрхийг Д.Бын хүсэлтээр шилжүүлэн өгсөн, автомашин нь миний өмчлөлийн эд хөрөнгө биш тул өмчлөлийн маргаан байхгүй, тиймээс тухайн автомашины өмчлөгч нь Д.Б мөн гэжээ. Энэ үйл баримтууд нь зээл, фидуцийн гэрээ болон Орхон аймгийн автотээврийн төвөөс ирүүлсэн лавлагаагаар тус тус нотлогддог. Нотлох баримт гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээлэл байх, үүнд хэргийн оролцогч өөрийн шаардлагаа үндэслэн гаргасан зохигчдын тайлбар, бичмэл баримтаар тогтоогдоно гэжээ. Нэхэмжлэгч Б.М, Д.Бын нарын хувьд нэхэмжлэх эрхтэй болохоо баталсан бичмэл баримт буюу Д.Бийн шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолт, уг тодорхойлолтод бичигдсэн үйл баримтууд буюу зээл авч, фидуцийн гэрээ байгуулсан, зээлээ төлсөн, өмчлөгчийн маргаангүй болохыг Орхон аймгийн автотээврийн газрын тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагаагаар тогтоогдож, анхан шатны шүүх ч дүгнэсэн байна. Гэтэл Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.04.14-ний өдрийн 207/МА2022/00047 дугаартай магадлалаар осол гарах үед автомашины өмчлөгч Д.Б, шүүхэд нэхэмжлэл гаргах үед буюу 2020.07.06-ны өдөр М.Чулуунбаатар өмчлөгч байсан ба тэрээр нэхэмжлэгч Д.Б, Б.М нарт шүүхэд төлөөлүүлэх итгэмжлэл олгоогүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. 5. Зам тээврийн осол буюу гэм хорын хохирол учирсан нь 2017 оны 1 сард, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон нь 2019.10 дугаар сард, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжилсэн нь 2020.07 дугаар сард, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон нь 2022.04 дүгээр сард байна. Өөрөөр хэлбэл 2017 оноос 2022 он хүртэл 5 жилийн хугацаанд Тоёота Лексус 570 маркийн автомашиныг нэхэмжлэгч Д.Б заавал өөр дээрээ байлгах, хадгалах үүрэггүй, зээлийн барьцаанд тавьж, зах зээлийн эргэлтэнд оруулж худалдан борлуулсныг буруутгах боломжгүй гэж үзэж байна. Автомашин бол он хуучрах тусам үнэ нь унадаг тул иргэд хоорондоо чөлөөтэйгээр үнэ тохирч худалдаж худалдан авдаг, зээлийн барьцаанд тавьдаг, эргэлтэнд ордог хөрөнгө юм. Иймд давж заалдах шатны шүүхээс иргэд хоорондын үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох Фидуцийн гэрээний мөн чанарыг орхигдуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-г заасны дагуу магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нь нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.07.01-ний өдрийн 001/ШХТ2022/00756 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэсгийг хангаж, харин “нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулах”-ыг хүссэн гомдлыг хангахгүй орхив.

8. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Х.Маас гэм хорын хохирол 36,515,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр Д.Б оролцжээ. Тэрээр зам тээврийн ослоос үүдсэн гэм хорыг хариуцагч нь тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувьд хариуцах ёстой гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.

Хариуцагч нэхэмжлэлийг маргаж, түүний машиныг жолоодож явсан Д.П.Б техникийн эвдрэлийн улмаас зайлшгүй зогсолт хийгээд байж байхад араас нь нэг машин маш хурдтай орж ирээд манай машиныг мөргөөд эсрэг урсгал руу орж нэхэмжлэгчийн машинтай мөргөлдсөн. Шүүхийн шийдвэрээр нас барсан 3 хүний ар гэрт учирсан хохирол, эд хөрөнгийн хохирлыг П.Б бид хоёроор төлүүлэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь тухайн үед хохирлоо нэхэмжлээгүй, шинжээч томилуулаагүй, нэхэмжлэгчид учирсан хохирлыг манай машиныг мөргөөд эсрэг урсгалд орсон тэр машины жолооч хариуцах ёстой...” гэж мэтгэлцжээ.

9. Анхан шатны шүүх “...хариуцагчийн машиныг жолоодож явсан П.Б нь  2017.01.19-ний өдөр Булган аймгийн Рашаант сумын “Пуужинтай хөшөө” гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа З.Х.Д-ийн 11.7-д заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслийг замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслээ зорчих хэсгээс бүрэн гаргалгүй зогссоны улмаас зам дээр зорчиж явсан жолооч Н.Баасанжаргал машинаараа мөргөж, улмаар замын эсрэг урсгал руу орж, Т.Сарантуяагийн жолоодож явсан Лексус маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн, Н.Баасанжаргалын машинд сууж явсан 3 хүний амь нас хохироосон гэм буруутай, улмаар 5 жил хорих ялаар шийтгүүлсэн, П.Б, Х.М нараас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.01-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон, хариуцагч Х.М тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувьд гэм хорыг хариуцах үндэслэлтэй гэж үзэж, хариуцагчаас 23,150,000 төгрөгийг гаргуулж Д.Бод олгож, үлдэх нэхэмжлэлийг болон Б.Мгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иргэдийн төлөөлөгчийн зүгээс хариуцагчийн өмгөөлөгчийн саналыг дэмжиж, 570 машины эвдрэл нь гайгүй гарсан байх гэж бодож байна гэх дүгнэлтийг гаргажээ.

10. Давж заалдах шатны шүүх “...автомашины өмчлөгч Д.Б фидуцийн гэрээгээр өмчлөх эрхээ Д.Б шилжүүлсэн, осол гарах үед өмчлөгч нь Д.Б, шүүхэд нэхэмжлэл гаргах үед буюу 2020.07.08-ны өдөр өмчлөгч нь М.Чулуунбаатар байсан ба нэхэмжлэгч Д.Б, Б.М нар уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй болох нь тогтоогдоогүй, өмчлөгчөөс шүүхэд төлөөлүүлэх итгэмжлэл олгоогүй...” гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн байхаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг давж заалдах шатны шүүх ноцтой зөрчсөн эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч, хянан хэлэлцээд магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.

12. Хэрэгт байгаа баримтаас үзвэл 2017.01.19-ний өдөр осол гарах үед автомашины эзэмшигч нь Д.Б байсан, фидуцийн гэрээний дагуу автомашины өмчлөх эрхээ Д.Бд шилжүүлсэн боловч зээлийн үүргээ биелүүлж 2017.05.16-ны өдөр өмчлөх эрхээ буцаан шилжүүлж авсан, үүний дараа автомашинаа бусдад шилжүүлсэн буюу нэхэмжлэгч Д.Б нь осол гарах үед эд хөрөнгийн өмчлөгч байсан нь тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 12 дугаар зүйлийн 12.1.1, 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны энэ зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.Бын өмчлөлд байх үед түүний автомашинд хариуцагчийн машиныг жолоодож явсан П.Б хохирол учруулснаар эрх нь зөрчигдсөн, осол гарсны дараа автомашиныг бусдад шилжүүлсэн нь нэхэмжлэл гаргах эрхэд нөлөөлөхгүй болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Д.Б нь өөрийн эд хөрөнгөд учруулсан хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс шаардах эрхтэй.

13. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд, хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг, гэм хорын бодит хэмжээ зэрэг эрх зүйн асуудлаар хийвэл зохих дүгнэлтийг хийсэн байх боловч маргааны үйл баримтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь оновчгүй болсон байх тул залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

14. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан хэм хэмжээг нэхэмжлэгчийн шаардах эрх гэж үзсэн.

Зам тээврийн осолд буруугүй тал өөрт учирсан гэм хорыг арилгуулах шаардлагыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасан үндэслэлээр автомашиныг жолоодож явсан этгээдэд холбогдуулан гаргах, эсхүл мөн зүйлийн 499.3., 499.4.-т зааснаар тээврийн хэрэгслийн ашиглагч болон өмчлөгч, эзэмшигчээс, эсхүл дан ганц өмчлөгч, эзэмшигчээс шаардах боломжтой байна. Нэхэмжлэгч Д.Б нь тээврийн хэрэгслийн өмчлөгчид холбогдуулж шаардлагаа гаргасан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэх зохицуулалт нь осол гаргах үед тээврийн хэрэгслийг жолоодож яваагүй боловч ашиглах боломж олгосон, эсхүл ашиглагчийг өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн өмчлөгч буюу эзэмшигч бусдад өөрийн шууд үйлдлээр гэм хор учруулаагүй боловч хариуцлага хүлээх тухай хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4-т заасан зохицуулалтаас агуулгын хувьд ялгаатай.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д гэм хор учруулагчийн гэм буруу буюу санаатай эсвэл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл шаардах эрхийн нэг урьдчилсан нөхцөл нь болдог. Харин тээврийн хэрэгслийн өмчлөгч эсвэл эзэмшигч нь осол гаргах үед тээврийн хэрэгслийг жолоодож яваагүй боловч аюултай эд зүйлийг эзэмшигчийн хувьд хариуцлага хүлээх үүрэгтэйг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д, тээврийн хэрэгсэл ашиглагчийн өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцахыг 499.4-т тус тус заасан, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн өмчлөгч хариуцлагыг хүлээхийг ийнхүү тусгайлан зохицуулсан тул гэм хорын  нийтлэг зохицуулалт болох хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэлгүй юм.

Иймд хэрэглэх ёсгүй хуулийг хасаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

15. Нэхэмжлэгч Д.Б нь өөрт учирсан хохирлыг “Итгэл Эстимэйт” ХХК-иар үнэлүүлж, 36,515,000 төгрөг гэж тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж, шинжээч “Халиун капитал” ХХК хохирлын хэмжээг 33,470,000 төгрөг гэж тогтоосон, харин хариуцагч Х.М нь “Лэндс” ХХК-иар үнэлүүлж уг автомашины эвдрэл гэмтлийг 5,483,750 төгрөгөөр тогтоосон байх ба анхан шатны шүүх шинжээч “Халиун капитал” ХХК-ийн дүгнэлтэд тулгуурлан автомашины давхацсан /эдгээр дүгнэлтэд/ эд ангиудыг үнэлж хохирлын хэмжээг тодорхойлсон, маргааны үйл баримтын талаар хяналтын шатны шүүх дүгнэлт өгөх эрхгүй тул “нэхэмжлэлийг хангаж өгөх”-ийг хүссэн гомдлын хэсгийг хангах боломжгүй болно.

16. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 207/МА2022/00047 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/00196 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...497 дугаар зүйлийн 497.1” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 340,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЦОЛМОН

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                           Н.БАЯРМАА

                                                                                           П.ЗОЛЗАЯА