Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2019/0318

 

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2019/0318

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б

Хариуцагч: Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага:

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Б нь анх тус шүүхэд “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн төлбөр тооцоо, гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд томилуулах, томилохыг даалгуулах, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин болох 4.832.303 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд 720.920 төгрөгийн нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэийн шаардлагаа өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаа “Г.Б-ыг өмнөх ажилд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Г.Б-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн  гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгуулах, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах”  гэж тодорхойлон маргажээ.

 Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт  авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

  Нэг:  Нэхэмжлэгчийн  “Г.Б-ыг өмнөх ажилд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Г.Б-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Г.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн, түүний ажиллаж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн төрийн сангийн гүйлгээ, баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаал нь Төрийн албаны тухай / 2002 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын  дэс түшмэлийн албан тушаалын ангилалд хамаарч байх  тул  мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар Г.Б нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6-д зааснаар түүний эрх зүйн байдлыг Төрийн албаны болон Хөдөлмөрийн хуулиар зохицуулах ёстой.

Төрийн албаны тухай / 2002 оны / хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь мөн хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх нэмэгдэп баталгаагаар хангагдах бөгөөд  Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар ажилтныг ажил үүргээ гүйцэтгээгүй үед буюу хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч эцэг, эх өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байна.

Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/233 дугаар тушаалаар Г.Б-ыг тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дотоод аудит хариуцсан гэрээт ажилтнаар, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтэст Төрийн сангийн төлбөр тооцоо, өмч хөрөнгийн ашиглалт, гэрээ, тайлан хариуцсан мэргэжилтнээр,  2016 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн Б/89 дүгээр тушаалаар мөн газрын Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн гүйлгээ, баталгаажуулалт хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн  шилжүүлэн ажиллуулахаар,  2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/44 дүгээр тушаалаар Г.Б-ын жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түүний ажил, албан тушаалд Л.Н-ийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилж байжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн төрийн сангийн мэргэжилтэн Н.Б-д 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн жирэмсний амралт олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Б нь жирэмсний болон амаржсаны амралтаа эдлээд хүүхэд асрах чөлөө дуусаагүй байхдаа буюу 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газарт хандан ажилдаа эргэн орох хүсэлтийг гаргасан, захиргааны байгууллагаас уг хүсэлтийг шийдвэрлээгүй, түүнийг ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулаагүй  болох нь  хэргийн оролцогчдын тайлбар, өргөдөл, гомдпын бүртгэл хяналтын хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

 Захиргааны  ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар “ эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг хэлэх бөгөөд хариуцагч захиргааны байгууллага нь Г.Б-ын ажилдаа эргэн орох хүсэлтийг шийдвэрлээгүй,  ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах захиргааны акт гаргахгүй  байгаа нь захиргааны байгууллагын   “эс үйлдэхүй”  гэж үзэхээр  байх ба  хариуцагчийн энэхүү эс үйлдэхүй  нь хууль бус байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудыг болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Тодруулбал  Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар ажил олгогч нь ажилтныг хүүхэд асрах чөлөөтэй хугацаанд  ажил, албан тушаалыг нь хэвээр хадгалах, хүүхэд асрах чөлөө дууссан эх өөрөө хүсвэл түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байх бөгөөд энэ үүргээ хариуцагч захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй, Г.Б-ыг ажилдаа эргэн орох хүсэлтийг шийдвэрлэхээс үндэслэлгүй татгалзсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Б-ыг ажилдаа эргэн орох хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус байх тул  Г.Б-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн төлбөр тооцоо, гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Хоёр: Нэхэмжлэгчийн “Шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Г..Б-ыг ажилдаа эргэн орох хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдсон,  түүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүүгийн хэлтсийн төлбөр тооцоо, гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгаж шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай / 2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 69 дүгээр зүйлийн 69.1  дэх хэсэгт заасны дагуу түүний  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2  дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг урьд ажиллаж байсан албан тушаалын ТЗ-8-4 зэрэглэлээр   түүнийг  ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг үүссэн өдөр  буюу 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн  эхлэн шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл хугацаагаар тооцож,       хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор       төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй  байна

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн  46.2-т заасны дагуу Г.Б-ын дээрх хугацааны  эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж,  нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь үндэслэлтэй байна гэж шүүх  үзпээ.

 Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор түүнийг төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлсэн, улмаар тус яамны төрийн нарийн бичгийн даргаас төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй  Г.Б-ыг тус яамны төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд шалгаруулж авах хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж байсан, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 860 дугаар албан бичгээр[1]  Г.Б-ыг тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн төлбөр тооцоо баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний ажилд томилуулахаар Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн, нэр дэвшүүлэхээс өмнө Г.Б-ыг уг албан тушаалд томилон ажиллуулж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “  ... Г.Б нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн шалгалт өгөөгүй, төрийн албанд анх орох иргэний нөөцөд бүртгэлгүй, төрийн албаны тогтоолгүйгээр төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн үндсэн орон тоонд ажиллаж байсан тул төрийн жинхэнэ албан тушаал ... мэргэжилтнээр томилох боломжгүй “ гэсэн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Г.Б нь ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан боловч шийдвэрлэхгүй байгаа асуудлаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан, Төрийн албаны зөвлөлөөс уг гомдлыг хянан үзээд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргад хандан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх тухай” 1385 дугаар албан бичгээр “ ... амаржсаны амралттай байгаа Г.Б-ыг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргаж, Төрийн албаны зөвлөлд ...  ирүүлэхийг  мэдэгдсэн, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга нь Н.Б-ыг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргаагүй тул тус шүүхэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хэрэгт цугларсан  нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ ... шүүхэд нэхэмжлэл  гаргах хугацаа дууссан” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Н.Б нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн Б/241 дугаар тушаалтай маргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар шүүхээс  дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.7, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай / 2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 36 дугаар зүйлийн 36.1.3, 64 дүгээр зүйлийн 64.2, 106 дугаар зүйлийн 106.2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж,  Г.Б-ыг өмнөх ажилд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  Г.Б-ыг  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргад даалгаж, түүний ажилдаа орох хүсэлт гаргасан 2018 оны 06 дугаар сарын 25-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан ... хоногийн цалинг албан тушаалын ТЗ-8-4 зэрэглэлээр буюу ...      төгрөгийн үндсэн цалингаар тооцож, нийгмийн даатгалын болон хүн амын орлогын албан татварыг хасч, нийт            төгрөгийг хариуцагч  Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-аас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

     

 

 

                 

 

     

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.БАТСҮРЭН

 

 

 

.

 

 

 

 

 

[1] Хэргийн 52 дугаар хуудсанд