Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 499

 

 

 

 

 

 

 2020              04           23                                         2020/ДШМ/499                                 

 

 

Г.О-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                             

            прокурор Н.Мөнхцэцэг,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Г.О-т холбогдох 2005000000075 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-гийн О, Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд 1987 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Барилга корпораци” ХХК-д мужаанаар ажилладаг гэх, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хөтлийн 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй. /регистрийн дугаар: 0000000/

2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн.

Г.О- нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төгөлдөр” нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүй ёсны шаардлага тавьсан иргэн Ш.Н-ыг цохиж, өшиглөн зодож эрүүл мэндэд нь “чамархай, уруулын няцарсан шарх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Г.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 867 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.О-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-т оногдуулсан торгох, хорих ялуудыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ. 

Прокурор Н.Мөнхцэцэг бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт “шүүгдэгчид хорих ял оногдуулсан бол уг ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэлийн талаар тусгана”, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хорих ял оногдуулсан хүний ял эдлэх хорих байгууллагын дэглэмийн талаар тусгана” гэснийг шүүх зөрчсөн тул шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан шаардлагад нийцэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ... шаардлагыг хангаагүй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр заасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.О-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан байх ба шүүхийн шийдвэр нь тухайн бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зохицуулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дэх хэсгийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалт, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад шүүгдэгчид хорих ял оногдуулах бол хорих байгууллагын дэглэмийн талаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж, хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэлээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэж, тогтоох хэсэгт тусгах шаардлагыг хуульчилсан билээ. 

Гэтэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан атлаа хорих байгууллагын дэглэмийг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурьдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж зааснаар хэд хэдэн төрлийн ялыг нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэх эрхийг шүүхэд олгож, ямар нөхцөл шаардлага хангагдсан тохиолдолд хэрэглэхийг хуулиар шууд зохицуулаагүй нээлттэй орхисон байна. Гэвч “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмын дагуу ялыг нэмж нэгтгэх, эсхүл тусад нь эдлүүлэх нь шүүгчийн үзэмж биш, харин бодитой, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтэд тулгуурлан дээрх хоёр аргын аль нэгийг сонгож хэрэглэх эрх юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрхийн хязгаарлалт тогтоосон шинжтэй байдаг тул шүүх шийдвэрийн үндэслэлээ тодорхой тайлбарлах нь  хууль дээдлэх зарчмын шаардлага мөн.

Анхан шатны шүүх хорих, торгох ялуудыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэхдээ “... гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар ...” зэргийг харгалзан үзсэн гэх боловч ямар нөхцөл байдал, ямар нийгмийн хор аюул байсан талаар, хорих, торгох ялыг зэрэг эдлэх боломжтой эсэх талаар тодорхой хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон бол шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцлүүлэх, харин тухайн зөрчил нь шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөөгүй гэж үзвэл шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулж шийдвэрлэх боломжтой байхаар зохицуулсан.

Анхан шатны шүүх хорих ял эдлүүлэх байгууллагын дэглэмийг заалгүй орхиж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасныг залруулах боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч Г.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүх хуралдаан болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.О-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцтэл шүүгдэгч Г.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                          ШҮҮГЧ                                                          Н.БАТСАЙХАН

                         

                          ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН