Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2020/01089

 

 

 

2020 оны 4 сарын 28 өдөр                                      Дугаар 183/ШШ2020/01089                                           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, С ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,  хаягт байрлах, М ХХК /РД:/-д холбогдох,

 

Биет байдлын доголдолтой, худалдан борлуулах боломжгүй үлдэгдэл 851 ширхэг таблетийн үнэ 325 550 679 төгрөг, хохирол 92 290 320 төгрөг, нийт  417 841 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц, Ө.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С ХХК нь М ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 2500 ширхэг таблетыг нэг бүрийг нь 245 ам доллар, Navigation system нэг бүрийг нь 15 ам доллар нийт 260 ам доллараар худалдах, худалдан авах ХХ/182/12 дугаар гэрээг байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээний 3.1.1-д заасны дагуу М ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 468004219 дугаарын дансанд 30 хувийн төлбөр буюу 195 000 ам долларыг 2012 оны 5 сарын 24-ний өдөр, мөн гэрээний 3.1.2-д заасны дагуу 70 хувийн төлбөр буюу 455 000  ам долларыг 2012 оны 6 сарын 22-ны өдөр тус тус төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Бараа нийлүүлэх хугацааг талууд Гэрээний 4.1-д Нийлүүлэгч Барааг 2012.06.25-ны өдөр D-с бүрэн нийлүүлнэ, 4.2-д Нийлүүлэгч нь эхний ээлжинд 500 ширхэг Барааг 6 сарын 15-ны өдрийн дотор агаараар түргэн нийлүүлэх гэж тохиролцсон боловч М    ХХК-иас хугацаа хожимдуулж 2012.06.11-ний өдөр 140 ширхэг таблет, 2012.07.09-ний өдөр 900 ширхэг таблет, 2012.07.10-ны өдөр 700 ширхэг, 2012.07.31-ний өдөр 785 ширхэг нийт 2525 /25 ширхэг нь нөөц бараа/ таблетыг тус тус нийлүүлсэн. “С" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2012.06.25-ны өдрийн таблет бүтээгдэхүүний үнэ батлах тухай А/71 дугаар тушаалын хавсралтаар 1 бүрийг нь 491 000 төгрөгөөр тогтоож, Таблетийг 2012.06.28-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргасан. Гэтэл таблет худалдан авагчдаас гэмтэлтэй, чанарын шаардлага хангахгүй байна гэсэн гомдол ихээр гаргасны дагуу шалгахад гэрээний 6.1-д заасан техникийн үзүүлэлт, чанар, стандарт, тоо хэмжээ, өнгө дизайныг нийлүүлэх гэж заасныг ноцтой зөрчиж биет байдлын доголдолтой бараа нийлүүлсэн болох нь 2012.11.01-ний өдрийн БНХАУ-ын D компанийн инженерийн дүгнэлтээр тогтоогдсон. Тухайлбал таблет өөрөө асч унтардаг, дотоод санах ойны SD карт уншигдахгүй болдог, баттерей цэнэг тооцох алгоритм буруу 3.3V, дэлгэцний мэдрэгч муу ажилладаг,  буруу үсэг дарагддаг, камерийн үзүүлэлт 2 мега пиксел үзүүлэлттэй зэрэг доголдол илэрч, нийлүүлэгч компаниас        2012.11.09-ны өдөр хүртэл бүрэн засварлахаар тохирсон боловч бүрэн засварлагдаагүй. Улмаар С ХХК-ийн 2012.12.20-ны өдрийн 01/1100 тоот албан бичгээр нийлүүлсэн бараа нь биет байдлын доголдолтой байгаа талаар дурдаад доголдлыг арилгах нэмэлт хугацаанд арилгаагүй тул доголдолтой барааг буцаан авч, төлбөрийг буцаан шилжүүлнэ үү гэсэн гомдлын шаардлагыг "М" ХХК-нд хүргүүлсэн. Мөн 2014 оны 12 сарын 18-ны өдөр Нокиа албан ёсны баталгаат засварын төвөөр дүгнэлт гаргуулахад таблетын нь дэлгэц үйлдвэрийн гэмтэлтэй, асаах үед 2 минутын турш дэлгэцэнд мэдээлэл өгөхгүй цайрдаг, дэлгэцийн нягтрал муу, мэдрэгч нь мэдрэх түвшин муу, камерийн үзүүлэлт нь үйлдвэрээсээ 5 мега пиксел гэсэн боловч 2 мега пиксел хэмжээнд ажилладаг, IMEI код байхгүй, сериал код ихээр давхацдаг, стандарт бус дугаарлалттай, санах ой нь өөр дээрээ 4 GB боловч үндсэн цэс нь ихэнх зайг ачаалдаг учир зураг дарах, видео бичлэг хийх үед заавал Метогу карт ашиглах шаардлага гардаг" гэсэн доголдлууд илэрсэн. Дээрх дүгнэлтүүдээр тогтоогдсон ноцтой биет байдлын доголдтой бараа нийлүүлсэн байгаа талаар М ХХК-нд мэдэгдэж, доголдлыг бүрэн арилгах нэмэлт хугацаа тогтоож байсан боловч доголдлыг арилгаагүй өнөөдрийг хүрч, биднийг хохироож байгаа тул Шүүхийн байгууллагад хандаж байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 254.7, 219 дүгээр зүйлийн 219.1, 219.5, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэг, худалдах, худалдан авах гэрээний 5.2, 5.3, 7.2.1 дэх заалтуудыг үндэслэн биет байдлын доголдолтой, худалдан борлуулах боломжгүй үлдэгдэл 851 ширхэг таблетийн үнэ 325 550 679 төгрөг, хохирол 92 290 320 төгрөг нийт 417 841 төгрөгийг М ХХК-иас нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус компани болон С ХХК-ийн хооронд 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдөр худалдан авах ХХ/182/12 тоот гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний хавсралтад заасан тоо ширхэг, чанарын дагуу бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Нэхэмжпэгч С ХХК нь 2015 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч С ХХК нэхэмжлэлээ дэмжээгүй учир шүүхээс нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс уг буцаасан захирамжид гомдол гаргаагүй, мөн энэхүү захирамж гаргаснаас хойш бараа бүтээгдэхүүний талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй байж дахин шүүхэд хандаж байгаа нь ойлгомжгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр таблетын үнэ, техникийн үзүүлэлт, баталгаат хугацааг харилцан тохиролцсон бөгөөд хариуцагчийн зүгээс гэрээнд заасан хугацаанд таблетыг нийлүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн ба бараа бүтээгдэхүүнд гарсан алдаа, доголдпыг захиалагчийн шаардлагаар цаг тухайд нь баталгаат хугацаандаа арилгаж, засварлаж, захиалагчийн өмчлөлд шилжүүлж өгсөн. Таблетын техникийн үзүүлэлт болон чанар нь худалдах худалдан авах гэрээний хавсралтад заасан хүрээгээр тодорхойлогдох бөгөөд уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч компанийн худалдааны нэхэмжлэл, мэдээллийг үндэслэн талууд тохиролцсон байдаг. Уг тохиролцоог үндэслэн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. С ХХК таблетыг хүлээн авч, ажиллагааг шалгаж үзээд гэрээгээр тодорхойлсон техникийн шаардлагын бүрэн хангаж, хэвийн ажиллаж байна гэж үзээд зах зээлд нийлүүлсэн. Иймд биет байдлын доголдолтой гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Ажил гүйцэтгэх гэрээгээр Navigation болон Тracking системийг таблет бүрт нэг бүрийн 15 ам долларын өртөгтэй байхаар харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс уг системийн чанар, үзүүлэлттэй холбоотойгоор нэг ч гомдол гаргаагүй атлаа уг үнийг оролцуулан нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй бөгөөд бодит байдалд нийцэхгүй байна. Түүнчлэн “Нокиа баталгаат засварын төв” гэх албан бус газрын дүгнэлтийг үндэслэн таблетын чанар, үзүүлэлтийг гэрээний хавсралтаар тодорхойлсон чанар, үзүүлэлтээс өөр хүрээнд тодорхойлж байгаа нь талуудын хооронд гэрээгээр тохиролцож баталсан техникийн үзүүлэлтээ өөрөө үгүйсгэж байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. С ХХК нь дээрх таблетыг зах зээлд хангалттай нийлүүлсэн бөгөөд борлогдоогүй үлдсэн, өөрсдийн буруугаас гэмтээсэн бараа бүтээгдэхүүнээ доголдолтой бараа бүтээгдэхүүн хэмээн үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж буйг зөвшөөрөхгүй байна. 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсанаа хүлээн зөвшөөрдөг. Гэрээний дагуу манайх бараа бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Хариуцагчийн зүгээс татгалзаад байгаа хоёр нөхцөл нь бараа бүтээгдэхүүнийг актаар хүлээж аваагүй. С ХХК нь доголдолыг барааг хүлээж авахдаа мэдэх боломжгүй байсан гэдгээ тайлбарладаг хэдий ч нэг бүрчлэн  жипи эс навакишн суулгасан. Гаалиас бараа бүтээгдэхүүнийг хүлээж аваад, зориулалтын агуулахад хадгалсан эсэх, хэрэглэгчид зориулалтын дагуу ашигласан эсэх дээр маргаан үүснэ. Бид нар чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн нйилүүлсэн. Гэрээний дагуу үүргээ биелүүлсэн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагийг хүлээн зөвшөөрөхгүй байна”гэв.

 

Зохигчийн тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан биет байдлын доголдолтой, худалдан борлуулах боломжгүй үлдэгдэл 851 ширхэг таблетийн үнэ 325 550 679 төгрөг, хохирол 92 290 320 төгрөг, нийт  417 841 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч үүрэг дуусгавар болсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргав.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...худалдах, худалдан авах гэрээ зүйл болох 851 ширхэг таблет зориулалтын дагуу ашиглах боломжгүй, биет байдлын доголдолтой тул гэрээг цуцалж, таблетийн үнэ мөн гэрээ цуцалснаас учирсан хохиролд олох байсан орлогыг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.” гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2012 оны 05 сарын 23-ны өдөр ХХ/182/12 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр М ХХК буюу нийлүүлэгч нь 2500 ширхэг таблетийг дагалдах хэрэгслийн хамт гэрээнд заасан хугацаанд нийлүүлэх, захиалагч болох С ХХК нь тогтоосон хугацаанд хүлээн авах, үнийг төлөхөөр тохиролцжээ.

 

Гэрээний 2.1-д зааснаар нийлүүлэгч тал Q.721 маркийн 2500 ширхэг таблет нэгжийн үнэ 245 ам доллар, Navigation system нь 15 ам доллар, нийтдээ 650 000 ам долларын бараа нийлүүлэх, гэрээний 3.1, 3.1.1, 3.1.2-т зааснаар захиалагч тал төлбөрийн 30 хувийг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт багтаан шилжүүлнэ, үлдэгдэл 70 хувийг захиалагчийн биет төлөөлөгч барааг үйлдвэрлэж буй газарт очин хүлээн авах боломжтой гэдгийг баталгаажуулж, барааг хүлээн авахаас ажлын 10 хоногийн өмнө шилжүүлэхээр тохирсон байна.

 

Дээрх гэрээнд талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан,  эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарах ба хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар  Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч С ХХК нь гэрээний 3.1.1-д зааснаар 30 хувийн төлбөр буюу 195 000 ам долларыг 2012 оны 05 сарын 24-ний өдөр, мөн 3.1.2-т зааснаар 70 хувийн төлбөр буюу     455 000 ам долларыг 2012 оны 06 сарын 22-ны өдөр тус тус шилжүүлсэн. Харин хариуцагч 2012 оны 06 сарын 11-ний өдөр 140 ширхэг таблет, мөн оны 07 сарын 09, 10-ны өдөр 1 600 ширхэг таблет, мөн оны 07 сарын 31-ний өдөр 785 ширхэг нийтдээ 2525 /нөөц бараа 25 ширхэг/ таблетыг тус тус нийлүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан хариуцагч компанийн төлбөрийн нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт, материалын орлогын падаан зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-9-15, 17-23/

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх бөгөөд  талууд гэрээний зүйл болох таблетын загвар, техникийн үзүүлэлтийг тухайлан тохиролцсон байх ба гэрээний 5.2, 5.3-т зааснаар нийлүүлэгч нь бараа эвдрэлтэй болон гэрээний нөхцөлийг хангахгүй байгаа тохиолдолд тус барааг 5 хоногийн дотор ижил бараагаар солих эсвэл төлбөрийг захиалагчид буцаан олгох, мөн нэг төрлийн давтагдсан гэмтэл гарсан тохиодолд үлдэгдэл барааг буцаан авч, төлбөрийг захиалагчид буцаан олгохоор тохиролцсон байна.

 

Гэрээний зүйл болох бараанууд нь биет байдлын доголдолтой болох нь 2012 оны 11 сарын 01-ний өдрийн БНХАУ-ын Dкомпанийн инженерийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хамтарсан уулзалтаар 2012 оны 11 сарын 09-ний өдрийн дотор шинээр солих, бүрэн засварлахаар тохирсон байна. Өөрөөр хэлбэл 2012 оны 07 сарын   31-ний өдөр барааг нийлүүлж дууссанаас хойш 6 сарын дотор доголдол илэрсэн байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7-д зааснаар худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ.

 

Гэрээний зүйл болох таблет нь хавсралтад заасан техникийн үзүүлэлт, чанар стандарт, тоо хэмжээ, өнгө дизайны шаардлага хангаж байгаа эсэхийг тодруулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтээр 851 ширхэг таблетыг гэрээнд заасан техникийн үзүүлэлтийг бүрэн хангаагүй, биет байдлын доголтолтой, ажиллагааны үеийн доголдол нь үйлдвэрлэгчээс шалтгаалсан, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэхгүй учир зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэж дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй,  254.6-д зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн нийлүүлсэн бараанаас 851 ширхэг таблет нь чанарын шаадлага хангаагүй гэсэн үндэслэлээр гэрээг цуцалж, чанаргүй таблетын үнийг гаргуулахаар шаардаж байгаа нь чанаргүй таблет нийлүүлсэн гэрээний зарим хэсэг буюу гэрээний үлдэх хэсгээс татгалзаж байгаа агуулга байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан ба нэхэмжлэгч С ХХК-ийн зүгээс гэрээ цуцлах мэдэгдлийг 2012 оны 12 сарын 20-ны өдрийн 01/1100 албан тоотоор хариуцагч байгууллагад хүргүүлсэн байх бөгөөд нийлүүлсэн 2500 ширхэг таблет нь биет байдлын доголдолтой, гэрээний хавсралтад заасан чанар, үзүүлэлтийн шаардлагыг хангахгүй, доголдлыг арилгах нэмэлт хугацаа тогтоосон боловч хэрэгжээгүй гэх үндэслэлүүдийг уг мэдэгдэлд дурджээ. /хх-32/

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг хариуцан буцаан өгнө гэж заасан.

 

Нэхэмжлэгч С ХХК нь 2017 оны 12 сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба мөн өдрийн Монголбанкнаас зарласан ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2 437,18 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч нь 2012 оны 06 сарын 23-ны өдрийн Монголбанкны зарласан ханш                      1 337,59 төгрөгөөр тооцон 325 550 679 төгрөг хариуцагчаас шаардаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно гэж заасантай нийцнэ.

 

Иймд гэрээнээс татгалзасны үр дагавар болох хариуцагч М ХХК-иас доголдолтой 851 ширхэг таблетийн үнэ болох 325 550 679 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 851 ширхэг таблетийг хариуцагч М ХХК-д буцаан гаргуулах нь зүйтэй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь зайлшгүй олох байсан орлого 92 290 320 төгрөгийн хохирлыг хариуцагчаас шаардсаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгчийн “...худалдахаар төлөвлөсөн үнэ 491 000 төгрөгөөс худалдан авсан үнэ 260 ам.доллар буюу 382 550,74 төгрөгийг хасч тооцвол нэг таблетаас 108 450 төгрөгийн орлого, нийт /851 х 108 450 =92 290 320/ төгрөгийн орлого орох байсан” гэх тайлбар нь хэрэг авагдсан С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2012 оны 06 сарын 25-ны өдрийн Smart-AB бүтээгдэхүүний үнэ батлах тухай А-67 дугаарын хавсралтаар гэрээний зүйл болох таблетын худалдан борлуулах нэг бүрийн үнийг 491 000 төгрөгөөр тогтоож, 2012 оны 06 сарын 28-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргахаар шийдвэрлэж, хэрэглэгчдэд тус үнээр худалдан борлуулсан, улмаар хэрэглэгчдийн гомдлоор барааг буцаан авч, үнийг хэрэглэгчдэд буцаасан баримтаар дээрх тайлбар үндэслэл бүхий болох нь тогтоогдож байна. /1 дүгээр хх-25-26,             2 дугаар хх-15-18/

 

Дээрхээс дүгнэхэд хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, доголдолгүй бараа нийлүүлсэн бол нэхэмжлэгчид орох байсан 92 290 320 төгрөгийн орлогыг хохиролд тооцох үндэслэлтэй, хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүрэгтэй байна.

 

  Хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх татгалзал үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтаар няцаагдаж байх ба нэхэмжлэгч шаардах эрхээ хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлсэн гэж үзнэ. /хх-40, 44-49/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн Ж.С нь шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хуулиар тогтоосон шүүх хуралдааны дэгийн дагуу буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т зааснаар гаргаагүй, харин түүний гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар шийдвэрлэсэнтэй холбоотой “шүүгчийг татгалзан гаргах” хүсэлт гаргаж байгаа нь анхан шатны шүүх хуралдааны хуулиар тогтоосон дэгийг зөрчиж байгаа тул шүүх хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн. Нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг асуухад тэрээр мөн шүүх хуралдааны хуулиар тогтоосон дэг, шүүх хуралдааны журмыг удаа дараа зөрчсөн тул түүнийг шүүх хуралдааны танхимаас гаргаж, хуралдааныг үргэжлүүлэн явуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч М ХХК-иас доголдолтой 851 ширхэг таблетийн үнэ болох 325 550 679 төгрөг, хохирол 92 290 320 төгрөг, нийт 417 841 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 851 ширхэг таблетийг хариуцагч М ХХК-иас буцаан гаргуулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,          60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн        7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2 247 160 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 2 247 160 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ