Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2020/01944/И |
Дугаар | 001/ХТ2022/00948 |
Огноо | 2022-10-18 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2022/00948
2022 10 18 001/ХТ2022/00948
“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01877 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1924 дүгээр магадлалтай,
“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“ТТ” ХХК-д холбогдох
5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Ж” ХХК нь “ТТ” ХХК-д холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01877 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1-д заасныг баримтлан “ТТ” ХХК-иас 5,000,000 төгрөгийг гаргуулж “Ж” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 60 дугаар зүйлийн 60.1., дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 94950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1924 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01877 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл хяналтын гомдолдоо: ...Магадлалаар шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн болно. Шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, хэргийн зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гарахыг шаардаж гаргасан болно. Шүүгчийн дээр дурдсан үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т “шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно”, мөн хуулийн 114.2-т “ шүүх хуралдааны завсарлагаар зохигчийг гарч явахыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгч шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” гэж заасныг үндэслэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхив.
6. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч “ТТ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, анхны танилцуулга дээр 7 өдөр, 7 шөнийн аялал гэж танилцуулсан боловч гэрээ нь 2019.12.30-ны өдрөөс 2020.01.05-ны өдөр гэж тооцохоор энэ хугацаандаа хүрэхгүй дутуу хоногоор аялуулсан, мөн 7 хүний төлбөр авсан боловч 6 ор ашиглуулсан, буудлын зэрэглэл нь 4 одтой зочид буудалд байрлуулна гэсэн боловч 3 одтой зочид буудал байсан гэж маргаж, доголдолтой холбоотойгоор үнэ бууруулна гэж мэтгэлцжээ.
7. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.
8. Талуудын хооронд 2019.12.10-ны өдөр аялал жуулчлалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 2019.12.30-2020.01.05-ны өдрүүдэд хариуцагч компанийн 7 хүнийг БНХАУ-ын Хайнань хотод аялуулах ажлыг зохион байгуулах үүргийг, хариуцагч нь 7 жуулчны аяллын үнэ 1 том хүн 2,000,000 төгрөгөөр тооцон нийт 14,000,000 төгрөгийн хөлс төлөх үүргийг харилцан хүлээсэн, тус аялал нь зохион байгуулагдсан, хариуцагч нь 9,000,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.
9. Талуудын хооронд Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт заасан аялал жуулчлалын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгч нь гэрээгээр хэлэлцэн тохиролцсон үйлчилгээг үзүүлсэн боловч хариуцагч нь 14,000,000 төгрөг төлөх үүргээс 5,000,000 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт заасны дагуу хөлсөө шаардах эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
10. Иргэний хуулийн 372 дугаар зүйлийн 372.3 дахь хэсэгт аялал ямар нэг доголдолтой бол түүний үнийг бууруулах, мөн хуулийн 375 дугаар зүйлийн 375.1 дэх хэсэгт зааснаар аяллын доголдолтой холбоотой гомдлыг аяллын хугацаа дууссанаас хойш нэг сарын дотор аялал жуулчлал зохион байгуулагчид гаргах, мөн хуулийн 376 дугаар зүйлийн 376.1 дэх хэсэгт жуулчны шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 сар гэж заасан.
Хуулийн эдгээр зохицуулалтыг шүүх зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт байгаа баримтаар 7 хүнд 6 хүний ор ашиглуулсан үйл баримт тогтоогдсон боловч хариуцагч нь доголдлын талаар гомдол гаргах хуульд заасан хугацааг баримтлаагүй, шаардах эрхгүй болсон талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, хэргийн зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй байна.
Хуулийн уг заалт нь шүүгч зөвлөлдөж, шийдвэрээ гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой бөгөөд зөвлөлдөх өрөөгүй учраас шүүгчийн зүгээс зохигчийг шүүх хуралдааны танхимаас гаргаж, шүүх хуралдааны танхимыг зөвлөлдөх тасалгааны зориулалтаар ашигласан нь хуулийн агуулгыг зөрчөөгүй, энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
12. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01877 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1924 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ