Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Маанийн Мөнхтөр |
Хэргийн индекс | 102/2020/01860/И |
Дугаар | 102/ШШ2020/02256 |
Огноо | 2020-08-03 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2020/02256
2020 оны 08 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2020/02256 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн өргөн чөлөө гудамж, 77-1 дүгээр байр, 34 тоот хаягт оршин суух, Цэцэн овогт Л-н Т /РД: ИГ/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 01 дүгээр хороо, 02 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10-1а тоот хаягт байрлах, Тайгын булаг кредит ХХК /РД: /-д холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14,085,230 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагчийн өмгөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Л.Т нь 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Тайгын булаг кредит ХХК-тай 05700214 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 15,000,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Л.Төгсөө өөрийн өмчлөлийн 1996 онд үйлдвэрлэсэн, 2012 онд Монгол улсад орж ирсэн 40-37 УНҮ улсын дугаартай Нyundai помп 43М загварын зуурмаг шахагч авто машиныг барьцаалсан болно. Зээлийн эргэн төлөлт хугацаа дуусахад Тайгын булаг кредит ХХК нь барьцааны хөрөнгө болох дээрх автомашиныг ямар нэгэн байдлаар Л.Т-д мэдэгдэлгүйгээр хууль бус үйлдлээр 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр иргэн Т.Г гэдэг хүнд 60,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан байсан. Хариуцагч Тайгын булаг кредит ХХК нь 40-37 УНҮ улсын дугаартай Нyundai помп 43М загварын зуурмаг шахагч авто машиныг худалдан борлуулсан 60,000,000 төгрөгнөөс дараах байдлаар суутгал хийсэн болно. Үүнд:
а/ Зээлийн хэмжээ 15,000,000 төгрөг,
б/ Бодогдсон хүү 675,000 төгрөг,
в/ Хугацаа хэтэрсэн: 21,585,230 төгрөгийг
г/ Зогсоол 614,000 төгрөгийг тус тус тооцож, нийт 37,874,230 төгрөгийг суутгаж авсан болно. Нэхэмжпэгч Л.Т миний бие 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Тайгын булаг кредит ХХК-аас зөрүү төлбөрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шилжүүлж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан боловч хариуцагчийн зүгээс дараахь байдлаар зөрүү төлбөрийг шилжүүлж өгсөн болно. Үүнд:
а/ 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 19,005,770 төгрөг,
б/ 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 3,120,000 төгрөг, нийт 22,125,770 төгрөг шилжүүлсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй хэмээн хуульчилж өгсөн байдаг. Гэтэл хариуцагч нь үндэслэлгүйгээр Л.Т-с алдангид 21,585,230 төгрөгийг суутган авч, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа нь хариуцагч Тайгын булаг кредит ХХК үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжтой нөхцөл байдал үүсэж байна. Иймд хариуцагч Тайгын булаг кредит ХХК-иас нэхэмжлэгч Л.Төгсөөгөөс хууль бусаар суутгаж авсан 14,085,230 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Тайгын булаг кредит ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-н шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Т нь 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Тайгын булаг кредит ХХК-тай 05700214 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 15,000,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Л.Т миний бие өөрийн өмчлөлийн 1996 онд үйлдвэрлэсэн, 2012 онд Монгол улсад орж ирсэн 40-37 УНҮ улсын дугаартай Нyundai помп 43М загварын зуурмаг шахагч авто машиныг барьцаалсан болно. Гэрээний хугацаа 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр дуусахад зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсан бөгөөд зээлдэгчийн зүгээс хүсэлт гарган нэг сараар дахин сунгасан ба гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болсон. Гэрээний хугацаа дууссаны дараа зээлдэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүртэл гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа зээлдүүлэгчийн зүгээс шаардсан боловч ямар нэгэн байдлаар гэрээний үүргээ биелүүлээгүй. Биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулна гэдгийг нэхэмжлэгчид мэдэгдсэн. Нэгэнт гэрээний хугацаа дууссан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул Л.Т-с н.М-д олгосон 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн итгэмжлэл дээр барьцаа хөрөнгийг худалдан борлуулах, нэр шилжүүлэх зэрэг эрхтэй гэж заасан байдаг. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар зээлдэгч өөрийн биеэр ирэх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчид барьцааны автомашиныг олгоно гэж заасан үүнийг Л.Т хүлээн зөвшөөрсөн. Ингээд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулсантай холбоотойгоор нэхэмжлэгч ямар нэгэн гомдлын шаардлага гаргаж байгаагүй. Л.Т автомшиныг худалдан борлуулсаны зөрүү төлбөрийг шилжүүлж өгнө үү гэсэн хоёр удаа бичгийн хүсэлт гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан. Эхлээд 19,000,010 төгрөг, дараа нь 3,120,000 төгрөгийг олгож өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу нийт 22,025,770 төгрөгийг зээлдүүлэгчид шилжүүлсэн. Харин тооцооллын хувьд 37,874,234 төгрөгнөөс үндсэн зээлийн хэмжээ 15,000,000 сая төгрөг, хүү 675,000 төгрөг, зогсоолын төлбөр 20,000 төгрөг, зайлшгүй гарах зардал 307 хоногоор тооцоолоод 614,000 төгрөг, хугацаа хэтэрсэний алданги 21,585,234 төгрөг гэж тооцоолоод нийт 37,874,234 төгрөг гарсан гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч А.З-н шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Энэ нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч өмнө нь шүүхэд гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.О шийдвэрлэсэн шийдвэр хэрэгт авагдсан байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгох үндэслэл байна. Нэхэмжлэгч мэдээгүй байхад нь машиныг аваад зарсан гэдэг худал үйл баримт хэлдэг. Хэрвээ нэхэмжлэгчийг мэдээгүй байхад зарсан бол зөрүү мөнгийг нь авъя гээд хүсэлт бичиж өгөөд мөнгө авах уу? Мөн 2018 оны 04 дүгээр сарын 17-нд гаргасан хүсэлтэд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулаад талуудын хооронд үүргийн гүйцэтгэл дуусгавар болсон, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.4 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийн өмчлөх эрх барьцаалагчид шилжиснээр үүргийн гүйцэтгэл дуусгавар болно гэж заасны дагуу нэгэнт өөрөө хүсэлт гарган барьцаа болон зээлийн үүргээ дуусгавар болгосон мөртлөө дуусгавар болгосон үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шаардлага гаргадаг зүйл хуульд нийцэхгүй байна. Уг итгэмжлэлээр тухайн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар худалдан борлуулна уу, борлуулахгүй байна уу гэдэг нэхэмжлэгч Л.Т-д хамаагүй асуудал болсон. Хоёр тал харилцан тохиролцсоны дагуу нэгэнт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан тул зөрүү мөнгийг нь өгсөн, нэхэмжлэгч тал авсан. Түүнээс биш тухайн үедээ намайг мэдээгүй байхад үндэслэлгүйгээр мөнгө авсан гэх юм бол 19,000,010 төгрөгөн дээр 14,000,000 сая төгрөгөө нэмж авахгүй яасан юм бэ. Үүнээс үзэхэд талууд нэгэнт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулаад, хангуулсантай холбоотойгоор төлбөр мөнгөний асуудал 19,000,010 төгрөгөөр тохиролцон өгч авалцсан нь бүх зүйл дуусгавар болсон гэж харагдаж байна. Үүний дараа дугуйг солиогүй юм байна гээд Л.Т 3,120,000 төгрөг өгөхийг хүссэн бичиг бичиж өгөхөд мөн хүсэлтийн дагуу нэхэмжлэгч Л.Төгсөөд тэр мөнгийг нь олгосон. Талууд хоорондоо тохиролцоод уг харилцаа дуусгавар болсон болохоор нэхэмжлэл гаргах эрхгүй. Итгэмжлэлийн талаар бид маргаагүй өнөөдөр 18 насанд хүрсэн этгээд өөрөө итгэмжлэл олгож, төлөөлүүлэгчийн зүгээс уг зээлтэй холбоотой ямар нэгэн төлбөр тооцооны асуудал гарвал өмнөөс нь тухайн асууудлыг шийдэх бүрэн эрхтэй этгээд юм. Иймд дээрх гурван үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч Тайгын булаг кредит ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14,085,230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасныг хариуцагч ... барьцааны зүйлийг борлуусан орлогоос зохих суутгалуудыг хуульд заасан хэмжээнд багтаан хийж, барьцааны зүйлийг борлуулах талаар барьцаалуулагчид мэдэгдсэн, борлуулсан орлогоос үлдсэн 22,125,770 төгрөгийг Л.Т-д буцаан олгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүх өмнө нь хянан шийдвэрлэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Л.Т, хариуцагч Тайгын булаг кредит ХХК-тай харилцан тохиролцож 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 05700214 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 15,000,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Л.Т-н өмчлөлийн 1996 онд үйлдвэрлэсэн, 2012 онд Монгол улсад орж ирсэн 40-37 УНҮ улсын дугаартай Нyundai помп 43М загварын зуурмаг шахагч авто машиныг барьцаалсан, зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00848 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Зохигчид зээлийн болон барьцааны гэрээг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 1 сарын хугацаатай байгуулж, 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хүртэл 1 удаа сунгасан талаар, мөн барьцааны зүйлийг 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Т.Г гэх иргэнд 60,000,000 төгрөгөөр худалдсан, Тайгын булаг кредит ХХК-иас дээрх орлогоосоо 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 19,005,770 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 3,120,000 төгрөг, нийт 22,125,770 төгрөгийг нэхэмжлэгч Л.Т-д шилжүүлсэн талаар үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна.
Гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр дуусгавар болсноос хойш 8 сар буюу 240 хоногийн дараа барьцааны зүйлийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 60,000,000 төгрөгөөр Т.Г-д худалдсан болох нь худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдох байна. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хавтаст хэргийн 40 дүгээр талд авагдсан Сайн авто ломбард, Барьцаат зээлийн гэрээ 05700214, зээлийн хэмжээ 15,000,000, бодогдсон хүү 675,000, хугацаа хэтэрсэн 21,5835,730, зогсоол 614,000, нийт 37,874,230 гэх баримтаас үзэхэд хариуцагч Тайгын булаг кредит ХХК нь Л.Т-тэй 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний алдангид 21,585,230 төгрөгийг суутгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг зөрчжээ. Гэрээний хугацаа дуусгавар болох үед үндсэн зээл 15,000,000 төгрөгийн үүргийг нэхэмжлэгч Л.Т гүйцэтгээгүй байсан ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн хэмжээг 7,500,000 төгрөгөөс хэтрүүлэх ёсгүй атал хариуцагч Тайгын булаг кредит ХХК-ийн үндэслэлгүйгээр алдангид 21,585,230 төгрөг суутгасан тул дээрх төлбөрөөс суутгавал зохих 7,500,000 төгрөгийн алдангийг хасч, үлдэх нь 14,085,230 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагчийн өмгөөлөгч А.З-н нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргааныг тус шүүх өмнө нь шийдвэрлэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэх тайлбар үндэслэлгүй байна. Учир нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00848 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Л.Т-н тус шүүхэд гаргасан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, харин нэхэмжлэгч Л.Т нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт үндэслэлгүйгээр илүү суутгасан алдангийг буцаан гаргуулахаар хариуцагчаас шаардсан. Өөрөөр хэлбэл тус 2 нэхэмжлэлийн шаардлага нь өөр буюу өмнө нь энэ шаардлагыг шүүх шийдвэрлэсэн гэж үзэх үндэлслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Тайгын булаг кредит ХХК-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарласан боловч зохигчдын хооронд гэрээний харилцаа үүссэн, гэрээтэй холбоотой маргаан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч Тайгын булаг кредит ХХК-иас 14,085,230 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Т-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 228,376 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 228,376 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР