Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2020/02011

 

2020 06 19

102/ШШ2020/02011

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

                  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 65 дугаар байр, 96 тоот хаягт оршин суух Цогт тайж овогт Ж-н Т /РД: ХБ47041218/,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 3 дугаар хороо, 65 дугаар байр, 96 тоот хаягт оршин суух Цогт тайж овогт Т-н А /РД: ХБ73040319/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Т.А, Д., Ж.Т нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот, 40.1 метр квадрат талбай бүхий орон сууцыг битүүмжилсэн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 15250471/07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх, үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, гуравдагч этгээд Ориент-Инвест ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд М.Э-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Т-н шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон өмгөөлөгч Ш.Б-н шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 3587 дугаар захирамжаар Т.А-с 130,405,215 төгрөг гаргуулж, Ориент инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх захирамжинд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ш.Гр албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1525047/07 тогтоолоор Т.А, Д.С, Ж.Т нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоотод хаягт байрлах 40.1 м/к талбай бүхий орон сууцыг битүүлмжилсэн. Гэтэл Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 3587 дугаар захирамжаар дээрх орон сууцыг худалдан борлуулж төлбөр төлөгч Т.А-н бусдад төлөх төлбөрийг барагдуулах талаар шийдвэрлээгүй байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дур мэдэн бусдын эд хөрөнгөд хууль бусаар халдсан байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 онд явуулсан битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоолгох зэрэг бүхий л ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 539 дүгээр магадлалын хянавал хэсэгт ... дээр дурдсан шүүхийн шүүгчийн 2014 оны 3587 дугаар захирамжид барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах заалт байхгүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах боломжгүй, мөн магадлалын тогтоох хэсэгт ... 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар Т.А-н бусадтай хамтран өмчилдөг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот, 40.1 м/к талбай бүхий орон сууцанд явуулж буй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагааг хүчингүй болгож гэж заасан болно. Дээрх магадлалыг Улсын дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00664 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн. Гэтэл дахин шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж байгаа нь хууль бус ажиллагааг юм. Уг эд хөрөнгө нь Т.А-н хөрөнгө биш Ж.Т-н хөрөнгө, миний эрхэнд давхар халдаж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Т.А, Д.С, Ж.Т нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот орон сууцыг битүүмжилсэн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1525047/07 тоот тогтоолыг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасны дагуу битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас чөлөөлж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Т.А-н шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч Ш.Б нарын гаргасан тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 3587 дугаар захирамжаар Т.А-с 130,405,215 төгрөг гаргуулж, Ориент инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00636 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 928 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 001/ХТ2018/01336 дугаар тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65-96 тоот 3 өрөө орон сууцыг худалдан борлуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр албадан гүйцэтгэх хуудас бичигдсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот, 40.1м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 104,210,200 төгрөгөөр үнэлсэн болохыг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр шуудангаар мэдэгдэл ирэхэд мэдлээ. Үнэлгээний тайланд зах зээлийн хандлагыг үндэслэн 104,210,200 төгрөгөөр үнэлсэн гэх бөгөөд гол тодорхойлсон үндэслэл болох 3 байрны /75 м/к, 68 м/к болон 60 м/к талбай/ ашиглалтад орсон огноо тодорхойгүй, ямар хийц загвартай эсэх, ямар материал ашиглаасан эсэх нь тодорхойгүй байна. Мөн орлого, зарлагын хандлагыг тодорхойлохдоо дүр эсгэсэн тодорхой бус тоон үзүүлэлт гаргаад уг гаргасан орлого, зарлагын хандлага нь тайланд ач холбогдолгүй мэтээр тооцоололд 0 үзүүлэлтээр тусгасан нь үнэлгээг хэт доогуур тооцсон байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө., мөн хуулийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэсний дагуу нэхэмжлэл гаргаж байгаа тул Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65-96 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 104,210,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Э-н шүүхэд гаргасан шаардлагад болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-н шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 3587 дугаар захирамжаар Т.А-с 130,405,215 төгрөг гаргуулж, Ориент инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00636 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 928 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 001/ХТ2018/01336 дугаар тогтоолоор Т.А нь 130,405,215 төгрөгийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65-96 тоот 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоотод байрлах 47.5 м/к талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорын давхарын 10 тоотод байрлах 15 м/к талбай бүхий авто зогсоолыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрүүдийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65-96 тоот 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоотод байрлах 47.5 м/к талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорын давхарын 10 тоотод байрлах 15 м/к талбай бүхий авто зогсоолыг битүүмжилж, 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хураасан.

 

М.Э миний бие нь иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагт болсон шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт үзлэг хийх ажиллагаанд оролцож байх үед дээрх шийдвэрүүдийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаануудтай танилцаад бие даасан шаардлага гаргах нь зүйтэй гэж үзлээ. Үзлэгийн үед Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00636 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 928 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 001/ХТ2018/01336 дугаар тогтоолоор Т.Амарсанаа, Д.Сарангэрэл, Ж.Тамир нарын өмчлөлийн Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65-96 тоот 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоотод байрлах 47.5 м/к талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорын давхарын 10 тоотод байрлах 15 м/к талбай бүхий авто зогсоолыг худалдан борлуулах үүргийг ногдуулсан шүүхийн шийдвэрт өнөөдрийг хүртэл нэг ч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч байгуулага нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ГХ2018/01192 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг хүлээж аваагүй, гүйцэтгэх хуудасны бүртгэлд бүртгээгүй, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгч зөвшөөрөл өгөөгүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8.1.4, 21., 22.1, 44, 48, 49, 55, 65 дугаар зүйлүүдийг зөрчиж ажиллагаа явуулсан байна. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоотод байрлах 47.5 м/к талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорын давхарын 10 тоотод байрлах 15 м/к талбай бүхий авто зогсоолыг битүүмжлсэн хөрөнгийн жагсаалтаас хасч чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г-н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 3587 дугаартай захирамжаар Т.А-с 130,405,215 төгрөг гаргуулж, Ориент инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамжийн дагуу Т.А-н үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Э-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоотод байрлах 47.5 м/к талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорын давхарын 10 тоотод байрлах 15 м/к талбай бүхий авто зогсоолыг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр битүүмжилж, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хураасан. Мөн төлбөр төлөгч Т.А-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65-96 тоот 3 өрөө орон сууцыг 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр битүүмжилж, 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хураасан. Төлбөр төлөгч Т.А-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б нь Дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 3587 дугаартай захирамжаар М.Э, Т.А нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулахаар захирамжлаагүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01622 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг магадлалыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 664 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн.

 

Мөн төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК нь шүүхэд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, 24,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00363 дугаар шийдвэрээр хариуцагч Т.А-с 24,000 төгрөг гаргуулж Ориент инвест ББСБ ХХК-д олгож, 126,405,215 төгрөгийн үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Ү-2205018956 дугаар бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот хаягт байрлах 40.1 м/к талбай бүхий орон сууц, М.Э-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоотод байрлах 47.52 м/к талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорын давхарын 10 тоотод байрлах 15 м/к талбай бүхий авто зогсоолыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 928 дугаар магадлалаар дээрх шийдвэрийн 1 дэх заалтыг Т.А-с хохиролд 24,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ориент инвест ББСБ ХХК-д олгож, Т.Амарсанаа нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 3587 дугаар захирамжийн дагуу 129,851,610 төгрөгийг Ориент инвест ББСБ ХХК-д төлөх үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд Т.А, Д.С, Ж.Т нарын өмчлөлийн Ү-2205018956 дугаар бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот хаягт байрлах 40.1 м/к талбай бүхий орон сууц, М.Э-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоотод байрлах 47.52 м/к талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорын давхарын 10 тоотод байрлах 15 м/к талбай бүхий авто зогсоолыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж гэж өөрчлөн найруулсан. Энэхүү магадлалыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 001/ХТ2018/01336 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ГХ2018/01192 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн явагдаж байгаа, мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 15250471/07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор хүчингүй болсон. Нэхэмжлэгч талаас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр албадан гүйцэтгэх хуудаст хувийн хэрэг нээгээгүй, бүртгэлд авагдаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэхгүйгээр 2014 оны шүүхийн шийдвэрээр хууль бус ажиллагаа явуулж байна гэж нэхэмжлэл гаргаж байна. 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэн, 2014 оны шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа. 2014 онд гүйцэтгэх хуудас бичигдэж ирсэн. 2014 ондоо шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгээд явж байгаа. Тухайн шүүгчийн захирамж болон гүйцэтгэх хуудас хүчингүй болоогүй бөгөөд үүсгэсэн ажиллагаа одоо явагдаж байгаа. Гурван шатны шүүхээр 2014 оны шүүгчийн захирамжинд барьцаа хөрөнгийг дурьдаагүй гэх заалтыг өөрчилсөн болохоос биш шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлээгүй юм. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх гэх заалт бий, мөн хуулийн 21.1-д Энэ хуулийн 20.3-т заасан үндэслэл байхгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна гэж заасны дагуу ажиллагаа үүсээд явж байгаа. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д Хуулийн хүчин төгөлдөр болсон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын талаар шүүхэд гомдол гаргахгүй гэж заасан. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ориент-Инвест ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-н шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагчийн тайлбартай санал нэг байна. Нэхэмжлэгч 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн шүүхийн шийдвэрийг 2018 оны Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хүчингүй болсон гэж ойлгож байна. Тухайн үедээ хүчингүй болоогүй, заалтад өөрчлөлт орсон. 2014 оны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр юм. Тухайн үед нэхэмжлэгч нар үр дагаварыг нь ойлгож байсан. М.Э-н хувьд Т.А-с нэхэмжлэх эрх нь нээлттэй. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад болох үндэслэл болохгүй. 2018 оны гүйцэтгэх хуудаст тогтоол гараагүй гэж ярьж байна. Уг гүйцэтгэх хуудаст 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 3587 тоот шийдвэрийн дагуу ажиллагаа хийнэ гэдгийг тодорхойлж өгсөн. Тиймээс 2014 оны тогтоол хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Хөрөнгийн жагсаалтаас хасуулъя гэж байна, Т.А, Ж.Т, М.Э нар нь бүгд хураах, битүүмжлэх ажиллагааг мэдэж байсан. Хөрөнгийн жагсаалтаас хасуулъя гэж байгаа нь хуулийн хугацаагаа зөрчсөн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Т нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Т.А, Д.С, Ж.Т нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот, 40.1 метр квадрат талбай бүхий орон сууцыг битүүмжилсэн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 15250471/07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх,

 

Нэхэмжлэгч Т.А нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Т.А, Д.С, Ж.Т нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот, 40.1 метр квадрат талбай бүхий орон сууцыг 104,210,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Э нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоотод байрлах 47.5 м/к талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорын давхарын 10 тоотод байрлах 15 м/к талбай бүхий авто зогсоолыг битүүмжлсэн хөрөнгийн жагсаалтаас хасч чөлөөлнө үү гэх шаардлагыг тус тус шүүхэд гаргасан.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Гантөр ... Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдсан. Төлбөр гаргуулахаар захирамжилсан 2014 оны шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр байгаа. Уг захирамж, албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. 2018 оны шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгөөр Т.А-н 129 сая төгрөгийн үүргийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан гэж маргажээ.

 

Шүүх дараахь дараахь байдлаар нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлагыг шийдвэрлэлээ.

 

А/ Нэхэмжлэгч Ж.Т-н нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 3587 дугаар захирамжаар Т.А-с 129,851,610 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ориент инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.А бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Дээрх захирамжийг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1118 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэнийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 15250471 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. /179-222 дугаар тал, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл/. Төлбөр төлөгч Т.А-н үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Э-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоотод байрлах 47.5 м/к талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорын давхарын 10 тоотод байрлах 15 м/к талбай бүхий авто зогсоолыг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр битүүмжилж, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хураасан. Мөн төлбөр төлөгч Т.А-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65-96 тоот 3 өрөө орон сууцыг 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр битүүмжилж, 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хураасан. Төлбөр төлөгч Т.А нь М.Э-н өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн орон сууц, авто зогсоол, өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйл ажиллагааг тогтоолгох, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Э нь өөрийн орон сууц, авто зогсоолыг битүүмжилсэн, хураасан, үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлагыг шүүхэд гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01622 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг магадлалыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 664 дүгээр тогтоолоор хэвээр үлдээжээ.

 

Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч Ориент инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00363 дугаар шийдвэрээр хариуцагч Т.Амарсанаагаас 24,000 төгрөг гаргуулж Ориент инвест ББСБ ХХК-д олгож, 126,405,215 төгрөгийн үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Ү-2205018956 дугаар бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот хаягт байрлах 40.1 м/к талбай бүхий орон сууц, М.Э-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоотод байрлах 47.52 м/к талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорын давхарын 10 тоотод байрлах 15 м/к талбай бүхий авто зогсоолыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 928 дугаар магадлалаар дээрх шийдвэрийн 1 дэх заалтыг Т.А-с хохиролд 24,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ориент инвест ББСБ ХХК-д олгож, Т.А нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 3587 дугаар захирамжийн дагуу 129,851,610 төгрөгийг Ориент инвест ББСБ ХХК-д төлөх үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд Т.А, Д.С, Ж.Т нарын өмчлөлийн Ү-2205018956 дугаар бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот хаягт байрлах 40.1 м/к талбай бүхий орон сууц, М.Э-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоотод байрлах 47.52 м/к талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорын давхарын 10 тоотод байрлах 15 м/к талбай бүхий авто зогсоолыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж гэж өөрчлөн найруулсан. Энэхүү магадлалыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 001/ХТ2018/01336 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байна. Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгэх тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2018/15342 дугаар захирамж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ГХ2018/01192 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас гарчээ. Гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 15250471/07 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Т.А, Д.С, Ж.Т нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот орон сууцыг битүүмжилсэн. Гэвч шийдвэр гүйцэтгэгчийн дээрх тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор Эд хөрөнгийг төлбөрт 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр битүүмжилсэн байхад дахин 15250471/07 тоот тогтоолоор битүүмжилсэн нь хууль зөрсөн гэх үндэслэлээр хүчингүй болжээ. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 15250471/07 тоот тогтоол өнөөдрийн байдлаар хүчингүй болсон байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно. гэжээ. Төлбөр гаргуулахаар хураагдсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой маргааныг нэхэмжлэгч Ж.Т шүүхэд гаргаагүй тул түүнийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасах, чөлөөлөх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч Ж.Тамирын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ш.Гантөрийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Т.А, Д.С, Ж.Т нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот орон сууцыг битүүмжилсэн 15250471/07 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчигүй болгох, дээрх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Б/ Нэхэмжлэгч Т.А-н нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 3587 дугаар захирамжаар Т.А-с 129,851,610 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ориент инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.А бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00363 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 928 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 001/ХТ2018/01336 дугаар тогтоолоор Т.А, Д.С, Ж.Т нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот хаягт байрлах 40.1 м/к талбай бүхий орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан, дээрх захирамжийг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1118 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэнийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 15250471 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. Баянгол дүүргийн тухайн орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 144/01 тогтоолоор битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 15250471/10 дугаар тогтоолоор хурааж, 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 102 дугаар тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-г шинжээчээр томилжээ. Шинжээч Хөрөнгө эстимэйт ХХК нь 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Хөрөнгө үнэлгээний тайлан-гаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 96 тоот орон сууцыг 104,210,200 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч Т.А нь шаардлагын үндэслэлээ шинжээч үнэлгээг хийхдээ миний үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт багаар үнэлсэн гэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө. гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь Баянгол дүүргийн дээрх маргаан бүхий орон сууцыг шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хураасан атлаа 4 сарын дараа буюу 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр шинжээч томилж, шинжээч 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр үнэлгээний тайлангаа гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэт удаашралтай, хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Мөн Шинжээч Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 3.4-д Зах зээлийн хандлагаар үнэлгээний тооцоололд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65-96 тоот орон сууцны үнэлгээг гаргахдаа өмчлөх эрхийн, хөрөнгийн биет байдлын, цаг хугацааны гэх мэт хүчин зүйлсийн тохиргоог хийсэн гэх атлаа хэдэн онд ашиглалтад орсон, ямар материалаар баригдсан байрыг харьцуулах обьектоор сонгосон, элэгдэл хорогдлыг хэдэн хувиар тооцсон, харьцуулах обьектийн хаягийг огт дурдаагүй байна. Ийнхүү шинжээч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хэрхэн үнэлсэн нь тодорхой бус байгаагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан хөрөнгө албадан борлуулах тодорхой ажиллагаа явуулах, энэ ажиллагаатай хамт хийгддэг бусад ажиллагааг /албадан дуудлага худалдааны үнэ, дэнчингийн хэмжээг тодохойлох гэх мэт/ хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэх боломжгүйд хүргэжээ.

 

Иймд нэхэмжлэгч Т.А-н хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 01/24 тоот дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

В/ Гуравдагч этгээд М.Э-н бие даасан шаардлагын талаар:

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 3587 дугаар захирамжаар Т.А-с 129,851,610 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ориент инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.А бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх захирамжийг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1118 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэнийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 15250471 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.

 

Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00363 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 928 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 001/ХТ2018/01336 дугаар тогтоолоор Т.А нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 3587 дугаар захирамжийн дагуу 129,851,610 төгрөгийг Ориент инвест ББСБ ХХК-д төлөх үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд Т.А, Д.С, Ж.Т нарын өмчлөлийн Ү-2205018956 дугаар бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот хаягт байрлах 40.1 м/к талбай бүхий орон сууц, М.Энхцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоотод байрлах 47.52 м/к талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорын давхарын 10 тоотод байрлах 15 м/к талбай бүхий авто зогсоолыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгэх тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2018/15342 дугаар захирамж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ГХ2018/01192 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас гарчээ.

 

Гэвч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2018/15342 дугаар захирамж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ГХ2018/01192 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Энэ хуулийн 20.3-т заасан үндэслэл байхгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна. гэж заасныг ноцтой зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол үйлдээгүй болох нь шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 15250471/04, 15250471/05 дугаар тогтоолоор М.Энхцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоотод байрлах 47.52 м/к талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорын давхарын 10 тоотод байрлах 15 м/к талбай бүхий авто зогсоолыг битүүмжилснийг битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Т-н Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ш.Г-н 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Т.А, Д.С, Ж.Тнарын өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот орон сууцыг битүүмжилсэн 15250471/07 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчигүй болгох, дээрх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 01/24 тоот Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгосугай.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 15250471/04, 15250471/05 дугаар тогтоолоор М.Э-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоотод байрлах 47.52 м/к талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорын давхарын 10 тоотод байрлах 15 м/к талбай бүхий авто зогсоолыг битүүмжилснийг битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Т, Т.А, гуравдагч этгээд М.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүр 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.А-д, 70,200 төгрөг гаргуулж гуравдагч этгээд М.Э нарт олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР