Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2016/ШЦТ/151

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0176/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг, 
Хохирогч Т.Э***, 
Шүүгдэгч Б.Э***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, 
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.Э***д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Э***, *****нд төрсөн, ***настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, даацын операторчин мэргэжилтэй, “*****” ХК-д  ***** ажилтай, ******ын хамт ******** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **** регистрийн дугаартай.
 
Шүүгдэгч Б.Э***нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Б.Э***нь согтуугаар 2016 оны 5 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн ** тоотод хамтран амьдрагч Т.Э***тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь тархи доргилт, хамар ясны хугарал, дээд уруулын язарсан шарх, нүүр, хүзүү, хоолой, баруун мөр, баруун шуу, зүүн суганы өмнө хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж 480 300 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Шүүгдэгч Б.Э***гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр охин А***цэцэрлэгийн төгсөлтийн баяр болж эцэг, эхчүүдтэй нь Хайрхан багийн Оргил бааранд сууцгааж байгаад нэг шил Титэм нэртэй архи аваад Хайрхан багийн **-р байрны ** тоотод манай гэрт охины ангийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй 21 цагийн орчим ирсэн. Тэгээд би авч очсон архинаасаа нэг уучихаад унтаад өгсөн. Унтаж байтал Т.Э*** татаж чангааж босгож өдөр маргалдсан асуудлаа ярьж хэрүүл хийж миний хүзүү, нүүрийг маажиж орноос татаж унагааж дух шалбархаар нь би ээж Мөнхдэлгэрийн гэрт очиж амрах гээд гарах гэтэл гаргахгүй байсан. Тэгэхээр нь би нэг удаа мангасдаж унагаачихаад гараад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

Хохирогч Т.Э***ийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Охин А*** төгсөлтийн баяр болоод тэр баярын үйл ажиллагаанд дээр Б.З*** очсон. Тэгээд орой 21 цагийн орчим гэртээ охины ангийн эцэг, эхчүүдийг дагуулаад 1 шил 0,75 гр архи барьсаар ирсэн. Тэр авч ирсэн архиа хувааж ууцгаасан. Энэ үед Б.З*** унтаад өгсөн. Эцэг, эхчүүд ч удалгүй гэртээ харихаар явцгаасан. Тэгээд Б.З*** 23 цаг өнгөрч байхад сэрээд "ямар их архи уудаг юм" гэж хэлсэн чинь "гичий минь чи юу гээд байгаа юм" гээд миний зүүн хацар руу нэг удаа алгадаад авахаар нь өвдөж байна гэж хэлээд цааш түлхсэн чинь "чи муу ямар их хүн цохидог юм" гээд нүүр нүдгүй намайг зодож эхэлсэн. Би арай гэж амьсгаа аваад хаалга онгойлгоод хажуу айлын хаалгыг 2 удаа тогшсон чинь Б.З*** намайг буцаад гэр рүү чирж оруулаад үсдэж дарж байгаад дээрээс зодсон. Манай охин А*** чангаар уйлж байсан болохоор хажуу айлын хүмүүс хамаатны эгч рүү утасдаж танай дүүгийнд нэг юм болоод байх шиг байна хүүхэд нь нилээн удаан уйллаа гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд би арай гэж амьсгаа аваад байж байхад шалаар нэг цус болчихсон миний хамарнаас маш их цус гарсан байсан. Би охиноо гүйгээд хүн дууд гэсэн чинь айгаад байна гээд гарч чадахгүй байсан. Тэгсэн чинь миний хоолойноос боогоод чамайг алж байж сална гээд байсан. Би яг үхэх гээд байна гэж хэлэхэд огт болихгүй байсан. Тэгээд нүд харанхуйлаад сонин болоод явчихсан. Тэгсэн чинь Б.З*** гэнэт шалны алчуур аваад цус арчиж байснаа тэр чигээрээ гараад гүйчихсэн. Миний толгой байнга өвддөг болсон, юмаа мартаж санадаг болчихсон. Эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул цаашид гарах эмчилгээний  зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байна. Хэрэгт авагдсан баримтыг үндэслэн эмчилгээний зардал 480 300 төгрөг гаргуулж өгнө үү, гомдолтой байна гэх мэдүүлэг,

Гэрч Л.М*** хэрэг бүртгэлтэд өгсөн: Юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Намайг дуудахаар нь очтол хамарнаас нь цус гарчихсан угааж байсан. Над руу энийг хараач гээд манай бэр Т.Э*** хашхирч байсан. Б.Э***манай гэрт очихдоо хүзүүгээ маажуулсан дух нь шалбарчихсан хамар хэсгээс нь цус гарсан байдалтай орж ирсэн  гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,

Гэрч Ч.Х*** хэрэг бүртгэлтэд өгсөн: 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр би гэртээ амарч байхад 23:30 цагийн орчим хүүхэд уйлах чимээ сонсогдохоор нь гайхаад хаалганы дурангаар хартал орцны гэрэл ассан хүнгүй байхаар нь хартал доошоо хүн гүйх чимээ гарах шиг болсон. Тэгээд удалгүй хүүхэд уйлж ааваа болиочээ амь авраарай гэдэг чимээ гарахаар нь манай хажуу талын гэр бүл байна гэж бодоод эгч Б*** утас руу залгаж та дүү рүүгээ залга даа гэрт нь нэг юм болоод байх шиг байна гэж  хэлсэн чинь удалгүй Болортуяа залгаад чи гэрт нь ороод үзээч амь авраарай гээд уйлаад байна гэсэн. Тэгэхээр нь би хадам ээж М*** хамт гэрт нь ортол Т.Э*** гээд охин гэрийнхээ хаалганы орчимд охиныхоо хамт цустайгаа холилдчихсон байдалтай сууж байсан. Нөхөр Б.З*** нь байхгүй цагдаа дуудаад өгөөч гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,

Гэрч Б*** хэрэг бүртгэлтэд өгсөн: 2016 оны 5 дугаар сарын 12-ны шөнө 23:30 цагийн орчим манай дүү Т.Э***ийн хажуу талд амьдардаг Хөхөө над руу утсаар залгаж хүүхэд нь уйлаад байна нэг юм болоод байна гэж хэлэхээр нь би тэр үед нь  ажил дээрээ байж байсан. Тэгээд Хөхөөд хандаж гэрт нь ороод үзчих гэж хэлсэн чинь удалгүй буцаж залгаад зодуулсан байна хурдан хүрээд ир аймаар болсон байна гэхээр нь нөхөр Мягмаржавын хамт дүү Т.Э***ийн гэрт очиход гэрийнхээ үүд хэсэгт нүүр нь нилээд цус болчихсон байдалтай Хөхөө багшийн хамт байж байсан. Тэгээд юу болсон талаар Т.Э***ээс асууж та хоёр маргалдсан юмуу гэхэд маргалдаагүй архиа тааруулж уухад яадаг юм гэж хэлээд цааш түлхсэн чинь чамайг алаад өгье гэж хэлээд зодчихлоо гэж байсан. Т.Э***ийн гэрийн байдал бол том өрөө, жижиг өрөө зэрэг нь нилэнхүйдээ цус болчихсон байсан. Сүүлд нь толгойг нь угаахад хоёр удаа шампунь хэрэглэхэд цус нь огт арилахгүй байсан. Ингээд байж байтал Б.З***гийн эх, дүү хоёр нь орж ирэхээр нь нөхцөл байдлыг хэлж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 10-р  хуудас/, гэрэл зураг /хх-ийн 15-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Шүүгдэгч Б.З*** нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 27-р хуудас/ тогтоогдож байна. 

Хохирогчийн гэмт хэргийн улмаас эмчлүүлсэн болон ирэх очих унааны зардал болох хавтаст хэргийн 7, 42-47, 83-р хуудсанд авагдсан хохирлын баримтуудыг үндэслэн 480 300 төгрөгийг шүүгдэгч Б.Б.З***гоос гаргуулж хохирогч Т.Э*** олгож, хохирогч хавтаст хэргийн 41-р хуудсанд авагдсан гар утасны засварын үнэ 35 000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг дурдав.   

Шүүгдэгч Б.Э***д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт  хэрэг үйлдсэнийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн  56.1.10-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, хувьд ногдох эд хөрөнгөгүй, "Шарын гол" хувьцаат компанид ажилладаг гэх боловч түүнтэй холбоотой цалингийн баримтыг хэрэг ирүүлээгүй зэргээс дүгнэн түүнд баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн толгойны рентген зураг 3 ширхэг, дүрс бичлэг 1 ширхэг зэргийг хохирогч Т.Э***т буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Шүүгдэгч Б.Э***г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Б.Э***г 3 /гурав/ сар  баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Т.Э*** толгойны рентген зураг 3 ширхэг, дүрс бичлэг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Т.Э***т буцаан олгосугай.

4.Иргэний хуулийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Э***гоос 480 300 /дөрвөн зуун наян мянга гурван зуу/ төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит багийн Ойчдын ** тоотод оршин суух Т.Э***т олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй  болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч Б.Э***д оногдуулсан 3 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

  
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Т.БАТЖАРГАЛ