Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2020/01783

 

        2020         06             26

                        183/ШШ2020/1783

                    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, Засгийн газрын 11 дүгээр байрны 11 давхар, 1110 тоотод байрлах “А ч бүс”Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар /цаашид ТБАГУТҮГ гэх/, /РД:00000 /-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, 0 дугаар байрны 0 тоотод байрлах “С” ХХК /РД:0000000000/-д холбогдох

газрын төлбөр 1.680.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Н, Ө.С, хариуцагчийн төлөөлөгч  Т.Г, хариуцагчийн өмгөөлөгч Н.А /ШТЭҮД:0000 / шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч “А ч бүс”ТБАГУТҮГ-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: 2008 оны 3 дугаар сард “С”ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож, улмаар 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 44 дугаартай эрх олгох тухай, 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай 48 дугаар захирамжаар 1 га газрыг зочид буудал, агуулахын зориулалтаар баталгаажуулсан захирамжийг тус тус гаргасан. Энэхүү захирамжуудыг үндэслэн 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 08/00 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг, 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 00 дугаартай Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан. Гэвч 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр А/00  дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй, мөн эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлээгүй гэсэн үндэслэлээр хөрөнгө оруулалтын болон газар эзэмших эрхийг цуцалсан. А ч бүс нь аж ахуйн нэгжийн  газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг бөгөөд “Э-О импекс”ХХК-иас газар эзэмшүүлэх гэрээний 3.5-д газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, мөн гэрээний 4.3-т газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан аж ахуйн нэгж зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, энэ талаар болон гэрээний 4.2 дугаар зүйлд тавьсан шаардлагыг биелүүлээгүй, Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.5 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон зэрэг тохиолдолд газар эзэмших гэрээг хүчингүйд тооцон газрыг хураах бөгөөд тухайн хугацаанд  төлсөн газрын төлбөрийг буцаан олгохгүй гэж тус тус заасны дагуу газрын төлбөрийн хуваарийн дагуу 2010 онд 1.680.000 төгрөг төлөөгүй газрын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул гэрээний үүргийг хангуулах хүсэлтэй байна. “С”ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-д газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.-д татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа, татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж тус тус заасны дагуу газрын төлбөр төлөх бүрэн үндэслэлтэй байна. Газрын төлбөр нь орон нутгийн татварт хамаардаг учир хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Иймд хариуцагч “С”ХХК-иас газрын төлбөр 1.680.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “С”ХХК-ийн шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа:  Д.С нь 2005 онд “С”ХХК-ийг байгуулсан бөгөөд А ч бүсийн захирагчийн ажлын албатай 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 52 тоот хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 00 тоот захирамжаар зочид буудал, агуулахын зориулалтаар 1 га газрыг баталгаажуулан газрын төлбөрт зохих журмын дагуу 1.680.000 төгрөгийг төлсөн болно. Хөрөнгө оруулалтын гэрээний 3.1-д чөлөөт бүсийн захирагчийн алба үйл ажиллагаагаа эхлүүлэхэд шаардлагатай эхний ээлжийн дэд бүтцээр хангах үүрэг хүлээсэн ба манай компани зочид буудал, татваргүй барааны дэлгүүр, агуулахын төслүүд судлан сонгох ажлаа эхлүүлсэн юм. Судалгааны дүнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Хасаатай хамтарч А ч бүсэд зочид буудал, дэлгүүр, агуулахын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, Хятадын талаас холбогдох тооцоо судалгааг хийх, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, манай талаас  цэвэр болон бохир ус, цахилгаан болон дулааны асуудал, зам, 1 га газар, ажиллах хүч гэх мэт асуудлуудыг хариуцахаар шийдвэрлэсэн. Энэ төслийн хөрөнгө оруулалт 2 сая ам.доллар бөгөөд үүнийг Хятадын тал гаргахаар тохиролцоо хийсэн билээ. Хөрөнгө оруулагч Хасаа 2008 оны 4 болон 9 дүгээр сар, 2009 оны 7 дугаар сар, 2010 оны 5  дугаар сард тус тус ирж, чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж байсан бөгөөд Алтанбулаг чөлөөт бүс нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, цэвэр болон бохир ус, цахилгаан болон дулааны асуудал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй тул хөрөнгө оруулалт хийх саналаасаа эцэст нь татгалзаж буйгаа мэдэгдсэн юм. Тэрээр “би дэд бүтэцгүй хоосон газарт хөрөнгө оруулалт хийх боломжгүй, танай Алтанбулаг чөлөөт бүсийн зүгээс дэд бүтцээ хэзээ барьж байгуулах талаар огт мэдээлэл өгөхгүй байгаа нь хөрөнгө оруулагч миний итгэл алдрахад хүрлээ” хэмээн хэлж байсныг зориуд дурдая. Миний зүгээс хөрөнгө оруулагчийн дөрвөн удаа монголд байх хугацааны байр, хоол, унааны зардалд тухайн үеийн ханшаар 2.000.000 төгрөгөөс доошгүй зардал гаргасан бөгөөд цаг хугацаа болон нэр төрөөрөө давхар хохирч  үлдсэн билээ. Тухайн үед манай компанид олгосон газарт одоог хүртэл дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй байгааг танд зориуд мэдэгдмээр байна. Монгол Улсын Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гэрээнд адил тэгш үүрэг хүлээх ёстой А ч бүсийн захирагчийн ажлын алба хөрөнгө оруулагчдыг цэвэр ус, цахилгаан болон дулааны эрчим хүчээр хангах, бохир ус зайлуулах систем барьж байгуулах үүргээ биелүүлээгүйн улмаас сэтгэл санааны болон газрын төлбөрийг оролцуулан 4.000.000 төгрөгийн хохирол хүлээсэн “С” ХХК-иас олон жилийн дараа гэнэт гаргаж буй дээрх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааны тухай ярихад Татварын хуульд 5 жил, Иргэний хуулиар 3 жил байдаг. Хоёр тал 2014 онд гэрээгээ цуцалсан. Үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцоход 5 жил өнгөрсөн учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “А ч бүс” ТБАГУТҮГ нь хариуцагч “С”ХХК-нд холбогдуулан газрын төлбөр 1.680.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэсгүй гэж үзлээ.  

            “А” худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 44, 448 дугаар захирамжаар хариуцагч “С”ХХК-д “А” худалдааны чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт зочид буудлын барилга байгууламж барихад зориулан хөрөнгө оруулах, 1 га газар эзэмших эрх олгосныг баталгаажуулсан байна.

            Уг захирамжийн дагуу талуудын хооронд 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдөр  газар эзэмшүүлэх гэрээ байуулагдаж, хариуцагч “С”ХХК нь 1 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж, газрын төлбөрийн хөнгөлөлтийг хасаад газрын төлбөрт жилд 1.680.000  төгрөг төлөхөөр тохиролцжээ.

            Гэвч А худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/00 дугаар захирамжаар газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй, эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй тул “С”ХХК-ийн хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг цуцалж шийдвэрлэсэн байна.

            Нэхэмжлэгч “А ч бүс”ТБАГУТҮГ нь хариуцагч “С”ХХК-ийн газар эзэмших эрхийг 2014 онд цуцалсан боловч газар эзэмшүүлэх гэрээний 3.5-д газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх үүрэгтэй гэсэн үндэслэлээр 2010 оны газрын төлбөр 1.680.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч “С”ХХК-иас А чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба хөрөнгө оруулагчдыг цэвэр ус, цахилгаан болон дулааны эрчим хүчээр хангах, бохир ус зайлуулах систем барьж байгуулах үүргээ биелүүлээгүй, газрын төлбөрийг төлөх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Зохигчдын газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан тухайн цагт А худалдааны чөлөөт бүсийн газрын нэг гектарын жилийн төлбөрийн дээд хязгаарыг 3.200.000 төгрөг, доод хязгаарыг 2.400.000 төгрөгөөр тогтоосон Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 169 дүгээр тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан байна.

            А худалдааны чөлөөт бүсийн газрын төлбөрийг 2009-2013 оны хооронд Засгийн газрын 2006 оны 169 дүгээр тогтоолоор тогтоож байсан тул энэхүү төлбөр нь Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.11-т заасан Засгийн газраас хувь хэмжээг нь тогтоож орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг татварт хамаарч байжээ.

            Хуулийн дээрх зохицуулалтаар газрын төлбөр нь татварт хамаарах тул Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй юм.

            Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгй хүн газрын төлбөр төлөгч байх тул хариуцагч “С”ХХК газрын төлбөр төлөх үүрэгтэй.

            Гэвч Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт татвар нөхөн ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байхаар заасан байх тул 2010 оны газрын төлбөрийг нэхэмжлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

            Иймд хариуцагч “С”ХХК-иас 2010 оны газрын төлбөрт 1.680.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “А ч бүс”ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч байгууллага Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн  болохыг дурдах нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон          

                                                                                  ТОГТООХ нь:

     1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А ч бүс” ТБАГУТҮГ-ын хариуцагч “С” ХХК-иас газрын төлбөр 1.680.000 /нэг сая зургаан зуун наян мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

               4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР