Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2020/01810

 

 2020         06             30

                  183/ШШ2020/01810

                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 41 дүгээр байрны 00 тоотод оршин суух Б овогт Т-ын Нарангэрэл /РД:00000 /-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Чингисийн өргөн чөлөө гудамж, 50 дугаар байрны 00  тоотод оршин суух Х овогт Б-ын Б/РД:00000 /-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 12.229.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Б., хариуцагчийн өмгөөлөгч Г.Б /ШТЭҮД:0000 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Т.Н-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан  шаардлагадаа: 2015 оны 11 дүгээр сараас хойш зохигчдын хооронд зээлийн харилцаа бий болсон. хариуцагч Б.Б нь хуучин автомашин худалдан аваад засч сэлбээд худалддаг байсан бөгөөд уг ажилдаа мөнгө шаардлагатай үед нэхэмжлэгчээс хүү тохиролцон зээлж, автомашинаа зарж борлуулсны дараа хүүгийн хамт буцаан төлж барагдуулдаг байсан. Тэрнээс хариуцагч хамтран ажиллаж, ашиг хувааж байсан зүйл үгүй бөгөөд автомашинаа хэдэн төгрөгөөр зарж борлуулаад хичнээн хэмжээн ашиг олсон  талаар мэддэггүй байсан. Ингээд 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчтай өмнөх зээлийн гэрээний харилцаагаа дуусгавар болгож, тооцоо нийлэхэд  нийлэхэд хариуцагч Б.Б нь 12.229.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж үзэж, тооцоо нийлсэн баримт үйлдсэн бөгөөд уг төлбөрийг 4 сарын хугацаанд төлж барагдуулахаар 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Т.Н-тэй зээлийн гэрээг бичгээр байгуулан 4 сарын хугацаанд буюу 2019 оны 06 дугаар саргын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд төлж барагдуулахаар тохиролцсон боловч одоог хүртэл өгөхгүй байна. Зээлсэн мөнгөө Б.Б нь тохирсон хугацаандаа төлөлгүй багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд  зээлийг төлөхийг шаардсан боловч төлөхгүй хохироосоор байна. Иймд тухайн зээлийн гэрээ байгуулсан өдөр мөнгө өгөөгүй боловч өмнөх үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн, улмаар уг тооцоон дээр үндэслэж 12.229.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан учир хариуцагч Б.Б-ээс 12.229.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Т.Н-ээс нэхэмжилсэн 12.229.000 төгрөгийг дараах нөхцөлтэйгээр буюу 2020 оны 04 дүгээр сарын 15-нд 5.000.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сард багтаан үлдэх төлбөрийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Б.Бх шүүхэд урьд гаргасан нэмэлт тайлбараа дэмжиж дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэгч Т.Н нь тухайн үед чи надад 12.229.000 төгрөгийн үлдэгдэлтэй шүү дээ гээд байхаар нь би тийм байлгүй гэж бодоод  хяналгүйгээр гарын үсэг зурсан. Ингээд нэхэмжлэгчээс шаардсан мөнгийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд тайлбар гаргахдаа 4-5 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгээр зөвшөөрсөн тайлбарыг бичиж өгсөн юм. Харин өөрийн гэртээ очиж баримтуудыг нягтлан шалгаж үзтэл Т.Н-д дээрх нэхэмжилсэн мөнгөнөөс илүүгээр төлсөн, харин ч эсрэгээр нь түүнээс авлагатай байна. Тухайн зээлийн гэрээ байгуулсан өдөр Т.Н-ээс 12.229.000 төгрөгийг зээлж аваагүй, уг мөнгийг Т.Н шилжүүлэн өгөөгүй. Т.Н эгч над руу өөрийн  5037384817 тоот данснаас миний өөрийн 5926014868 дансаар мөнгө шилжүүлдэг, би ч өөрийн данснаас Т.Н эгчийн уг данс руу мөнгийг нь буцаан төлдөг байсан. Би урьд өмнө нь машины наймаа эрхэлдэг байсан. Т.Н эгч би чамд хөрөнгө оруулалт хийе, хамтарч бизнес хийе гэсэн санааг анх гаргасан. Тэгэхлээр нь хамтарч бизнес хийгээд яах вэ, та надад харин хэрэгтэй үед нь мөнгө зээлж байгаарай гэж хэлсэн. Тэгээд Т.Н эгчээс над руу шилжүүлсэн мөнгийг нь би өөрийнхөө бизнест зарцуулдаг байсан ба нэгэнт миний бизнест хөрөнгө оруулж надад мөнгө зээлж байгаа болохоор би гомдоож болохгүй гээд боломжийнхоо хирээр буцааж мөнгө төлдөг байсан. Гэтэл нэг өдөр над руу утасдаж би тооцоогоо хийж үзлээ, чи надад 12.229.000 төгрөгийн үлдэгдэлтэй юм байна, хоёулаа нотариатаар ороод үлдэгдэл дээрээ зээлийн гэрээ байгуулчихъя гэсэн. Тэгэхлээр нь би тэгэж болох юм уу гэж асуутал болно  болно гэж хэлсэн. Түүнээс энэ хүнээс хүүгүйгээр 6-10 сар хүртэл хугацаатайгаар, бэлнээр мөнгө зээлж аваагүй юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг  зээлдэгчид шилжүүлэн  өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог тул 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардсан 12.229.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай талд бодитойгоор шилжүүлээгүй учраас нэхэмжилсэн 12.229.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч төлөөлөгч Т.Н-д мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд өмгөөлөгч Б.Э-ыг оролцуулан шүүх хуралдааныг хийлгэх талаар бичгээр хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

        Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Б.Б-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12.229.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

         Зохигчид 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 12.229.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд хүүгүйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож байна. /хх-3/

Хариуцагч Б.Б-ийн зээлийн гэрээний дагуу 12.229.000 төгрөгийг аваагүй гэсэн тайлбар үндэслэлтэй хэдий ч тэрээр нэхэмжлэгч Т.Н-ээс 2015 оны 11 дүгээр сараас  2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд  сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн мөнгөний үлдэгдэл 12.229.000 төгрөгийг 4 сарын хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-т зааснаар тэдний өмнөх хүүтэйгээр зээлж байсан зээлийн харилцаа дуусгавар болж,  зээлийн төлбөрийн үлдэгдэл 12.229.000  төгрөгийг хүүгүйгээр 4 сарын хугацаанд төлж барагдуулах тухай зээлийн гэрээ шинээр байгуулагджээ.  

Хариуцагч Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Т.Н-тэй тооцоо нийлж, өмнөх зээлийн гэрээний үүргээс үндсэн мөнгө болон хүүгийн төлбөр нийлээд нийт 12.229.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар тооцоо нийлсэн баримт үйлдсэн, уг тооцоо нийлсэн баримтыг үндэслэж 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн гэж үзэж, зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлтэй байна. /хх-20/

Энэхүү зээлийн гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг бүрэн хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дууссан тул нэхэмжлэгч Т.Н зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Дээрх зээлийн гэрээний үүргээс хариуцагч Б.Б нь ямар нэгэн төлбөр төлөөгүй байна.

            Хариуцагч Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан өдөр нэхэмжлэгч 12.229.000 төгрөгийг зээлдэн аваагүй бөгөөд түүнээс өмнө 61.490.000 төгрөгийг зээлдэн авч нийт 156.257.000 төгрөгийг төлсөн тул одоо төлөх төлбөр байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа боловч түүний энэхүү нэхэмжлэгчээс авсан болон өгсөн төлбөрүүд нь тэдний 2015 оны 11 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх зээлийн гэрээний харилцаанаас үүдэлтэй төлбөрүүд байх бөгөөд тэрээр урьд нь өөрөө хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчид хүүгийн  болон үндсэн төлбөр төлж байсан гэж шүүхэд гаргасан хариу тайлбартаа дурдсан, өмнөх зээлийн гэрээтэй холбоотой тооцоог тулган үзэж нэхэмжлэгчид 12.229.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар тооцоо нийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зурсан байгаа зэргээс үзэхэд түүнийг дээрх үндэслэлээр 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан 12.229.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэлгүй байна. /хх-20/

            Хариуцагч Б.Б-ээс хуучин автомашин худалдан авч зарж борлуулах бизнесийг эрхлэх явцдаа нэхэмжлэгч Т.Н-ээс хүүтэй болон хүүгүй мөнгө зээлдэн авч тохиролцсон хүүгийн хамт буцаан төлдөг байсан байх тул тэднийг ашиг олох зорилгоор хамтран ажиллаж байсан гэж үзэхгүй.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс зохигчид 5 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлдэг байсан гэх тайлбар,  нэхэмжлэгчийн  зээлийн тооцоолол, хариуцагчийн  зээлийн төлбөр төлж байсан баримтууд зэргээс үзэхэд хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчээс мөнгө зээлдэн авахдаа 5 хувийн хүүгийн төлбөр төлдөг байсан байна.

            Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Б.Б-д 2015 оны 11-12 сарын хугацаанд 8.300.000 төгрөг зээлж, 500.000 төгрөгийг буцаан авч 7.800.000 төгрөг үлдсэн,

2016 оны 2 дугаар сард үлдэгдэл 7.800.000 төгрөг дээр нэмж 8.800.000 төгрөг, нийт 16.600.000 төгрөгийг зээлж, 15.300.000 төгрөгийг буцаан авч 1.300.000 төгрөг үлдсэн, 2016 оны 03 дугаар сард үлдэгдэл 1.300.000 төгрөг дээр нэмж 10.882.500 төгрөг, нийт 12.182.500 төгрөгийг зээлж, 7.200.000 төгрөгийг буцаан авч 4.982.000 төгрөг үлдсэн, 2016 оны 4 дүгээр сард үлдэгдэл 4.982.000 төгрөг дээр нэмж 700.000 төгрөг нэмж, нийт 5.982.000 төгрөг зээлж, 3.339.500 төгрөгийг буцаан авч 2.342.500 төгрөг үлдсэн, 2016 оны 05 дугаар сард үлдэгдэл 2.342.500 төгрөгөөс 1.650.000 төгрөгийг буцаан авч 692.500 төгрөг үлдсэн, 2016 оны 6 дугаар сард үлдэгдэл 692.500 төгрөгөөс 300.000 төгрөгийг буцаан авч 392.500 төгрөг үлдсэн, 2016 оны 7 дугаар сард үлдэгдэл 692.500 төгрөгөөс 150 төгрөгийг буцаан авч 242.500 төгрөг үлдсэн, 2016 оны 10 дугаар сард үлдэгдэл 242.500 төгрөг дээр 2.000.000 төгрөг нэмж, нийт 2.245.000 төгрөг зээлсэн, 2016 оны 11 дүгээр сард үлдэгдэл 2.245.000 төгрөг дээр нэмж, нийт 3.242.500 төгрөг зээлсэн, 2016 оны 12 дугаар сард үлдэгдэл 3.242.500 төгрөг дээр 100.000 төгрөг нэмж, нийт 3.342.500 төгрөг зээлж,  2.000.000 төгрөгийг буцаан авч  1.342.500 төгрөг үлдсэн,

2017 оны 01 дүгээр сард үлдэгдэл 1.342.500 төгрөг дээр 6.300.000 төгрөг нэмж, нийт 7.642.500 төгрөг зээлсэн, 2017 оны 02 дугаар сард үлдэгдэл 7.642.500 төгрөгөөс 4.342.500 төгрөгийг буцаан авч 3.300.000 төгрөг үлдсэн. 2017 оны 03 дугаар сард үлдэгдэл 3.300.000 төгрөг дээр нэмж 500.000 төгрөг нэмж, нийт 3.800.000 төгрөг зээлсэн, 2017 оны 05 дугаар сард үлдэгдэл 3.800.000 төгрөг дээр нэмж 5.200.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөг зээлж, 2.000.000 төгрөгийг буцаан авч 7.000.000 төгрөг үлдсэн. 2017 оны 06 дугаар сард үлдэгдэл 7.000.000 төгрөг дээр нэмж 565.000 төгрөг, нийт 7.565.000 төгрөг зээлж, 3.000.000 төгрөгийг буцаан авч 4.500.000 төгрөг үлдсэн, 2017 оны 7 дугаар сард үлдсэн 4.500.000 төгрөг дээр нэмж 500.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг зээлсэн, 2017 оны 8 дугаар сард үлдэгдэл 5.000.000 төгрөг дээр 340.000 төгрөг нэмж, нийт 5.340.000 төгрөг зээлж, 2.300.000 төгрөгийг буцаан авч 3.000.000 төгрөг үлдсэн, 2017 оны 9 дүгээр сард үлдэгдэл 3.000.000 төгрөг дээр 22.000.000 төгрөг нэмж, нийт 25.000.000 төгрөг зээлж, 10.500.000 төгрөгийг буцаан төлж, 14.500.000 төгрөг үлдсэн, 2017 оны 10 дугаар сард үлдсэн 14.500.000 төгрөг дээр 18.700.000 төгрөг нэмж, нийт 33.200.000 төгрөг зээлж, 12.750.000 төгрөгийг буцаан авч 20.450.000 төгрөг үлдсэн, 2017 оны 11 дүгээр сард үлдсэн 20.450.000 төгрөг дээр  14.500.000 төгрөг нэмж, нийт 34.950.000 төгрөг зээлж, 16.000.000 төгрөг буцаан авч 18.950.000 төгрөг үлдсэн, 2017 оны 12 дугаар сард үлдэгдэл 18.950.000 төгрөг дээр 1.000.000 төгрөг нэмж, нийт 19.950.000 төгрөг зээлж, 950.000 төгрөгийг буцаан авч 19.000.000 төгрөг үлдсэн, 2018 оны 1 дүгээр сард үлдэгдэл 19.000.000 төгрөг дээр 23.000.000 төгрөг нэмж, нийт 42.000.000 төгрөг зээлж, 26.000.000 төгрөгийг буцаан төлж, 16.000.000 төгрөг үлдсэн, 2018 оны 2 дугаар сард үлдэгдэл 16.000.000 төгрөг дээр 9.800.000 төгрөг нэмж нийт 25.800.000 төгрөг зээлсэн, 2018 оны 03 дугаар сард үлдэгдэл 25.800.000 төгрөг дээр 10.000.000 төгрөг нэмж нийт 35.800.000 төгрөг зээлж, 13.300.000  төгрөгийг буцаан авч 22.500.000 төгрөг үлдсэн, 2018 оны 4 дүгээр сард үлдэгдэл 22.500.000 төгрөгөөс 9.000.000 төгрөгийг буцаан авч 13.500.000 төгрөг үлдсэн, 2018 оны 5 дугаар сард үлдэгдэл 13.500.000 төгрөг дээр 2.500.000 төгрөг нэмж нийт 16.000.000 төгрөг зээлсэн, 2018 оны 6 дугаар сард үлдэгдэл 16.000.000 төгрөг дээр 5.000.000 төгрөг нэмж нийт 21.000.000 төгрөг зээлж, 11.500.000 төгрөгийг буцаан авч 9.500.000 төгрөг үлдсэн, 2018 оны 7 дугаар сард үлдэгдэл 9.500.000 төгрөг дээр 4.000.000 төгрөг нэмж, нийт 13.500.000 төгрөг зээлсэн, 2018 оны 8 дугаар сард үлдэгдэл 13.500.000 төгрөгөөс 1.900.000 төгрөгийг буцаан авч 11.600.000 төгрөг үлдсэн, 2018 оны 9 дүгээр сард үлдэгдэл 11.600.000 төгрөг дээр 9.800.000 төгрөг нэмж, нийт 21.400.000 төгрөг зээлсэн, 2018 оны 10 дугаар сард үлдэгдэл 21.400.000 төгрөг дээр 3.500.000 төгрөг нэмж нийт 24.900.000 төгрөг зээлж, 3.500.000  төгрөгийг буцаан авч 21.400.000 төгрөг үлдсэн, 

2019 оны 1 дүгээр сард үлдэгдэл 21.400.000 төгрөг дээр 4.700.000 төгрөг нэмж нийт 26.100.000 төгрөг зээлсэн, 2019 оны 2 дугаар сард үлдэгдэл 26.100.000 төгрөгөөс 6.400.000 төгрөгийг буцаан төлж 19.400.000 төгрөг үлдсэн, 2019 оны 3 дугаар сард  үлдэгдэл 19.400.000 төгрөгөөс 6.300.000 төгрөгийг буцаан төлж 13.100.000 төгрөг үлдсэн, 2019 оны 6 дугаар сард үлдэгдэл 13.100.000 төгрөгөөс  1.200.000 төгрөгийг буцаан төлж 11.900.000 төгрөг үлдсэн дээр хүү 329.000 төгрөгийг тооцон 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар нийт 12.229.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар тооцоо нийлсэн нийлсэн байх ба зээлийн үлдэгдэл төлбөр болон зээлийн хүүг тооцон авч байсан нэхэмжлэгчийн тооцоолол нь  нэхэмжлэгч, хариуцагчийн дансны хуулгуудтай тохирч байна.

Нэхэмжлэгч Т.Н нь 2015 оны 11 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд хариуцагч Б.Б-д нийт 175.787.500 төгрөг зээлдүүлснээс 163.887.500 төгрөгийг буцаан авч, 11.900.000 төгрөгийн үндсэн төлбөр үлдсэн байх ба энэхүү хугацаанд хариуцагч Б.Б-ийн төлсөн төлбөрөөөс нийт 19.090.000 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт суутган тооцжээ.

            Зохигчид зээлийн  хүү төлөх талаар бичгээр гэрээ байгуулаагүй хэдий ч хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч зээлийн хүүд төлсөн төлбөрийг зээлийн үүргээс хасч тооцох боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар үүргийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

            Энэ тохиолдолд хариуцагч нэгэнт хүлээн зөвшөөрч хүүгийн төлбөрт төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасч тооцуулах эрхгүй бөгөөд Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан үүргийг зохих ёсоор шударгаар гүйцэтгэх зарчимд үл нийцнэ.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Батсүхээс зээлийн үлдэгдэл төлбөр 11.900.000 төгрөг, хүү 329.000 төгрөгийн хамт нийт 12.229.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Н-д олгох үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 210.614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 210.614 төгрөгийг хариуцагч Б.Батсүхээс гаргуулж, нэхэмжлэгч Т.Н-д олгох нь  зүйтэй байна.             

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон           

ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-ээс 12.229.000 /арван хоёр сая хоёр зуун хорин есөн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Н-д олгосугай.

 

     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 210.614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 210.614 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Т.Н-д олгосугай.

 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

              4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР