Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/01029

 

 

 

 

 

 

 

 2022          11           03                                          001/ХТ2022/01029

 

“... ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                          

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 10ы өдрийн 181/ШШ2020/02050 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 07ы өдрийн 2098 дугаар магадлалтай,                                                                                                                                   

“... ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“... ” ХХК-д холбогдох

257,269,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг          

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, Б.Отгонжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунзул, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “... ” ХХК нь хариуцагч “... ” ХХК-д холбогдуулан 257,269,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10ы өдрийн 181/ШШ2020/02050 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар “... ” ХХК-иас 257,652,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “... ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,444,298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,444,298 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07ы өдрийн 2098 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02050 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...243 дугаар зүйлийн 243.1” гэсний дараа “254 дүгээр зүйлийн 254.4” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.10-ны өдрийн 2050 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.07-ны өдрийн 2098 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан “Үйлчилгээний зориулалттай талбай захиалгаар гүйцэтгэх” гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч гэрээгээр нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах эрхтэй эсэх, гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн эсэхэд хууль зүйн хувьд буруу дүгнэлт өгсөн байна. Нэхэмжлэгч гэрээнд заасан талбайг хүлээн авахдаа талбайн хэмжээ дутуу гэж эд хөрөнгийн доголдолтой холбоотой гомдол, шаардлага гаргаж байгаагүй. Гэтэл гэрээ байгуулж, гэрээний зүйлийг хүлээн авснаас хойш 2 жилийн дараа буюу 2015 оны 6 дугаар сард “... ” ХХК-д худалдан авсан талбай нь гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байгаа тухай анх мэдэгдсэн байдаг. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-т ямар тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах талаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 255.1.1-т “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” бол гомдлын шаардлага гаргах эрхээ алдах юм. Талуудын хооронд байгуулагдсан “Үйлчилгээний зориулалттай талбай захиалгаар гүйцэтгэх гэрээний зүйл болох үйлчилгээний зориулалттай талбай нь тохижилт байрлал талбайн зохион байгуулалт зэрэг шинжээрээ эд хөрөнгийг хүлээн авах үедээ хэмжилт хийн тооцож м.кв дутуу эсэхийг мэдэх боломжтой юм. Гэвч нэхэмжлэгч эд хөрөнгийг хүлээн авах үедээ үйлчилгээний зориулалттай талбайд хэмжилт хийлгүйгээр дутуу эсэхийг мэдэх боломжтой байхад эд хөрөнгийг хүлээн авсан байх тул өдгөө гомдол гаргах эрхгүй, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасны дагуу гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан байна. Давж заалдах шатны шүүх “..нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний зүйл болох талбайг шилжүүлж авахдаа эрхэлж буй үйл ажиллагааныхаа хүрээнд талбайн хэмжээг дутуу байгааг шууд мэдэх, эсхүл талбайн хэмжилт эрхэлдэг тусгай төрлийн аж ахуйн нэгж болох талаарх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна” гэсэн үндэслэлгүй байна. "... ” ХХК нь 1990 онд байгуулагдаж, “Наран их дэлгүүр”, “Наран шоп” зэрэг худалдаа үйлчилгээ, нийтийн хоол, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг нь гэрээнд заасан талбайн хэмжээ дутуу эсэхийг мэдэх боломжтой этгээд гэж үзэх үндэслэлтэй бөгөөд талбайн м.кв-ыг шалгаж авах хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй “... ” ХХК-ийг үйл ажиллагаа дахин нотлох шаардлагагүй, нийтэд илэрхий үйл баримт болно. Мөн Иргэний хуулийн 254 дугаар зүйлийн 254.6-т “худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч шаардлага гаргах эрхтэй”, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1.2-т “цаг тухайд нь асуудлыг шийдэх” гэж гомдлын шаардлага гаргах хугацааг заасан хууль болон гэрээний заалтаас үзэхэд нэхэмжлэгч үйлчилгээний талбайг хүлээн авснаас хойш 6 сарын дотор эсхүл эд хөрөнгийг хүлээн авах үедээ эд хөрөнгийн доголдлыг илрүүлэх, шаардлага гаргах эрхтэй байна. Гэтэл нэхэмжлэгч үйлчилгээний талбайг хүлээн авснаас хойш 2 жилийн дараа гомдол 6 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй хууль болон гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Тус орон сууцны барилгын хэмжилтийг Монгол Улсад заавал дагаж мөрдөгдөх МNS6058:2009” барилгын доторх сууцны талбайг тооцох стандартын аргачлалын дагуу хэмжилт хийхэд нийт талбай 178,09 м.кв гарсан болно. /1,606,500,000:210м.кв=7,650,000төг, 31,91 м.квх7,650,000төг=257,652,000төг/ гэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн 2020.03.02-ны өдрийн 3072 дугаар “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар хөрөнгийн үнэлгээний “Лэндс” XXК-ийг шинжээчээр томилсон. Гэтэл шинжээчийн дүгнэлтийг “Цэнхэр төхөм” ХХК Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэн, шүүхэд дүгнэлт ирүүлсэн байдаг. Ийнхүү шүүгчийн захирамжаар дүгнэлт гаргуулахаар томилоогүй “Цэнхэр төхөм” ХХК маргаан бүхий талбайн хэмжилтийг хийж, дүгнэлт ирүүлсэн нь шинжилгээ хийх эрхгүй этгээд дүгнэлт гаргасан. Хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт. Мөн талуудын хооронд байгуулагдсан 32/13 дугаар “Үйлчилгээний зориулалттай талбай захиалгаар гүйцэтгэх" гэрээнд нэгж талбайн үнийг заагаагүй. Гэтэл шүүх /1,606,500,000:210м.кв=7,650,000 төг, 31,91 м.кв 7,650,000төг=257,652,000төг/ гэж нэгж талбайн үнийг тооцон талуудын хооронд байгуулагдсан гэрээнд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.10-ны өдрийн 2050 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.07-ны өдрийн 2098 дугаар магадлал нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Нэхэмжлэгч “... ” ХХК хариуцагч “... ” ХХК-д холбогдуулан худалдаж авсан оффисын талбайн зөрүүд 257,652,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “...талбайг хүлээж авснаас хойш хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, эд хөрөнгө хүлээж авах үедээ доголдлын талаар мэдэх боломжтой байсан” гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагч “... ” ХХК-аас 257,652,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “... ” ХХК-д шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон байна. 

8. Хэргийн баримтаас үзэхэд “... ” ХХК болон “... ” ХХК–ийн хооронд 2013.11.11-ний өдөр байгуулагдсан “Үйлчилгээний зориулалттай талбай захиалгаар гүйцэтгэх гэрээ”-гээр хариуцагч нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 давхар оффис үйлчилгээний барилгын 1 дүгээр давхар буюу 210 м.кв талбайг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч 1,606,500,000 төгрөгийн 64%-тай тэнцэх төлбөрийг бартераар төлөх, үлдэх 36%-тай тэнцэх 585,543,000 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон, гэрээ байгуулах үед тухайн барилга 90%-ийн гүйцэтгэлтэй байсан байх тул энэ гэрээг худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна.

9. Нэхэмжлэгч нь гэрээний 2.1., 2.2.-т заасны дагуу төлбөрөө бүрэн төлж, гэрээний зүйлийг хүлээн авсан талаар талууд маргаагүй, харин барилгын 1 дүгээр давхар 210 м.кв талбай гэдэгт үүдний угтах хэсгийн талбай буюу вестибюль, шат, ажилчдын ариун цэврийн өрөөний талбай, үүдний гонхны хэсгийн талбайг оруулаад 210 м.кв талбайг шилжүүлэн өгснөөс нэхэмжлэгчийн ашиглах талбай 33,63 м.кв-аар дутсан гэж маргасан байх бөгөөд худалдан авагч “... ” ХХК-ийн худалдан авсан талбай нь гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байгаа тухай худалдагч “... ” ХХК-д албан бичгээр удаа дараа мэдэгдэж байсан тухай баримтууд хэрэгт авагджээ.

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр “...нийт талбай 178,09 м.кв гарсан...”, хариуцагч нь нэхэмжлэгчийг орон сууцны талбай зөрүүтэй болохыг мэдсээр байж хүлээж авсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар нотлогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хоёр шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

            Хэрэв дутуу 33,63 м.кв талбай нь дундын өмчлөлийн эд хөрөнгө бол энэ нь маргааны зүйл болохгүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөхгүй болно.

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсгийг нэмэхээр өөрчлөлт оруулсан нь хууль хэрэглээний хувьд зөв, маргааны үйл баримтад нийцжээ.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” тухай гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10ы өдрийн 181/ШШ2020/02050 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07ы өдрийн 2098 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 1,444,298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА                                   

                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                                    Д.ЦОЛМОН

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД