Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2020/02050

 

 

 

 

 

 

       2020         08          10 

 181/ШШ2020/02050

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: НТ ХХК -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  АС ХХК -д холбогдох

257.269.500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.У, өмгөөлөгч Б.О, Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Н, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

НТХХК нь Алтайнсүлд ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Үйлчилгээний зориулалттай талбай захиалгаар гүйцэтгэх 32/13 дугаартай гэрээг байгуулсан.

Уг гэрээгээр АСХХК нь өөрийн эзэмшилд байгаа Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 давхар Оффис үйлчилгээний барилгаас НТХХК-ийн захиалгын дагуу үйлчилгээний талбайг барьж гүйцэтгэн, 2013 оны 12 дугаар сард ашиглалтанд оруулж, НТХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, НТХХК нь төлбөр тооцоог хийхтэй холбогдсон харилцааг зохицуулах талаар гэрээний 1.2-т зааж гэрээний зорилгоо тодорхойлсон.

Гэрээний 2.1-т зааснаар НТХХК нь гэрээний 1.2-т тусгагдсан барилгын 1 дүгээр давхар буюу 210 мкв бүхий 1,606,500,000 төгрөгийн үнэтэй үйлчилгээний зориулалттай талбай захиалсан. Өөрөөр хэлбэл оффис үйлчилгээний барилгаас 210 мкв талбайг 1,606,500,000 төгрөгөөр худалдаж авсан.

НТХХК-ийн зүгээс гэрээнд заасан төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлж дууссан.

Гэтэл манай компани нь худалдаж авсан талбайгаа бусдад түрээслүүлэхээр хэмжиж, ашиглах гэтэл гэрээнд заасан 210 мкв талбай талбайн хэмжээндээ хүрээгүй. Энэ үеэс эхлэн бид удаа дараа хэлж байсан. Улмаар хөндлөнгийн шинжилгээний байгууллагаар хэмжүүлэхэд АСХХК-аас манай компанид олгосон талбайн хэмжээ нь 176.37 мкв байсан бөгөөд АСХХК нь 33.63 мкв талбайг дутуу шилжүүлсэн болохыг мэдсэн.Энэ тухай Хишигжаргал захиралд нь хэлэхэд машин өгнө гэсэн тэр машиныг нь оношлогоонд оруулаад хэдэд тооцож өгөх юм бэ гэхэд хариу өгөөгүй алга болсон.

АСХХК нь 210 м.кв талбайдаа үүдний вестьюл, жижүүрийн хэсэг, шат бүгдийг нь оруулаад тооцоод өгсөн байна.

Улмаар дээрх нөхцөл байдал үүссэнийг АСХХК-нд олон удаа хэлж байсан бөгөөд 2015 оны 6 дугаар сараас 2018 оны 9 дүгээр сарын 11-ний хооронд удаа дараа албан бичгээр хандаж шийдэрлэж өгөхийг хүссэн боловч шийдвэрлэж өгөөгүй өдийг хүрсэн тул гэрээний 6.2-т заасны дагуу шүүхэд хандаж байна.

Иймд гэрээнд заасан нийт үнийн дүн буюу 1,606,500,000 төгрөгөөс тооцож үзвэл 33.63 мкв - ийн үнэ нь 257,269,500 төгрөг болж байх тул дээрх мөнгийг АСХХК-аас гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

АСкомпани Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оффис үйлчилгээний зориулалттай 11 давхар барилгыг 2013 онд барьж ашиглалтанд оруулсан.

НТХХК нь 2013 оны 11 сарын 11-нд гэрээ байгуулахаас өмнө ирж оффисыг үзээд "... бартерийн нөхцөлөөр худалдаж авъя гэж тохирсон. Ингээд бид Үйлчилгээний зориулалттай талбай захиалгаар гүйцэтгэх гэрээ нэртэй оффис, үйлчилгээний зориулалттай талбай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Тус барилгын 1 дүгээр давхрын 210 мкв талбайг НТХХК-тай Үйлчилгээний зориулалттай талбай захиалгаар гүйцэтгэх №32/13 тоот гэрээг байгуулж барилгын зураг төслийн дагуу 210 мкв талбайг худалдаж гэрчилгээний хамт хүлээлгэн өгсөн. НТ ХХК нь шалгаж, хэмжиж хүлээн авах үүрэгтэй.

Бидний хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Төлбөрөө 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төлсөн. Худалдан авагч тал хүлээн авах үедээ талбай дутуу байгаа тухай хэлээгүй тул шаардах эрхээ алдсан гэж үзэж байна.

Уг барилгын ажлыг бид 2012 оны 5 дугаар сардп эхлүүлж, 2013 оны 12 дугаар сард барилгыг барьж дуусгасан. НТХХК манай компанитай гэрээ байгуулах үед барилгын ажил 90%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байсан. Тул уг барилгад 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр барилгыг Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203027131 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгосон.

Захиалагч тал гэрээнд заасны дагуу төлбөрийг төлж гэрээний үүрэг дуусгавар болсон.

Гэтэл НТХХК нь уг талбайг хүлээн авахдаа ямар нэгэн гомдол шаардлага гаргаагүй бөгөөд 2 жил өнгөрснөөс хойш удаа дараа үүдний угтах хэсгийн талбай, ажилчдын ариун цэврийн өрөөний талбай, үүдний гонхны хэсгийн талбай нийт 33,63 мкв талбайг өөрийн талбайгаас хасч тооцох санал тавьж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Энэ нь тус компанитай байгуулсан гэрээний 4.1.2 зааснаар цаг тухайд нь асуудлыг шийдээгүй байна. НТХХК нь 210 мкв талбай бүхий 1 дүгээр давхрыг бүхэлд нь захиалж хүлээн авсан бөгөөд энэхүү талбайгаар бусад давхрын захиалагч, эзэмшигчид орох гарах, дамжин өнгөрөх, харуулын болон үйлчилгээний алба байрлах нь тодорхой байсан.

Иймээс энэхүү асуудлыг тус барилгын ашиглалтын талбай болон бусад эзэмшигч байгууллага, хувь хүмүүстэй тохиролцон шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.

НТХХК 2018 оны 5 дугаар сарын 11-ний өпөр Креитив монголиа ХХК-иар хяналтын хэмжилтийг хийлгэж 33,63 м.кв талбай дутуу гэж байгаа нь үндэслэлгүй байна. Үйлчилгээний зориулалттай талбай захиалгаар гүйцэтгэх гэрээнд нэгж талбайн үнийг заагаагүй байхад нэхэмжлэгч нь хэрхэн тооцоолж гаргаж дээрх үнийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна .

Иймд НТХХК-ийн нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч НТ ХХК нь хариуцагч АС ХХК-тай Үйлчилгээний зориулалттай талбай захиалгаар гүйцэтгэх гэрээний дагуу 257.269.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч АСХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч маргажээ.

Хариуцагч АСХХК, нэхэмжлэгч НТ ХХК нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан Үйлчилгээний зориулалттай талбай захиалгаар гүйцэтгэх гэрээгээр хариуцагч АСХХК нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 давхар оффис үйлчилгээний барилгын 1 дүгээр давхар буюу 210 м.кв талбайг нэхэмжлэгч НТ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч 1.606.500.000 төгрөгийн 64%-тай тэнцэх төлбөрийг бартераар төлөх, үлдэх 36%-тай тэнцэх 585.543.000 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 9-12-р хуудас/

Талууд гэрээ байгуулах үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 11/1 тоот сургалтын зориулалттай 2744,4 м.кв талбайтай барилга 90%-ийн гүйцэтгэлтэй байсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээг Үйлчилгээний зориулалттай талбай захиалгаар гүйцэтгэх гэрээ гэж нэрлэсэн боловч гэрээний зүйл, талуудын хүлээх эрх, үүрэг, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна.

            Талууд үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж эрх бүхий этгээд гарын үсэг зурж ,баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 9-12, 27-р хуудас/

Нэхэмжлэгч НТ ХХК-ийн төлөөлөгч нь гэрээний 2.1.,2.2.-т заасны дагуу төлбөрөө бүрэн төлж, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 давхар Оффис үйлчилгээний барилгын 1 дүгээр давхрыг хүлээн авсан талаар талууд маргадаггүй болно.

Талууд уг барилгын 1 дүгээр давхар 210 м.кв талбай гэдэгт үүдний угтах хэсгийн талбай, шат вестьюл, ажилчдын ариун цэврийн өрөөний талбай, үүдний гонхны хэсгийн талбайг оруулаад 210 м.кв талбайг шилжүүлэн өгснөөс нэхэмжлэгчийн ашиглах талбай 33,63 м. кв-аар дутсан гэж маргаж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж,

Мөн хуулийн 243.2.-т Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Худалдан авагч НТХХК нь 210.м.кв талбайн үнийг 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл бүрэн төлсөн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 28-44-р хуудас/

Дээрх гэрээний дагуу худалдан авагч НТ ХХК -ийн худалдан авсан талбай нь гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байгаа тухай худалдагч АСХХК-д 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 204/16 дугаартай албан бичгээр, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 107 дугаартай албан бичгээр, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 68 дугаартай албан бичгээр,  2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаартай албан бичгээр, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 131 дугаартай албан бичгээр удаа дараа мэдэгдэж байсан байна. /хх-ийн 13-24-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу худалдан авсан талбайн хэмжээг тогтоосон Шинжээчийн дүгнэлтэд:

Тус орон сууцны барилгын хэмжильийг Монгол улсад заавал дагаж мөрдөгдөх MNS605:2009 Оффисийн барилгын доторхи сууцны талбайг тооцох стандартын аргачлалын дагуу хэмжилт хийхэд нийт талбай 178,09 м.кв гарсан болно гэжээ./хх-ийн 129-140-р хуудас/

/1.606.500.000:210М.кв=7.650.000 төг, 31,91 м.кв х 7.650.000 төг = 257.652.000 төг/

Худалдагч АСХХК нь худалдан авагч НТ ХХК -д худалдаж буй 210 м.кв талбайд үүдний угтах хэсгийн талбай, шат вестьюл, ажилчдын ариун цэврийн өрөөний талбай, үүдний гонхны хэсгийн талбай, шатны хэсэг багтаж байгаа тухай үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 

            Хариуцагч АСХХК нь нэхэмжлэгч НТХХК-д 210 м.кв талбайг хүлээлгэн өгсөн гэж маргаж байгаа боловч түүнийгээ баримтаар нотлоогүй болно.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

 Иймд хариуцагч АСХХК-иас талбайн зөрүү үнэ болох 257.652.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НТХХК-д олгох үндэстэй.

Хариуцагч АС ХХК-ийн  төлөөлөгч захирал Д.Баясгаланг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11526 дугаартай, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14294 дугаартай захирамжуудаар шүүх хуралдаанд албадан ирүүлжээ. /хх-ийн 81,100-р хуудас/

 АСХХК-ийн захирал  Д.Баясгалан нь 2020 оны 6 дугаар сарын 10- ны өдөр Э.Энхсүлдэд шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгосон байх бөгөөд Э.Энхсүлд  2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хэргийн материалтай танилцжээ. /хх-ийн 146, 147-р хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхсүлд нь  НТ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхэд хүрэлцэн ирэх хангалттай хугацааны өмнө буюу 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч түүний эзгүйд нь хэрэг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасанаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /хх-ийн 146, 151, 152-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар АСХХК-иас 257.652.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НТХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.444.298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.444.298 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                               Ч.ИЧИНХОРЛОО