Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2020/01787

 

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2020/01787

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36А байр, 85 тоот хаягт оршин суух Бадрангуй овогт Дуламсүрэнгийн Ариунаа /РД: ЧД64100568/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Баруун үйлдвэрийн гудамж 6/2, өөрийн байранд байрлах Монгол тамхи со ХХК /РД: 2623803/-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 62 авдар буюу 3,100 блок Улаан шонхор тамхи, 15 авдар буюу 750 блок Алтан навч тамхи, 9 авдар буюу 450 блок Даблис тамхи, 3 авдар буюу 150 блок Алтан шонхор тамхи тус тус гаргуулах, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 44,560,536 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ариунаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгэ, хариуцагчийн өмгөөлөгч Г.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ариунаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Ариунаа миний бие Нарантуул төвд тамхины бөөний худалдаа эрхэлдэг юм. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрүүдийн хооронд Монгол тамхи Со ХХК-иас багцын урамшуулал зарлагдсан. Тус компанийн ажилтан Ч.Анхтуяа нь Нарантуул төвийн №9362 дугаар агуулах /агуулахын нэр: Монгол тамхи Со ХХК-ийн гэрээт борлуулагч/-д Монгол тамхи со ХХК-ийн гэрээт борлуулагчаар ажилладаг байсан ба 2017 оны 7 дугаар сард багцын урамшуулал зарлагдсан байгаа тул тус багцын урамшуулалд хамрагдахаар бол надад хандаарай гэж хэлсэн. Миний бие Монгол тамхи Со ХХК-иас зарласан багцын урамшуулалд хамрагдахаар болж 2017 оны 7 дугаар 20-ны өдөр Монгол тамхи Со ХХК-ийн менежер Б.Анхбаяртай холбогдож багцын урамшууллыг Ч.Анхтуяагаас авч, мөнгийг түүний данс уруу шилжүүлж болох эсэх талаар асуухад Б.Анхбаяр нь болно хэмээн хэлсэн тул мөн өдрөө 112,900,000 төгрөгийг Монгол тамхи Со ХХК-ийн Нарантуул олон улсын худалдааны төв дэх гэрээт борлуулагч Ч.Анхтуяагийн Хаан банкны 5039444888 тоот төгрөгийн данс руу шилжүүлсэн. Ч.Анхтуяа нь Д.Ариунаа миний шилжүүлсэн 112,900,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Монгол тамхи Со ХХК-ийн Хаан банкны 5007079477 тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн байсан. Монгол тамхи Со ХХК нь өөрийн гэрээт борлуулагч Ч.Анхтуяагаар дамжуулан 2017 оны 7 сард нийт 37,900,000 төгрөгийн үнэ бүхий тамхийг Д.Ариунаа надад нийлүүлсэн бөгөөд 75,000,000 төгрөгийн үнэ бүхий Улаан шонхор тамхи 62 авдар буюу 3100 блок, Алтан навч тамхи 15 авдар буюу 750 блок, Даблис тамхи 9 авдар буюу 450 блок, Алтан шонхор тамхи 3 авдар буюу 150 блок тамхийг өнөөдрийн хүртэл надад нийлүүлэхгүй гэрээний үүргээ зөрчсөөр байна. Ч.Анхтуяа нь сүүлийн 4-5 жилийн хугацаанд Нарантуул олон улсын худалдааны төвд Монгол тамхи Со ХХК-ийн гэрээт борлуулагчаар ажиллаж байсан бөгөөд 2017 оны 9 дүгээр сараас ажиллахаа больсон байна. Д.Ариунаа миний бие Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу гэрээт борлуулагч Ч.Анхтуяагаар дамжуулан 112,900,000 төгрөгийн үнэ бүхий тамхи худалдан авах хэлцлийг Монгол тамхи Со ХХК-тай байгуулсан.

 

Нэхэмжлэгч Д.Ариунаа миний бие 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкнаас 100,000,000 төгрөгийн шугамын зээлийг авч, тус зээлийн хөрөнгөөр Монгол тамхи Со ХХК-иас тамхи худалдан авахаар шилжүүлсэн. Д.Ариунаа миний бие Хаан банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөрт 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд 44 сая гаруй төгрөгийг төлж хохироод байна. Тодруулбал, дээрх шугамын зээлийн хүүгийн төлбөрт 2017 оны 8 дугаар сард 2,150,846 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 2,229,876 төгрөг, 2017 оны 10 сард 1,565,462 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард 1,015,857 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 2,295,172 төгрөг, 2018 оны 1 дүгээр сард 2,014,928 төгрөг, 2018 оны 2 дугаар сард 2,163,368 төгрөг, 2018 оны 3 дугаар сард 1,619,191 төгрөг, 2018 оны 4 дүгээр сард 673,813 төгрөг, 2018 оны 5 дугаар сард 558,904 төгрөг, 2018 оны 6 дугаар сард 527,501 төгрөг, 2018 оны 7 дугаар сард 1,016,189 төгрөг, 2018 оны 8 дугаар сард 1,380,260 төгрөг, 2018 оны 9 дүгээр сард 1,937,269 төгрөг, 2018 оны 10 дугаар сард 1,915,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сард 2,042,338 төгрөг, 2018 оны 12 сард 2,001,491 төгрөг, 2019 оны 1 дүгээр сард 1,934,818 төгрөг, 2019 оны 2 дугаар сард 1,796,691 төгрөг, 2019 оны 3 дугаар сард 1,499,256 төгрөг, 2019 оны 4 дүгээр сард 1,367,067 төгрөг, 2019 оны 5 дугаар сард 1,143,001 төгрөг, 2019 оны 6 дугаар сард 1,286,547 төгрөг, 2019 оны 7 дугаар сард 1,698,114 төгрөг, 2019 оны 8 дугаар сард 1,360,565 төгрөг, 2019 оны 9 дүгээр сард 1,606,658 төгрөг, 2019 оны 10 дугаар сард 1,366,227 төгрөг, 2019 оны 11 дүгээр сард 804,228 төгрөг, 2019 оны 12 дугаар сард 1,589,899 төгрөг, нийт 44,560,536 төгрөгийг төлөөд байна. Хариуцагч Монгол тамхи Со ХХК-ийн зүгээс 75,000,000 төгрөгийн тамхийг 2017 оны 7 сард багтаан нийлүүлээгүйн улмаас дээр дурьдсан 44,560,536 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрийг төлж хохироод байна. Гэрээнээс учирсан хохиролд 44,560,536 төгрөгийг Монгол тамхи Со ХХК-ийн гаргуулж өгнө үү, мөн хариуцагч Монгол тамхи Со ХХК-иас 62 авдар буюу 3 100 блок Улаан шонхор тамхи, 15 авдар буюу 750 блок Алтан навч тамхи, 9 авдар буюу 450 блок Даблис тамхи, 3 авдар буюу 150 блок Алтан шонхор тамхи тус тус гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Монгол тамхи со ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгийн шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Д.Ариунаа нь тус шүүхэд хандан миний бие Нарантуул олон улсын худалдааны төвд тамхины бөөний худалдаа эрхэлдэг, Ч.Анхтуяа нь Нарантуул төвийн №362 дугаар агуулахад "Монгол Тамхи Со" ХХК- ийн гэрээт борлуулагчаар ажилладаг байсан ба 2017 оны 7 дугаар сард Д.Ариунаа надад хандан багцын урамшуулал зарлагдсан байгаа тул тус багцын урамшуулалд хамрагдахаар бол надад хандаарай гэсны дагуу миний бие "Монгол Тамхи Со" ХХК-иас зарласан багцын урамшуулалд хамрагдахаар болж 2017 оны 7 дугаар сарын 20 ны өдөр "Монгол тамхи со" ХХК-ийн менежер Б.Анхбаяртай холбогдож багцын урамшууллыг Ч.Анхтуяагаас авч мөнгийг түүний данс руу шилжүүлж болох эсэх талаар асуухад Б.Анхбаяр нь болно хэмээн хэлсэн тул мөн өдрөө 112,900,000 төгрөгийг "Монгол тамхи со" ХХК-ийн Нарантуул төв дэх гэрээт борлуулагч Ч.Анхтуяагийн Хаан банкны 5039444888 тоот төгрөгийн данс руу шилжүүлсэн. Ч.Анхтуяа нь Д.Ариунаа миний шилжүүлсэн 112,900,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр "Монгол тамхи со" ХХК-ийн Хаан банкны 5007079477 тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн байдаг. "Монгол тамхи со" ХХК нь өөрийн гэрээт борлуулагч Ч.Анхтуяагаар дамжуулан 2017 оны 7 дугаар сарт нийт 37,900,000 төгрөгийн үнэ бүхий тамхийг Д.Ариунаа надад нийлүүлсэн бөгөөд 75,000,000 төгрөгийн үнэ бүхий тамхийг өнөөдрийг хүртэл нийлүүлээгүй байна гэсэн агуулгатай манай компаниас 62 авдар буюу 3100 блок Улаан шонхор тамхи, 15 авдар буюу 750 блок Алтан навч тамхи, 9 авдар буюу 450 блок Даблис тамхи, 3 авдар буюу 150 блок Алтан шонхор тамхи тус тус гаргуулах, гэрээний үүргээ зөрчсний улмаас учирсан хохиролд 44,560,536 төгрөг гаргуулахыг шаарджээ.

 

Ч.Анхтуяа нь 2017 оны 1 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сар хүртэлх хугацаандаа манай компанийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж компанид нийт 477,170,000 төгрөгийн хохирол учируулсан гэх үндэслэлээр эрүүгийн 1702001990083 тоот хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа ба хэрэг нь шүүхийн шатанд яваа. Нэхэмжлэгч Д.Ариунаатай манай компани тамхи худалдах, худалдах авах гэрээ байгуулаагүй, гэрээ хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Ч.Анхтуяагийн данс руу мөнгө шилжүүлсэн гэдэг боловч тухайн үед Ч.Анхтуяа нь ажлаа өгчихсөн байсан, энэ нь баримтаар нотлогдож байгаа. Манайхыг 37,900,000 төгрөгийн тамхийг өгсөн, үлдэгдэл 75,000,000 төгрөгийг тамхийг өгөөгүй гэж байгаа ба нэхэмжлээд байгаа тамхи нь 75,000,000 төгрөгт хүрэхгүй, мөн тамхины мөнгөн дүнг хооронд нь нэмээд үзэхээр 106,000,000 төгрөг болж байна. Д.Ариунаагаас шилжсэн мөнгийг харахаар ямар нэгэн гүйлгээний утга бичээгүй, ямар зорилгоор мөнгө шилжүүлсэн нь тодорхойгүй, 2017 оны 7 дугаар сарын 6-наас хойш Ч.Анхтуяа ажиллаагүй гэдгийг санхүүгийн тайлангаас харж болно. Ч.Анхтуяаг ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ариунаа нь хариуцагч Монгол тамхи со ХХК-д холбогдуулан 62 авдар буюу 3,100 блок Улаан шонхор тамхи, 15 авдар буюу 750 блок Алтан навч тамхи, 9 авдар буюу 450 блок Даблис тамхи, 3 авдар буюу 150 блок Алтан шонхор тамхи тус тус гаргуулах, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 44,560,536 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь ... Ч.Анхтуяа нь 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн манай компанид ажиллахаа больсон, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Ариунаагийн мөнгө шилжүүлсэн гэх 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ажиллахаа больсон байсан. Манай компани Д.Ариунаатай тамхи худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, гэрээ хэрэгт авагдаагүй. Д.Ариунаагаас шилжсэн мөнгө нь ямар зориулалтаар шилжүүлсэн гүйлгээний утга байхгүй гэж маргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Ариунаа нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Нарантуул олон улсын худалдааны төвд хариуцагч Монгол тамхи со ХХК-ийн бөөний борлуулагч Ч.Анхтуяатай харилцан тохиролцож багцын урамшуулалд хамрагдаж 112,900,000 төгрөгийн үнэ бүхий тамхи худалдаж авахаар мөн өдрөө Хаан банкин дахь Ч.Анхтуяагийн эзэмшлийн 5039444888 тоот дансанд 112,900,000 төгрөгийг шилжүүлсэн, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Ариунаа нь Нарантуул олон улсын худалдааны төвд тамхины худалдаа эрхэлдэг, тэрээр 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Монгол тамхи со ХХК-ийн ажилтан Ч.Анхтуяагийн ... манай компани багцын урамшуулал зарласан байгаа, урамшуулалд хамрагдахаар бол надад хандаарай гэсний дагуу 112,900,000 төгрөгийн Алтан навс, Алтан шонхор, Улаан шонхор, Даблис тамхи худалдаж авахаар түүнтэй харилцан тохиролцож тухайн өдрөө буюу 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Ч.Анхтуяагийн Хаан банкин дахь 5039444888 тоот дансанд 112,900,000 төгрөгийг шилжүүлсэн, Ч.Анхтуяа нь дээрх мөнгийг 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Монгол тамхи со ХХК-ийн 5007079477 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хаан банкны дипозит дансны хуулгуудаар тогтоогдсон. Нэхэмжлэгч Д.Ариунаагийн ... Монгол тамхи со ХХК нь өөрийн гэрээт борлуулагч Ч.Анхтуяагаар дамжуулан 2017 оны 7 сард нийт 37,900,000 төгрөгийн үнэ бүхий тамхийг Д.Ариунаа надад нийлүүлсэн гэх тайлбарын талаар хариуцагч маргаагүй, харин ... Ч.Анхтуяа нь 2017 оны 7 дугаар сарын 6-наас манай компанид ажиллахаа больсон, манайх нэхэмжлэгч Д.Ариунаатай тамхи худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, нэхэмжилж буй тамхины үнийн дүн зөрүүтэй гэх тайлбарыг гаргаж маргасан боловч татгалзлынхаа үндэслэлийг баримтаар нотолж чадаагүй, хэрэгт Монгол тамхи со ХХК-ийн захирлын 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 4/288 тоот Нарантуул ОУХТөв дэх бөөний борлуулагч Ч.Анхтуяад, 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс хойш бараа олгохгүй гэх албан мэдэгдлийг өгсөн боловч энэхүү баримт нь нэг талын баримт тул Ч.Анхтуяаг Д.Ариунаагаас 112,900,000 төгрөг авч, компанидаа шилжүүлсэн баримтыг үгүйсгэх баримт болохгүй юм.

 

Харин хэрэгт авагдсан Монгол тамхи со ХХК-ийн 2012 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 147 дугаар Ажилд авах тушаалаар Чулуунбаатарын Анхтуяаг Маркетинг борлуулалтын албанд бөөний борлуулагчаар 2012 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс ажиллуулсугай гэх, мөн хариуцагч нь Ч.Анхтуяатай 2012 оны 8 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгийн ... Ч.Анхтуяаг ажлаас чөлөөлсөн тушаал өнөөдрийн байдлаар гараагүй байгаа гэх тайлбараас үзвэл Ч.Анхтуяа нь Монгол тамхи со ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу бөөний борлуулагчаар ажиллаж байсан бөгөөд өнөөдрийн байдлаас ажлаас чөлөөлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Хэлцлийг төлөөлөгчөөрөө дамжуулан хийж болно. гэж зааснаар Д.Ариунаатай хариуцагч Монгол тамхи со ХХК нь бөөний борлуулагч Ч.Анхтуяагаар дамжуулан худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан, гэрээний үүргээ хариуцагч бүрэн гүйцэтгээгй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч Монгол тамхи со ХХК-иас 62 авдар буюу 3,100 блок Улаан шонхор тамхи, 15 авдар буюу 750 блок Алтан навч тамхи, 9 авдар буюу 450 блок Даблис тамхи, 3 авдар буюу 150 блок Алтан шонхор тамхи тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Ариунаад олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Д.Ариунаа нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй. гэж зааснаар хариуцагч Монгол тамхи со ХХК-иас 62 авдар буюу 3,100 блок Улаан шонхор тамхи, 15 авдар буюу 750 блок Алтан навч тамхи, 9 авдар буюу 450 блок Даблис тамхи, 3 авдар буюу 150 блок Алтан шонхор тамхи нийлүүлэх үүргээ гүйцэтгээгүйгээс банкнаас авсан зээлийн хүүнд төлсөн төлбөрийг гэрээнээс учирсан хохирол гэж нэхэмжлэх эрхтэй. Гагцхүү хохирлыг баримтаар нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нь Монгол тамхи со ХХК-иас тамхи худалдаж авахад зориулан Хаан банкнаас 100,000,000 төгрөгийн шугамын зээл авсан, үүний хүүнд нийт 44,560,536 төгрөгийг төлж хохирсон гээд 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргаж өгсөн боловч эдгээр баримтуудаар нэхэмжлэгч Д.Ариунаа нь 44,560,536 төгрөгийг хүүг төлсөн нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл эдгээр баримтууд нь Д.Ариунаа шугамын зээлийн хүүг төлсөн гэх баримт биш, харин шугамын зээлийн хүүнд тодорхой мөнгөн төлбөрүүдийг дансны үлдэгдлээс суутгасан байна. Нэхэмжлэгч Д.Ариунаа нь дээрх шугамын зээлийг хүүгийн хамт төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул гэрээнээс учирсан хохиролд 44,560,536 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Монгол тамхи со ХХК-иас 62 авдар буюу 3,100 блок Улаан шонхор тамхи, 15 авдар буюу 750 блок Алтан навч тамхи, 9 авдар буюу 450 блок Даблис тамхи, 3 авдар буюу 150 блок Алтан шонхор тамхи тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Ариунаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээнээс учирсан хохиролд 44,560536 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 755,760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 375,007 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР