Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 182/2020/01610/И |
Дугаар | 001/ХТ2022/01005 |
Огноо | 2022-10-27 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2022/01005
2022 10 27 001/ХТ2022/01005
Г.Згийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2020/01701 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2030 дугаар магадлалтай,
Г.Згийн нэхэмжлэлтэй
Т.О, Б.Хнарт холбогдох
Гэм хорын хохиролд 1,771,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.З, хариуцагч Т.О, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Г.З нь Т.О, Б.Хнарт холбогдуулан гэм хорын хохиролд 1,771,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2020/01701 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Т.Оаас 1,771,500 төгрөг гаргуулж Г.Зд олгож, Б.Хад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Г.Згаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Т.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 43,294 төгрөг гаргуулж, Г.Зд олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2030 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2020/01701 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, харицагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгчийн төлсөн 43 294 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гансүх хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Г.Згийн нэхэмжлэлтэй, Т.О, Б.Хнарт холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хариуцагч тал хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 1. Магадлалын хянавал хэсэгт “хариуцагч Т.Оын хөрөнгийнхөө бүрэн бүтэн, галын аюулгүй байдлыг хангаж хянах гүйцэтгээгүй эс үйлдэхүй уг үйлдэхүйтэй шалтгаантай холбоотойгоор гал гарч нэхэмжлэгч Г.Зд хохирол учирсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэжээ. Иргэний хуулийн зохицуулалтаас харахад гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл бол хууль бус үйлдэл болон хохирлын хооронд шалтгаант холбоотой байх ёстой гэсэн үндсэн шаардлага тавигддаг. Харин хавтаст хэрэгт авагдсан галын дүгнэлт, шинжээчийн дүгнэлт, О.Нинагийн гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаас харахад - хариуцагч Т.Оыг хөрөнгийнхөө бүрэн бүтэн, галын аюулгүй хангаж хянах үүргээ биелүүлээгүй гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээс болж гал түймэр гарсан гэдгийг тогтоосон баримт байхгүй. - Мөн Т.Оын галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй гэм буруутай үйлдлээс болж гал түймэр гарсан гэдгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан /гал түймрийн хяналтын улсын байцаагч/ тогтоогоогүй. Хэрэв галын аюулгүй байдлын журам зөрчсөн гэм буруутай гэж эрх бүхий байгууллагаас үзвэл Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэх ёстой байсан. Дээрх бүгдээс харахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” гэж заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн, мөн хэрэглэх боломжтой байсан боловч хэрэглээгүй тул анхан шатны шүүх Г.Згийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан гэж үзэж байна. Эдгээрийг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Г.З хариуцагч Т.О, Б.Хнарт холбогдуулан гэм хорын хохиролд 1,771,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Анхан шатны шүүх хариуцагч Т.Оаас 1,771,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б.Хад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгч Г.З хяналтын журмаар гомдол гаргасны дараа нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаарх хүсэлтийг шүүх хуралдаан дээр бичгээр гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх журамтай.
Иймд нэхэмжлэгч Г.З нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т “Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.” гэж зааснаар улсын тэмдэгтийн хураамж буцаан олгохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2020/01701 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2030 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч Т.О, Б.Хнарт холбогдох гэм хорын хохиролд 1,771,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Г.З татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020.11.02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД