Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/01007

 

 

2022           10            27                                         001/ХТ2022/01007

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02095 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2086 дугаар магадлалтай,

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Цд холбогдох

1,300,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 7,800,000 төгрөгийн үнэ бүхий 6 дугуй, 6 обуд гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Ц, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “О” ХХК нь Б.Цд холбогдуулан 1,300,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 7,800,000 төгрөгийн үнэ бүхий 6 дугуй, 6 обуд гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02095 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Цгоос 1.300.000 төгрөг гаргуулах тухай О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, О ХХК-иас 7.800.000 төгрөгийн үнэтэй 6 ширхэг обуд, 6 ширхэг дугуй гаргуулах тухай Б.Цгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35800 төгрөг, хариуцагч Б.Цгоос сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2086 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02095 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...189 дүгээр зүйлийн 189.1 дах хэсэгт...” гэснийг “...186 дугаар зүйлийн 186.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Цгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 09 сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр хяналтын гомдолдоо: ...Хариуцагчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч Б.Цгийн эзэмшил, ашиглалтад 6 ширхэг обуд, 6 ширхэг дугуйг уралдаан тэмцээнд ороход нь түр хугацаагаар шилжүүлэх, Б.Ц нь эд хөрөнгө ашигласны хөлсөнд "О” ХХК-ийг ивээн тэтгэгчээр тодорхойлон сурталчлахаар компанийн нэрийн өмнөөс уралдаан тэмцээнд оролцох үүргийг тус тус хүлээж хэн аль нь үүргээ хэрэгжүүлсэн байна мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Шүүх “О” ХХК-ийг 6 ширхэг обуд, 6 ширхэг дугуйг уралдаан тэмцээнд ороход нь түр хугацаагаар шилжүүлэхээр тохирсон гэж ямар нотлох баримтыг үндэслэн дүгнэсэн нь тодорхойгүй байна. Талуудын хооронд амаар хийсэн хэлцэл нь тухайн обуд, дугуйг Б.Цгийн өмчлөлд шилжүүлэх тохиролцоо байсан. Б.Ц 2019 оны ажлын хөлсөө буюу обуд, дугуйгаа өөртөө авсан байтал 2020 онд “О” ХХК нь хүчээр буцаан авсан асуудал гаргасан байдаг. 2019 онд “О” ХХК нь Б.Цтой хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд тэрээр уралдаан тэмцээнд оролцохдоо “О” ХХК-ийн нэрийн өмнөөс оролцох, “О” ХХК надад 6 дугуй, 6 обудыг өгөхөөр харилцан тохирсон. Ингээд Б.Ц нь 2019 онд МАМСХ болон АМХ-ны зохион байгуулсан “BAJA 150” уралдаан, “Мастер Ралли 2019” холын зайн уралдаан, “BAJA 250” уралдаануудад “О” ХХК-ийн нэр дээр оролцож, тус тус 3-р байр эзэлсэн бөгөөд нийт зохиогдсон уралдаануудын нийлбэр үзүүлэлтээр 2019 оны улсын аваргын мөнгөн медальт тамирчнаар шалгарч, шилдэг тамирчин болсон байна. 2019 онд гэрээг амаар байгуулсан нь уралдаан, тэмцээнд оролцсон түүний зураг, дүрс бичлэг, түүнийг ашиглаж хийсэн “О” ХХК-ийн сурталчилгаа, “О” ХХК-ийн надад 6 дугуй, 6 обудыг нийлүүлж байсан зэрэг үйл баримтуудаар тогтоогдсоноос гадна, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй юм. Б.Ц оролцох тэмцээн бүрийн өмнө уйгагүй бэлтгэл, сургууль хийдэг бөгөөд авто спортын тэмцээн нь бие махбод, сэтгэл санаа, санхүүгийн өндөр эрсдэл бүхий тэмцээн юм. Гэвч оролцсон тэмцээн бүртээ амжилт гаргаж, “О” ХХК-ийн нэрийг гаргах үүргээ бүрэн гүйцэд биелүүлсэн байхад нэхэмжлэгч компани нь шилжүүлсэн 6 дугуй, 6 обудаа буцаан авч улмаар хохирол шаардсан нь хуулийн болон бодит үндэслэлгүй юм. Тус компани 2020 онд байгуулсан гэрээний үүргээ огт биелүүлээгүй бөгөөд гэрээ цуцлагдсан. Харин Б.Цгийн хувьд 2019 онд тухайн компанийг сурталчилсны төлбөрт авсан 6 дугуй, 6 обудыг гаргуулан авах хүсэлтэй байна. Хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлж, түүнийг 2019 онд тус компанийн өмнөөс ямар ч үнэ төлбөргүй уралдаан тэмцээнд оролцсон мэт шүүх хурал дээр маргадаг. Бодит байдал дээр Б.Ц өөрөө уралдааны машинтай тул бүх бэлтгэл сургуулилтаа хангаад тэмцээндээ оролцох бололцоотой. Гэвч “О” ХХК-тай хамтарч ажилласны учир нь уг компани надад 6 ширхэг обуд, 6 ширхэг дугуйг өмчлүүлэх, тэрээр тэмцээнд оролцоод гаргасан амжилтуудаа тухайн компанийн нэр дээр бичүүлэх юм. Б.Ц энэхүү үүргээ гүйцэтгэсэн боловч “О” ХХК 6 ширхэг дугуй, обудыг буцааж авсан нь үндэслэлгүй юм. Иймд Иргэний хуулийн 206-р зүйлийн 206.1. “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, Хамтран ажиллах гэрээний зорилго нь “А” тал нь “Б” талын хуулийн этгээдийн нэрийг /О/ тэмцээн уралдаан, үйл ажиллагаанд ивээн тэтгэгчээр тодорхойлуулж, “Б” тал “А” талд 7,800,000 төгрөгийн үнэ бүхий автомашины обуд, дугуй шилжүүлнэ гэсний дагуу 6 дугуй, 6 обудыг “О” ХХК-аас гаргуулж Б.Цд олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, Б.Цгийн сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгож давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байсан. Иймд шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулан үндсэн нэхэмжлэлийг хүчингүй болгосон хэсгийг хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хуулийн дагуу явуулсан, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болжээ.

6. Нэхэмжлэгч “О” ХХК, хариуцагч Б.Цд холбогдуулан гэрээний зүйлийг эвдэж гэмтээсний хохиролд 1,300,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 2019 онд амаар байгуулсан хэлцлийн дагуу 7,800,000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг дугуй, 6 ширхэг обудыг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

7. Талууд 2019 онд амаар хэлцэл байгуулан, Б.Ц нь ивээн тэтгэгч “О” ХХК-ийн нэрийг сурталчилж, компанийн нэрийн өмнөөс автомашины уралдаанд оролцох, тухайн компанид 7 хоногт 3 цаг ажиллах үүргийг, “О” ХХК нь уралдаан, тэмцээнд оролцоход зориулж хариуцагчийн эзэмшил, ашиглалтад 7,800,000 төгрөгийн үнэ бүхий дугуй, обудыг шилжүүлэн өгөх үүргийг харилцан хүлээсэн байна. Улмаар талууд 2020.01.22-ны өдөр гэрээний нөхцөлийг тусган, 5 жилийн хугацаатай гэрээг бичгээр байгуулж, гарын үсгээ зуржээ. Ийнхүү гэрээг байгуулсан боловч талууд гэрээг цуцалсан, үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан байна.

8. Анхан шатны шүүх талуудын хооронд нэрлэгдээгүй, холимог гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх залруулж, эд хөрөнгө хөлслөх болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж хууль хэрэглэсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5, 289 дүгээр зүйлийн 289.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

9. Хэрэгт байгаа баримтаас үзвэл хариуцагч Б.Ц нь “О” ХХК-ийн нэрийн өмнөөс уралдаан, тэмцээнд оролцож, байр эзэлж, амжилт гаргасан боловч 7 хоногт 3 цагаар ажиллах үүргээ биелүүлээгүй, “О” ХХК 6 дугуй, 6 обудыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн боловч буцаан авсан үйл баримт тогтоогдсон байх ба нэхэмжлэгч нь 1 дугуй, 1 обуд гэмтсэн гэж хохирлыг хариуцагчаас нэхэмжилсэн. Хариуцагч 7 хоногт 3 цаг ажиллаагүй нь “О” ХХК-д учирсан хохиролтой шалтгаант холбоогүй бөгөөд автомашины уралдаан, тэмцээний үед дугуй, обуд гэмтэх нь учрах эрсдэл учир уг гэмтлийг хохирол гэж үзэхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

10. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа “сөрөг нэхэмжлэлийг хангаж” өгөхийг хүссэн боловч нэхэмжлэгч буюу “О” ХХК нь 7,800,000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг дугуй, 6 ширхэг обудыг цалин хөлс гэж үзэж, хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээсэн, ийм тохиролцоо байсан болохыг хариуцагч нотолж чадаагүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Талууд гэрээг цуцалж, дуусгавар болгосон, хариуцагч нь эдгээр хөрөнгийн өмчлөгч биш тул шаардах эрх байхгүй болохыг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу дүгнэсэн байна. Гэрээнд дугуй, обудыг тэмцээн уралдааны үед ашиглаад буцаан хадгалуулах нөхцөлийг тохирсноос үзвэл дээрх эд хөрөнгийг хариуцагч өмчлөх эрхтэй нь эргэлзээтэй болохыг шүүх бүрэн эрхийн дагуу дүгнэжээ.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх ба уг үнэлгээнд үндэслэн гаргасан дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

11. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2086 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020.11.10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

                                ШҮҮГЧИД                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                       Б.МӨНХТУЯА

                                                                                                       Д.ЦОЛМОН

                                                                                                      ЭРДЭНЭСУВД