Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2020/02095

 

 

 

 

 

        2020         08          17  

 181/ШШ2020/02095

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
         Нэхэмжлэгч: О ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Ц-д холбогдох,

1.300.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад хэлэлцэв.

Шүүх хуралдаан: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагч Б.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, гэрч Н.С, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:               

Нэхэмжлэгч О ХХК нь тэмцээн уралдаанд ивээн тэтгэх, 7 хоногт 3 цагаар ажиллуулах зорилгоор хариуцагч Батболд овогтой Цогзолбоотой 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Хамтран ажиллах гэрээний зорилгод зааснаар хариуцагч Цогзолбоо нь О ХХК-ийн нэрийг тэмцээн уралдаан, үйл ажиллагаанд ивээн тэтгэгчээр тодорхойлуулж, Б талын нэрийн өмнөөс гэрээнд заасан нөхцөлөөр ажил гүйцэтгэх, 7 хоногт 3 цагаар ажиллах, О ХХКнь 7,800,000 төгрөгийн үнэ бүхий автомашины обуд, дугуй шилжүүлэх харилцааг зохицуулсан.

Хамтран ажиллах гэрээний нэг дэх хэсгийн 1.-т А тал О компанийн байранд 7 хоногт 3 цагаар ажиллах гэж заасны дагуу хариуцагч Цогзолбоо нь О ХХК-ийн байранд 7 хоногт 3 цагаар ажиллах үүргийг хүлээсэн.

Нэхэмжпэгч О ХХКнь гэрээгээр хүлээсэн 7,800,000 төгрөгийн үнэ бүхий автомашины обуд, дугуй шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлж хариуцагч Батболд овогтой Цогзолбоод 6 дугуй, 6 обудыг шилжүүлсэн.

Гэвч хариуцагч Б.Ц нь гэрээний нэг дэх хэсгийн 1.-т заасан 7 хоногт 3 цагаар ажиллах үүргээ удаа дараа биелүүлэлгүй, тавьсан шаардлагыг үл хүндэтгэж ёс зүйгүй үйлдэл гаргасан. Гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан ч шаардлагыг биелүүлээгүй тул цаашид гэрээний дагуу хамтран ажиллах боломжгүй болсон.

Иймд О ХХК-ний зүгээс хүлээлгэн өгсөн 6 дугуй, 6 обудыг буцаан шилжүүлж, Хамтран ажиллах гэрээг цуцлахыг шаардсан мэдэгдлийг удаа дараа явуулсан.

О ХХК-ийн зүгээс чанар стандартын шаардлага хангасан Обуд +16 маркын нэг бүрийн үнэ нь 550,000 төгрөг бүхий нийт 6 ширхэг 3,300,000 төгрөгийн обуд, 265/75/16 ко-2 маркын нэг бүрийн үнэ нь 750,000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг 4,500,000 төгрөгийн дугуй, бүгд нийт 7,800,000 төгрөгийн цоо шинэ дугуй, обудыг хариуцагч Б.Цд шилжүүлсэн бөгөөд харуцагч нь дугуй, обудыг хүлээн авч тэмцээн уралдаанд оролцохдоо ашиглаж, хэрэглэсэн.

Гэрээний хоёр дах хэсгийн 4-т Тэмцээн уралдаанд хэрэглэгдэх автомашины дугуй, обудыг нэг удаадаа А талд шилжүүлнэ. Шилжүүлсэн дугуй, обудыг тэмцээн уралдааны тусгайлан бэлтгэсэн зам, талбайд зөвхөн тэмцээний үеэр хэрэглэж, тэмцээн дууссан тохиолдолд А тал буюу О ХХК-ийн байранд хадгалуулна гэж заасан боловч Цогзолбоо нь дугуй, обудыг нэхэмжлэгчийн байранд хадгалуулалгүй маш их элэгдэл хорогдлыг бий болгосон.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан 6 дугуй, 6 обудыг буцаан шилжүүлэх үедээ 1 обуд, 1 дугуйг дахин ашиглах боломжгүй болгосон.

Обуд+16 маркын 550,000 нэг бүрийн үнэтэй 1 обуд, 750,000 нэг бүрийн үнэтэй 1 дугуйг хариуцагч Б.Цнь ашиглах явцдаа эвдэлж гэмтээсэн тул манайх аваагүй.

Хариуцагч нь 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр О ХХК-д гаргасан хүсэлтэндээ чанар муутай обудаар хангасан гэж худал мэдээллийг бидэнд өгсөн бөгөөд цоо шинэ 6 дугуй, 6 обудыг хүлээн авч, ашиглах явцдаа гэмтээсэн үйлдэлдээ гэмшихгүй байгаа нь ёс суртахуунгүй байдлыг илэрхийлж байгаа.

Дугуй, обудны худалдаа явуулдаг О ХХКнь чанар, стандартын өндөр шаардлага хангасан бараа материал, дугуй, обудаар Улаанбаатар хотын дугуйны хэрэгцээг хангадаг байгууллага юм.

Талуудын хооронд байгуулсан гэрээ цааш үргэлжлэх боломжгүй болсноор О ХХК-ийн зүгээс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр болон 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрүүдэд хариуцагчид илгээсэн мэдэгдлийн хариуд хариуцагчийн зүгээс гэрээг цуцлах санал гаргасан байдаг. Талуудын хооронд байгуулсан 2020 оны 01 сарын 22-ны өдөр Хамтран ажиллах гэрээ нь цуцлагдсан.

Иймд гэмтээсэн дугуйны үнэ 750.000 төгрөг, обудны үнэ 550.000 төгрөг нийт 1,300,000 төгрөгийг Цогзолбоогоос гаргуулж өгнө үү.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Цнь О ХХК-ийн захирал Г.Жаргалсайхантай 2019 оны 4 дүгээр сараас эхлэн хамтран ажиллахаар болж, тэмцээн, уралдаанд орохдоо 1 жилийн хугацаанд тус компанийг ивээн тэтгэгчээр тодорхойлон сурталчлах, харин О ХХКнь 6 ширхэг обуд, 6 ширхэг дугуйг миний машинд нийлүүлэхээр тохиролцсон.

Улмаар 2019 оны 5 дугаар сард BAJA 150 уралдаанд О ХХК-ийн нэр дээр уралдан 3 дугаар байранд орсон бөгөөд тухайн тэмцээнд нэхэмжлэгч нь үүргээ зөрчиж, дугуй, обудаа нийлүүлээгүй тул өөрийн дугуй, обудыг хэрэглэж тэмцээнд орсон ч нэхэмжлэгчийн нэр дээр уралдсан.

Дараа нь 2019 оны 9 дүгээр сард Master Rally 2019 уралдаанд орж 3 дугаар байр эзэлсэн.

Мөн 2019 оны 10 дугаар сард BAJA 250 уралдаанд нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс оролцож 3 дугаар байранд шалгарсан.

Нэхэмжлэгч нь харилцан тохиролцсоноо зөрчиж дугуй, обудыг нийлүүлэхээр тохиролцсон хугацааг хожимдуулж өгсөн төдийгүй дугуй, обуд нь доголдолтой байсан тул хэрэглэхэд хүндрэл учирч, сүүлийн тэмцээнд чанаргүй обуд өгсний улмаас уралдаанд гарах амжилтад сөргөөр нөлөөлж, эрүүл мэндийн хувьд гэмтэж, эд хөрөнгөөр хохирсон.

Нэхэмжлэгч О ХХК-тай эхлээд амаар тохиролцон ажиллаж байсан ба хожим буюу 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээ нь гэрээнд оролцогч талуудын хамтын тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтарч ажиллахаар тохиролцож, үүний тулд хамтрагч бүрийн оролцоо, дэмжлэгийг тодорхойлсон нөхцөлд байгуулагддаг.

Иргэний хуулийн 478-р зүйлийн 478.1. Гэрээнд өөрөөр заагаагуй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх ... гэж заасны дагуу уралдаан тэмцээнд орох болоход дугуй, обудаа нийлүүлээгүй, хожим нийлүүлсэн ч чанарын шаардлага хангаагүй хэрэгсэл шилжүүлсэн нь энэ зүйл болоод мөн хуулийн 476-р зүйлийн 476.1. Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан үндсэн үүргийг нэхэмжпэгч О ХХКзөрчсөн.

Нэхэмжлэгч О ХХКнь гэрээний дагуу шилжүүлсэн обуд, дугуйн үндсэлэлгүйгээр буцаан авсан бөгөөд надад хохирол учруулж, миний хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн. Тус компанид хохирол учирсан биш надад хохирол учираад би сүүлийн тэмцээн дээр бэртэж, гэмтэж надад хохирол учирсан.

Би 2019 оны 10 дугаар сард BAJA 250 уралдаанд оролцоод 1 обуд 1 дугуй нь эвдэрсэн итул маргааш өдөр нь буцааж өгсөн. Нэхэмжлэгч нэг контейнер дугуй ачиж буулгахад нь хүртэл би ажиллаж л байсан, шалихгүй зүйлээс маргалдаад үлдсэн 5 дугуй, 5 обудыг яг одоо тайлж өг гэхээр нь тэр дор нь буцаагаад өгчихсөн.

2019 онд болоод өнгөрсөн харилцааг нөхөн зохицуулсан мэтээр 2020 оны 01-р сарын 22-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, нөхцөлүүдийг тодорхойлсон мэтээр шүүхэд нэхэмжпэл гаргажээ. Энэ гэрээ байгуулагдсанаас хойш би О ХХК-иас дугуй аваагүй, өмнө нь 2019 онд авсан дугуй, обудаа буцаагаад өгсөн эвдэрч хагарсан 1 ширхэг дугай обудаа маргааш өдөр нь би буцааж өгсөн.

Иймд О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хуулийн болон бодит үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О ХХКхарилцан тохирсон үүргээ биелүүлээгүйгээс болж надад хохирол учирсан тул сөрөг нэхэмжпэл гаргаж байна.

2019 онд О ХХКнь Б.Цнадтай хамтарч ажиллахаар амаар тохиролцсон. Би уралдаан тэмцээнд оролцохдоо О ХХК-ийн нэрийн өмнөөс оролцох, О ХХКнадад 6 дугуй, 6 обудыг олгохоор харилцан тохирсон.

Ингээд би 2019 онд МАМСХ болон МАМХ-ны зохион байгуулсан BAJA 150 уралдаан, Мастер Ралли 2019 холын зайн уралдаан, BAJA 250 уралдаануудад О ХХК-ийн нэр дээр оролцож, тус тус 3 дугаар байр эзэлсэн бөгөөд нийт зохиогдсон уралдаануудын нийлбэр үзүүлэлтээр 2019 оны улсын аваргын мөнгөн медальт тамирчнаар шалгарч, шилдэг тамирчин болсон.

Бид хамтран ажиллах гэрээг амаар байгуулж, гэрээний нөхцлүүдийг тохиролцож 2019 онд гэрээг амаар байгуулсан. Энэ нь уралдаан, тэмцээнд оролцсон миний зураг, дүрс бичлэг, түүнийг ашиглаж хийсэн О ХХК-ийн сурталчилгаа, О ХХКнадад 6 дугуй, 6 обудыг нийлүүлж байсан зэрэг үйл баримтуудаар тогтоогдоно.

Миний бие оролцох тэмцээн бүрийн өмнө уйгагүй бэлтгэл, сургууль хийдэг бөгөөд авто спортын тэмцээн нь бие махбод, сэтгэл санаа, санхүүгийн эрсдэл өндөртэй тэмцээн юм.

Гэвч оролцсон тэмцээн бүртээ амжилт гаргаж, О ХХК-ийн нэрийг гаргах үүргээ бүрэн гүйцэд биелүүлсэн байхад нэхэмжпэгч компани нь шилжүүлсэн 6 дугуй, 6 обудаа буцаан авч, бидний хоорондын 2019 оны харилцааг 2020 онд нөхөж гэрээ байгуулан надаас хохирол шаардсан нь хуулийн болон бодит үндэслэлгүй юм.

Тус компани 2020 онд байгуулсан гэрээний үүргээ огт биелүүлээгүй бөгөөд гэрээ цуцлагдсан. Харин миний хувьд 2019 онд тухайн компанийг сурталчилсны төлбөрт авсан 6 дугуй, 6 обудыг гаргуулан авах хүсэлтэй байна.

Хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлж, намайг 2019 онд тус компанийн өмнөөс ямар ч үнэ төлбөргүй уралдаан тэмцээнд оролцсон мэт нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна.

Иймд Иргэний хуулийн 206-р зүйлийн 206.1. Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар 7,800,000 төгрөгийн үнэ бүхий 6 дугуй, 6 обудыг О ХХК-аас гаргуулж Б.Цд олгуулж өгнө үү.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

О ХХКнь олон жилийн хугацаанд чанар, стандартын шаардлага хангасан дугуй, обудыг зах зээл дээр худалдан борлуулж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр уралдаан тэмцээнд амжилттай оролцож байгаа тамирчдыг ивээн тэтгэх, шинэ залуу тамирчдыг хөгжүүлэх зорилгоор ивээн тэтгэсээр ирсэн.

Үүний нэгэн жишээ нь хариуцагч Б.Цбайсан. О ХХКнь тэмцээн уралдааны үеэр цоо шинэ дугуй, обудын эзэмших эрхийг түр хугацаагаар тамирчдад үнэ төлбөргүйгээр хэрэглүүлдэг боловч өмчлөх эрхийг бүхэлд нь шилжүүлдэггүй, тамирчид хэрэглэсэн дугуй, обудыг тэмцээн уралдаанд хэрэглсэний дараа О ХХК-д буцаан олгодог журамтай билээ.

О ХХКболон хариуцагч Б.Цнарын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний хоёр дах хэсгийн 4-т Тэмцээн уралдаанд хэрэглэгдэх автомашины дугуй, обудыг нэг удаадаа А талд шилжүүлнэ. Шилжүүлсэн дугуй, обудыг тэмцээн уралдааны тусгайлан бэлтгэсэн зам, талбайд зөвхөн тэмцээний үеэр хэрэглэж, тэмцээн дууссан тохиолдолд А тал буюу О ХХК-ийн байранд хадгалуулна гэж заасан.

Гэвч тамирчин Б.Ц гэрээгээр тохирсон дугуй, обудыг О компаний байранд хадгалах үүргээ ноцтой зөрчиж, тэмцээн уралдааны зориулалтын бус цагаар, зориулалтын бус газарт О ХХК-ийн шилжүүлсэн 7,800,000 төгрөгийн үнэ бүхий дугуй, обудыг унаж хэрэглэж, гэмтээсэн бөгөөд гэрээг цуцлах үер хэрэглэсэн дугуй, обудыг буцаан авчирч өгсөн.

Хэрэглэсэн дугуй обудыг гэрээ цуцалсны дараа О ХХК-д шилжүүлэхэд их хэмжээний гэмтэл учирч, нэг дугуй, обуданд 1,300,000 төгрөгийн гэмтэл учирч ашиглах боломжгүй болсон байсан.

О ХХКнь 6 дугуй, 6 обудыг бүр мөсөн хариуцагчид өгнө гэсэн ямар ч тохиролцоо хийгээгүй бөгөөд, шаардах эрх хариуцагчид үүсээгүй байхад сөрөг нэхэмжпэл гаргасан нь хууль болон бусад хэм хэмжээний үндэслэл байхгүй байна.

Харин ч нэхэмжлэгч О ХХКнь гэрээний дагуу дугуй, обудны хохирлыг шаардах эрхтэй. Хариуцагч нь Хамтран ажиллах гэрээний нэг дэх хэсгийн 1.-т А тал О компанийн байранд 7 хоногт 3 цагаар ажиллах гэж заасны дагуу хариуцагч Б.Цнь О ХХК-ийн ажлын байранд 7 хоногт 3 цагаар хүрэлцэн ирж О ХХК-ийн цахим хуудас болох https://www.facebook.com/omertawheels/ -д Facebook live хийх, зар сурталчилгаа, рекламын нүүр царай болох, шаардлагатай тохиолдолд бараа бүтээгдэхүүн сурталчлах үүрэгтэй байсан боловч энэ үүргээ огт биелүүлээгүй, сурталчилгаа хийсэн цагийн бүртгэлийн хурууны хээнд хуруугаа дарж, цагаа огт бүртгүүлэлгүй, компанийг үл хүндэлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалсан.

Иймд сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гэрч Н.С-н мэдүүлгийг сонсов.

                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

1.Үндсэн нэхэмжлэлийн хувьд:

Нэхэмжлэгч О ХХКнь хариуцагч Б.Цгоос 1 обудны үнэ 550.000 төгрөг, 1 дугуйны үнэ 750.000 төгрөг, нийт 1.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Цнь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ

О ХХК, Б.Цнар нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан Иргэний хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж хэлбэрийг илэрхийлсэн, өвөрмөц агуулга бүхий нэрлэгдээгүй /холимог/ гэрээ байгуулжээ.

Уг гэрээгээр Б.Цнь О ХХК-ийн нэрийн өмнөөс уралдаан тэмцээнд оролцон уг компанийг ивээн тэтгэгчээр тодорхойлон сурталчлах үүргийг, О ХХК-ийн өмнө хүлээсэн байх бөгөөд О ХХКнь 6 ширхэг обуд, 6 ширхэг дугуйг уралдаан тэмцээнд ороход нь нийлүүлэх үүргийг тус тус хүлээжээ.

Дээрх гэрээний хувьд зохигчдын маргаж байгаа асуудлуудын агуулга нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээний шинж тэмдэгтэй байх бөгөөд талууд Иргэний хуулийн 42.1.-т зааснаар уг гэрээг 2019 онд амаар байгуулсан байна.

Нэхэмжлэгч /хөлслүүлэгч/ О ХХК нь хариуцагч /хөлслөгч/ Б.Цгийн эзэмшил, ашиглалтад 6 ширхэг обуд, 6 ширхэг дугуйг уралдаан тэмцээнд ороход нь түр хугацаагаар шилжүүлэх, Б.Цнь эд хөрөнгө ашигласны хөлсөд О ХХК-ийг ивээн тэтгэгчээр тодорхойлон сурталчлахаар компаний нэрийн өмнөөс уралдаан тэмцээнд оролцох үүргийг тус тус хүлээжээ.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.1.-д зааснаар хариуцагч Б.Цнь 6 ширхэг обуд, 6 ширхэг дугуйг гэрээнд заасан нөхцөл зориулалтын дагуу ашиглаж 2019 онд МАМСХ болон МАМХ-ны зохион байгуулсан BAJA 150 уралдаан, Мастер Ралли 2019 холын зайн уралдаан, BAJA 250 уралдаануудад оролцохдоо Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2.-т зааснаар эд хөрөнгө ашигласны хөлсөнд О ХХК-ийн нэр дээр оролцож, тус тус 3 дугаар байр эзэлж, мөн онд нийт зохиогдсон уралдаануудын нийлбэр үзүүлэлтээр 2019 оны улсын аваргын мөнгөн медальт тамирчнаар шалгарч, шилдэг тамирчин болсон нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 31-41, 53-56-р хуудас/

Дээрх тэмцээнүүдэд оролцсоны дараа Б.Цнь 6 ширхэг дугуй /1 нь хагарсан/, 6 ширхэг обуд /1 нь эвдэрсэн/-ыг О ХХК-д хүлээлгэн өгсөн уг тэмцээнд оролцохдоо О ХХК-ийг ивээн тэтгэгчээр тодорхойлон сурталчилсан талаар талууд маргадаггүй болно.

Нэхэмжлэгч О ХХКнь Б.Цг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу О ХХК-ийн байранд 7 хоногт 3 цагаар ажиллах үүргээ биелүүлээгүй, дугуй, обудыг тэмцээн уралдааны тусгайлан бэлтгэсэн зам талбайд зөвхөн тэмцээний үеэр хэрэглэж тэмцээн дууссан тохиолдолд О ХХК-ийн байранд хадгалуулах үүргээ биелүүлээгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвээрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.,38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нотлоогүй гэж үзнэ.

Иймд хариуцагч Б.Цгоос 1.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

2. Сөрөг нэхэмжлэлийн хувьд:

Хариуцагч Б.Цнь нэхэмжлэгч О ХХК-д холбогдуулан 7.800.000 төгрөгийн үнэтэй 6 ширэг обуд, 6 ширхэг дугуй гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч О ХХКнь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч О ХХКнь хариуцагч Б.Цгийн эзэмшил, ашиглалтад 6 ширхэг обуд, 6 ширхэг дугуйг уралдаан тэмцээнд ороход нь түр хугацаагаар шилжүүлэх, Б.Цнь эд хөрөнгө ашигласны хөлсөд О ХХК-ийг ивээн тэтгэгчээр тодорхойлон сурталчлахаар компаний нэрийн өмнөөс уралдаан тэмцээнд оролцох үүргийг тус тус хүлээж хэн аль нь үүрэгээ хэрэгжүүлсэн байна.

Дээрх гэрээний дагуу Б.Цнь уралдаан тэмцээнд оролцсоны дараа 6 ширхэг дугуй, 6 ширхэг обудыг О ХХК-д хүлээлгэн өгч гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон байх тул О ХХК-иас 7.800.000 төгрөгийн үнэтэй 6 ширхэг дугуй, 6 ширхэг обуд гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэсгүй.

Дээр дурдсан уралдаан тэмцээнээс хойш буюу 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохигчдын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ нь талуудын хүсэлтээр цуцлагдсан гэж үзнэ. /хх-ийн 7-9,11-14-р хуудас/

Иймд нэхэмжлэгч О ХХК-иас 7.800.000 төгрөгийн үнэтэй 6 ширхэг дугуй, 6 ширхэг обуд гаргуулах тухай Б.Цгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.              

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дах хэсэгт заасныг баримтлан Б.Ц-с 1.300.000 төгрөг гаргуулах тухай О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, О ХХК-иас 7.800.000 төгрөгийн үнэтэй 6 ширхэг обуд, 6 ширхэг дугуй гаргуулах тухай Б.Ц-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35800 төгрөг, хариуцагч Б.Цгоос сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ИЧИНХОРЛОО